Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-01-03
Дугаар 37
Хэргийн индекс 000/2013/0030/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Довчинсэнгээгийн Алтанжигүүр
Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Р.Энхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,  

Улсын яллагч Р.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга О.Баярбаясгалан,

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Их номгон овогт Хажидын Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201301031943 дугаартай, 000/2013/0030/Э индекстэй хэргийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оргил зуурмаг” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 12 дугаар гудамжны 37 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их номгон овогт Хажидын Пүрэвсүрэн /РД: ГП90042933/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн нь 2013 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил зуурмаг” ХХК-ийн агуулахад түлхүүр тааруулан орж дөрвөн лааз тослох материал болох товуд хулгайлж, тус компанид 336.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэнгээс: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирлоо төлж барагдуулсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Э.Чимэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил зуурмаг” ХХК-ийн барааны агуулахаас 6 лааз товуд тослох материал алдагдсан байсан. Тухайн өдөр манай ажлын байранд харуулын байранд харуулын үүргийг Д.Балжинням гэх хүн гүйцэтгэж байсан ба тухайн өдрийн шөнийн 04 цагийн үед манай хуучин ажилчин Х.Пүрэвсүрэн автомашинтай ирээд явсан гэж байсан. Мөн тухайн үед ажилдаа ирж байсан Г.Нямбаатар, Х.Пүрэвсүрэнг 1 ширхэг лаазтай товуд авч явахыг харсан байсан. ...манай агуулах хашааны гол хэсэгт байдаг ба агуулахын хаалга цоожтой байсан гэсэн учир нь манай ажил орой 23 цагт тарахад агуулахын хаалга цоожтой байсан, харин шөнийн 04 цагийн үед агуулахын хаалга онгорхой, цоож түлхүүр нь газар хэвтэж байсан гэж манай ажилчин Г.Нямбаатар хэлсэн. ...Манай компаниас 4 хайрцаг товуд алдагдсан байна лээ. Би тооцоогоо сүүлд нь нягталж хийхэд 2 лааз товудыг хэрэглэсэн байсныг тогтоосон. Тэгэхээр Х.Пүрэвсүрэнгээс 4 лааз товудын мөнгө нэхэмжилж байгаа. Одоо миний зүгээс Х.Пүрэвсүрэнгээс 4 лааз товудаа бүрэн барагдуулж авсан, ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 7-9/ гэсэн,

 

Гэрч Ц.Түвшинбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай ажил шөнийн 00 цаг 30 минутад тарсан ба би ажил тараад явахдаа агуулахын хаалгыг өөрөө цоожилсон. Учир нь би өдөр болгон гарч орохдоо цоожилдог ба надаас гадна Пүрэвбат, Гантөмөр нар нь биедээ агуулахын түлхүүртэй өөр хүнд агуулахын түлхүүр байдаггүй. Ажил дээрээ түлхүүрээ орхидоггүй юм. Харин Х.Пүрэвсүрэнд анх агуулахын нэг түлхүүр байдаг байсан ба агуулахыг хариуцахаа больсноос хойш буцааж агуулахын түлхүүрийг Х.Пүрэвсүрэнгээс авсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Манай агуулахад 10 ширхэг шинэ лаазтай тос байсан ба түүнээс 1 ширхэгийг машиндаа хэрэглээд 9 ширхэг үлдсэн ба өглөө ирэхэд 3 ширхэг лаазтай товуд үлдсэн байсан...” /хх-ийн 12/ гэсэн,

 

Гэрч Г.Нямбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2013 оны 8 дугаар сарын 27-ны өглөө эрт 05 цагт ажил дээрээ ирсэн юм. Тэгээд намайг ирэхэд манай 2 жолооч ирсэн байсан, би машинаа асаах гээд явж байтал лаазтай товуд аваад пүүтэгний араар нэг хүн орсон. Тэгээд хашааны хаалгаар жижиг тэрэг орж ирээд Х.Пүрэвсүрэн тэр машинд суугаад явсан. Би тэр машиныг Хонда Фит маркийн машин байна гэж харсан ба улсын дугаарыг харж амжаагүй, дөнгөж гэгээ орж байсан. Тэгээд би агуулах руу очоод харахад хаалга нь хагас хаалттай байсан, цоож нь гинжинд нь зүүгээд мултлаад орхисон байсан. Уг цоожны түлхүүр нь газар хаячихсан, яг өөрийнх нь түлхүүр байсан юм...” /хх-ийн 15/ гэсэн,

 

Гэрч Д.Балжиням мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө харуул манаачийн үүргийг гүйцэтгэсэн. Тэгээд манай ажил 23:00 цагийн үед тарсан, ажилчдаа гаргаад хашаагаа цоожилсон, тэгтэл шөнө үүрээр 05:00 цагт ажилчид ажилдаа гарах байсан болохоор 04 цаг өнгөрч байхад эхний ажилчид ирж байсан. Тэгтэл Х.Пүрэвсүрэн саарал өнгийн суудлын жижиг автомашинтай ирсэн, би тухайн үед нь тэр Х.Пүрэвсүрэнг ажилдаа такси бариад ирж байгаа юм байх гэж бодсон. ...Х.Пүрэвсүрэн дотогш орсон би хаалган дээр буюу харуулын байрандаа үлдсэн. Тэгтэл нөгөө Х.Пүрэвсүрэн агуулахаас тос аваад явчихсан байсан юм байна лээ...” /хх-ийн 13/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...би тэр машиныг шөнө бааранд сууж байгаад 02 цагийн үед гараад Цамбагаравын автобусны буудлаас барьж явсан. Тэр машин саарал өнгийн Хонда Фит маркийн машин байсан юм, би тэр машинтай хөдлөөд хамт бааранд орсон Энхбаатарын гэрт очоод гэртээ байхгүй болохоор нь шууд “Оргил зуурмаг” гэх нэртэй ажил руугаа явсан ба очиход цаг шөнийн 04 цаг болж байсан. Тэгээд үүдэн дээрээ нөгөө таксигаа зогсоогоод мөнгө олох гэж өөрийнхөө ажиллаж байсан өрөө рүү ороод складны илүү түлхүүр байхаар нь авч цоожийг нь түлхүүрээр онгойлгоод 4 лааз товуд аваад гарч ирсэн. Тэгээд машиндаа сууж “Сутайн буянт” захын хажууханд байдаг тосны цэгт аваачиж 160.000 төгрөгөөр зараад нөгөө такситайгаа цаашаа 1 дүгээр хороолол ROХY гэдэг бааранд очиж 150.000 төгрөг өгөөд үлдээсэн гар утас, цахим үнэмлэх зэрэг эд зүйлээ аваад Баянхошуунд байдаг найз Базаррагчаагийн гэрт очиж унтсан...” /хх-ийн 20-28/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29/,

- “Оргил зуурмаг” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 5, 52/,

- Гэрч Х.Дугарсүрэн /хх-ийн 11/, Х.Дуламсүрэн /хх-ийн 14/, Г.Нямбаатар /хх-ийн 15/ нарын мэдүүлэг,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 30-31/

- Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35/,

- Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын лавлагаа /хх-ийн 36/,

- Шүүгдэгч Х.Пүрэвсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн нь 2013 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил зуурмаг” ХХК-ийн агуулахад түлхүүр тааруулан орж дөрвөн лааз тослох материал болох товуд хулгайлж, тус компанид 336.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Чимэд, гэрч Ц.Түвшинбаяр, Г.Нямбаатар, Д.Балжиням нарын болон шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, ял шалгах хуудас зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэнгийн бусдын орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн 57 дугаар талд хохирогч Э.Чимэдийн: “...Ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн болно...” гэсэн баримт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргаж өгсөн “Оргил зуурмаг” ХХК-ийн албан бичигт “...Х.Пүрэвсүрэн манай компанид учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан, ямар нэгэн хоорондын асуудал байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол байхгүй болно.

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг харгалзан хорих ял оногдуулж, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт тооцогдож байх тул хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн нь өөрт оногдох хөрөнгөтэй эсэх нь тодорхойгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Пүрэвсүрэн энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.