Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-03
Дугаар 111
Хэргийн индекс 138/2015/0100/Э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Д.Гантөмөр
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ичинхорол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      

 

 

 

 

 

 

         

 

 

               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Ганбилэг

  Улсын яллагч Б.Ичинхорол

  Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

  Шүүгдэгч Д.Гантөмөр нарыг оролцуулан   

 

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуасай овогт Дашдоржийн Гантөмөрт холбогдох эрүүгийн 201511000222 дугаартай хэргийг  2014 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн  Цагаан-Овоо сумын харъяат,  1977 оны 04-р сарын 01-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс буриад, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, 66-р байрны 79 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавьяа   шагналгүй, урьд нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 21-ний өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасанаар 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Хуасай овогт Дашдоржийн Гантөмөр / РД: ЖВ 77040117/

 

Шүүгдэгч  Хуасай овогт  Дашдоржийн Гантөмөр  нь   ялтай байхдаа давтан үйлдлээр 2015 оны 4 сарын 12-ны орой 22 цагийн орчимд согтуугаар тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Хивсний 5-13В тоотод оршин суух Ө.Энхтайваны орон байранд нэвтэрч Самсунг маркийн 46 инчийн Смарт зурагт хулгайлж, 2000000 төгрөгний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2015 оны 04 сарын 13-нд шилжих шөнө тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 08-01 тоотод оршин суух Э.Батсүмбэрийн  орон байранд нэвтэрч Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлан 300000 төгрөгийн буюу бусдад нийт 2300000 төгрөгний  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Хуасай овогт Дашдоржийн Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн үнэн зөвөөр мэдүүлсэн. Би хоёр зурагт хулгайлсан нь үнэн. Мөнгө хэрэгтэй болоод хулгай хийсэн. Би хаалга хөшиж онгойлгосон төмрөө тухайн үед тэнд нь  шидээд алга болгосон. Авсан хоёр зурагтаа буцаагаад өгчихсөн. Иргэний нэхэмжлэгчийн мөнгийг нь өгөөгүй байгаа. Манай эгч төлнө гэсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ.

 

     Хохирогч  Өлзийсайханы Энхтайван мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: ... гадуур явж байгаад 22 цагийн үед гэртээ ирэхэд таамбарын хаалга онгорхой байхаар нь дотогшоо ороод хартал том өрөөнд тавиур дээр байсан Самсунг маркийн 46 инчийн Смарт зурагт алга болсон байхаар нь эхнэр лүүгээ утсаар ярьж мэдэгдсэн. Эд зүйлээ бүртгэж үзэхэд зурагтнаас өөр юм алга болоогүй. Дарлага төмрийг нь юмаар хөшсөн бололтой голоорооо мурийгаад хаалга нь онгойчихсон байсан. Зурагтаа 3600000 төгрөгөөр худалдаж авсан учир уг үнээр үнэлнэ. Зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан болохоор одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэжээ. / хх-ийн 34-35 /

 

     Хохирогч Энхбаатарын Батсүмбэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 4 сарын 13-ны өдрийн 15 цагийн орчимд ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай байшингийн үүдний хаалгыг хулгайч эвдэгч багаж ашиглан хөшиж орсон, байшингийн баруун хананд байсан Шарп маркийн 32 инчийн телевизор байхгүй болсон байсан ба түүний дараа би цагдаагийн байгууллагад хандсан. Алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн олж авсан болохоор надад ямар нэгэн гомдол, санал байхгүй гэжээ. /хх-ийн 37/

 

     Иргэний нэхэмжлэгч Эрдэнэбанзрагчийн Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Заанхүү ах хоёр танихгүй эрэгтэй хүнтэй халамцуу ирсэн байхаар нь зурагт чинь хаана байгаа юм гэж асуухад яваад аваад ирье гээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа гурвуулаа Самсунг маркийн хавтгай дэлгэцтэй 46 инчийн зурагт аваад ирэхээр нь хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад нэг эрэгтэй хүн нь хулгайн юм биш, гэрээсээ авчирсан болохоор ямар нэгэн асуудал байхгүй, хүүхдээрээ хоёр ч телевизор эвдүүлж байсан, бид хулгай хийж явахаар хүмүүс биш гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгааг нь асуухад  80000 төгрөгөөр зарах гэж байгаад больсон гэж хэлэхээр нь 100000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл маргааш нь цагдаагийн ажилчид ирээд надтай уулзаад хадам аавынд хамт очоод миний худалдаж авсан зурагтыг хулгайд алдагдсан эд зүйл байна гээд хурааж аваад явсан. Хохирлыг маань барагдуулж өгвөл гомдол, тэмцэл байхгүй гэжээ. / хх-ийн 39-40/

 

     Иргэний хариуцагч Дансрангийн Цэрэнханд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гантөмөр над дээр ирээд зарах зурагт байна авах уу?  гэхээр нь би ямар зурагт байгаа юм бэ?  гэж асуухад надад нимгэн зурагт байгаа гэж хэлсэн. Тэгээд би нимгэн зурагтаа хэдэн төгрөгөөр зарах юм бэ? гэж асуухад 100000 төгрөгөөр зарна гэж хэлсэн тэгэхээр нь би наад зурагтын чинь ар талын суурь нь байхгүй юм байна шүү дээ гэж хэлэхэд Гантөмөр намайг 50000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгээд би зурагтыг нь 50000 төгрөгөөр авахаар болоод Гантөмөрт бэлэн 30000 төгрөг өгөөд зурагтныхаа ар талын суурийг авчирч өгөөд 20000 төгрөгөө ирж аваарай гээд зурагтаа аваад үлдсэн. Маргааш өдөр нь цагдаа нар манай гэрт ирээд тухайн зурагтыг хулгайн зурагт гэж би мэдсэн гэжээ. /хх-ийн 42/

 

     Гэрч  Алхаабаатарын Отгонтэнгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...  Заанхүү ах над руу утсаар яриад ах нь 200000 төгрөгний бараа зарах гэсэн юм чи завтай бол Билэгт төвийн гадаа хүрээд ирээч гэж дуудахаар нь очиж уулзахад нэг намхан нуруутай саравчтай малгайтай хүнтэй хамт бага зэрэг халамцуу байж байсан. Зурагт зарах гэсэн юм гэсэн. ... Мөнгөнцэцэг рүү утсаар яриад зурагт худалдаж авах уу гэж асуухад үзэж, харж байгаад больё гэхээр нь тэр хүмүүст эгчийнхээ утасны дугаарыг өгчихөөд гэртээ очоод байж байхад удалгүй Заанхүү ах нөгөө намхан нуруутай залуугаасаа гадна Гантөмөр гэдэг шар царайтай ахыг дагуулаад гурвуулаа манайд орж ирээд эгч чинь зурагт үзэхээр болсон гэж хэлсэн. Тэгж байтал Мөнгөнцэцэг эгч ирээд зурагтыг чинь үзье гэхэд тэд нар яваад зурагтаа аваад ирэхэд эгч асааж шалгаж үзээд 100000 төгрөгөөр худалдаж авсан юм гэх мэдүүлэг.  / хх-ийн 44-45/

 

     Гэрч Мажигийн Заахүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгтэл  Отгонтэнгэр манай эгч зурагт авна гэж байсан гээд бэр эгч Мөнгөнцэцэг рүү утсаар ярьж асуухад үзье гэхээр нь Гантөмөрийг дагуулаад том зурагтаа аваад 23-р байрны подволийн байранд амьдардаг Отгонтэнгэрийн гэрт очиход Мөнгөнцэцэг ирж үзээд 100000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг. / хх-ийн 47/

 

     Гэрч Э.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 48/

     Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 11-12, 14-15/

           Гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн 12-13, 16-17/

     Эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 12-13, 108/

     Хураан авах тогтоол / хх-ийн 18, 22, 24/

     Хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 19, 23, 25/

     Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  / хх-ийн 21, 26, 27/

     Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 29/

     Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 30/

     Эд зүйлийн үнэлгээ  / хх-ийн 31, 73/

     Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32/

     2015 оны 04 сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 96 тоот Шинжээчийн дүгнэлт  /58-60/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн Засаг даргын шүүгдэгч Д.Гантөмөрийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 79/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  Хуасай овогт  Дашдоржийн Гантөмөр  нь  согтуугаар,  давтан үйлдлээр 2015 оны 04 сарын 12-ны орой 22 цагийн орчимд  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Хивсний 5-13В тоотод оршин суух Ө.Энхтайваны гэрийн цоожийг тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгслээр эвдэж, орон байранд нэвтэрэн орж  Самсунг маркийн 46 инчийн Смарт зурагт хулгайлж, 2000000 төгрөгний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2015 оны 04 сарын 12-наас 13-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 08-01 тоотод оршин суух Э.Батсүмбэрийн гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгслээр эвдэж, орон байранд нэвтэрэн орж Шарп маркийн 32 инчийн зурагт хулгайлан 300000 төгрөгийн буюу бусдад нийт 2300000 төгрөгний  бага бус хэмжээний хохирол учруулжээ.

Шүүгдэгч Дашдоржийн Гантөмөрийн  энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж,  бусдын орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Дашдоржийн Гантөмөрийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гантөмөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Энхтайван, Э.Батсүмбэр, иргэний нэхэмжлэгч Э.Мөнгөнцэцэг, Д.Цэрэнханд,  гэрч А.Отгонтэнгэр, А.Заахүү, Э.Бат-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 11-12, 14-15/, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн 12-13, 16-17/, эд зүйлийн үнэлгээ  /хх-ийн 12-13, 31, 73, 108/, хураан авах тогтоол / хх-ийн 18, 22, 24/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  / хх-ийн 21, 26, 27/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32/, 2015 оны 04 сарын 20-ны өдрийн Дорнод аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 96 тоот Шинжээчийн дүгнэлт  /58-60/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтооогдож байна.

 

 Шүүгдэгч Д.Гантөмөр нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч үйлдэж бусдад 2300000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн ял ононгдуулах үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч Д.Гантөмөр нь урьд нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 21-ны өдрийн 32 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасанаар 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсний дараа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-д заасан хугацааны дотор шинээр   дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна.

 

     Шүүгдэгч Д.Гантөмөр нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба иргэний нэхэмжлэгч Э.Мөнгөнцэцэгт 100000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнхандад 30000 төгрөгийг тус тус төлөөгүй байгаа болно.

 Шүүгдэгч Д.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн нэг хос гутлыг устгаж, түүний эзэмшлийн 300000 төгрөгний үнэ бүхий, Колюс маркийн жижиг хөргөгч, 50000 төгрөгний үнэ бүхий саарал өнгийн 21 инчийн өнгөт зурагт зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн  мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны Цагдан хорих байранд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Гантөмөр нь  согтуугаар, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-д зааснаар хэргийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх үндэслэл болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Хуасай овогт Дашдоржийн Гантөмөрыг давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Дашдоржийн Гантөмөрийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Гантөмөрийн эдлэх 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

 

                4. Ялтан Д.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,  түүний ЖВ 77040117 тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний лавлагааны  хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны Цагдан хорих байранд  шилжүүлсүгэй.

 

               5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Д.Гантөмөрөөс 100000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.Мөнгөнцэцэгт, 30000 төгрөгийг гаргуулж,  иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнхандад тус тус олгосугай.

 6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Д.Гантөмөрийн эзэмшлийн  300000 төгрөгний үнэ бүхий, Колюс маркийн жижиг хөргөгч, 50000 төгрөгний үнэ бүхий саарал өнгийн 21 инчийн өнгөт зурагт зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн  мөрдөн байцаагчийн  Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Д.Гантөмөрт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан  Д.Гантөмөрт  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                                      

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2015.05.15 100 Сум дундын 10 дугаар шүүх Жигмэддоржийн Долгормаа Г.Баатар 099.1.
2015.06.03 111 Сум дундын 10 дугаар шүүх Дашзэвэгийн Цэдэнпэлжээ Д.Гантөмөр