Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-13
Дугаар 1003
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Д.Лхагвасүрэн
Зүйл хэсэг 181.3. - Танхайрах
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Батсуурь, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч: Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг

иргэдийн төлөөлөгч: Ц.Гэрэл, Б.Пунсал, Б.Баянбилэг

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Жавхлан

шүүгдэгчийн өмгөөлөгч Чинбат /үнэмлэхний дугаар 0053/,

шүүгдэгч Д.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Доржийн Лхагвасүрэнд холбогдох 2014260002221 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Монгол Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 44-26 тоотод оршин суух, ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 54/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн Боржигин овгийн Доржийн Лхагвасүрэн, /РД: ЧМ 78021592/,

 

     Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 91 дүгээр цэцэрлэг дээр танхайрахдаа үзэг балны савыг зэвсгийн чанартай хэрэглэсний улмаас тус цэцэрлэгт хүмүүжигч 2 настай Ш.Түвшингийн нүүрэнд цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас шүүгдэгч Д.Лхагвасүрэнг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 91 дүгээр цэцэрлэг дээр танхайрахдаа үзэг балны савыг зэвсгийн чанартай хэрэглэсний улмаас тус цэцэрлэгт хүмүүжигч 2 настай Ш.Түвшингийн нүүрэнд цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

           Шүүгдэгч Д.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр эхнэрийнхээ ажил дээр машиныхаа түлхүүрийг авах гэж очсон юм. … Би эхнэрээ айлгах санаатай үзэг балны сав шидсэн. Тэр хүүхдийн биед санаатайгаар гэмтэл учруулах гэж шидээгүй болохоор сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг гаргаж байгаа бөгөөд түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэж  мэтгэлцэж байна.

Танхайрах гэмт хэрэг нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй бүдүүлэг үйлдлээр бусдын анхаарлыг өөртөө татах, ямар ч шалтгаангүй эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэх, агсам тавих, доромжлох, басамжлах, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрсэн субьектив талын шинжээр хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг тул шүүгдэгч Д.Лхагвасүрэнг бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

      Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 91 дүгээр цэцэрлэгийн бага бүлэгт хүмүүжиж байгаа бага насны хүүхдүүд /ангид 42 хүүхэд байсан/ болон ангийн багш Д.Эрдэнэтуулын дэргэд эхнэр Н.Эрдэнэсувдтай “машины түлхүүр өгсөнгүй” гэж шалтаглан маргаан үүсгэж, улмаар ширээн дээр байсан үзэг балны савыг шидсэний улмаас 2 настай Ш.Түвшингийн нүүрэн тус газар онож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ үзэг балны савыг зэвсгийн чанартай хэрэглэсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

            Хохирогч А.Роза мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө би хүү 2 настай Түвшингээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 91 дүгээр цэцэрлэгт Эрдэнэтуул багшийн ангид хүлээлгэн өгөөд 16 цагийн үед хүүхдээ авах гэж очиход хүү Түвшингийн баруун дээд уруул дээр 3 см урттай зүсэгдсэн шархтай хүү минь уйлсан байдалтай байсан. Тэгээд би багштай нь уулзахад туслах багш Эрдэнэсувдын нөхөр нь ирээд хэрэлдэж байгаад үзэг балны сав авч шидээд хүүхэд чинь гэмтэл учруулчихлаа уучлаарай гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ аваад Эрдэнэтуул багштай нь хамт гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Би энэ хүнд маш их гомдолтой байсан боловч өөрөө ирж уучлал гуйгаад бэлнээр эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 1.500.000 төгрөг өгсөн гэжээ. /хх-8,12 дугаар хуудас/

           Гэрч Д.Эрдэнэтуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ сууж байхад туслах багш Эрдэнэсувдын нөхөр Д.Лхагвасүрэн нь архи уучихсан ажил дээр орж ирээд машинаа унаж явна гэж хэрүүл гуйсаар байгаад эхлээд авч чадалгүй гарч яваад буцаж орж ирэнгүүтээ дахин хэрүүл хийж ширээн дээр байсан үзэгний сав авч шидсэн. нөгөө сав нь хүмүүжигч Түвшингийн амны орчим цохиж гэмтэл учруулснаас болж хүүхэд уйлж ар гэрийнхэнд нь утсаар мэдэгдэж ирснээр цагдаагийн байгууллага болон хүүхдийг гэмтлийн эмнэлэгт авч явж үзүүлсэн юм. Тэр 2 хүн ажил дээр гэртээ байгаа юм шиг маргаснаас болж, юм авч шидээд хүний хүүхэд оночихсон үйлдлийг харсан. Тэр өдөр Лхагвасүрэн архи ууж машины түлхүүрээс болж маргаж, улмаар хүүхдийн биед гэмтэл учрууллаа. Тэр өдрөөс хойш Түвшин хичээлдээ яваагүй. Хүүхдийн бие гайгүй болсон гэсэн. Өөр гэмтсэн хүүхэд байхгүй гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас /  

           Гэрч Н.Эрдэнэсувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр ажил дээрээ сууж байхад 12 цагийн үед хүүхдүүд унтаж байх үеэр манай нөхөр Д.Лхагвасүрэн нь архи уучихсан ажил дээр орж ирээд машинаа унаж явна гээд хэрүүл гуйгаад бид 2 маргалдаж байгаад согтуу байгаа болохоор машин өгөхгүй гэхэд дуугүй сууж байгаад гарч яваад хэзээ ч юм буцаж орж ирэнгүүтээ дахин хэрүүл гуйгаад түлхүүрээс болж ширээн дээр байсан үзэгний сав авч над руу шидхэд би бултчихсан чинь Түвшингийн амны орчим онож гэмтэл учруулсан, Түвшингийн ээжтэй уулзаж, учир байдлыг хэлж гэмтэл рүү хамт явж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд жоохон хүүхэд учир косметик оёдол хийлгэх ёстой гэж хэлээд маргааш өдөр нь очиж хийлгэсэн гэсэн. Тэр өдөр л манай нөхөр архи ууж машины түлхүүрээс болж маргаж улмаар хүний хүүхдийн биед гэмтэл учруулсан. Хүүхэд юманд онуулаад тэр дороо уйлаагүй болохоор сайн анзаарч хараагүй барьж явсан аягаа угаалгын өрөөнд тавиад эргээд ирэхэд Түвшин амаа дарчихсан уйлаад сууж байснаар мэдсэн. Ангийн эд аж ахуй болон өөр хүүхдийн биед гэмтэл учруулаагүй гэжээ. / хх-ийн 14 дүгээр хуудас /

Гэрч Х.Бямба-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цэцэрлэгт манаачийн үүрэг гүйцэтгэж байхад манай туслах багш Эрдэнэсувдын нөхөр халамцуу гаднаас эхнэрээсээ юм авна гээд орох гэхээр нь оруулахгүй гэсэн. Буцаж гарч яваад 2 цагийн дараа гайгүй болсон орж ирээд гуйгаад байхаар оруулсан. Хэрүүл маргаан болсныг мэдээгүй гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжээчийн ¹7340 тоот дүгнэлтэнд: Ш.Түвшингийн биед баруун талын хамар уруулын нугалаасанд хөндлөн гүн шарх бүхий гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Дээрх шархнаас үлдсэн сорви нь энгийн явцаараа арилж бүдгэрэхгүй гэжээ. /хх-ийн 17 дугаар хуудас/

            Шинжээч эмчийг байцаасан тэмдэглэлд: Ш.Түвшингийн биед учирсан гэмтэл сорив нь хатуу тогтоцтой, цаашид энгийн явцаар арилж бүдгэрэхгүй, гоо сайхны мэс заслаар хатуурсан хэсгийг эмчлэх шаардлагатай, энэ нь нүүрийг засрашгүй болгох сорив биш юм гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас / зэрэг болно.

     Иймд шүүгдэгч Д.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Розад эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 54/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар нэг жилийн хугацаа өнгөрсөн тул ялгүйд тооцогдоно.

             Шүүгдэгч Д.Лхагвасүрэнд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, ялтны хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр хөнгөрүүлж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн хувийн байдлыг харгалзан үзээд түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үзэг, балны сав 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                                      

                                   ТОГТООХ НЬ:

 

1. Боржигин овгийн Доржийн Лхагвасүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үзэг, балны савыг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар  Д.Лхагвасүрэнг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Д.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Д.Лхагвасүрэн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг үзэг, балын савыг шийтгэх тогтоол хүчин төгөдөр болмогц устгасугай.

6. Д.Лхагвасүрэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Розад 1.500.000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Д.Лхагвасүрэнд авсан батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх  ялыг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Лхагвасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Х.ОДБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                 Д.БАТСУУРЬ

 

                                                                            Л.ОЮУН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.