Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-02
Дугаар 0003
Хэргийн индекс 149/2014/0004/э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Батдэлгэрийн Хэрлэн
Шүүгдэгч Д.Галбадрах
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Н.Бадам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын нэрийн өмнөөс:

 Сум дундын 21 дүгээр шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 
Нарийн бичгийн дарга А.Хандмаа
Улсын яллагч Н.Бадам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргалбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Д.Галбадрахад холбогдох 201318020137 дугаартай эрүүгийн хэргийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймаг Цэцэрлэг хотод 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрчимжсэн мал аж ахуйн фермер, жолооч мэргэжилтэй,  ам бүл 5, Ээж, 3 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гарамын ¹ 20 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл,  ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Дашжамцын Галбадрах.  /РД: АЮ95032013/

Шүүгдэгч Д.Галбадрах нь 2013 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баруун талд хохирогч Л.Батөлзийг хувийн таарамжгүй харьцаанаас болж нүүр орчимд нь чулуугаар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Галбадрахын өгсөн.....  2013 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө шөнийн 02 цаг 10 минутын суудал тосох гээд найз Пүрэвдоржийн хамт вокзал орох гээд явж байсан юм. Гэтэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хойд талд явж байтал суудал ирчихсэн бас тосч уулзах найзын маань утас холбогдохгүй байсан учир суудал тосохоо болиод гэр лүүгээ буцаад алхаад явж байтал Хангал, Отгонхүү, Энхбаяр гуравтай МСҮТ-ийн  хойд талд тааралдсан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад зогсож байтал хойноос нэг хүн муухай хашгираад хүрээд ирсэн. Тэгээд Энхбаяр ахтай муудалцаад байх шиг байснаа Отгонхүүтэй гар барьчихаад буцаад явж байхдаа эргэж хараад чулуу шидсэн. Шидсэн чулуу нь намайг онохоор нь би зөрүүлээд чулуу аваад шидсэн. Тэгсэн чинь цаанаас Батөлзийгийн найзууд нь хүн алчихлаа гээд гүйгээд ирэхээр нь би айсандаа цааш зугатаасан. Тэгээд Энхбаяр ах, Отгонхүү хоёр Батөлзийг эмнэлэг рүү авч явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь эмнэлэг дээр очсон. Нэг эмэгтэй эгч эмнэлэг дотор сууж байхаар нь энүүгээр 2-3 хүмүүс ирэв үү гэж асуухад түрүүн ирчихээд явсан гэхээр нь цагдаа руу явсан. Цагдаагийн хэлтсийн гадна ирэхэд хохирогч Батөлзийгийн найзууд нь гадаа зогсож байсан. Би тэгээд дотогш орж жижүүрийн цагдаад нь болсон явдлаа хэлсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох 
Хохирогч Л.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн......  2013 оны 07 дугаар сарын 05-ны орой наадмын талбайгаас 00 цаг өнгөрч байхад ирээд найз Оргилболд, Энхтүвшин, Мөнхбилэг нарын хамтаар Мандах дэлгүүрийн гадаа сууж байгаад тэд нараас салаад урагшаа хүнсний захын гудамж орох гээд Буян-Ж дэлгүүрийн урд ганцаараа явж байтал замд баахан хүмүүс таарсан. Дунд нь миний таньдаг Отгонхүү байхаар нь гар барьчихаад урагшаа салаад явж байтал араас нэг нь дуудсан эргээд хартал нэг залуу хэн бэ гэхээр нь таньдаг хүнтэйгээ гар барьчихаад явж байна гэж хэлсэн. Тэгтэл хэнийг нь мэдэхгүй нэг нь надыг арагш түлхээд хамар луу цохихоор нь нэгийг нь дороо хийж унаж тэр үедээ найз Оргилболдыг дуудаж орилсон. Тэгээд босч ирээд хамар эвгүй болчихлоо ш дээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл манай найзууд гүйгээд ирэхэд зарим нь зугатаагаад явсан. Тэгээд би за за болъё гэж хэлсэн. Тэгтэл манай найзууд буцаад явсан. Би дахиад ганцаараа цааш явсан тэгтэл Энхбаяр гэж залуу Галбадрах, өөр нилээн олуулаа 7-8 ирээд эхэлж Энхбаяр намайг ямар том болсон юм хэзээ ийм болчихсийн гэснээ миний нүүр лүү 1 цохиж 1 алгадсан. Тэгтэл Галбадрах гэдэг нь хувцсаа тайлж намайг хөөсөн. Би буцаад Буян-Ж дэлгүүрийн тийшээ зугатаасан. Тэгж зугатаахдаа Оргио гэж найзыгаа дуудаад гүйсэн. Манай найзууд одоо очлоо гээд өөдөөс ирсэн тэгэхээр нь зогсоод эргээд хартал миний нүүр лүү чулуугаар Галбадрах цохисон. Би тэгээд хэсэг ухаан алдаад унасан яаж сэргэснээ мэдэхгүй байна найзууд намайг эмнэлэг дээр авчирсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 15-16 дугаар хуудас/
    Гэрч Д.Отгонхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн..... 2013 оны 07 дугаар сарын 05-ны орой 19 цагт гэрээсээ гарч Боргио буудал манай ах ажиллуулдаг тэнд байж байтал Энхбаяр ах шөнийн 01 цаг болох гэж байхад ирээд эхний суудлаар хүнд юм аваачиж өгчихөөд ирье гээд Хангалтай хамт ирсэн. Суудал орчихоод буцаж яваад МСҮТ-ийн хажуу талд Галбадрах, Пүрэвдорж /Баньдаа/ гэх нартай тааралдсан. Тэр хоёртой юу хийж яваа юм бэ гээд яриад зогсож байтал Буян-Ж дэлгүүрийн зүгээс нилээн согтуу хүн орилоод ирснээ эхлээд Энхбаяр ах дээр очоод хэрүүл хийхээр нь яваад очтол 10 жилд дээд талын ангид сурдаг байсан Батөлзий байсан ба намайг хараад юу байна гээд гар барьсан. Энхбаяр ахын өөдөөс томроод агсраад байхаар нь Энхбаяр ах нэг алгадсан чинь Батөлзий эргэж харснаа Оргио, Билгээ гээд орилсон чинь 6-7 залуучууд гүйгээд ирсэн. Батөлзийг би салгаад 3 дугаар багийн тийшээ авч явсан нөгөө ирсэн хүмүүстэй нь Энхбаяр ах, Галбадрах, Пүрэвдорж, Хангал нар үлдсэн. Би Батөлзийтэй 3 дугаар багийн тэнд очиж битгий зодоон хий харь гэх зэргийн юм яриад 10-аад минут зогссон. Батөлзий тэгтэл за явлаа гээд нөгөө анх байсан газар луу урд ороод алхаад явсан. Би буцаад ирэх болов уу гэж тэндээ хэсэг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь араас нь яваад очсон чинь нөгөө анх таарсан газарт Батөлзий газарт унаад босч ирж байсан хажууд нь хамт явсан Энхбаяр, Пүрэвдорж, Хангал, Мөнхэрдэнэ гэж манай найз ирсэн Батөлзийгийн найзууд нь хамт бөөнөөрөө зогсож байсан ба Батөлзийгийн дух хавиас нь цус гарсан хөмсөг нь сэтэрсэн байх шиг байсан. Яасан юу болов гэхэд Галбадрах над руу чулуу шидээд мөр онож хавдчихсан. Зөрүүлээд чулуу шидтэл нүүрэнд нь оночихлоо гэж хэлсэн. Батөлзий юм яриагүй. Тэгээд Батөлзийгийн найзуудтай Энхбаяр ах бид хоёр Батөлзийг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Тэгээд эмнэлгээс  гараад Батөлзийтэй хамт цагдаа дээр бөөнөөрөө ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 19 дүгээр хуудас/
    Гэрч Б.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн…. Очиход МСҮТ-ийн замын эсрэг талын уурын зуухны том хаалганы харалдаа шахам явган хүний зам дээр Батөлзий ганцаараа байсан ба хажууд нь Энхбаяр /Бялзуухай/ гэж дууддаг банди өөр 2-3 залуугийн хамтаар зогсож байсан. Батөлзий хамраа барьсан зогсож байсан харахад хамар нь хавдаж барьсан зүйлгүй зүгээр байсан. Бид нар тэнд ярьж байгаад танилцаад эвлэрсэн. Батөлзий ч явлаа зүгээр гээд явсан. Манай найз Оргилболд тэр Энхбаярыг таньдаг юм билээ тэгээд Энхбаяр том пиво байна уух уу гээд уурын зуухны урд талд хашааны хажууд сууж байгаад Оргилболд, Мөнхбилэг, Энхбаяр /Бялзуухай/ бид нар хувааж уусан. Энхбаяртай хамт явсан 2 залуу пиво уухад байсан. Тэд нар уусан үгүйг анзаараагүй. Энхбаяртай хамт явсан Галбадрах гэж залуутай намайг Энхбаяр ганц барилдчаач гэхээр нь би барилдсан.  Хоёр барилдаад би хоёр унасан. Пивоо 5-10 минутын хооронд ууж дуусгаад бид нар салцгаасан. Энхбаяр нөгөө хамт явсан Галбадрах өөр нэг бандитай явсан. Би нөгөөхийг нь одоо ч харсан танихгүй харахад жоохон хүүхэд шиг л харагдсан. Тэд уурын зуухны баруун эргээд явсан бид нар буцаж Буян-Ж дэлгүүрийн хажуугаар гарч Мандах хүнсний дэлгүүрийн урд ирээд байж байтал Батөлзий дахиад зодуулаад байна Оргио гэж орилсон. Бид гурав буцаад гүйгээд очиход уурын зуухны зүүн талын хашааны буланд Батөлзий бид нарын өөдөөс гүйгээд гараад ирсэн яасан гэтэл энд дахиад зодоод байна гэхээр нь булан эргээд гараад ирэхэд тэр буланд надтай барилддаг Галбадрах зогсож байгаад нүүр лүү нь пид гээд цохиход Батөлзий унасан. Тэгтэл Галбадрах чулуугаа газарт хаячихаад гүйгээд зугатаагаад явсан. Батөлзийг босгож ирэхэд толгой нь хагарсан юм шиг байсан. Галбадрахтай хамт явсан Энхбаяр, Отгонхүү хоёр бид нартай хамт Батөлзийг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Бусад хүмүүс нь байхгүй байсан гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/
    Гэрч А.Оргилболдын мөрдөн байцаалтад өгсөн….. 2013 оны 07 дугаар сарын 05-ны орой найз Мөнхбилэг, Энхбат, Батөлзий, Ганзориг нарын хамтаар голын эрэг дээр 1 шил архи ууцгааж орой 23 цагийн орчим төв орж ирээд Буян-Ж дэлгүүрийн урд буугаад Батөлзий би найз охинтойгоо уулзлаа гээд Буян-Ж дэлгүүрээс урагшаа уурын зуухны хажууханд явж байгаад Оргио намайг зодоод байна гэж орилохоор нь Мөнхбилэг, Баатараа, Энхтүвшин бид гурав яваад очиход тэр шар залуу чулуугаар нүүр лүү нь цохиод унагасан тэгээд зугатаад явчихсан. Ингээд Энхбаяр, Энхтүвшин, Мөнхбилэг, Баатараа бид нар эмнэлэг орж үзүүлсэн. Тэгээд бид нар цагдаад ирж болсон явдлын талаар хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/
    Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт ¹ 103…. 
Шинжээчийн дүгнэлт:
    Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний үзлэг болон рентген зураг, эмчийн тодорхойлолтыг үндэслэл болгон дараах дүгнэлтийг гаргав. 
1.Л.Бат-Өлзийн биед баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцралт, баруун нүдний салстын цус хуралт, баруун дээд зовхи, хацрын язарсан шарх, хамрын ясны хугарал, баруун хацрын ясны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учирчээ. 
2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 
3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах /ШЭГЗТ журмын 2.3.1/ ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар 10 % алдагдуулах /ШЭГЗТ журмын 4.11.49.1/  учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэх /Хх-н 31 дүгээр хуудас/
Д.Галбадрах нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 51 дүгээр хуудас/ 
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудалын 3 дугаар багийн засаг даргын  тодорхойлолт /Хх-н 53 дугаар хуудас/
Д.Галбадрахаас 455000 төгрөгийг эмчилгээний болон бусад зардалд авсан нь үнэн гэсэн тодорхойлолт /Хх-н 79 дүгээр хуудас/
Хохирогч Л.Бат-Өлзийгийн тус шүүхэд бичгээр гаргасан хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй, Галбадрахын хэргийг хөнгөн талаас нь шийдэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.  

Шүүгдэгч Д.Галбадрах нь 2013 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баруун талд хохирогч Л.Бат-Өлзийг хувийн таарамжгүй харьцаанаас болж нүүрэн тус газар нь чулуугаар нэг удаа цохиж Л.Бат-Өлзийн биед баруун нүдний дээд доод зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцралт, баруун нүдний салстын цус хуралт, баруун дээд зовхи, хацрын язарсан шарх, хамрын ясны хугарал, баруун хацрын ясны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь  шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
     Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны, үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно. 
Шүүгдэгч Д.Галбадрах нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Л.Бат-Өлзийг чулуугаар цохисноос бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан буюу удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Д.Галбадрахын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Галбадрах нь хохирогч Л.Бат-Өлзийн эмчилгээний болон бусад гарсан зардалд 455000 төгрөгийг өгсөн ба хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна. 
Харин хохирогч Л.Бат-Өлзий нь шүүгдэгч Д.Галбадрахын гэм буруугийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад : 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон      

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.