Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-10-30
Дугаар 1004
Хэргийн индекс 106/2015/1142/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч Т.Отгон-Од
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч У.Дэндэвдорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг,

улсын яллагч У.Дэндэвдорж,

шүүгдэгч Т.Отгон-од, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улианхай овогт Түмэндэлгэрийн Отгон-од, Боржигон овогт Шүхэржавын Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн 201523000093 дугаартай, 2 хавтас хэргийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Улианхай овогт Түмэндэлгэрийн Отгон-од /регистрийн дугаар СЙ79082118/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурсанаар/

 

Шүүгдэгч Ш.Алтанхуяг, Т.Отгон-Од нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсэгт байрлах хилийн 806 дугаар тэмдэгтийн чиглэлээр баруун урагш 700 м газраар Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаарын Кыра дүүргийн Шумундын хөдөөгийн өөрөө удирдах нэгжийн Усть Букукун гэх газар руу хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн мөн өдөр Оросын холбооны улсын дээрх газраас Монгол улсын нутаг дэвсгэр рүү хууль бусаар хил нэвтэрсэн,

Улмаар шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаарын Кыра дүүргийн Шумундын хөдөөгийн өөрөө удирдах нэгжийн Усть Букукун гэх газраас тус улсын иргэн Вдович Сергей Леонидовичийн 11 тооны адууг хулгайлж, 6.553.080 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Вдович Сергей Леонидович 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн ...2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Бөхөн голын харгана гэх газраас 11 тооны адуугаа алдсан /Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаарын Кыра дүүргийн Шумундын хөдөөгийн өөрөө удирдах нэгжийн Усть Букукун/ гэх газраас Хээр гүү зөв талдаа К, буруу талдаа Б тамгатай, 2 тооны хүрэн гүү зөв талдаа К, буруу талын ташаан дээрээ Б үсгэн тамгатай, Бор халиун зүсмийн гүү зөв талдаа К, буруу талдаа Б үсгэн тамгатай, Сартай зээрд зүсмийн байдас зөв талдаа К, буруу талын ташаан дээрээ Б үсгэн тамгатай, Бор хээр зүсмийн охин даага тамгагүй. Том цагаан халиун гүү зөв талдаа К, буруу талын ташаан дээрээ Б үсгэн тамгатай, Шарга эр даага тамгагүй. Хээр зүсмийн охин даага тамгагүй. Сартай хээр зүсмийн даага тамгагүй. Сартай хар халтар зүсмийн шүдлэн байдас зөв талдаа К, буруу талын ташаан дээрээ Б үсгэн тамгатай гэх дээрх 11 тооны адууг алдсан.

Би өөрийн 10 тооны адууг зүс тамгыг нь тулгаж бүрэн хүлээн авсан. Харин 1 тооны хээр зүсмийн дааганыхаа үхсэн байсан зургыг авсан, ...гомдол санал байхгүй. Адуунуудаа бүрэн бүтэн хүлээн авсан, Монгол улсын цагдаагийн байгууллага, хил хамгаалах байгууллага барьсан байна... /1-р хх-ийн 88 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Түвшинбаатараас 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн ...Цолмонбаатар ахын гэр рүү өөрийнхөө 26-63 ХЭА улсын дугаартай УАЗ 469 маркын автомашинтай очсон чинь ахын гэрт Алтанхуяг ах байсан, тэгсэн Алтанхуяг ах надаас ахдаа Баяртогтох ахын хаваржаан дээрээс хэдэн адуу ачилцаад өгчих гэж гуйсан, тэгэхээр нь би Эхнэр хүүхдээ гэр рүү хүргэж өгчихөөд , Баяртогтох ахын хаваржаа руу яваад очьё гэж хэлээд эхнэр хүүхдээ аваад Цолмонбаатар ахынхаас гарсан. Тэгээд эхнэр хүүхдээ 22.00 цагийн үед гэртээ хүргэж өгөөд шууд машинтайгаа Баяртогтох ахын хаваржаа руу явсан... очтол тэнд Чинхүсэл, Цолмонбаатар, Алтанхуяг, Баяртогтох нар байсан, Баяртогтох ахын малын хашаанд 6 тооны адууг Цолмонбаатар ахын портер маркын автомашинд бид нар бүгдээрээ ачсан, тэгсэн 1 шарга даага нь машинд багтахгүй байсан, тэгсэн Алтанхуяг ах Энэ шарга даагыг ганц хоёр хоног гэртээ байлгаад өгчих гэж гуйсан. Тэгээд Цолмонбаатар адуугаа ачаад ганцаараа урагшаа хөдлөөд явсан, харин Чинхүсэл ах мотоцикилтай зүүн зүгт явсан, тэгээд Баяртогтох ах намайг гэр рүүгээ хүргээд өгчих гэхээр би Алтанхуяг, Баяртогтох ахыг аваад сумын төврүү явсан. Тэгээд сумын төв орж Алтанхуяг ахыг гэрт нь буулгасан. Тэгээд Баяртогтох ахтай эргээд хаваржаа руу нь ирсэн, тэгээд Баяртогтох ах морьдоо хөтлөөд манай руу явсан, би машинтайгаа түрүүлээд гэр рүүгээ явсан. Тэгээд Баяртогтох ах удалгүй ирээд гэрийн гаднаас хашааны баруун талд уячихлаа шүү гэж хэлчихээд төв явлаа гээд гэрээр оролгүй явсан. Маргааш нь модонд яваад ирэхэд Алтанхуяг ах манайд ирээд манай ээж аавд хэлээд нөгөө шарга даагаа аваад явсан байсан. Тэгээд би маргааш нь 2 хоногийн дараа хилийн цэргийн хүмүүс дуудаад хулгайн адууны талаар мэдсэн. ...би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй, Алтанхуяг ах хэдэн адуу ачаад өгчих гэж гуйхаар нь тусалсан юм... /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Баяртогтохын 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн ...манайх хаваржаанд буугаад нүүдэл хийж байсан, малаа түрүүлээд хаваржаа руугаа туучихсан байсан үе юм. Тэгсэн манай малын хашаанд 6 тооны адуу байсан, тэгээд тухайн үед хэний адуу юм бол гэж бодоод нэг гаргах гээд болиод эзнийг нь хүлээсэн. Тэгсэн орой 21 цаг өнгөрөөгөөд Чинхүсэл мотоциколтой ганцаараа ирсэн, тэгэхээр нь Чинхүсэлээс чи яаж байгаа юм бэ гэж асуусан чинь Чинхүсэл би Хуягаас авлагатай  юм, уулзах гэж явна гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй Хуягаа /Алтанхуяг/ Цолмонбаатар нар Цолмонбаатарын портер маркын хөх өнгийн автомашинтай ирцгээсэн, мөн араас нь Түвшинбаатар машинтайгаа ирсэн. Тэгээд Алтанхуяг надад миний адуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид нар Цолмонбаатарын машин дээр 5 адууг нь ачсан, харин 1 шарга даага машинд багтахгүй үлдсэн. Тэгээд адуугаа ачиж байхдаа Алтанхуяг 2 шил архи гаргаж бид нар хувааж ууцгаасан. Тэгээд адуугаа ачиж дуусаад Чинхүсэл мотоциколтой гэр рүүгээ явсан, Цолмонбаатар ганцаараа адуугаа аваад манай хаваржаанаас баруун урагшаагаа явсан, Цолмонбаатар гэрлээ асаахгүй яваад байсан. Тэгээд Түвшинбаатар, Алтанхуяг бид 3 сумын төв рүү Түвшинбаатарын машинтай явж Алтанхуягийг гэрт нь буулгаад буцаад манай хаваржаа руу явсан, Алтанхуяг машинд багтаагүй 1 шарга эр даагыг Түвшинбаатараар хэд хоног харуулна гэж ярьж байсан юм, тэгээд тэр шарга даагыг авахаар Түвшинбаатар бид 2 манай хаваржаа руу явсан, тэгээд хаваржаан дээрээ ирээд өөрийнхөө Д тамгатай хүрэн зүсмийн морийг унаж Түвшинбаатарын гэр лүү хөтөлж хүргэж өгсөн, харин Түвшинбаатар түрүүлээд машинтайгаа гэр рүүгээ явсан. Тэгээд би Түвшинбаатарынд очоод нөгөө шарга эр даагаа хашааных нь баруун талд уяж орхиод Түвшинбаатарт хэлчихээд морьтойгоо сумын төврүү хадмынх руу явсан. Тэгээд маргааш нь өглөө малаа хотлуулахаар хаваржаа руу очсон чинь хилийн цэргийн ангийн тагнуулын албаны дарга ирж надаас өчигдөр орой нь Түвшинбаатарынх руу хүргэж өгсөн шарга даагыг асуусан... /1-р хх-ийн 90, 91 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Түвшинжаргалын 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн ...2015 оны 3 сарын 25-ны өдөр ямаа самнаж байтал Лхамгомбын хүү Ононгоо 2-лаа Отгоных руу Дадал явья гэж хэлэхээр нь яах гэж байгаа талаар асууж тодруулахад Отгон ахын 4, 5-н гүү байгаа гэнэ тэрийг авчирч адуундаа тавина гэж хэлсэн. Тэгээд Ононгоо бид хоёр 2015 оны 3 сарын 25-ны орой 16 цагийн үед Ононгийн 65-91 ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын автомашинтай Дадал сум руу гарсан, орой 23 цагийн үед Дадал сумаас хойшоо Баянхааны зүүн доор байдаг Отгоныд очсон, Отгон гэртээ ганцаараа байсан, тэгээд хоол идчихээд гарч адуугаа ачсан, Отгоны үхрийн хашаанд 5 адуу байсан, тэгээд Отгон, Ононгоо бид 3, 4-н байдас ачаад байж байтал 1 бор хээр зүсмийн охин даага нь үхрийн хашааг даваад харайгаад гараад явчихсан, үед Баян-Адрага сумын төв дээр ирж машиныхаа дугуйг нөхүүлсэн. Тэгээд 08 цагийн тэгээд шууд шөнө 2 цагийн үед Ононгоо бид 2 Баян-Адрага руу явсан, өглөө 07 цагийн үед сумын төвөөс хөдөлж 11 цагийн үед Баян-Адрага сумын Жаргалант багийн нутаг Бага барьчгай гэдэг газар Ононгоогийнд ирсэн, ирэхэд Ононгоогийн адуу худаг дээрээ бөөн байсан, тэгээд ачиж ирсэн 4 байдсаа худаг дээр буулгаад 3 хонгор, хүрэн, халиун халзан азрагануудад нэг нэгээр нь холбож үлдээсэн, халиун азраганд 2 байдас холбосон. Тэгээд Ононгоо гэртээ ирээд унтсан, харин би ямаагаа самнасан. Тэгээд орой 16 цагийн үед Биндэр сум руу Ононгийн хүүхдийг Улаанбаатар руу явуулах гэж явцгаасан. Тэгээд би Биндэр суманд буугаад үлдсэн, тэндээ архидсан. Тэгээд 2015 оны 3 сарын 26-ны өдөр Ононгоо намайг дуудаад Отгон сая ярьлаа нөгөө адуу чинь хулгайн адуу гэж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 Ононгийнх руу буцаад явсан, тэгээд ирэхэд Ононгоогийн ээж нь нөгөө 4 адууны чинь 1 нь олдохгүй байна гэж хэлсэн, харин Ононгоо ямаа самнасан хүмүүсээ Баян-Адрага сумын төв рүү хүргэж өгөхөөр явсан, тэгээд надад та тэр байдсыг хайгаад олоорой гэж хэлээд явсан... /1-р хх-ийн 92, 93 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч П.Чинхүсэлийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн ...би Дадал сумын харьяа Алтанхуягт 2015 оны 02 дугаар сард 1 бяруу өгч байсан юм, надад Алтанхуяг тэр бярууныхаа мөнгийг өгөөгүй байсан. Тэгээд 2015 оны 3 сарын 26-ны өдөр сумын төвд Алтанхуягтай таараад мөнгөө нэхсэн чинь хөгшин нь мөнгийг чинь одоохон өгнө гэж хэлээд намайг дагуулаад сумын төвөөр Өлзийбаярынд архи ууцгаасан. Тэгээд орой харуй бүрий болж байхад Алтанхуяг Баяртогтох ахын хаваржаа руу явлаа, чи араас очоорой, хөгшин нь мөнгийг чинь өгнө гэж надад хэлсэн, тэгээд би мотоцикль унаад Баяртогтох ахын хаваржаа руу очсон, тэнд Баяртогтох ах, Алтанхуяг, Цолмонбаатар нар байсан, тэнд мөн бид нар ууцгаасан. Би тэнд ямар адуу мал байсныг мэдэхгүй байна, нилээн согтсон байсан. Нэг мэдсэн гэртээ ирсэн байсан. Алтанхуяг надад өдөр нь уулзаад ОХУ-аас Отгон-одтой адуу хулгайлсан гэж ярьсан... /1-р хх-ийн 93 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Э.Болормаагийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн ...Алтанхуяг манай цайны газар ирж 100 гаран кг адууны мах тухайн үеийн зах зээлийн ханшаар зарсан. Надад махаа зарахдаа тэр энэ гэж хэлээгүй... /1-р хх-ийн 95 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Ариунбатын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн ...Алтанхуяг Бат-эрдэнэ ах 2 мотоцикльтой сундалдаж манай гэрт ирээд Алтанхуяг нь зээлээ дарах гэсэн мөнгөний хэрэг гарчихаад байна, би сая хойноос гэрээсээ 1 адуу ажиллаж ирлээ, яаралтай хэрэг гараад хямдхан зарах гэсэн юм гээд гуйгаад байсан, тэгээд би махыг авахаар болоод 1 кг-ийн 3.000 төгрөгөөр авсан, тухайн үед зах зээлийн ханш нь 4.000-5.000 төгрөгийн үнэтэй байсан ...зарсан мах нь нийт 300.000 гаран болсон, газар дээр нь 100.000 төгрөг бэлэн өгсөн, үлдэгдлийг нь өрөндөө суутгасан, тэгээд заримыг нь дэлгүүрээс бараа авсан... /1-р хх-ийн 96 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Хэрлэнбаатарын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн ...Ганзориг бид 2 Дандар гуайн байшингийн хуучин суурьны зүүн хэсгээр ой руу орсон замаас мод авах гээд ортол замын хойд талд ойролцоогоор 70 орчим метрийн зайтай газар 4 тооны адуу модонд уяатай байсан, тэдгээр адуунуудыг холоос харсан болохоор зүсийг нь яг тэр энэ гэж хэлж мэдэхгүй, ямар ч гэсэн бараан зүсмийн адуунууд байсан, гэхдээ тэдгээр адуунууд бол өндөр адуунууд байх шиг харагдсан. ... тэр өдрөөс хойш 3 4 хоногийн дараа байх Алтанхуяг намайг дуудаад та модонд 4 адуу уяатай байхыг харсан гэсэн үү, яг хаана байсан юм бэ гэж асууж байсан... /1-р хх-ийн 98 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Ганбаатараас 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн …2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дадал сумын харъяат Шүхэржавын Алтанхуяг, Түмэндэлгэрийн Отгон-од нар Оросын Холбооны улс руу хил зөрчин орж зүс бүхий 11 тооны адуу хулгайлан сумын төвөөс баруун тийш байрлах Баяртогтохын хаваржааны хашаанаас ачиж байгаад манай хилийн тагнуулын алба болон сумын хэсгийн төлөөлөгч нарт баригдсан юм. Тэгээд тухайн этгээдүүдийг Оросын холбооны улс руу хилийн хэддүгээр тэмдэгтээр гарсан, юутай орсон талаар зам шалгалтын ажиллагаа болон ул мөр хүлээлцэх, хулгайлагдсан адууг ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн. …10 тооны адууг биетээр нь ОХУ-ын хохирогчид хүлээлгэн өгч, 1 тооны үхсэн адууг фото зургаар баримтжуулан хүлээлгэн өгсөн… /2-р хх-ийн 13, 14 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Амгаланзаяагийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өгсөн …Ш.Алтанхуяг, Т.Отгон-од нарыг Оросын холбооны улсын нутаг руу хаагуур орсон талаар хэддүгээр тэмдэгтээр гарсан талаар зам шалгалтаар явсан. Тэгээд зүс бүхий 10 тооны адууг Оросын холбооны улсын хилийн тагнуулын албатай уулзалт зохион байгуулан хохирогчид нь адууг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, уг 11 тооны адуунаас 1 тооны даага нь Ш.Алтанхуяг ачиж байгаад ачаандаа даруулан үхсэн байсан тэгээд Оросын талд үхсэн талаар зургаар танилцуулсан… /2-р хх-ийн 15, 16 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд Ш.Алтанхуяг, Т.Отгон-од нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

 

С.Бат-эрдэнээс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, Н.Төрболдоос 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, Л.Энхбаатараас 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус сэжигтнээр байцаагдахад өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 119-124 дүгээр хуудас/,

С.Бат-эрдэнээс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр, Н.Төрболдоос 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус тус сэжигтнээр дахин байцаагдахад өгсөн мэдүүлгүүд /2-р хх-ийн 215, 216 дугаар хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ш.Алтанхуяг сэжигтнээр байцаагдахад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ш.Алтанхуяг яллагдагчаар байцаагдахад өгсөн ...2015 оны 3 сарын 20-ны үеэр өглөө суман дээр Отгон-Одтой таараад хамт архи уусан. Архи ууж ярилцаж сууж байхдаа Отгон-Од надад гахайн анд явж байхад хилийн наах нь зуслангаас хойшоо модон дотор 12 тооны адуу байсан, тэрийг наашаа хулгайлж авчирья гэж хэлсэн, тэгэхээр нь Отгон-Одод би хэзээ очих вэ гэхэд чи 2-3 хоногоос манай руу очоорой гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа буюу 2015 оны 3 сарын 23-ны орой нар жаргасан хойно сумын төвөөс хойшоо 50 орчим км-ийн зайтай байдаг Оргойт гэх газар Отгон-Одынх руу би өөрийнхөө дэлтэй халтар зүсмийн морио унаж очиход Отгон-Од ганцаараа гэртээ байсан. Маргааш өглөө нь буюу 2015 оны 3 сарын 24-ний өглөө 8 цаг гээд би дэлтэй халтар морио унаад Отгон-Од хул морио унаад хойшоо хил рүү явж Отгон-Одын зуслангийн хажуугаар гараад Сонгоол толгойг даваад дахиад 2 хамар ухаа даваад явж байтал Отгон-Од энэ уулан дээр гарвал миний ярьж байсан морьд харагдана гэж хэлсэн, тэгээд тэр уулан дээр гараад дурандсан чинь голын зүүн бэлд өөрөөр хэлбэл уулны баруун захад Бөхөн голын зүүн эрэг дээр 11 тооны адуу байсан. Тэгсэн Отгон-Од 12 байх ёстой нэг нь байхгүй байна гэж хэлж байсан, тэгээд дурандсан чинь бараан зүсмийн азарга нь хойшоо 2-3 орчим км-ийн зайтай нэг байшинтай айлын хашаанд байсан. Тэгээд тэндээсээ нөгөө 11 адуугаа тууж очсон замаараа буцаж Отгон-Одын гэрт өдөр 16 цаг 30 минутанд ирсэн, тэгээд хоол цай идэж уугаад нар жаргах үеэр Отгон-Од 5 адууг нь авч үлдсэн, би 2 халиун гүү, 1 цагаан даага, 2 хээр даага, 1 хээр гүү нийт 6 тооны адууг туугаад Дадал сумын төв рүү явсан. Тэгээд төвийн баруун талд очоод айлын өвөлжөөн дээр очоод сумын төв орсон. Дадалын төвд Цолмонбаатар гэдэг дүү хүүд Норовлин сум руу дөхүүлж өгөөч нэг гүү нь ядраад байна, ахынх нь морьд юмаа гэхэд хулгайн морьд биш биз дээ гэхээр нь би тийм юм байхгүй гэж  хэлсэн. Тэр оройдоо морьдоо уясан өвөлжөөндөө Цолмонбаатарын хөх ачааны машинтай очиж адуунуудаа ачаад 2 км орчим яваад цагдаад баригдсан. Хулгайлсан адуу улсын хилийн наана цаана байсныг мэдэхгүй, хил зөрчсөн гэдгээ мэдээгүй... /1-р хх-ийн 221, 222 дугаар хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Т.Отгон-одын сэжигтэнээр байцаагдахад өгсөн мэдүүэг /1-р хх-ийн 115- 117 дугаар хуудас/,

2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Т.Отгон-одын яллагдагчаар байцаагдахад өгсөн ...2015 оны 3 сарын 20-дын үеэр Дадал сумын төвд Алтанхуягтай таарсан, тэгээд Алтанхуяг бид хоёр нэрмэл архи ууцгаасан, архи уух зуураа Алтанхуяг надад хойшоо хил гарч адуу хулгайлъя гэж хэлсэн юм, тэгэхээр нь би Бөхөнгийн заставаас хойш их олон айл байдаг юм билээ, тэр хавиар адуу ихтэй гэж хэлээд Алтанхуяг бид 2 Бөхөнгийн заставын тэрүүгээр хил давахаар тохиролцоод салцгаасан. Алтанхуяг над дээр 2015 оны 3 дугаар сарын 23-ны орой ганцаараа халтар морь унаад ирсэн. Манайд хүн байгаагүй би ганцаараа байсан. Алтанхуяг манайд хоноод бид 2 өглөө буюу 2015 оны 3 дугаар сарын 24-нд 9 цаг өнгөрч байхад манай зуслангийн Оргойт гэдэг газраас хойшоо хилрүү Тосон гэдэг газраар дайраад улсын хилийн 806 дугаар тэмдэгийн баруун талаар хойшоо хил даваад Бөхөнгийн зүүн талаас 11 тооны адуу бэлчиж байхад нь туугаад хил давсан газраараа буцаж хилээр орж ирсэн. Тэгээд манай өвөлжөөн дээр ирээд баруун уулынхаа буйран дээр 11 тооны адуугаа тууж аваачаад буцаад гэртээ ирсэн. Бид 2 манайд хоол хийж идээд тэгсээр байтал орой болсон. Алтанхуяг адуугаа хувааж авахаар тохироод Алтанхуяг 6 адуу, би 5 адууг авахаар тохироод Алтанхуяг 6 сарын 24-ний орой харанхуй болонгуут хувааж авсан 6 тооны адуугаа туугаад сумын төв орсон. Тэгээд Алтанхуяг эхэлж баригдсан юм байна лээ, намайг 6 сарын 26-нд хэрэг болдогын нөгөөдөр нь цагдаа нар барьсан. Миний салгаж авч үлдсэн 5 тооны адуу өвөлжөөн дээрээ байсан. ...хулгай хийх сэдлийг хэн нь ч гаргасан юм байхгүй, ярилцаж байгаад л болсон асуудал. ...улсын хил хууль бусаар нэвтэрч байгаагаа хойшоо гарч байхдаа л мэдсэн, хойшоо хил орчим модон зогон байсан юм, тэрийг давахад угаасаа хил зөрчиж байгаа юм... /1-р хх-ийн 218, 219/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Отгон-одоос ...мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ үйлдсэн хэргээ зөвшөөрч байна, дахиж хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй...гэв.

 

Хэргийн бусад нотлох баримтууд

 

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын хилийн дэглэмийг хамтран шалгасан акт /1-р хх-ийн 13 дугаар хуудас/,

 

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-ын ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /1-р хх-ийн 15 дугаар хуудас/,

 

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Амьтдыг шилжүүлсэн - хүлээлцсэн акт /1-р хх-ийн 17 дугаар хуудас/,

 

2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /Цолмонбаатарын өөрийн эзэмшлийн 37-20 СҮА улсын дугаартай БНСУ-д үйлдвэрлэсэн Kia Frontier автомашин, түүн дээр ачиж явсан Бор зүсмийн гүү 2, Бор зүсмийн байдас 1, Хээр зүсмийн эм даага 1, бусад адуундаа унаж дарагдан үхсэн хээр 1/ /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,

 

2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /С.Лхамгомын эзэмшлийн 65-91 ХЭА улсын дугаартай БНСУ-д үйлдвэрлэсэн Kia Frontier маркийн хөх өнгөтэй, тэвшээ өндөрлөсөн автомашин түүн дээр ачисан Бор халиун гүү, сартай цавьдар байдас, сартай хар шүдлэн байдас, хээр охин даага/ /1-р хх-ийн 60 дугаар хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хураан авсан тухай тэмдэглэл /Л.Энхбаатараас им тамгагүй соёолон насны хүрэн зүсмийн 1 тооны азарга/ /1-р хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хураан авсан тухай тэмдэглэл /Шарга зүсмийн ямар нэгэн им тамгагүй бүдүүн морь 1, Хүрэн зүсмийн ЦС тамгатай бүдүүн морь 1/ /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 толгой бод малыг битүүмжлэв. Битүүмжилсэн эд хөрөнгийг Соронзон овогтой Бат-Эрдэнэд хүлээлгэн өгөхөөр тогтоов/ /1-р хх-ийн 75 дугаар хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Шүхэржав овогтой Алтанхуягийн эзэмшлийн 33 тооны адуу, 20 тооны үхэр/ /1-р хх-ийн 76 дугаар хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /Азарга 2, Унага 5, Даага 4, Шүдлэн 3, Хязаалан 4, Морь 5, Гүү 10, Тугал 8, Бяруу 1, Үнээ 11, нийт 51.400.000 төгрөгийн үнэлгээтэй 53 толгой бог, бод малыг битүүмжлэв. Битүүмжилсэн эд хөрөнгийг Шүхэржавын Алтанхуягт хүлээлгэн өгөв/ /1-р хх-ийн 77 дугаар хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /Түмэндэлгэр овогтой Отгон-одын эзэмшлийн 44 тооны бод мал/ /1-р хх-ийн 79 дүгээр хуудас/,

 

2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /Унага 1, Даага 2, Морь 2, Гүү 2, Тугал 9, Бяруу 8, Үнээ 16, Бух 1, Шүдлэн 3, нийт 48.400.000 төгрөгийн үнэлгээтэй 44 толгой бог, бод малыг битүүмжлэв. Битүүмжилсэн эд хөрөнгийг Түмэндэлгэрийн Отгон-одод хүлээлгэн өгөв / /1-р хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Эрүүгийн 201523000093 тоот хэрэгт Битүүмжлэгдсэн малын үнэлгээ /1-р хх-ийн 78,81 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

 

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Адуу хүлээлгэн өгсөн акт 10 тооны адуу 1.Бор халиун зүсмийн /зөв талдаа К, буруу талдаа үсгэн тамгатай/,

2.Сартай зээрд зүсмийн байдас /зөв талдаа К, буруу талдаа Б тамгатай/,

3.Зээрд байдас /зөв талдаа К, буруу талын ташаан дээрээ Б тамгатай/,

4.Сартай хар халтар /зөв талдаа К, буруу талын ташаан дээрээ Б тамгатай/,

5.Бор зүсмийн охин даага /тамгагүй/,

6.Том улаан халиун гүү /зөв талдаа К, буруу талдаа Б тамгаатай/,

7.Бор халиун зүсмийн гүү /зөв талдаа Б, буруу талын ташаан дээрээ К тамгатай/,

8.Улаан хээр гүү /зөв талдаа Б, буруу талын ташаан дээрээ К тамгатай/,

9.Шарга зүсмийн эр даага /тамгагүй/,

10.Хээр зүсмийн охин даага /тамгагүй/

Дээрх зүс бүхий 10 тооны адууг хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Вдович Сергей Леонидович /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,

 

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ 1-р хх-ийн 188-198 дүгээр хуудас/,

 

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Малын үнэлгээ /Хэнтий аймгийн Дадал сумын ИТХ-аас баталснаар, ОХУ-ын хохирогчоос гаргаснаар/ /2-р хх-ийн 6-10 дугаар хуудас/,

 

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол /Шүхэржавын Алтанхуягийн эзэмшлийн 51.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 33 тооны адуу, 20 тооны үхрийг захиран зарцуулах эрхийг хязгаарласугай/ /2-р хх-ийн 40 дүгээр хуудас/,

 

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол /Түмэндэлгэрийн Отгон-одын эзэмшлийн 48.400.000 төгрөгийн үнэлгээтэй 7 тооны адуу, 37 тооны үхрийг захиран зарцуулах эрхийг хязгаарласугай/ /2-р хх-ийн 42 дугаар хуудас,/

 

Шүүгдэгч Т.Отгон-одын хувийн байдалтай холбоотой баримтууд

 

            Шүүгдэгч Т.Отгон-одын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 129, 157/,         

Нийслэлийн улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 128/,

Хэнтий аймаг Дадал сумын Агац багийн Засаг даргын тодорхойлолт /Т.Отгон-од нь ам бүл 5, эхнэр, 3-н хүүхдийн хамт амьдардаг//1-р хх-ийн 130/,

 

Хэнтий аймаг Дадал сумын Агац багийн Засаг даргын тодорхойлолт /Т.Отгон-од нь 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор бүгд 44 малтай болохыг тодорхойлов/ /1-р хх-ийн 131/,

Гэрч Т.Эрдэнэчулууны …би Т.Отгон-одын төрсөн ах нь юм, Т.Отгон-од 1987 онд Дадал сумынхаа сургуульд ороод 5-р ангиа төгсөөд мал дээр гарсан, одоо Агац багт өөрийнхөө хэдэн малыг хараад амьдардаг. Эхнэр Солонгоо 4 хүүхдийн хамт амьдардаг. Дүү Отгон-од их даруу дуугай, их ажилсаг, хэрэг төвөгт холбогдож байгаагүй, жаахан архи уух дуртай, гэр бүлдээ халамжтай сайн залуу юм… гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 205 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч Т.Отгон-Од нь Ш.Алтанхуягтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хилийн 0287 дугаар ангийн хариуцсан хэсэгт байрлах хилийн 806 дугаар тэмдэгтийн чиглэлээр баруун урагш 700 м газраар Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаарын Кыра дүүргийн Шумундын хөдөөгийн өөрөө удирдах нэгжийн Усть Букукун гэх газар руу хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн, мөн өдөр Оросын холбооны улсын дээрх газраас Монгол улсын нутаг дэвсгэр рүү хууль бусаар хил нэвтэрсэн,

Улмаар шунахайн сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаарын Кыра дүүргийн Шумундын хөдөөгийн өөрөө удирдах нэгжийн Усть Букукун гэх газраас тус улсын иргэн Вдовин Сергей Леонидовичийн 11 тооны адууг хулгайлж, 6.553.080 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Хохирогч Вдовин Сергей Леонидович өгсөн ...2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Бөхөн голын харгана гэх газраас 11 тооны адуугаа алдсан /Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаарын Кыра дүүргийн Шумундын хөдөөгийн өөрөө удирдах нэгжийн Усть Букукун/ гэх газраас 11 тооны адууг алдсан. ...Би өөрийн 10 тооны адууг зүс тамгыг нь тулгаж бүрэн хүлээн авсан. Харин 1 тооны хээр зүсэмийн дааганыхаа үхсэн байсан зургыг авсан... /1-р хх-ийн 88/ гэсэн мэдүүлэг, гэрч М.Түвшинбаатараас ...Чинхүсэл, Цолмонбаатар, Алтанхуяг, Баяртогтох нар байсан, Баяртогтох ахын малын хашаанд 6 тооны адууг Цолмонбаатар ахын портер маркын автомашинд бид нар бүгдээрээ ачсан, тэгсэн 1 шарга даага нь машинд багтахгүй байсан, тэгсэн Алтанхуяг ах Энэ шарга даагыг ганц хоёр хоног гэртээ байлгаад өгчих гэж гуйсан. ...Алтанхуяг ах манайд ирээд манай ээж аавд хэлээд нөгөө шарга даагаа аваад явсан байсан. ...би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй... /1-р хх-ийн 89/ гэсэн мэдүүлэг, гэрч Г.Баяртогтохын ...манай малын хашаанд 6 тооны адуу байсан, тэгээд тухайн үед хэний адуу юм бол гэж бодоод нэг гаргах гээд болиод эзнийг нь хүлээсэн. Тэгээд төд удалгүй Хуягаа /Алтанхуяг/ Цолмонбаатар нар Цолмонбаатарын портер маркын хөх өнгийн автомашинтай ирцгээсэн, мөн араас нь Түвшинбаатар машинтайгаа ирсэн. Тэгээд Алтанхуяг надад миний адуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бид нар Цолмонбаатарын машин дээр 5 адууг нь ачсан, харин 1 шарга даага машинд багтахгүй үлдсэн. Цолмонбаатар ганцаараа адуугаа аваад манай хаваржаанаас баруун урагшаагаа явсан... /1-р хх-ийн 90, 91/ гэсэн мэдүүлэг, гэрч С.Түвшинжаргалаас ...Ононгийн 65-91 ХЭА улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын автомашинтай Дадал сум руу гарсан, орой 23 цагийн үед Дадал сумаас хойшоо Баянхааны зүүн доор байдаг Отгоныд очсон, Отгон гэртээ ганцаараа байсан, тэгээд хоол идчихээд гарч адуугаа ачсан, ...Тэгээд 2015 оны 3 сарын 26-ны өдөр Ононгоо намайг дуудаад Отгон сая ярьлаа нөгөө адуу чинь хулгайн адуу гэж байна гэж хэлсэн... /1-р хх-ийн 92, 93/ гэсэн мэдүүлэг, гэрч П.Чинхүсэлийн ...би мотоциколоо унаад Баяртогтох ахын хаваржаа руу очсон, тэнд Баяртогтох ах, Алтанхуяг, Цолмонбаатар нар байсан, тэнд мөн бид нар ууцгаасан. Би тэнд ямар адуу мал байсныг мэдэхгүй байна, нилээн согтсон байсан. Алтанхуяг надад өдөр нь уулзаад ОХУ-аас Отгон-одтой адуу хулгайлсан гэж ярьсан... /1-р хх-ийн 93/ гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Хэрлэнбаатарын ...Ганзориг бид 2 Дандар гуайн байшингийн хуучин суурьны зүүн хэсгээр ой руу орсон замаас мод авах гээд ортол замын хойд талд ойролцоогоор 70 орчим метрийн зайтай газар 4 тооны адуу модонд уяатай байсан, тэдгээр адуунуудыг холоос харсан болохоор зүсийг нь яг тэр энэ гэж хэлж мэдэхгүй, ямар ч гэсэн бараан зүсмийн адуунууд байсан, гэхдээ тэдгээр адуунууд бол өндөр адуунууд байх шиг харагдсан... /1-р хх-ийн 98/ гэсэн мэдүүлэг, гэрч Г.Ганбаатараас …Дадал сумын харъяат Шүхэржавын Алтанхуяг, Түмэндэлгэрийн Отгон-од нар Оросын Холбооны улс руу хил зөрчин орж зүс бүхий 11 тооны адуу хулгайлан сумын төвөөс баруун тийш байрлах Баяртогтохын хаваржааны хашаанаас ачиж байгаад манай хилийн тагнуулын алба болон сумын хэсгийн төлөөлөгч нарт баригдсан юм… … /2-р хх-ийн 13, 14/ гэсэн мэдүүлэг, гэрч Д.Амгалан заяагийн …Ш.Алтанхуяг, Т.Отгон-од нарыг Оросын холбооны улсын нутаг руу хаагуур орсон талаар хэддүгээр тэмдэгтээр гарсан талаар зам шалгалтаар явсан. Тэгээд зүс бүхий 10 тооны адууг Оросын холбооны улсын хилийн тагнуулын албатай уулзалт зохион байгуулан хохирогчид нь адууг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн… /2-р хх-ийн 15, 16 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг, Ш.Алтанхуягаас ...Отгон-Од надад гахайн анд явж байхад хилийн наах нь зуслангаас хойшоо модон дотор 12 тооны адуу байсан, тэрийг наашаа хулгайлж авчирья гэж хэлсэн, ...2015 оны 3 сарын 24-ний өглөө 8 цаг гээд би дэлтэй халтар морио унаад Отгон-Од хул морио унаад хойшоо хил рүү явж Отгон-Одын зуслангийн хажуугаар гараад Сонгоол толгойг даваад дахиад 2 хамар ухаа даваад явж байтал Отгон-Од энэ уулан дээр гарвал миний ярьж байсан морьд харагдана гэж хэлсэн, тэгээд тэр уулан дээр гараад дурандсан чинь голын зүүн бэлд өөрөө хэлбэл уулны баруун захад Бөхөн голын зүүн эрэг дээр 11 тооны адуу байсан. Тэгээд тэндээсээ нөгөө 11 адуугаа тууж очсон замаараа буцаж Отгон-Одын гэрт өдөр ирсэн... /хх-ийн 221, 222/ гэсэн мэдүүлэг, Т.Отгон-одын ...Алтанхуяг бид хоёр нэрмэл архи ууцгаасан, архи уух зуураа Алтанхуяг надад хойшоо хил гарч адуу хулгайлъя гэж хэлсэн юм, тэгэхээр нь би Бөхөнгийн заставаас хойш их олон айл байдаг юм билээ, тэр хавиар адуу ихтэй гэж хэлээд Алтанхуяг бид 2 Бөхөнгийн заставын тэрүүгээр хил давахаар тохиролцоод салцгаасан. ...Оргойт гэдэг газраас хойшоо хилрүү Тосон гэдэг газраар дайраад улсын хилийн 806 дугаар тэмдэгийн баруун талаар хойшоо хил даваад Бөхөнгийн зүүн талаас 11 тооны адуу бэлчиж байхад нь туугаад хил давсан газраараа буцаж хилээр орж ирсэн... /1-р хх-ийн 218, 219/ гэсэн мэдүүлгүүд,

Улсын хилийн дэглэмийг хамтран шалгасан акт /1-р хх-ийн 13/, Улсын хилийн дэглэм зөрчигч /амьтад/-ын ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт /1-р хх-ийн 15/, Амьтдыг шилжүүлсэн - хүлээлцсэн акт /1-р хх-ийн 17/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 60/, Хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 71/, Хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 73/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 76/, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 77/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 79/, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 80/, Бүтүүмжлэгдсэн малын үнэлгээ /1-р хх-ийн 78, 81/, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Адуу хүлээлгэн өгсөн акт Зүс бүхий 10 тооны адууг хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Вдович Сергей Леонидович /1-р хх-ийн 85/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 188-198 дугаар хуудас/, Малын үнэлгээ /2-р хх-ийн 6-10/, Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол /2-р хх-ийн 40, 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүгдэгч Т.Отгон-од нь шүүхийн хэлэлцүүлэгт ...гэм буруугаа хүлээж байна... гэж мэдүүлж байх боловч түүний гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заажээ.

 

Иймд Т.Отгон-одыг Ш.Алтанхуягтай урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар,

Мөн Ш.Алтанхуягтай урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн хувьд

 

Эрүүгийн хэрэгт хохирогчоор ОХУ-ын иргэн Вдович Сергей Леонидович тогтоогдсон бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд учирсан хохиролд

...Би өөрийн 10 тооны адууг зүс тамгыг нь тулгаж бүрэн хүлээн авсан. Харин 1 тооны хээр зүсэмийн дааганыхаа үхсэн байсан зургыг авсан, ...гомдол санал байхгүй. Адуунуудаа бүрэн бүтэн хүлээн авсан... /1-р хх-ийн 88 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

Гэрч ХХЕГ-ын хилийн 0287 дугаар ангийн хилийн тагнуулийн ажилтан Д.Амгаланзаяа, ахлах ажилтан Г.Ганбаатар нараас ...хулгайлагдсан адууг ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн. …10 тооны адууг биетээр нь ОХУ-ын хохирогчид хүлээлгэн өгч, 1 тооны үхсэн адууг фото зургаар баримтжуулан, зургаар танилцуулсан… /2-р хх-ийн 13-16 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Адуу хүлээлгэн өгсөн акт ...зүс бүхий 10 тооны адууг хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Вдович Сергей Леонидович /1-р хх-ийн 85 дугаар хуудас/ баримт, гэрчийн мэдүүлгээр батлагдаж байх тул Т.Отгон-одыг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд Т.Отгон-одын эзэмшлийн 48.400.000 төгрөгийн үнэлгээтэй 7 тооны адуу, 37 тооны үхрийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тогтоол /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/, Т.Отгон-одын эзэмшлийн 44 тооны бод малыг битүүмжилсэн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/-уудыг цаашид хэрэглэх шаадлагагүй гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Отгон-одод ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, Шүүгдэгч Т.Отгон-одын цагдан хоригдсон 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 60 хоног, мөн 2015 оны 10 сарын 08-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 22 хоног, нийт 82   / наян хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж байна.

Ш.Алтанхуягт холбогдох хэргийг тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2072 дугаар шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг тусгаарлаж нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Улианхай овогт Түмэндэлгэрийн Отгон-одыг урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар Т.Отгон-одыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Отгон-одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Отгон-одод оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсэн эд зүйлгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, Т.Отгон-од нь бусдад төлөх төлбөргүй,  82 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Т.Отгон-одод оногду

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.