Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-04
Дугаар 0005
Хэргийн индекс 105/2014/0105/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Шадравын Төгсгэрэл
Шүүгдэгч Л.Билгүүн Г.Мөнхэрдэнэ нар
Зүйл хэсэг 146.2. - Бусдын эд хөрөнгийг булаах
Улсын яллагч Б.Энхтулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төгсгэрэл даргалж хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

Улсын яллагч Б.Энхтулга  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбат /үнэмлэх 0-227/, О.Борхүү /үнэмлэх 0-136/ нарыг оролцуулав.

 

Тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар   Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Таргуд шар овогт Лхагвасүрэнгийн Билгүүн, Оросоо овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ  нарт  холбогдох  201301041645 тоот хэргийг 2013 оны 12  сарын 04-ний өдөр хүлээн аваад яллагдагчийг 2013 оны 12 сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн  байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1994 оны 11 сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ам бүл 5, эцэг Н.Лхагвасүрэн Чандмань өрнөх ХХК-д захирал ажилтай, эх Г.Отгонжаргал Улсын Драммын эрдмийн театрт аж ахуйн эрхлэгч ажилтай, 2 дүү нарынхаа хамт Баянзүрх дүүргийн 5-р хороо 15-р хороолол 87-р байрны 63 тоотод  оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Техник технологийн дээд сургуулийн Сантехникийн техникчийн 1-р дамжаанд сурч байсан, ял шийтгэлгүй /хх 96/, Таргуд шар овогт  Лхагвасүрэнгийн Билгүүн, регистр ОЮ 94112115 /хх 92/

 

            2. Монгол улсын иргэн, 1993 оны 06 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг О.Ганболд тахир дутуугийн группэд байдаг, эх Г.Энхтуяа Баянзүрх дүүрэг Титан суурь ХХК-ийн СӨХ-ийн дарга  ажилтай, дүү нарынхаа хамт Баянгол дүүргийн 20-р хороо Шинэ хотхон 4-р байрны 2 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Эрчим хүчний их сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын 2-р дамжаанд сурч байсан, ял шийтгэлгүй /хх 91/, Оросоо овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ, регистр ТЕ 93060610 /хх 87/

   

           Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:   

Яллагдагч Л.Билгүүн, Г.Мөнх-Эрдэнэ  нар үгсэн тохиролцож бүлэглэн

- 2013 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд талд явж байгаад иргэн Г.Ууганбаярыг согтуу явж байхад нь I Phone-4 s  маркийн гар утсыг булаан авч 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Монгол улсын их сургуулийн хичээлийн 2-р байрыны урд талд байх автобусны буудал дээр зогсож байсан 17 настай эмэгтэй О.Хонгорзулын I Phone-5 маркийн гар утсыг булаан авч 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

- 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороо Орос Монголын хамтарсан 3-р сургуулийн хойд талд найз нарын хамт тоглож байсан 13 настай Э.Хулангийн I Phone-5 маркийн гар утсыг булаан авч 1.000.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

201301041645 тоот хавтаст хэргээс

- Хохирогчийн өргөдөл /хх 5, 21/

- Хоёр  хүнийг барьсан тухай илтгэх хуудас /хх 6/

- Эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12-19, 48/

           - Насанд хүрээгүй хохирогч О.Хонгорзулын мэдүүлэг /хх 35/

- Эд зүйлийн үнэлгээ /хх 38/

- Гэрч Б.Энхтөрийн  мэдүүлэг /хх 40/

- Насанд хүрээгүй хохирогч Э.Хулангийн мэдүүлэг /хх 42-43/

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 44-47/

- Гэрч Б.Ёндонжамцын мэдүүлэг /хх 49/

- Гэрч Д.Тэргэлийн мэдүүлэг /хх 50/

- Шүүгдэгч Л.Билгүүнийг сэжигтнээр 2013.09.13-ны өдөр  байцаасан /хх 78/, яллагдагчаар 2013.09.20-ны өдөр  байцаасан /хх 80/ тэмдэглэл,

           - Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг сэжигтнээр 2013.09.13-ны өдөр байцаасан /хх 82/, яллагдагчаар 2013.09.20-ны өдөр байцаасан /хх 84/ тэмдэглэл зэрэг болно.     

  

Шүүгдэгч Л.Билгүүн нь ганцаараа болон Г.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 2-ны өдрөөс 09 сарын 12-ны хооронд 3 удаагийн давтан үйлдлээр бусдын I Рhone маркийн гар утсыг булаан авч хохирогч Г.Ууганбаярт 300.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Э.Хуланд 1.000.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч О.Хонгорзулд 1.000.000 төгрөгийн нийт 2.300.000 төгрөгийн буюу бусдын бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь,

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь Л.Билгүүнтэй бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 2-ны өдрөөс 09 сарын 12-ны хооронд 2 удаагийн давтан үйлдлээр бусдын I Рhone маркийн гар утсыг булаан авч хохирогч Г.Ууганбаярт 300.000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч О.Хонгорзулд 1.000.000 төгрөгийн нийт 1.300.000 төгрөгийн буюу бусдын бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Билгүүн нь Г.Мөнх-Эрдэнэ нарын үйлдсэн бүлэглэн, давтан үйлдлээр бусдын гар утсыг булааж авсан гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан дараах  нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч   Л.Билгүүн  мэдүүлэхдээ:

            Миний холбогдсон гэмт хэрэг прокурорын уншсан яллах дүгнэлтэнд тодорхой бичигдсэн байна. Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би 2013 оны 08 сарын 02-ны өдөр Тэнгис кино театрын тэнд шөнө 01-02 цагийн үед Г.Мөнх-Эрдэнэтэй хамт явж байхад нэг согтуу хүн гар утсаараа яриад утсаа хажуудаа тавихаар нь аваад явсан. Энэ гар утсыг Г.Мөнх-Эрдэнэд өгсөн. Тэр энэ гар утсыг барьж байсан. Дараа нь 2013 оны 09 сарын 11-ний орой 19-20 цагийн үед Орос 3-р сургуулийн урд 5 хүүхэд явж байсан. Хохирогч Э.Хулан зургаа авахуулах гээд нэг найздаа гар утсаа өгөхөд нь би булааж авсан. Энэ утсыг би өөрөө барих гэж авсан. 2013 оны 09 сарын 12-ны оройн 21 цаг 40 минутын үед МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны замын хойд талын автобусны буудал дээр гэр рүүгээ явах гэж байтал нэг охин гар утсаа оролдоод зогсож байсан. Би гар утсыг нь булааж аваад зүүн зүг рүү зугтаасан. Миний араас гурван хүн хөөсөн. Би МУИС-н 1-р байрны хойд талын аркаар орж зүүн тийшээ зугтааж яваад Хятад элчингийн тэнд очоод баригдсан. Би хутгыг гэрээсээ авсан. Би зугтаж байхдаа хутгаа Г.Мөнх-Эрдэнэд өгсөн. Хөөж байгаа хүмүүс айлгаж хөөхийг нь болиулах гэж өгсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 6 хоног цагдан хоригдсон. Би энэ өдөр Г.Мөнх-Эрдэнийг гэртээ дуудаад Орос 3-р сургуулийн тэндээс бусдаас булааж авсан гар утсаа үзүүлсэн. Тэгээд гэрээсээ гарч яваад дахин хүний эд зүйл булаах тухай ярьсан. Надад мөнгө хэрэгтэй болоод авсан. Өөр үйлдсэн илрээгүй гэмт хэрэг байхгүй. Надад 20-30.000 төгрөг хэрэгтэй байсан. Би маш их ухаарсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хөнгөн ял өгнө үү гэсэн мэдүүлгээр, 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:

2013 оны 08 сарын 02-ны шөнө 02-03 цагийн үед Л.Билгүүн бид хоёр гэртээ харих гээд Хар хорин захаас Сансар руу явж байсан. Нэг согтуу хүн суугаад утсаараа яриад гар утсаа газар тавихад Л.Билгүүн авч зугтаасан. Энэ хохирогч Г.Ууганбаярын гар утсыг би барьж байсан. Энэ гар утсыг би хохирогчид буцаан өгсөн. Дараа нь 2013 оны 09 сарын 12-ны өдөр Л.Билгүүн бид хоёр уулзаад өдөржин хамт явсан. Улсын их дэлгүүрээс харих гээд Монгол Улсын Их сургуулийн 1-р байрны тэнд явж байсан. Автобусны буудал дээр нэг охин гар утсаа оролдоод зогсож байсныг Л.Билгүүн хараад “Аваад зугтаачих уу” гэж надаас асуусан. Би юм хэлээгүй. Л.Билгүүн нөгөө охины гар утсыг булаагаад зугтаахад араас нь би айгаад зугтаасан. Бид хоёрын араас хоёр хүн хөөсөн. Би Л.Билгүүний цүнхийг үүрч явтал Л.Билгүүн ухаад тонгорог хутга гаргаж ирээд надад өгсөн. Намайг наад хоёрыгоо айлгачих гэж хэлсэн. Бид хоёр зугтаагаад Хятад элчингийн тэнд очиж зогсоод араас хөөсөн хүмүүсийг айлгаж, хутгаа гартаа барьж араас битгий хөө гэж хэлсэн. Би тонгорогоо дэлгээгүй байсан. Тэгээд Хятад элчингийн цагдаад баригдсан. Хохирогч Г.Ууганбаярыг барьж авсан гэсэн мэдүүлэг нь худлаа. Энэ хохирогчийн утаснаас би өөрийн утас руу 5.000 төгрөгийн нэгж, Л.Билгүүн өөр рүүгээ 10.000 төгрөгийн нэгж шилжүүлсэн. Бас Л.Билгүүн өөр нэг утас руугаа 5.000 төгрөгийн нэгж шилжүүлсэн. Л.Билгүүн бид 2 төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Би 6 хоног цагдан хоригдсон. Надад өөр илрээгүй гэмт хэрэг байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хөнгөн ял өгнө үү гэсэн мэдүүлгээр,

 

            Хохирогч Г.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

2013 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүрэгт байрлах Амрита баарнаас зүүн тийш байрлах байрны урд талд явж байгаад үл таних хоёр залууд I phone 4 S маркийн гар утас түрийвч, бэлнээр 200 ам доллар, 150.000 төгрөг зэрэг эд зүйлээ булаалгасан. Өөрийн гар  утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй гэсэн мэдүүлгээр /хх 140, 164/

          

Насанд хүрээгүй хохирогч Э.Хулан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

            2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай ангийн эцэг эхийн хурал болсон. Тэгээд манай аав Б.Энхтөр хуралд суугаад би ангийнхаа хүүхдүүдийн хамтаар сургуулийнхаа үүдний талбай дээр тоглож байсан. Тэгэхэд манай ангийн Эмүжин, Анударь, Намуун нар байсан. Манай хичээл 19 цаг 20 минутын үед тарсан. Миний утсыг булаасан 20 орчим насны 170-175 см-ийн өндөртэй залуу хар өнгийн богино савхи юм шиг куртиктэй, женсэн өмдтэй, хар өнгийн үүргэвч үүрсэн залуу сургуулиас миний араас намайг дагаад байсан. Дэлгүүр ороход мөн л миний араас дагаад байсан. Дэлгүүрээс гараад явж байхад Эмүжин тэр залуу дагаад байгааг анзаарчихаад надад тэр ах бид нарын араас дагаад байна эндээс явья гэхээр нь бид нар замаасаа хажуу тийшээ болон зогссон. Тэгэхэд тэр бид нарын араас алхаж байснаа алхаагаа аажуухан болгоод бид нарын хажуугаар зөрөн бидний урд гарсан бөгөөд тэгсэнээ гэнэт эргэж хараад миний гар утсыг гарнаас минь хоёр гараараа салган булааж аваад АСА циркийн зүг зугтаачихсан. Би гар утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би  өөрийн I Phоne -5 маркийн гар утсаа буцааж авсан гэсэн мэдүүлгээр /хх 42/,

            Насанд хүрээгүй хохирогч О.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

            2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 21 цаг 40 минутын орчим сургууль дээрээ номын санд сууж байгаад гэртээ харих гээд ганцаараа Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр МУИС-ийн хичээлийн 2-р байрны урд талд байдаг автобусны буудал дээр гар утсаа баруун гартаа бариад автобус хүлээгээд зогсож байсан. Тэгэхэд үл таних 170-175 орчим см-ийн өндөртэй саарал малгайтай цамцтай, нөгөө нь хар бараан өнгийн хувцастай хоёр залуугийн саарал цамцтай залуу миний гараас I Phone -5 маркийн  гар утсыг минь  булаан аваад ертөнцийн зүгээр баруун тийш зугтаасан.Тэгээд би араас нь орилж гүйхэд тэр автобусны буудал дээр байсан үл таних 20 орчим насны улаан хүрэн өнгийн цамцтай залуу тэр хоёр залуугийн араас машинтайгаа дагаж явсан бөгөөд тэгээд би буцаж автобусны буудал дээр хүрч ирээд ТҮЦ-ний утсаар гэр рүүгээ ярьж байтал нөгөө утас булаасан залуучуудын араас нь явсан залуу ирээд нөгөө хоёр залууг чинь барьчихлаа гэж хэлсэн. Би гар утсаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн гар утсаа  буцааж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гаргах санал хүсэлт байхгүй  шүүх хуралд оролцохгүй  гэсэн мэдүүлгээр /хх 35, 162/

           

Шүүгдэгч Л.Билгүүн 3 удаагийн давтан үйлдлээр, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ 2 удаагийн давтан үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Хулан /хх 42/, насанд хүрээгүй хохирогч О.Хонгорзул /хх 35/ нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтөрийн мэдүүлэг /хх 40/, гэрч Б.Ёндонжамцын мэдүүлэг /хх 49/, цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх 6/, эд зүйлийг хураан авч хохирогчид өгсөн тэмдэглэл /хх 12-19/ эд зүйлийн үнэлгээгээр гар утсыг үнэлсэн үнэлгээ /хх 32, 38, 136/, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнээс хутга  хураан авсан тэмдэглэл /хх 9/  зэрэг  бусад нотлох баримтаар нотлогдож байна.  

Шүүхээс шүүгдэгч Л.Билгүүн, Г.Мөнх-Эрдэнэ нарыг бүлэглэн, давтан үйлдлээр  бусдын 2.300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд зүйлийг булаан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

                                    Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Л.Билгүүн, Г.Мөнх-Эрдэнэ нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан  хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэн  үзэж, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдээд зугтах үедээ араас нь хөөсөн хүмүүс рүү хутга гаргаж “ална шүү” гэж заналхийлснийг хүндрүүлэн үзлээ.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн араас нь хөөсөн 3 хүн рүү хутга гаргаж “ална шүү” гэж заналхийлсэн үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжтэй боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн зарчмыг баримтлан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар Г.Мөнх-Эрдэнээс хураагдсан /хх 9/ ногоон өнгийн хуванцар иштэй 5 үйлдэл бүхий ажлын хэсэгтэй эвхэгддэг тонгорог хутга нэг ширхэгийг устгах нь зүйтэй байна.

   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.04 0005 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Шадравын Төгсгэрэл Л.Билгүүн Г.Мөнхэрдэнэ нар 146.2.
2014.05.27 644 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Батбаярын Мөнхбаяр О.Ганбаатар Б.Гантулга 181.2.1, 181.2.5.
2014.08.05 902 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Мөнхбаярын Алдар Б.Бат-Эрдэнэ 215.2., 216.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.16 68 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Даваахүүгийн Мөнхтуул Д.Өлзийцогт 100.1., 125.2., 126.2.3., 126.2.4.
2014.01.21 74 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Даваахүүгийн Мөнхтуул Н.Отгонсүрэн 096.1.
2014.04.17 334 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Д.Батзаяа 096.2.1
2014.05.29 477 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Цогийн Оч Ц.Бугасүрэн Н.Хишигсүрэн Ч.Батманлай Б.Гал-Эрдэнэ Г.Сүхбаатар Ш.Гантулга 130.2.