Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-07-08
Дугаар 865
Хэргийн индекс 106/2014/0948/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Довчинсэнгээгийн Алтанжигүүр
Шүүгдэгч Ц.Баяраа
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Хашбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,  

Улсын яллагч Б.Энэрэл,

Нарийн бичгийн дарга Э.Гансугар,

Шүүгдэгч Г.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260002295 дугаартай, 106/2014/0976/Э индекстэй хэргийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугантын 1 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, гавъяа шагналгүй,

Урьд нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 154 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2014 оны 04 дүгээр сарын 30-нд хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганболдын Ганбат /РД: МТ95021915/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Ганбат нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн Ард Аюушийн 10 дугаар гудамжны 312 тоотод байх иргэн Ш.Янжинлхамын байшингийн цонхоор нэвтрэн орж “ТСL” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Ганбатаас: Би 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Налайхын баривчилгаанаас суллагдсан. Намайг манай ээжийн нагац дүү Ж.Майцэцэг тосч авсан. Ж.Майцэцэг эгч намайг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Сонсголонд байдаг блокны үйлдвэрт ажлуулсан. Би тэр хооронд 190.000 төгрөгийн цалин авсан. Би тэр үйлдвэрт өглөөний 06:00 цагаас шөнийн 00:00, 01:00 цаг хүртэл ажилладаг байсан. Тэгж ажиллаж ирчихээд Ж.Майцэцэг эгчийн гэрийг цэвэрлээд, хоолыг нь хийж өгдөг байсан. Нэг өдөр намайг Ж.Майцэцэг эгч гэрээсээ хөөсөн. Надад 15 хоногийн ажил хийсэн 190.000 төгрөг, тэр мөнгөнөөсөө ээж рүүгээ 120.000 төгрөгийг шилжүүлээд, 50.000 төгрөгийг хэрэгцээндээ зарцуулаад, 20.000 төгрөг үлдсэн. Би хөөгдсөн үедээ хулгай хийхгүй гэж бодоод өөрт байсан 20.000 төгрөгөө өдөрт 1000 төгрөгөөр нь идэх юм авч идээд, орцоор хоноглож байсан. Гэртээ харья гэхэд надад зардлын 36.000 төгрөг байхгүй байсан. Ажил олж хийе гэхээр над шиг муухай хувцастай хүнийг хэн ч тоож ажилд авахгүй байсан. Би тухайн өдөр хулгай хийх бодолгүй, наранд дулаацах бодолтой явж байсан. Хохирогчийн гэрт зорьж очоогүй. Тэгээд хохирогчийн гэрийн хаалга цоожтой байхаар нь өлсөж байхаар хулгай хийж, замын зардал олъё гэж бодоод хулгай хийхээр шийдсэн. Би шунахайн сэдэлтээр хулгай хийгээгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ш.Янжинлхам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад хорооны байр орж тодорхойлолт авчихаад буцаад гэрлүүгээ явах замд үл таних эрэгтэй хүн манай гэрт байдагтай адилхан зурагт тэвэрсэн явж байхаар нь гайхаад гэртээ орж зурагтаа байгаа эсэхийг шалгахад манай гэрийн зурагт алга болсон байсан. Тэгэхээр нь гэрээсээ буцаж гараад замаас такси барьж нөгөө зурагт тэврээд явж байсан хүнийг дагаж байгаад цагдаад мэдэгдэж түүнийг бариулсан. Түүний барьж явсан зурагт манай зурагт мөн байсан. Манай гэрийн унтлагын өрөөний цонхыг түлхэн хулгайч орсон байсан...” /хх-ийн 13-14, 15/ гэсэн,

 

Гэрч Ж.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Тайшир-34 чиглэл буюу Бичилийн кобон дээр үүрэг гүйцэтгэж байхад Тайшир 10-аас ирүүлсэн “Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 10-312 тоотод хулгай орж зурагт алдагдсан байна, хулгайчийг нь хохирогч машинтай дагаад Энхбаярын замаар араас нь уруудаж байна” гэсэн мэдээллийн дагуу тухайн этгээдийг барихаар Энхбаярын замаар өгсөж байхад үл таних эрэгтэй хүн зурагт тэвэрсэн явж байхаар нь зогсоож шалгах үед Ганболдын Ганбат гэх эрэгтэй, 19 настай хүн хулгайн гэмт хэрэг үйлдээд, хулгайлсан зурагтаа авч явж байхыг илрүүлэн Тайшир 10-т хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 16/ гэсэн,

 

Гэрч Б.Хэнчбиш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Тайшир-34 чиглэл буюу Бичилийн кобон дээр үүрэг гүйцэтгэж байхад Тайшир 10-аас ирүүлсэн “Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 10-312 тоотод хулгай орж зурагт алдагдсан байна” гэсэн мэдээлийн дагуу тухайн хэрэг гарсан газар очихоор Энхбаярын замаар өгсөж байхад үл таних эрэгтэй зурагт тэвэрсэн явж байхаар нь зогсоож шалгах үед Г.Ганбат гэх эрэгтэй, 19 настай хүн хулгайн гэмт хэрэг үйлдээд, хулгайлсан зурагтаа авч явж байхыг илрүүлэн Тайшир 10-т хүлээлгэн өгсөн. Г.Ганбат нь ганцаараа зурагт тэврээд явж байсан...” /хх-ийн 17/ гэсэн,

 

Гэрч Ж.Майцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Ганбат нь 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хулгайн хэргээр шийтгүүлээд суллагдсан өдрөөсөө хойш манай нөхөр бид хоёртой хамт ажиллаж, амьдрах болсон. Харин 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Г.Ганбатыг “ажлаа хийсэнгүй” гэж загнахад уурлаад, ажлаа хаяад явсан. 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр над руу цагдаагаас залгаж Г.Ганбатыг хулгай хийсэн талаар хэлсэн...” /хх-ийн 18/ гэсэн,

 

Гэрч П.Цогтбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Ганбаттай 2014 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хамт ажиллаж байхад Г.Ганбат нь манай гэрт байдаг байсан. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр манай гэрээс яваад хаагуур явсан талаар мэдэхгүй гэсэн...” /хх-ийн 19/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Ганбат мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооллын байрны орцонд хоночихоод маргааш өглөө нь 09 цагийн үед босоод хойшоогоо байх гэр хорооллоор алхаж байхад Зүүн Ард Аюушийн нэг хашааны дотор байсан байшингийн хаалга цоожтой байхыг хараад хашааг нь давж ороод байшингийн хойд талд байх жижиг вакум цонхыг түлхэж ороод ТCL маркийн, 32 инчийн, хавтгай дэлгэцтэй зурагтыг аваад зам дагуу төв рүү орох гэж байх үедээ цагдаад баригдсан. Би 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хорих ангиас суллагдаад хамаатны эгч болох Ж.Майцэцэгийн гэрт очиж хамт блокны үйлдвэрт ажиллаж байх үедээ түүний нөхөр П.Цогтбаатартай таарамжгүй харилцаатай байснаас болоод 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээс нь хөөгдөөд явах үедээ бага зэрэг мөнгөтэй байсан тул байрны орцонд хонож явсаар байгаад мөнгөө дуусаж, хулгай хийх болсон...” /хх-ийн 29, 32/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өрөгдөл /хх-ийн 3/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-8/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11/,

- Шүүгдэгч Г.Ганбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/,

- Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /хх-ийн 43, 45/,

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Г.Ганбат нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн Ард Аюушийн 10 дугаар гудамжны 312 тоотод байх иргэн Ш.Янжинлхамын байшингийн цонхоор нэвтрэн орж “ТСL” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, бусдад 360.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Янжинлхам, гэрч Ж.Отгонбаатар, Б.Хэнчбиш, Ж.Майцэцэг, П.Цогтбаатар нарын болон шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Ганбатын бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Ганбат нь урьд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 154 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь хавтаст хэргийн 41, 43-46 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон бөгөөд түүнийг хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байхдаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Ганбат нь энэ хэрэгтээ 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон /хх-ийн 25/ бөгөөд түүний урьдчилан цагдан хоригдсон нийт 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж, хохирогч Ш.Янжинлхам: “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч Г.Ганбат нь ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч Г.Ганбатад ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэв

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.