Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-04
Дугаар 1103
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Д.Батзаяа нар
Зүйл хэсэг 183.1. - Аюулгүй ажиллагааны журам зөрчих
Улсын яллагч Б.Нарангарав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Батгэрэл, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч: Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангарав

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Жавхлан                                                      

иргэдийн төлөөлөгч Г.Баасанжав, Л.Дамдиндорж, Ц.Гэрэл,

хохирогч С.Хосбаяр

хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаатар

шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ганбат

шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рэнцэнгийн Пүрэвсүрэн, Дашдаваагийн Батзаяа нарт холбогдох 201301032541 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны  7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,1981 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Тэсо” ХХК-нд гэрээгээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 8-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Торгууд ургийн овогт Рэнцэн овогтой Пүрэвсүрэн /РД:ТИ 81091776/

 

Монгол улсын иргэн 1981 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд мужаан мэргэжилтэй, хэрэг үйпдэх үедээ “Тэсо” ХХК-нд гэрээгээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 38-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай Хөгнө хан ургийн овогт Дашдаваа овогтой Батзаяа РД.ЧВ81 042471/

 

Шүүгдэгч Д.Батзаяа Р.Пүрэвсүрэн нар нь бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны гудамжинд 2013 оны 10 дугаар сарын 29-ний орой С.Хосбаярыг хавсарч унагааж, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 29-ний орой Батзаяа бид хоёр 9 цагт бааранд орж пиво ууж байсан. Хамгийн сүүлд Хосбаяр хүрч ирээд баарнаас гараад явсан. Би Хосбаяраас Туулыг асуухад би яаж мэддэг юм гээд барьцалдаад замын хажуу руу унасан. Тэгэхэд Хосбаяр хөл сонин болчихлоо гэж хэлж байсан. Батзаяа намайг салгаад бид хоёр зугатаагад явсан гэв.

 

Шүүгдэгч Д.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой баарнаас гараад явж байхад Хосбаяр гарсан. Пүүжээ Туулыг асуусан. Тэгээд маргаад замын хажуу руу барьцалдаад унасан. Би араас нь очиход Хосбаяр хөл сонин болчихлоо гээд замын хажууд байж байсан. Гэтэл Хосбаяртай хамт явж байсан хүмүүс нь Пүүжээ рүү дайрсан. Би Пүүжээг салгаж аваад явсан гэв.

Хохирогч С.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг 30 минут болж байсан. Баар хаах гэж байсан. Тэгээд гарах болоод Бямбасайхан, Гэрэлтуяа, Чука бид нар хамт байсан. Туул бас нэг эмэгтэй хоёр түрүүлээд машинд суугаад явсан байсан. Тухайн үед Пүрэвсүрэн Туулыг татаж чангаагаад байсан. Гэтэл Батзаяа чамайг энэ хавьд хараагүй юм байна. Чи хаанаас ирсэн юм гэхэд Дорнод аймгаас ирсэн гэдгээ хэлээд танилцсан. Тэгтэл Батзаяа хойноос хүрч ирээд чи түрүүнээс хойш яагаад муухай хараад байгаа юм бэ гээд татаж унагаад боосон. Гэтэл Пүрэвсүрэн нь наадах чинь яагаад байгаа юм гээд тоосго шиг саарал чулуугаар цохьсон. Хөл хугалчихлаа шүү дээ гэхэд зугатаасан. Энэ хоёр худлаа мэдүүлж байна. Дараа нь шүүх эмнэлгийн магадалгаа авах уу гэхэд нь авна гэсэн. Тэгээд нөгөө хоёр хүн чинь яасан юм бэ гэхэд Атарчимэг хохирлыг чинь барагдуулах гээд барилгын ажил хийлгэж байна гэсэн. Дараа нь энэ хоёртой уулзахад шүүх цагдаа миний талд гээд согтуу орилж байсан. Болсон явдалын талаар гэрийнхэндээ хэлээд өмгөөлөгч авсан. Эмнэлэгт 323.900 төгрөгийн зардал гарсан. Эмнэлгээс гараад эмчилгээ хийлгэсэн 784.600 төгрөг гарсан. Би дандаа таксигаар явсан энэ мөнгө нь 260.000 төгрөг болсон. Мөн өмгөөлөгчийн зардал болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 3.388.500 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Би насаараа хазгар болсон. Хохирлоо барагдуулахыг хүсч байна гэв.

    Гэрч Ц.Содномбалжир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... "2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиход Хосбаяр хөлөө хугалуулчиж гэмтчихсэн байсан. Тэгээд би яав юу болсон юм бэ гэж асуухад хоёр согтуу залууд зодуулсан гэмтчихлээ гэж хэлсэн юм. Нүүр ам нь бол зүгээр байсан... /хх-ийн 18-19 хуудас/

     Гэрч А.Өлзий-Орших мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... "22 цагийн үед би ганц пиво уух санаатай элсэн цаг Караоке руу орсон чинь уг кароакенд манай хажуу хашааны ах нар болох Пүүжээ, Батзаяа нар пиво уучихсан сууж байсан. Тэгэхээр нь би тэр хоёртой хамт суутал тэр хоёр нэг шил архи худалдаж авсан. Тэгээд бид 3 архиа уугаад дуулж сууж байгаад 23 цагийн үед караокенээс гартал Пүүжээ ах алга болчихсон байсан. Батзаяа ах бид хоёр хайгаад уг баарнаас хартал Пүүжээ ах хойноос гүйж ирсэн юм. Тэгтэл бид нарын хойно хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс явж байгаад бид нар тааралдсан. Тэгтэл Батзаяа ах хөл нь хугардаг хүнийг түлхэж унагаасан. Пүүжээ ах нөгөө хөл хугардаг залуугийн дээр нь гараад тэр хоёр ноцолдоод байсан юмаа тэгтэл нөгөө хөл хугардаг залуу ёооё хөл гээд орилсон. Тэгтэл Пүүжээ ах Батзаяа ах 2 зугатаад алга болчихсон юмаа… /хх-ийн 20-21 хуудас/

 

    Гэрч А.Гэрэлтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... Эрдэнэчулуун, Туул, Чимгээ нарын дуудсан бололтой. Энэ хоёр ирсэн ба араас нь Оюун, Анхаа, Хосбаяр 3 ирсэн юм. Тэгээд бид нар пиво уугаад суусан ба бид нарын сууж байсан... Тэгээд Чука, Оюун, Анхаа, Хосбаяр бид нар гараад шинэ давхар луу алхаад зоос дэлгүүр дөнгөж өнгөрсөн чинь хойноос Туул гээд орилохоор нь би эргэж хараад, Туулыг таксинд суулгаад явуулчихсан ш дээ гэж хэлээд та хоёр ямар учиртай юм гэж хэлтэл Анхаа, Оюун хоёр хүүе Хосбаярын хөл болохоо байсан гэсэн. Тэгэхээр нь би эргээд хартал бүгд маргалдаад зүуралдчихсан. Тэгэхээр нь би Анхаатай, Хосоог өргөөд босгосон чинь нэг хөл нь ямар ч хүн харсан хугархай гэж хэлэхээр байсан... Тэгээд би түргэн дуудсан боловч ирэхгүй болохоор нь таксигаар авч яваад Хосбаярыг гэмтлийн эмнэлэгт хэвтүулчихээд ирсэн. Тухайн үед Хосбаяр миний хөлийг тоосгоор цохьчихлоо гээд орилоод байсан ба хэргийн ойр орчимд тоосго, чулуу зөндөө л байсан, тоосго байсан эсэхийг анзаараагүй гэжээ. /хх-ийн 24-26/

 

 Гэрч Х.Бямбасайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... "...Ямартай ч би Хосбаярыг жалгаас гаргах гэтэл хөл нь эргэчихсэн байхаар нь жалганд хөлийг нь эргүүлж чиг гаргаж боогоод түргэн ирэхгүй болохоор нь таксигаар эмнэлэг явсан Хосбаяр надад хэлэхдээ хөлөн дээр чулуу шидсэн гэх шиг болсон тэгэхдээ би чулуу шидэж байхыг нь хараагүй гэжээ. /хх-ийн 28-29 хуудас/

 

Гэрч О.Цэрэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... "өвчтөний түүх дээр тухайн үед би хугаралын шинжийг бичсэн байна. Хэрэв ямар нэгэн зулгаралт, шалбархай байсан бол заавал өвчтөний түүх дээр бичих ёстой. Тиймд Хосбаярын хөлөнд шалбарахай зулгаралт байгаагүй.. гэжээ. /хх-ийн 90 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹14669 дүгнэлтэнд:

1. Хосбаярын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоодлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохсо зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 36 хуудас/

    

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

          Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарыг танхайрах гэмт хэрэг үйлдэхдээ чулууг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч С.Хосбаярын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үндэслэл нь: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83, 84 дүгээр зүйлүүдэд хохирогч, гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж заасан. Хохирогч С.Хосбаяр  “…Батзаяа хойноос хүрч ирээд чи түрүүнээс хойш яагаад муухай хараад байгаа юм бэ гээд татаж унагаад боосон. Гэтэл Пүрэвсүрэн нь наадах чинь яагаад байгаа юм гээд тоосго шиг саарал чулуугаар цохьсон” гэж мэдүүлж байгаа боловч гэрч А.Гэрэлтуяа, Х.Бямбасайхан, А.Өлзий –Орших нарын мэдүүлгээр нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл гэрчүүдийн мэдүүлэгт С.Хосбаярын хөлийг цохиж буйг харсан хүн байхгүй. Хавтас хэрэгт чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэх зүйл эд мөрийн баримтаар хураагдаагүй. Түүнчлэн шинжээч эмч Т.Номинцэцэг мэдүүлэхдээ “…уг гэмтэл нь унах үед ч үүсч болно. Хөлөн дээр юм шидэх үед ч үүсч болно” гэснээс үзвэл хохирогчийн зүүн хөл хугарсан гэмтэл нь чулуугаар цохьсоны улмаас үүссэн нь эргэлзээтэй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутэй эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарыг танхайрах гэмт хэрэг үйлдэхдээ чулууг зэвсгийн чанартай хэрэглэсэн нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгч Д.Батзаяа Р.Пүрэвсүрэн нар нь бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны гудамжинд 2013 оны 10 дугаар сарын 29-ний орой хохирогч С.Хосбаярыг шалтгаангүйгээр хавсарч унагааж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч С.Хосбаярын мэдүүлэг, гэрч Ц.Содномбалжир, А.Өлзий-Орших, А.Гэрэлтуяа, Х.Бямбасайхан, О.Цэрэндорж нарын мэдүүлэг,  хэрэг учралын газарт / нөхөн /үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 84-86 хуудас/, өвчний түүх /хх-ийн 61-69 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹14669 тоот дүгнэлт зэрэг хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл учруулж  догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Хохирогч С.Хосбаяр хагалгааны зардалд 323900 төгрөг, эм тариа 784600 төгрөг, таксинд 260000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 3.388.500 төгрөг нэхэмжилж байгаа боловч баримтаар нотлогдож байгаа хагалгааны зардал 323900 төгрөг, эм тарианы 784600 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 3000 төгрөг бүгд 1.111.500 төгрөгийг шүүгдэгч Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нараас тэнцүү хуваан гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлоо арилгаагүй байна.

            Шүүгдэгч Л.Батзаяа, Р.Пүрэвсүрэн нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон               

                                                                                                                                                     

                                ТОГТООХ НЬ

 

1. Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Торгууд овогт Рэнцэнгийн Пүрэвсүрэн, Хөгнө хан овогт Дашдаваагийн Батзаяа нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Р.Пүрэвсүрэнд 4 /дөрөв/ жил хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Д.Батзаяад 4 /дөрөв/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

            5. Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Р.Пүрэвсүрэнгээс 555.750 төгрөг, Д.Батзаяагаас 555.750 төгрөг гаргуулж  хохирогч С.Хосбаярт олгосугай.

            8. Хохирогч Э.Хосбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардалыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Пүрэвсүрэн, Д.Батзаяа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР                          

                             ШҮҮГЧИД                                         С.БАТГЭРЭЛ

                                                                                       Л.ОЮУН

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.