Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-21
Дугаар 26
Хэргийн индекс 156/2015/0100/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч С.Амартүвшин
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
    Улсын яллагч: Д.Нямдэлэг,
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул, 
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауржан,
Иргэдийн төлөөлөгч: З.Сагадай,
    Шүүгдэгч: С.Амартүвшин нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Сум дундын Прокурорын газраас
Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд  төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг “Цайдам” гэх газар нутаглах, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Цагаан овогт Сосорын Амартүвшинд (Регистрийн дугаар:СИ80032710) Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201323010041 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Амартүвшин нь согтуугаар 2013 оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Хартолгой” гэх газар хохирогч З.Бат-Өлзийгийн хэвлийн тус газарт хөлөөрөө 4-5 удаа дэвсэж, З.Бат-Өлзийгийн биед цээжний битүү гэмтэл болох баруун уушигны авчилт, хэвлийн битүү гэмтэл болох нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийд цочмог цус алдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:
-Хохирогч З.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “ ... Амартүвшин намайг дуудаж дагуулаад багийн төвийн байшингийн хойд талд гараад заамдаад хавирч унагаагаад цээж рүү 4-5 удаа дэвссэн. ...ил харагдах гэмтэл  шарх байхгүй. Харин дотуур гэмтэл авсан. Би 2013 оны 08 дугаар сарын 17-ны өглөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирээд хагалгаанд орсон. Эмч миний биеийн байдлыг хүнд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 тал), 
- Гэрч Н.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай багийн Амарзаяа гэдэг хүүхэн ирээд танай ах Бат-Өлзий багийн байшингийн зүүн хойно ёолоод хэвтэж байна гэж хэлсэн. Би ах дээрээ очиход Бат-Өлзийгийн цамцны энгэр урагдчихсан газар хойшоо хараад хэвтэж байсан. Би Бат-Өлзий ахаас хэн зодсон талаар асуухад намайг Сосорын Түвшин зодсон гэсэн. Ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. “би хөдөлж чадахгүй байна, бөөлжих гээд байна. Амнаас цус амтагдаад байна” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 тал),  
- Гэрч Л.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машинаас буугаад багийн байшин руу явж байтал байшингийн зүүн талд эрэгтэй хүн ёолоод хэвтэж байсан. Яваад очтол тэр хүн “би Өлзий байна” гэж хэлсэн. Би дүүд нь очиж хэлсэн ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 тал),  
- Гэрч С.Энххүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орой 23 цагийн үед хурал болсон байшингаас гартал Бат-Өлзий багийн төвийн байшингийн хойд талд ухаантай хэвтэж байсан. Очтол Бат-Өлзий “би амьсгаа авч чадахгүй байна. Түргэн дуудаад өг” гээд байсан. Би машинаар Батнасангийнд хүргэж өгсөн. ... Ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Гэдэс цээж өвдөөд байна гэж байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 тал),
- Гэрч Х.Лхагваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...23-24 цагийн үед манай хажуу айлын Энххүү, Одончимэг нар Бат-Өлзий ахыг манайд авчирсан. Бие нь муу байна гээд Мөнхбаатар ах Батнасангийн хамт эмнэлэг авад явсан. Бие нь тааруу байсан. Гаднаас нь харахад гэмтэж бэртсэн зүйл харагдаагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 тал),
- Гэрч Б.Өлзийхутагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхөр Бат-Өлзий кресло дээр суугаад ёолоод байсан. Баруун, зүүн хавирга хөхөрсөн. Өөр биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 тал),
- Гэрч Л.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...З.Бат-Өлзийгийн биеийн цээжний зүүн хэсэгт арьсны хөхрөлттэй, хэвлий нэлэнхүйдээ цардгар дүүрэнг, тэмтрэхэд эмзэглэл ихтэй байсан. Бат-Өлзийгийн биеийн байдал хагалгааны өмнө хүнд, холбогдох шинжилгээгээр рентгенд баруун талын уушги шалчийчихсан агааргүй болсон, чагнахад амьсгал сул сонсогдоно. ЭХО-д гэдэс хий ихтэй, хэвлийд сул шингэн ихтэй, дотуур цус алдалтын шинжтэй байсан тул яаралтай журмаар хэвлийн хөндийг нээх, дотор эрхтнүүдийг шалгах мэс засал хийгдсэн. Цээжний баруун талд 7,8 дугаар хавирганы завсараар цээжний хөндийн гуурс байрлуулсан. Бат-Өлзийд  хэвлийн эрхтнүүдийн архаг хууч өвчин илрээгүй байсан. Тухайн үед 12 хуруу гэдэснээс доош 1 метр орчимд нарийн гэдэсний чацархай цоорч, чацархайн судас нь гэмтсэн байсныг судсыг боож, цус тогтоолт хийж чацархайн цоорхойг битүүлж оёсон” гэсэн мэдүүлэг (хх-ийн 90 тал),
-Шүүгдэгч С.Амартүвшингийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: “...Л.Бат-Өлзийгөөс тамхилаач гэж гуйхад Бат-Өлзий тамхи бол байна. Чамд тамхи өгөхгүй гэсэн хүнийг чи яах юм гээд байсан. Тэгэхээр нь би “чи ямар сүртэй юм бэ” гээд халаас руу нь гараа явуултал Бат-Өлзий баруун гараа атгаж байгаад миний дагз руу 1 удаа цохисон. Миний уур хүрээд Бат-Өлзийг заамдаад хавирч унагаад 2 удаа өвдөглөчихсөн юм. Бат-Өлзийг чимээгүй болохоор нь багийн байшингийн зүүн талд орхичихсон. ... би Бат-Өлзийг хавирч унагаагаад заамдаж байгаад баруун өвдөгөөрөө Бат-Өлзийгийн баруун сүврэгц рүү нь 2 удаа өвдөглөсөн юм. Ухаан алдсан эсэхийг нь мэдэхгүй. Чимээгүй байхаар нь юм бодолгүй гайгүй байх гэж бодоод яваад өгчихсөн юм” гэсэн мэдүүлэг.  (хх-ийн 36-37 тал)
- Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1029 дугаартай шинжээчийн дүгнэлт: Онош: Цээжний  хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, хэвийн хөндийн хий хуралт.
Дүгнэлт:
 1.  З.Бат-Өлзийгийн биед цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, хэвийн хөндийн хий хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна. ... гэжээ. (хх-ийн 94 тал)
 
  - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. (хх-ийн 40 тал) гэсэн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Амартүвшин нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны шөнийн 22 цагийн үед Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Хартолгой” гэх газар хохирогч З.Бат-Өлзийгийн хэвлийн тус газарт хөлөөрөө 4-5 удаа дэвсэж, биед нь  цээжний битүү гэмтэл болох баруун уушигны авчилт, хэвлийн битүү гэмтэл болох нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийд цочмог цус алдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон хэргийн зүйлчлэл тохирсон байх тул эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Амартүвшинг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч С.Амартүвшин нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч З.Бат-Өлзийд 13 сая төгрөгийн хохирол төлсөн зэрэг түүний хувийн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг нь Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг  нь  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт  зааснаар 03 жил 06 сарын хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасах, түүний цагдан хоригдсон 01 жил 6 сар 18 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож ялтаны биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 сар 12 хоногоор тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.