Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-04-01
Дугаар 31
Хэргийн индекс 156/2016/0033/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч Д.Идэрбаяр
Зүйл хэсэг 150.2. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
Улсын яллагч Я.Сансар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн А танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         Н.Болор-Уянга,
Улсын яллагч              Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Гангантөгс,
Шүүгдэгч                 Д.Идэрбаяр нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Идэрбаярт холбогдох эрүүгийн 201623000030 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1974 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны Бага өлзийт гэх газар нутагладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Дамбын Идэрбаяр /РД: НП74100973/ 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч Д.Идэрбаяр нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчнаар ажиллаж байхдаа өөрийн хариуцан маллаж байсан 334 тооны бог малаас 29 тооны хонийг завшиж, 125 тооны хонийг үрэгдүүлэн бусдад үлэмж хэмжээний буюу 12.320.000 /арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
             
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогчийн төлөөлөгч Г.Гантөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн данстай малыг тоолох ажлаар малын тоогоор Өлзийт тосгоны нутагт байдаг малчин айл өрхүүдээр тооллогын комиссын гишүүн Дэлгэрмаа, Нямдаваа нарын хамт Өлзийт тосгонд байх малчин Идэрбаярыг тус тосгоны нутаг Өлгий гэх газар өвөлжиж байхад нь очиж малыг нь тоолоход 334 толгой мал байхаас 320 толгой мал тоологдсон. Малаас 14 толгой мал дутсан. Хөдөлмөрийн гэрээний толгой хамгаалалтын малыг хасаж тооцоход толгойн тоо таарч байсан 
    
учраас 334 толгой малыг бэлчээр авсан. Жилийн эцсийн малын тооллого явсны дараа нэлээн хэд хоногийн дараа Өлзийт тосгоны хэсгийн төлөөлөгч а/д Ганзориг над руу утсаар яриад Идэрбаярын мал дутуу байгаа юм биш үү, хүний мал тоолуулсан байх шиг байна гэхээр нь Өлзийт тосгонд байнга байдаг тоо бүртгэгч Нямдавааг тоолж хяналт тавьж эргэж мэдэгд гэснээр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Нямдаваа нь малчин Идэрбаярын малыг тоолж тооцоо бодоход 27 тооны хонь дутлаа гэж мэдэгдсэн. Би Нямдаваад хонио 80 000 төгрөгөөр үнэлж акт батламж үйлдэж, дахин тоолох шаардлагатай юм байна гэж хэлсэн. Би тэр үед ээлжийн амралттай байсан болохоор нэг сарын тайлан тооцоонд оруулна гээд байж байтал Нямдаваа надад Идэрбаярын малаас эхлээд 27, дараа нь 96 тооны хонь дутлаа гэж хэлэхээр нь 2016 оны 01 дүгээр сарын 13-нд 232 дугаар ангийн захирагч хурандаа Н.Мягмарцоожид утсаар малчин Д.Идэрбаярынд 100 гаран тооны мал дутсан гэсэн асуудал гараад байна гэхэд ангийн захирагч тухайн үед дэд хурандаа цолтой байсан Мягмарцоож надад комисс томилж явуулъя чи ажилдаа ор гэж үүрэг өгсөн. Тэгээд би 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа орсон. Дэд хурандаа Ганхуягаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр очиж малчин Д.Идэрбаярын малыг тоолсон байсан. Ингээд тооллогын комиссоос эр шүдлэн хонь 154 толгой дутсан байсан. Ингээд ангийн захирагчийн зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ гэсэн шийдвэртэй ирсэн. Ангийн дотоод хяналтын комисс дэд хурандаа Майдараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс хуралдаж эр шүдлэн хонийг нэг толгойг наян мянган төгрөгөөр үнэлж, арван хоёр сая гурван зуун хорин мянган төгрөгийн төлбөр тавьсан. Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ангийн захирагчийн зөвлөл хуралдаж малчин Д.Идэрбаярыг хуралд оролцуулж мал ямар учраас дутаасан талаар авч хэлэлцсэн. Д.Идэрбаяр би 154 толгой хонь дутаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дутаасан малаа өөрөө төлж барагдуулна, 20 гаруй хонийг хүүхдийн сургалтын төлбөрт хэрэглэсэн. Бусдыг нь алдсан гэж хэлсэн. …Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Идэрбаяр нь нийт 12.320.000 төгрөгийн хохирлоос 10.920.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үлдэх хохиролдоо 15 байр, малын хашааг 600.000 төгрөгөөр үнэлж өгч байгаа. Үндсэн цалингаас 293.000 төгрөг төлж, дээр нь хязаалан насны адуу нэг толгойг өгч байгаа, тэгээд хохирол нь барагдаж дуусах юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 14 тал/, 
Гэрч Х.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 30 минутын үед Өлзийт тосгоны Бага өлгийн энгэр гэх газар зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин Д.Идэрбаярынд мал тооллогын ажлаар дэд хурандаа Ганхуяг, д/ч Энхтайван, Ня-бо Дэлгэрмаа, гэрээт дэд түрүүч Мөнхчулуун, малын тоо бүртгэгч Жандос, жолооч Баасандорж, Өлзийт тосгоны хэсгийн төлөөлөгч а/д Ганзориг нарын хамт очсон. Тэнд очоод Идэрбаярын маллаж байгаа хонийг хашаад тооллогын ажил хийсэн. Эхлээд малчин Идэрбаярын өөрийнх нь хувийн малыг эхэлж ялгаж гаргасан. Ангийн данстай малыг хашаанд үлдээж тооллогын ажлыг эхлүүлсэн. Хашаанаас малыг нэг нэгээр нь гаргаж гүйлгэж тоолсон. Хүн болгон дотроо өөрсдөө тоолоод дараа нь тоогоо тулгацгаасан. Тэр үед 154 тооны бог мал хонь дутсан. Тэр үед малчин Идэрбаярын гэрт орж нотломж үйлдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, 
Гэрч М.Энхтайваны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... малчин Идэрбаярын суурь дээр мал тооллогын ажлыг хийж гүйцэтгэхэд ангийн эр төлөг 38, эр шүдлэн 296 толгой нийт 334 толгой хонь байхаас ангийн эр төлөг 38, эр шүдлэн хонь 142 толгой нийт 180 толгой мал тоологдсон. Дутсан эр шүдлэн хонь 154 толгой малыг тооллогын комисс бид захирагчийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж акт нотломжийг үйлдээд гарын үсгийг нь зуруулаад ирсэн. Мал яагаад дутсан талаар асуухад таслаад алдчихсан юм гэж хэлж байсан. 2015 оны 09-10 сард л тасалж алдсан гэж хэлсэн  гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Ц.Мөнхчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... малчин Идэрбаярынд очоод мал тооллогын ажлыг явуулсан. Идэрбаярын маллаж байгаа малыг хашаанд хашиж байгаад амины малыг нь мэдэхгүй жижиг биетэй хургануудыг нь гарга гэхээр нь гаргасан. Барагцаагаар 70 гаран тооны хурга, арваад тооны ямааг гадагш хашаанаас гаргасан. Үлдсэн малыг нь тоолсон. Нүдээр харж байгаад хашаанаас цувуулж гаргаж байгаад тоолсон. Нэг нэгээр нь гаргаж байгаад тоолсон юм. Яг хэдэн тооны мал дутсан талаар мэдээгүй нийт 150 гаруй тооны хонь дутсан байна гэж ярьж байхыг нь сонссон. Мал дутуулсан талаар дэслэгч Энхтайван, ня-бо Дэлгэрмаа нар акт үйлдэж төлбөр тавьсан. Тэнд багцаагаар хоёр цаг орчим болж байгаад бид явсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,   
Гэрч Ж.Жандосын мөрдөн байцаалтанд  өгсөн: ... Манай зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин Д.Идэрбаяр нь 2015 оны 8 дугаар сар хүртэл нас гүйцсэн эр хонь хариулж байгаад тушаасан. Ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй малчин юм. Хонио тушаагаад оронд нь 38 тооны төлөг, 296 толгой шүдлэн насны эр хонь хүлээж авсан. Би 2015 оны 10 дугаар сарын эхээр малын тарилга болохын өмнө малчин Д.Идэрбаярынхаар очиж малыг нь тоолоход бүрэн байсан. Түүнээс хойш би Дэлгэрхаан, Баянмөнх хавийн малаа хариуцдаг болохоор дахиж яваагүй. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр захирагчийн үүрэг болгосноор малчин Д.Идэрбаярын малыг тоолох комисст дэд хурандаа Ганхуяг даргын ахласан бүрэлдэхүүн явсан.  Д.Идэрбаярын малын суурьт очиж малыг нь тоолоход нийт 154 толгой эр шүдлэн хонь дутсан. Тэгээд дэд хурандаа Ганхуяг үүрэг болгож газар дээр нь мал дутаасан тухай нотломж бичүүлж акт тавиад ангийн захирагчийн хурлаар оруулна гэж малчин Д.Идэрбаярыг авч явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, 
Гэрч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ангийн захирагчийн тушаалаар малын хяналтын тооллогын комисс томилогдож 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өлзийт тосгонд хоёр малчны суурьт хяналтын тооллого хийсэн. Малчин Д.Идэрбаяр, Н.Ууганбаяр нарын суурьт хяналтын тооллого хийсэн юм. Н.Ууганбаярын сууриас ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй. Өлзийт тосгоны хэсгийн төлөөлөгч а/д Ганзоригийн өгсөн мэдээллийн дагуу хяналтын тооллого хийсэн малчин Д.Идэрбаярын маллаж байгаа ангийн данстай 334 тооны толгой малаас 180 толгой мал тоологдож 154 тооны эр шүдлэн хонь дутсаныг нотломж үйлдэж ангийн захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Малчин Д.Идэрбаяр нь мал дутагдсан шалтгааныг асуухад зарим нэгийг нь алдаж үрэгдүүлсэн зарим нэгийг мөнгө төгрөгийн хэрэгтэй болоод өөртөө ашигласан ангийг хохиролгүй болгоно гэж хэлсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/, 
Гэрч М.Нямдаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Малчин Д.Идэрбаярынд очиж малыг нь тоолоход 334 толгой мал байхаас 320 толгой мал тоологдсон. Малаас 14 толгой мал дутсан. Хөдөлмөрийн гэрээний толгой хамгаалалтын малыг хасаж тооцоход толгой таарч байсан учраас 334 толгой хонийг бэлнээр авсан тэгтэл 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хошууч Гантөгс намайг Д.Идэрбаярын маллаж байгаа малд хяналтын тооллого хий гэсэн үүрэг өгсөн. Энэ үед би мотоциклтой Д.Идэрбаярынд очиж хяналтын тооллого хийсэн. Тэгэхэд 27 тооны шүдлэн эр хонь дутсан. Би газар дээр нь мал дутсан талаар нотломж үйлдэж малын тооцоо бодож малчин Д.Идэрбаяраар гарын үсэг зуруулж авсан. Тэгээд хошууч Гантөгсөд утсаар малчин Д.Идэрбаярын сууриас 27 тооны хонь дутлаа гэж мэдэгдсэн. Тэр үед хошууч Гантөгс ээлжийн амралттай байсан болохоор малчин Д.Идэрбаярт хяналт сайн тавьж байгаарай би ангийн захирагчид мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин хяналтын тооллого хийхээр малчин Д.Идэрбаярынд очиход 96 тооны шүдлэн эр хонь дутсан. Газар дээр нь мал дутсан талаар нотломж үйлдэж малын тооцоо бодож малчин Д.Идэрбаяраас яагаад хонь ингэж дутав гэж асуухад Д.Идэрбаяр нь 2015 оны 10 дугаар сарын сүүлээр малаа тасдуулж алдаад хүний мал тоолуулж байсан гэж надад хэлсэн. Тэгээд дахин хошууч Гантөгс рүү утсаар ярьж 96 тооны хонь дутлаа гэж мэдэгдсэн. Тэгээд 2016 оны 1 сарын 15-нд ангиас тооллогын комисс д/х Ганхуяг ахалж малын нягтлан бордогч Дэлгэрмаа, малын тоо буртгэгч Жандос, малын их эмч ерөнхий мал зүйч д/ч Энхтайван 2 гэрээт цэрэг жолоочийн хамт ирээд Идэрбаярын малыг нэг бүрчлэн нүд үзэж тоолсон. Тэгэхэд 154 тооны шүдлэн эр хонь дутсан. Газар дээр нь комисс мал дутсан талаар нотломж үйлдэж малчин Идэрбаярыг Дэлгэрхаан сумын ангийн зөвлөлийн хуралд оруулна гэж авч явсан. Тэгээд би үлдсэн малыг нь хариуцаж 2016 оны 2 сарын 06-ны өдөр хүртэл маллаж Д.Идэрбаярын эхнэр ирэхэд нь малыг нь тоолж хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Гэрч М.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манай охин Атарцэцэгийн оюутны сургалтын төлбөр нэхэгдээд мөнгийг нь яаж өгдөг юм билээ би ах нараасаа гуйя гэж хэлэхэд нөхөр Идэрбаяр нь би мэдэж байна гээд миний үгэнд оролгүй өөрийн хариуцан маллаж байсан ангийн малнаас 27 тооны шүдлэн эр хонь ажиллаж зам дагуу явсан авто машинд ачиж аймаг руу авч явж өгөөмөр бойнд 1 сая төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн. Түүнээсээ 800.000 төгрөгийг нь хүүхдийн төлбөрт өгсөн гэж надад дараа нь хэлсэн. Үлдэгдэл мөнгөндөө бензин шатахуун ойр зуурын юм аваад ирсэн байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй. Өлзийт тосгоны төвд охин Атарцэцэгийн сургалтын төлбөрийн мөнгийг хайж явсан юм. Тэгсэн чинь Идэрбаяр хүүхдийн төлбөр болсон гэж хэлсэн юм. 2015 оны 10 дугаар сард малын тарилга болсноос хойш малаа тоолоогүй байж байгаад 10 сарын сүүлээр хонь нэг л цөөхөн харагдаад байхаар нь тоолсон чинь 100 гаран толгой хонь дутсан байсан. Тэгээд тэр хавиараа эрж хайсан боловч сураг гараагүй. Айлын хонинд нийлсэн юм болов уу гэж бодсон чинь нийлээгүй айлын малд байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Гэрч Г.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2015 оны 12 дугаар сарын 3, 4-ний үед Д.Идэрбаяр ахад 2 янзын им тэмдэгтэй хонь өгсөн. Нэг нь зөв чих урдаасаа ганзага буруу чих нь араасаа хөндлөн нөгөө хонь нь 2 чих нь урдаасаа нэг нэг хөндлөн имтэй нийт 80 тооны 30 эм хонь 50 хурга өгсөн юм. Ах нь хонь малын дутагдалд орчихлоо хэзээ алдсанаа мэддэггүй одоо тоо ирэх гээд байна маргааш нөгөөдрөөс ангиас хүмүүс ирж малыг маань тоолох гээд байгаа юм, дарга солигдсон зэвсэгт хүчний 232-р ангийн тооллогын комисс ирэх гээд байна ахдаа 80 тооны хонь түр өгч туслаач тоолуулчхаад өгье гэж гуйгаад байхаар нь өгсөн юм. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа 2015 оны 12 дугаар сарын 10-11-ний үед надаас авсан 80 тооны хонио Идэрбаяр ах өөрөө авч ирж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч Б.Атарцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Идэрбаяр ахыг 27 тооны хонь ажилласан эсэх талаар би мэдэхгүй. Би тухайн үед Өлзийт тосгонд байсан юм. Идэрбаяр ах сургалтын төлбөртөө нэмэрлэ гэж надад 800.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэрч Х.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би зэвсэгт хүчний 232-р ангид ажилд ороод 1 жил 2 сар болж байна. Идэрбаяр гэх малчныг жилийн эцсийн тооллогоор буюу 2015 оны 12 дугаар сарын 11 -нд очиж малыг тоолохдоо таньдаг болсон. Ангийн 334 толгой мал тоологдохоос 320 толгой хонь бэлэн тоологдсон Толгой хамгааллын малаа хасаж тоолохоор бүрэн тоологдсон гэж үздэг юм билээ. Гэрээнд тэгж заагдсан байдаг юм байна лээ. Миний хувьд дахиж Идэрбаярынд очиж мал тоолоогүй байж байгаад 2016 оны 1 сарын 15-нд хяналтын тооллогоор д/х Ганхуяг ахалж нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй очиж Идэрбаярынд хяналтын тооллого хийхэд 100 гаран тооны хонь дутсан. Идэрбаяраас д/х Ганхуяг болон би өөрөө хонь яагаад дутаачхав гэж асуусан чинь Идэрбаяр 2015 оны 10 дугаар сард хонио таслаад алдчихсан гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл яриагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагчийн 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Ажилд авах, ажилд орсноор тооцох тухай” 63 дугаар тушаалын хуулбар/ хх-ийн 42 тал/, 
Хяналтын тооллого хийсэн нотломж, дутагдсан малд төлбөр тавьсан нотломж. төлбөр барагдуулсан тухай нотломжийн хуулбар /хх-ийн 44-48 тал/, 
Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 56-57 тал/,
Малчдын бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх-ийн 58 тал/, 
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 тал/, 

Сэжигтнээр Д.Идэрбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би цэргийн ангийн малыг 6 жил малласан өмнө нь дутааж байгаагүй. Энэ жил дутаачихсан. 20 гаруйг нь хувьдаа хэрэглэсэн нь үнэн бусдыг нь алдчихсан юм. Алдчихаад сураад байсан сураг гараагүй. Олдчих байх гээд цагдаа болон цэргийн ангид мэдэгдээгүй. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу. Хохирлыг хамгийн сүүлд цалингаа суутгуулаад бүрэн барагдуулсан. Одоо цэргийн ангийн малыг маллаж байгаа. Намайг маллаж бай, намар ялгалтын үеэр учрыг нь олно... гэсэн мэдүүлэг зэрэг болно. 
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Д.Идэрбаярыг  Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчнаар ажиллаж байхдаа 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өөрийн хариуцан маллаж байсан 334 тооны бог малаас 29 тооны хонийг завшиж, 125 тооны хонийг үрэгдүүлэн бусдад үлэмж хэмжээний буюу 12.320.000 /арван хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Д.Идэрбаяр нь бусдын эд хөрөнгийг завшин, үрэгдүүлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоож байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.   
Хохирогчийн төлөөлөгч Г.Гантөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Идэрбаяр нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзах зүйтэй болно.  
Шүүх  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 246, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон       

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.