Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-04-01
Дугаар 33
Хэргийн индекс 156/2016/0036/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч Ц.Гантөмөр
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         Н.Энхзул,
Улсын яллагч                  Д.Нямдэлэг,
Хохирогч                 Д.Батгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Гангантөгс,
Шүүгдэгч                 Ц.Гантөмөр нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гантөмөрт холбогдох эрүүгийн 201523000278 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух, урьд 1992 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 1998 онд Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.В, 123 дугаар зүйлийн 123.3, 123.1 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 сарын 17-ны өдөр Багануур дүүргийн шүүхээр эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 5 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Монгол овгийн Цэен-Өлзийгийн Гантөмөр /РД: СУ74032574/
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч Ц.Гантөмөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан 2015 оны 09 сарын 10-ны өдөр иргэн Д.Батгэрэлийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, дээрхи хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
 
 Хохирогч Д.Батгэрэлийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … Тухайн өдөр Гангаа согтчихоод уух гээд байсан, тэр үед Пүүжээ, Чимгээ хоёр явлаа гээд гэр рүүгээ яваад өгсөн. Гангаатай хамт би машины кабинд үлдсэн. Гангаа намайг хөдөө гэр рүүгээ авч явна гээд байхаар нь би явахгүй гэхэд уурлаад машинаас буугаад миний сууж байсан талын хаалгыг татаж онгойлгоод намайг татаж буулгаад нүүр лүү эхлээд цохисон. Тэр үед би газар ойчсон. Нуруу дал руу олон удаа өшиглөсөн. Тэр үед би ухаан алдчихсан байсан. Нэг ухаан ороод хартал зодсоор байсан. Тэгэхээр нь би боль гэж гуйсан. Нэг юм хэлээд өшиглөөд цохиод байсан. Би мөлхөөд зугтаах гээд оролдсон боловч чадаагүй ухаан алдчихсан. Би тэр үед дээлтэй явсан, бүсийг маань тайлаад машины ар талаас бүсийг цэцгээр уяад машинд суугаад намайг чирсэн. 2 удаа тойрсныг мэдэж байна тэгээд би ухаан алдсан эмнэлэг дээр ухаан орсон. Намайг зодоод байхаар нь би айгаад машин доор мөлхөж орсон. Тэгэхэд миний дээлний бүс алдарсан байсныг Гангаа татаж аваад машинд уяад намайг машинаар чирсэн. Би бүснийхээ нөгөө талыг биеэсээ тайлж машинаас мултарсан. Тэгээд газар хэвтэж байхыг Гангаа машинаар тойрч ирээд машины гэрэлд намайг хэвтэж байхыг харсан байх. Би өөрөө босож явах чадалгүй зодуулсан байсан. Шүүгдэгч Ц.Гантөмөрийг бид нар Гангаа гэж дууддаг юм. Гангаа нь энэ Ц.Гантөмөр гэдэг хүн мөн. Эмчилгээний зардал гэж өгсөн зүйлгүй. Би эмчилгээний зардал 3.800.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/ 
Гэрч Д.Цогтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ээж маань аав чинь хүнд зодуулаад ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос ирсэн тэгээд гарахад нуд нь нилдээ хавдсан байсан. Сүүлд үзүүлэхэд хавирга хугархай, нуруу гэмтэлтэй гэж гарсан...2 цонх онгорхой ар талын хөндлөн төмөрнөөс аавын бүсэлж байсан шар өнгийн бүсийг уячихсан...Гангаа аавтай үлдээд машинаасаа бууж зодсон гэсэн. Тэгээд ухаан алдсан гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 тал/, 
Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Овоолсон шороон дээр Гантөмер суучхаад хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Би хүн алчихлаа, дайраад алчихлаа гээд уйлаад байсан. Би нарийн учрыг нь ойлгоогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Гэрч М.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Ц.Гантөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Юу болсон талаар асуухад би хүн алчихлаа, би хүн амины хэрэгтэй дахиад хүн алчихлаа гэхээр нь би хаана юм гэж хэлэхэд ийшээ гэж заасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 тал/
Гэрч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэгээд Гэрлээ Гангаа хоёр үлдсэн. Тэр хоёр халамцуу үлдсэн. Айхтар согтоогүй. Үлдэх үед хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй зүгээр үлдсэн... гэсэн мэдүүлэг. / хх-ийн 32-33 тал/
Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Тэгэхэд би хүн алчихлаа гээд хашгираад байсан. Гантөмөр тэр өдөр их согтуу нилээн согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/
Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 13531 дугаартай. Дүгнэлт: 1. Батгэрэлийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн дарагдаж шахагдсан хугарал, сээрний 12 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн нэгдүгээр нугалмын хоёр талын хөндлөн сэртэн, нум, хоёр дугаар нугалмын их биеийн сэлтэрсэн, хоёр талын хөндлөн сэртэн, арын сэртэн, гуравдугаар нугалмын баруун хөндлөн сэртэн, баруун 6, 7, 9, 10, 11, зүүн 11 дүгээр хавирганы хугарал, нуруу бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн бяцрал, цус хуралт, ууц хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх гэмтлийн эдгэрэлтээс хамаарна /хх-ийн 39 тал/ гэжээ, 
Гэрч Б.Батхүрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:: ...2016.02.22-ны өдөр Багануур дүүргийн 1-р хороо Ирвэсийн зогсоол гэх газар явж байтал Гантөмөр нь тэнд явж байсныг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Би Гантөмөрийг оргон зугатсаныг мэдэж байсан учир цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм гэсэн мэдүүлэг / хх-ийн 143 тал/, 
Гэрч Н.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн:: ...2016 оны 02 сарын 20-ны хавьцаа манай гэрт найз Гантөмөр Улаанбаатар хотоос явж байна гээд ирсэн. Тэгээд манайд хоёр хоносон бөгөөд надад ярихдаа хотод ээжийн бие тааруу, ээжийгээ сахиж байгаад буцаад явж байна гэж хэлсэн. Харин 2 хоногийн дараа намайг ажилдаа яваад өгсөн хойгуур араас над руу утасдаад би Хэнтий аймагт цагдаад шалгагдаж байгаад оргоод явж байсан юм. Тэгээд сая баригдлаа л гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 144-145 тал/,
Гэрч Ж.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:: ...Тухайн үедээ цагдаа дээр шалгагдаж байгаад чөлөө аваад явж байна гэж хэлж байсан. Тэгээд манай гэрт ээжийг асарч цай хоолыг нь өгч байгаад саяхан буцаад явсан гэсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 146 тал/,
Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Би Гантөмөр гэдэг хүнийг сайн танихгүй. Ээжийн төрсөн эгчийн хүүхэд юм байна лээ. 2015.10.7-ны өдөр Гантөмөр над дээр ирээд би хүн зодсон хэргээр цагдаа дээр шалгагдаж байгаа юм намайг батлан даалтанд авчихаач гэж гуйсан. Би ээжид хэлэхэд ээж надад тусалчих юмсан гэхээр нь би чи гайгүй биз урьд нь орон шоронгоор явсан, хүний итгэл алдав гэж хэлээд батлан даалтанд авсан. Тэгсэн 2015 оны 11 сарын дундуур ээжийн бие муу байна гэнэ би очоод ирмээр байна гээд байцаагчдаа хэлсэн гэсэн тэгэхэд прокурорт хэргийг нь өгнө чөлөө өгөхгүй гэсэн байсан. Тэр үеэр Гантөмөр архи уусан байдалтай ороод ирэхээр нь цагдаа дээр хориод өг гээд өөрийн биеэр авчирч өгсөн, гэтэл прокурор хорихгүй гэсэн байсан. Тэгээд Гантөмөр удалгүй надад хэлэхгүй алга болсон. Гантөмөр ээжийгээ асарч байгаад цагдаа нарыг гэрээр нь очиход зугатаагаад яваад өгсөн байсан. Ингээд сураг нь гараагүй байж байхад Багануур дүүргээс баригдаж ирлээ гэж сонсогдсон. Батлан даалтанд авсан Үүрийнтуяа гэж хүнийг би танихгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 148 тал/, 
Шүүгдэгч Ц.Гантөмөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 тал),
Шүүгдэгч Ц.Гантөмөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 тал) зэрэг болно. 
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Ц.Гантөмөрийг 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт хохирогч Д.Батгэрэлийг үл ялих зүйлээр буюу хөдөө гэр рүү нь машинаар хүргэж өгсөнгүй гэдгээр шалтаглан, илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж зодон бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан, уг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалт, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ц.Гантөмөр нь догшин авирлан танхайрсан болон мөрдөн байцаалт прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Д.Батгэрэл, гэрч Б.Баярсайхан нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүх Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй болно. 
Хохирогч Д.Батгэрэл нь эмчилгээний зардал 3.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан 274.450 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Гантөмөрөөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Хохирогч нь  үлдэх 3.525.550 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй. 
 Шүүгдэгч Ц.Гантөмөр нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх боловч урьд нь хорих ял эдэлж байсан байна. Иймээс шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      
                                              

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.