Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-27
Дугаар 644
Хэргийн индекс 105/2014/0105/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Батбаярын Мөнхбаяр
Шүүгдэгч О.Ганбаатар Б.Гантулга
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Н.Ганбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэнгэл 

Улсын яллагч Н.Ганбат,

Шүүгдэгч Б.Гантулга,

Шүүгдэгч О.Ганбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдорж ҮД:/0747/

Хохирогч Б.Ууганбаяр

Хохирогчийн өмгөөлөгч С.Содномдорж ҮД./1658/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гантулга, О.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн 201401040202 дугаартай хэргийг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Вандан овогт Отгонбаяр Ганбаатар Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 7-220 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, / РД:ХГ85071214 /

Шүүгдэгч Хандгайт овгийн Баяраа Гантулга Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 30-4076 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, / РД:НВ84021219 /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдснаар/ Шүүгдэгч О.Ганбаатар, Б.Гантулга нар нь согтуугаар, бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Усан Болор" авто угаалгын гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Д.Ууганбаярыг хүч хэрэглэн зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч О.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 01 дүгээр сарын 04-ний өдөр Усан болор нэртэй паб руу орсон. Тэр пабад ороод  бид хоёр нэг, нэг пиво авч суусан. Би 00 руу  ороход Ууганбаярын найз Амарбаясгалан, Оюунтулга нар байсан. Тамхи татаад зогсож байхад нь би тамхи байвал өгөөч гэж хэлэхэд ганцхан ширхэг тамхи байна. Тамхи байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за уучлаарай гэж хэлээд гарч явсан. Тэгээд Гантулга бид хоёр пабад ороод ширээн дээрээ сууж байгаад Гантулга манай эхнэр ирж байгаа би утсаар яриад хаана явж байгааг нь асуугаад ирье гэж хэлээд гадаа гарсан юм. Гадаа гарахад Ууганбаярын найзууд нь зогсож байсан. Тэгээд бид хоёр гүүрэн дээгүүр гарахад тэд нартай шүргэлдээд гарахад Амарбаясгалан яагаад байгаа юм бэ гэхэд нь би яасан юм бэ гэж хэлсэн. Гантулга зүгээр бай за гэж хэлээд заамдалцаж авсан. Гэтэл Ууганбаяр пабаас гарч ирээд намайг заамдаж аваад нэг, хоёр цохилцоод салсан. Тэгээд Гантулга бид хоёр буцаж паб руу ороход Гантулгын эхнэр нь ирсэн юм. Тэгээд пабын хамгаалагчид гадаа зодоон болох юм шиг байна. Танай пабын доод хаалгаар гаръя гэж хэлэхэд доогуур гарах боломж байхгүй хаалга нь хаалттай байгаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гарахад гадаа Ууганбаяр найзуудтайгаа гадуур хувцсаа тайлчихсан байдалтай зогсож байсан. Тэгээд зодолдоод байж байхад миний гинж, Гантулгын гинж нь алга болсон байсан. Би гинжээ хайгаад олсон. Тэгээд байж байхад Ууганбаатарын ээж нь ирсэн юм. Нэг өндөр хүн миний араас цохисон би яаж байна гэж хэлэхэд Ууганбаяр намайг чи яасан овоо гар вэ чи намайг барахгүй шүү гэж хэлээд хоёулаа учраа олъё гэж хэлэхэд нь би за за энэ зодооныг энгэд шийдье гэж хэлээд явах гэтэл Гантулга яах гэж байгаа юм бэ? Сая цагдаа дуудсан одоо хүрээд ирнэ гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд Амарбаясгалан бид хоёрыг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн гэсэн мэдүүлэг.

 Шүүгдэгч Б.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. О.Ганбаатарын ярьж байгаатай яг адил байна. гэсэн мэдүүлэг.

            Хохирогч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн…” 2014 оны 01 сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Усан болор угаалгын газрын пабад өөрийн найз Амарбаясгалан, Оюунтулга нартай хамт ороод хүний нэг шил 0,5 литрийн Сэнгүр пиво тэгээд бид 3 дундаа 100 гр архи худалдан аваад дуулаад сууж байсан ба Амарбаясгалан бид 2 бие засах газарт ороод манай найз Амарбаясгалан тамхи татаад зогсож байхад Ганбаатар гэдэг залуу нь Амарбаясгалангаас "тамхиа өг" гэж хэлэхэд Амарбаясгалан "надад тамхи байхгүй' гэж хэлэхэд нөгөө залуу "тамхи байвал зарчих" гэж хэлээд зогсож байхад хажуу талын бие засах өрөөний тусгаарлагч дээгүүр Гантулга гэх залуу нь хараад "тамхиа өгөөч" гэх мэтээр хэрүүлийн үг хэлсэн ба тэр үедээ маргаан болоогүй бие засах газраас гарцгаагаад өөр өөрийн ширээн дээр суугаад дуугаа дуулцгаасан. Тэгээд тамхи асуусан 2 залуу гар утсаараа яриад байхаар нь маргаан болох нь гэж бодоод 2 найздаа "гарцгаая" гэж хэлээд би тооцоогоо хийгээд араас нь гарч ирэхэд Амарбаягаланг Гантулга, Оюунтулгыг Ганбаатар заамдалцаад барилцсан зогсож байхаар нь би Ганбаатарыг Оюунтулгаас салгах гэж байхад Гантулга нь ирээд миний хоолойноос боогоод хойш нь татаж байхад Амарбаясгалан ирээд Гантулгыг татаад цаашаа аваад явсан. Би "зодоонд оролцож болохгүй" шүү гэж хэлээд Оюунтулгыг зодоонд оролцуулаагүй. Тэр хооронд Амарбаясгалан Гантулгатай ноцолдож байхад Гантулга "миний гинж алга болсон" байна гэж хэлээд Гантулга Амарбаясгалангийн хувцаснаас нь зуураад Усан болорын хаалганы зүгт явсан. Тэр хооронд Ганбаатар нь бас "миний гинж алга болсон" байна гэж хэлсэн ба зодоон болж байсан газраас Ганбаатар гинжээ олсон. Би зодоон болж байхад Оюунтулга, Амарбаясгалан хоёрт "манай гэр лүү залгаад хүн дууд" гэж хэлсэн. Бид нарыг Усан болорын үүдэнд байж байхад эхлээд манай найз Эрдэнэболд /89050467, 99050467/ дараа нь манай ээж /99896224/, дараа нь манай дүү Эрхбаяр /91178264/ ирсэн. Би Эрдэнэболдтой Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт очиход манай дүүрэг биш Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байна гэж хэлэхээр нь буцаад Усан болор авто угаалгын газарт очоод харахад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирсэн Гантулгын "гинжийг хайсан" гэж хэлээд зогсцгоож байсан. Тэгээд бид нар бүгдээрээ хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нартай хамт цагдаагийн хэлтэс дээр ирцгээсэн гэсэн мэдүүлэг…”/ хх-ийн 9 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 01 дүгээр сарын 04-ний орой Усан болор пабад энэ хэрэг гарсан. Би 2 найзтайгаа хамт пабад ороод бид нар тус бүр 1, 1 шил пиво уусан. Амарбаясгалан бид хоёр 00 ороод байж байхад Ганбаатар тамхи байна уу гэж асуухад нь байхгүй гэж хэлсэн. Пабын 00 дотор бид нар маргалдаагүй. Ганбаатар, Гантулга нар гадаа гарч утсаар яриад байсан. Тухайн үед би зодоон цохион болох шинжтэй боллоо гэж бодоод бид нар гарсан. Манай хоёр найз түрүүлж пабаас гарсан би араас нь тооцоо хийгээд гарахад Ганбаатар Амарбаясгалан, Оюунтулга нь Гантулгатай барилцаж авсан байдалтай байсан. Тэгэхээр нь Оюунтулга, Гантулга салгах явцад миний нүд рүү нэг нь цохисон. Тэгээд би гэрээс хүн дуудаж, цагдаа дуудсан. Манай ээж, дүү ирсэн. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст очсон. Гэтэл манай дүүрэгт харьяалагдах хэрэг биш байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст оч гэсэн. Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгч, маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед Ганбаатар, Гантулга хоёр их согтуу байсан…” гэсэн мэдүүлэг.

Гэрч Г.Амарбаясгалангаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ”....хажуугийн бие засах өрөөний дээгүүр нэг Гантулга гэх залуу хараад "тамхиа аваад ир" гэж хэлэхээр нь би татаж байсан тамхиа хаячихаад гараад явсан. Тэр бие засах газарт маргаан зодоон огт болоогүй. Тэгээд Ууганбаяр бид 2 ширээндээ суугаад байж байхад Гантулга нь гар утсаараа яриад байхаар нь Ууганбаяр "гарцгаая маргаан болох" гээд байх шиг байна гэж хэлсэн ба би Оюунтулгатай хамт гараад үүдэнд зогсож байхад Ууганбаяр тооцоогоо хийгээд араас гарч ирсэн. Намайг гарч байхад Гантулга гэх залуу нь намайг заамдаад барьж аваад "яагаад байна" гэхээр нь би гарыг нь тавиулаад Оюунтулга бид 2 орхиод замын хажууд ирсэн. Тэгээд зогсож байхад Ууганбаяр араас гарч ирэхэд Ганбаатар нь Ууганбаярыг заамдаад барьж аваад замын хажууд гарч ирээд Ганбаатар нь Ууганбаярыг гар хөлөөрөө цохиод байсан. Гантулгыг би салгах гээд очоод татаж босгоод ирэхэд Гантулга нь миний цамцнаас зуураад "чи миний гинжийг авчихлаа" гэж хэлээд тавихгүй байсан. Тэр хооронд Ууганбаяр, Ганбаатар 2 зодолдоод ноцолдоод байсан. Би Гантулгыг салгахаас өмнө Ууганбаярын ээж рүү нь утсаар залгаад "Ууганбаярыг 2 хүн зодоод байна хүрээд ир" гэж хэлсэн байсан учраас ээж нь удалгүй хүрээд ирсэн. Зодоон болж байхад Ууганбаяр "та 2 битгий зодоон хийгээрэй" цагдаа дууд гэж хэлсэн байсан учраас Оюунтулга бид 2 тэр 2 залуучуудтай зодолдоогүй. гэсэн мэдүүлэг /хх 10/

Гэрч З.Оюунтулгаас мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..бид 3 гарах болоод би Амарбаясгалантай хамт гараад үүдэнд зогсож байхад Ууганбаяр тооцоогоо хийгээд араас гарч ирсэн. Намайг гарч байхад Ганбаатар гэх залуу нь намайг заамдаад барьж аваад "яагаад томроод байна аа" гэхээр нь би гарыг нь тавиулаад Амарбаясгалан бид 2 орхиод замын хажууд ирсэн. Тэгээд зогсож байхад Ууганбаяр ардаас гарч ирэхэд нь Ганбаатар нь Ууганбаярыг заамдаж барьж аваад замын хажууд гарч ирээд Ганбаатар Ууганбаяртай маргалдаад байхаар нь би цагдаа дуудах гээд замын хажууд очоод цагдаад дуудлага өгсөн. Маргаан болж байхад Амарбаясгалан Ууганбаярын ээжийг дуудсан байсан учраас удалгүй Ууганбаярын ээж нь ирсэн ба араас нь цагдаа нар ирсэн. гэсэн мэдүүлэг /хх 11/      

2014 оны 01 сарын 08-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1151 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд Ууганбаярын биед тархи доргилт, хамрын ясны хугарал, 2 нүдний зовхи, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт /хх 15/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36, 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 37, 40/, хохирол нэхэмжилсэн баримт, нэхэмжлэл болон 445.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан тэмдэглэл зэргийг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч О.Ганбаатар, Б.Гантулга нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Усан Болор" авто угаалгын гадна нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Д.Ууганбаярыг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 “Усан Болор" авто угаалгын барны ариун цэврийн өрөөнд хохирогч Д.Ууганбаяр, гэрч Г.Амарбаясгалан нар тамхи татан зогсож байхад Г.Амарбаясгаланг шүүгдэгч О.Ганбаатар, Б.Гантулга нар "тамхиа өг", "тамхи байвал зарчих", "тамхиа өгөөч" гэх зэргээр сүрдүүлснээр Г.Амарбаясгалан, Д.Ууганбаяр нар татаж байсан тамхиа хаяад барлуу орсон байна. Игнээд хохирогч Д.Ууганбаяр тооцоогоо хийж гадагш гарахад шүүгдэгч Б.Гантулга нь Г.Амарбаясгаланг заамдан авч “яагаад байнаа” гэх зэргээр өдөөн хоргоож дахин хэрүүл маргааныг үүсгэж хохирогч Д.Ууганбаярыг шүүгдэгч нар бүлэглэн зодож танхайран хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.Ууганбаяр, гэрч Г.Амарбаясгалан, З.Оюунтулга, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нар бие биенээ танихгүй, муудалцах шалтгаан байхгүй ба шүүгдэгч нар хохирогчийн татаж байсан тамхийг өгсөнгүй гэж бусдын эрх чөлөөнд халдаж, нийгмийн хэв журмыг зөрчөж танхайрсан байна.

            Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Ганбаатар, Б.Гантулга нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч О.Ганбаатар, Б.Гантулга нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзлээ.

 

            Хохирогч Д.Ууганбаяр өөрт учирсан гэмтлийг оношлуулж, эмчлүүлсэн зардалд 440.100 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 3.780.000 төгрөг, эмчилгээнд зарцуулах 1.000.000 төгрөг нийт 4.780.000 төгрөг нэмж нэхэмжилсэн боловч гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна. Хохирогч Д.Ууганбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Вандан овогт Отгонбаяр Ганбаатар, Хандгайт овгийн Баяраа Гантулга нар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ганбаатар, Б.Гантулга нарыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Ганбаатар, Б.Гантулга нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ганбаатар, Б.Гантулга нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. . Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Ууганбаяраас хөдөлмөрийн чадвараа алдсанаас олох байсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 3.780.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар болон өмгөөлөгч, хохирогч болон түүний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

  1. . Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.12.04 0005 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Шадравын Төгсгэрэл Л.Билгүүн Г.Мөнхэрдэнэ нар 146.2.
2014.05.27 644 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Батбаярын Мөнхбаяр О.Ганбаатар Б.Гантулга 181.2.1, 181.2.5.
2014.08.05 902 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Мөнхбаярын Алдар Б.Бат-Эрдэнэ 215.2., 216.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.16 68 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Даваахүүгийн Мөнхтуул Д.Өлзийцогт 100.1., 125.2., 126.2.3., 126.2.4.
2014.01.21 74 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Даваахүүгийн Мөнхтуул Н.Отгонсүрэн 096.1.
2014.04.17 334 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Мөнхөөгийн Пүрэвсүрэн Д.Батзаяа 096.2.1
2014.05.29 477 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Цогийн Оч Ц.Бугасүрэн Н.Хишигсүрэн Ч.Батманлай Б.Гал-Эрдэнэ Г.Сүхбаатар Ш.Гантулга 130.2.