Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-31
Дугаар 00006
Хэргийн индекс 301/2014/0006/э/
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ, Ч.Чогсомжав
Зүйл хэсэг 145.1. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Мөнхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

2013 оны 12 дүгээр                                             Дугаар 6                                               

сарын 31-ны өдөр

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сум дундын  27 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Батсайхан,

Улсын яллагч Д.Мөнхжаргал,

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ, Ч.Чогсомжав  нарын өмгөөлөгч Б. Амаржаргал,

           Шүүгдэгч Б:Ган-Эрдэнэ,Ч. Чогсомжав нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батбаярын Ган-Эрдэнэ, Чимидийн Чогсомжав нарт холбогдох Эрүүгийн хэргийг 2013 оны 12 дугаар  сарын 5 -ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цогнууд овогт Батбаярын Ган-Эрдэнэ  /РЮ89121338/ гэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1988 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт амьдрах  Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын  5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Чимидийн Чогсомжав /ИО85111117/ гэв.

Холбогдсон хэргийн утга нь :

 Шүүгдэгч Батбаярын Ган-Эрдэнэ, Чимидийн Чогсомжав нар нь  бүлэглэн 2012 оны 11 дүгээр  сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө  Бүрэнтогтох сумын Туяа багийн нутгаас иргэн Х.Бат-Эрдэнийн 3 тооны адууг хулгайлж 900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б. Ган-Эрдэнэ, Ч. Чогсомжав нар нь  бүлэглэн  2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө иргэн Х.Бат-Эрдэнийн 3 тооны адууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч  Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: …Би 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүрэнтогтох сумын нутагт байх Х.Бат-Эрдэнэ гэж хүний 10 гаран тооны адууг Ханжаргалант гэдэг газарт байхад нь айлын хашаанд хашиж байгаад азаргыг нь барьж унасан.Тэгээд морио сул тавиад  явуулчихсан. Уг адууг нь наашаа Мөрөнгийн төв рүү тууж эмнэлгийн тэнд аваачиж орхичихоод өөрөө Бат-Эрдэнэ ахынд очиход Чогсомжав ирсэн байсан. Бат-Эрдэнэ ахад "идэшний адуу авчирлаа гол дээр орхичихлоо өөрийнхөө адуунаас тууж ирлээ" гэж хэлсэн. Тэгээд Чогсомжавт "адуу барилцаад өгөөч" гэж хэлээд гол дээр очоод адуугаа мөс рүү шахаж байгаад шарга зүсмийн нас нийлсэн гүү, бор зүсмийн шүдлэнг бугуйлдаж авсан. Хээр алаг унага нь доголоод явахгүй болохоор нь онгоцны буудлын архан талд орхисон яасныг мэдэхгүй байна.Тухайн үед Чогсомжав хулгай хийх гэж байна гэж мэдээгүй байсан. Харин Бат-эрдэнийн адууг таньдаг юм байна лээ гол дээр очоод "Бат-Эрдэнэ ахын адуу байна иш дээ яагаад туугаад ирсэн юм бэ? болж байгаа юм уу" гэхэд нь "туугаад ирсэн  болно болно" гэж хэлээд уг адууг барьж авсан. Чогсомжав намайг  адуу барихад мөс рүү шахаж өгсөн .Тэгээд Бат-Эрдэнэ ахынд очоод "идэшний хоёр морь аваад ирлээ шүү" гэж хэлчихээд Чогсомжавтай хамт хөдөө явсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 7,13,14-15-р хуудас/, 

Шүүгдэгч Ч.Чогсомжав мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: …2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн үед гэртээ байж байхад Ган-Эрдэнэ мотоциклтой ирээд "Мөрөн ороод ахындаа идэш аваачиж өгөх гэсэн юм. Мөрөнгөөс гарахад гэсэн чинь унаа байдаггүй чи миний мотоциклийг унаад Мөрөн ороод намайг авчих" гэж хэлэхээр нь Ган-Эрдэнийг морин дээр нь хүргэж өгөөд гэртээ ирээд байж байтал орой 23 цагийн үед Ган-Эрдэнэ "Мөрөнд ороод ирсэн байна. Манай ах Бат-Эрдэнийнд хүрээд ир" гэхээр нь очсон чинь Ган-Эрдэнэ "хоёулаа яваад адуу аваад ирье" гэхээр нь хамтдаа 1 морин дээр сундалдаад  шөнө 10 гаруй адуун дотроос шарга хээр зүсмийн 2 адууг нэг нэгээр унаж Бат-Эрдэнийнд аваачиж өгөөд бид 2 мотоциклио унаад шөнө 2 цагийн үед Мөрөнгөөс гараад гэртээ  харьсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн  44- 45 ,48-49-р хуудас/, 

      Хохирогч Х.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Туяа багийн Нам улаан гэдэг газраас адуун дотроосоо 3 тооны адуугаа алдсан... азрагыг барьж унасан бололтой хөлстэй байсан адуун дотроос хур дэлтэй шарга гүү, эр хээр даага, эр алаг унага алга болсон байсан... Би гүүгээ 500.000 төгрөгөөр даагаа 250.000 төгрөгөөр унагаа 150.000 төгрөгөөр тус тус үнэлнэ... хохирлоо бүрэн барагдуулж авсанодоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй …гэх мэдүүлэг  /ХХ-ийн 8-9,51-52 дугаар хуудас/, 

Гэрч  Г.Доржноровын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бат-Эрдэнийн дүү Ган-Эрдэнэ идэшний адуу өгье гээд байна одоо мөнгөнийх нь талыг өгөөч гэхээр нь 250.000 төгрөг шилжүүлсэн ... Идэшний цаг болоод байдаг нөгөө өгнө гэсэн адуугаа өгөхөө байсан нилээд нэхэл болж байж бага насны шарга байдас авчирч  өгсөн… гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/

Гэрч Г.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ган-Эрдэнэ манайд идэш өгөхөөр 100.000 төгрөг аваад явсан... 2012 оны 11 сард идэшний даага авчирч өглөө гээд шөнө авчирч уячихаад яваад өгсөн байсан… гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/, гэрч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг бод мал үнэлсэн тухай тайлан,үнэлгээний хуудас зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс  шүүгдэгч Б. Ган-Эрдэнэ, Ч. Чогсомжав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б. Ган-Эрдэнэ, Ч. Чогсомжав нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /ХХ-ийн 56, 65 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

     Шүүгдэгч Б.Ган-Эрдэнээс 200.000 төгрөг, Ч.Чогсомжаваас 100.000 төгрөгний  эд хөрөнгө  хураах  нэмэгдэл  ялыг  тус тус  хэрэглэж шүүгдэгч нарын  ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн  эзэмшлийн   Супер вени  маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож  шүүгдэгч Б. Ган-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй байна.

     Эрүүгийн  201322000534 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирол төлбөрөө төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

     Шүүхийн хэлэлцүүгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

    

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

 

 

            1. Цогнууд овогт Батбаярын Ган-Эрдэнэ, Сартуул овогт Чимидийн Чогсомжав нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тус тус  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б. Ган-Эрдэнээс 200.000 төгрөгийн эд хөрөнгө, Ч. Чогсомжаваас 100.000 төгрөгийн эд хөрөнгийг тус тус  хурааж, шүүгдэгч нарыг  тус бүр  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч, Б.Ган-Эрдэнэ, Ч.Чогсомжав нарт тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ, Ч.Чогсомжав нарт тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/сарын  хугацаагаар  хорих ялыг тэнсэж тус бүр  2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ, Ч.Чогсомжав нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Аймгийн цагдаагийн газарт даалгасугай. 

6. Эрүүгийн 201322000534 тоот  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.  Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д   зааснаар  шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн эзэмшлийн Супер вени  маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  тогтоолыг хүчингүй болгож Б.Ган-Эрдэнэд буцаан олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий хүмүүс шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ч Б.Ган-Эрдэнэ, Ч.Чогсомжав нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.НЯМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.