Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-30
Дугаар 00004
Хэргийн индекс 301/2013/0004/э/
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Нямаагийн Баярхүү
Шүүгдэгч Ч.Болдбаатар
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ч.Болдбаатар нь 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 01 цагийн үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн нутаг Дунд хуурайн ам гэх газар иргэн Ч.Хүрэлхүүтэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ч.Болдбаатарыг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр өгсөн: …2013 оны 10 сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумруу орж ирсэн. Сумын төвөөс 19 цагийн үед гэр лүүгээ явсан. Харих замд Галтын танихгүй хэдэн залуучуудтай тааралдсан чинь мотоцикль засаад өгөөч гэсэн юм. Тэгээд мотоциклийг засаж байхад тэр залуучуудтай 1 шил архи нэг пиво хувааж уусан. …Тэгээд ахынхаасаа гараад замдаа Хүрлээ ахынд очсон. Тэгээд гэрт нь ороод аяга цай уусан. Хүрлээ ах намраас хойш хонь малаа нийлүүлээд байна гэж Хүрлээ ах хэлэхээр нь ганц хоёр шөнө шуурганд хонь малаа алдаж хонь нийлсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь Хүрлээ ах хонио нийлүүлээд байх юм бол дардагийн энгэр лүүгээ зайлаарай танайх дунд хуурайх биш гэсэн биздээ гэж хэлсэн. Та намайг дунд хуурайгаас хөөдөг хэн юм бэ? Та өөрөө энэ нутгийн хүн биш байж намайг хөөлөө гээд Хүрлээ ахыг барьж аваад зүүн нүдрүү нэг удаа цохисон. Тэгээд заамдаж аваад нэг цохисон. Тэгээд би гэртээ харьж амарсан гэх мэдүүлэг /хх-ийн 17, 18 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Хүрэлхүүгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: … Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 3 дугаар багийн Дунд хуурай ам гэх газар намаржиж байсан 2013 оны 10 сарын 27-ны шөнө 01 цагийн үед Ч.Болдбаатар манайд орж ирээд сайхан намаржиж байна уу гэсэн би цай хийж өгөөд сууж байтал Чулуунбаатарын Болдбаатарыг таних уу гэж хэлэхээр нт чамайг байтугай эцэг Чулуунбаатарын эцгийн чинь эцгийг танина гэсэн чинь Болдбаатар чи энэ дунд харганд өвөлжихгүй шүү гэж хэлээд заамдаж аваад чи энэд өвөлжихгүй шүү гэж хэлээд намайг орон дээр футволкны захнаас барьж байгаад нүүр лүү нилээн хэд цохисон. Тэгээд бид хоёр гадаа гараад Болдбаатар намайг тонгорч унагаагаад толгой руу цохисон. Тэгээд бид хоёр салаад Болдбаатар гэрлүүгээ яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 518 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт "…Ч.Хүрэлхүүгийн биед тухайн үед зүүн нүдний зовхинд цус хурсан байжээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байжээ. Ч.Хүрэлхүүгийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,  болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ч.Болдбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч Ч.Хүрэлхүү нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ч.Болдбаатар, Ч.Хүрэлхүү нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Болдбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Болдбаатар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201322000589 дугаартай хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.