Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-25
Дугаар 1193
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Л.Батбаяр нар
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч С.Оюунжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааныг тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөж,

Улсын яллагч Дүүргийн 2-р Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

            шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбат /үнэмлэхний дугаар 0053/,

шүүгдэгч Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Лхагвасүрэнгийн Батбаяр, Баярт овогт Ганхуягийн Адъяасамбуу нарт холбогдох 2014260002652 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Чулуут төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсрол, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 28-1244 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хиад боржигон овогт Лхагвасүрэнгийн Батбаяр /РД:АП90030872/

 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 7-217 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Баярт овогт Ганхуягийн Адъяасамбуу /РД:НР90052776/

Холбогдох хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2014 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ганзоригийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

   Шүүгдэгч Л.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би ажлийн хүнтэйгээ уулзах гээд 12 цагийн үед гэрээсээ гарсан. 13-14 цагийн үед Адъяасамбуу руу ярихад Гандан дээр байна уулзая гэсэн. Тэгээд Гандан дээр уулзаад биллъяард тоглосон юм. Адъяасамбуу шалгалт өгнө гэж байсан боловч цаг нь болоогүй байсан болохоор 15 цагийн үед пабад орсон. Адъяасамбуу шалгалтаа өгөөд гарч ирэхээр нь 18 цагийн үед Баянхошуунд байдаг Харз нэртэй караокед очсон. Биднийг очиход манай найз Ганзоригийн ээж нь биднийг архи уулаа гэж загнасан. Бид нар дуулж байгаад явъя гэж хэлээд Адъяасамбуугийн бичиг баримтыг барьцаанд тавиад архи, пиво авч ирүүлсэн. Батцэцэг Ганзориг хоёр уухгүй байсан. 23 цагийн үед найз Ганзоригийн ээж нь орж ирээд пабаа хаалаа явцгаа гэсэн. Бид нар тэндээсээ гараад явж байхад манай ангийн хүүхэдтэй адилхан хүн зам гарахаар нь Бондоокоо гээд араас нь таттал согтуу хүн байсан. Тэгээд надаас тамхи асуусан юм. Хохирогч Ганзориг чамайг хаана харлаа ямар сонин бацаан бэ гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би тулаад хүрээд ирэхээр нь түлэхтэл цаашаа унасан юм. Би юу нэхээд байгаа юм бэ гээд хөл рүү нь 2 удаа өшиглөхөд Адъяасамбуу намайг зодоон хийж байна гээд гүйгээд ирсэн. Хохирогч Ганзориг газар хэвтээд бацаан нараа та нарыг ална гээд нэг хүний нэр дуудаад орилоод байсан. Тэгээд Адъяасамбуу бид хоёр байж байхад араас найз Ганзориг намайг түлхээд би хохирогч Ганзориг дээгүүр даваад унасан юм. Гэтэл гарын алга руу жижиг чулуу орсон байсан. Би Ганзоригийг яаж байгаа юм бэ чи гэж хэлээд цаашаа найз Ганзоригтой хамт явсан. Жанцангийн тэндээс такси барих гэхэд зогсоогүй. Тэгээд Ганзоригийн ээж дээр нь очоод гараа боох гээд эргээд Харз караоке орсон. Тэгээд гараа боогоод такси бариад гэртээ харьсан гэв.

 

     Шүүгдэгч  Г.Адъяасамбуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 17 цагаас шалгалт өгөх байсан. Батцэцэг бид хоёр хамт явж байгаад Харзад орсон. Тэгээд тэндээс гараад Батбаяр хохирогч Ганзоригтой муудалцсан байсан. Хохирогч Ганзориг салаавч гаргаад нэг хүний нэр дуудаад орилоод байсан болохоор нь цээж рүү нь өшиглөсөн юм. Тэгээд Батбаярыг найз Ганзориг гүйж ирж түлхэж унагаад цаашаа гүйгээд явсан. Батцэцэг ирээд бид хоёр Харзын үүдэнд зогсож байтал Батбаяр эргээд ирсэн. Гар чинь яасан юм бэ гэхэд сая унахдаа ийм болгочихлоо гэж байсан. Тэгээд салж яваад амарцгаасан гэв.

 

   Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нар нь бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу гудамжинд иргэн Б.Ганзоригийг тамхи асуулаа гэж шалтаглан зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Уг нь би тухайн өдөр архи уух ямар ч шалтгаан байгаагүй юм. Гэртээ байж байтал найз Мөнхжаргал, Шагай хоёр утсаар яриад "бид хоёр Солонгос явах гэж байгаа виз гарчихсан, чи гаргаж өгөхгүй юмуу, уулзаж ганц нэг юм ууя" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчим 3 дугаар хороололд уулзсан. Харин хоорондоо ярилцаж байгаад Баянхошуунд ирээд "Галакси" гэдэг бааранд гурвуулаа ороод дотроос нь архи пиво захиалан ууцгаасан. Үүнээс хойш би ямар нэгэн зүйл санахгүй байна, нэг сэргэхэд эмэгтэй хүн хашгираад "болиочээ" гэж хэлж байх шиг байсан ба намайг үл таних хоёр залуу өшиглөөд зодож байгаад зугатаагаад явчихсан. Тэгэхээр нь би бостол миний баруун хөл гишгэж болохгүй өвдөөд байхаар нь догонцож явж байгаад Жанцангийн орчмоос үл таних 18-20 насны хоёр хүүхдийг гуйгаад хоёр талаасаа сугадуулаад гэртээ хүргүүлж ирсэн. Харин гэрт ирэхэд эгч, хүргэн ах хоёр байсан бөгөөд оройдоо хөл өвдөөд янгинаад байхаар нь маргааш нь буюу 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэмтлийн эмнэлэгт 09 цагийн орчим үзүүлтэл баруун хөл хугарсан байсан. Ингээд эмнэлэгт хэвтсэн. Манай найз Ганпүрэв намайг эргэж ирчихээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Ганпүрэв Монгол улсад байгаа, Харин Мөнхжаргал, Шагай хоёр болсон явдлаас хоёр хоногийн дараа Солонгос улс руу явчихсан. Гэхдээ би болсон явдлыг маргааш нь Мөнхжаргал, Шагай хоёроос асуухад "чи хамт ууж байгаад харилаа" гээд түрүүлээд ганцаараа гараад явчихсан, чамайг гарсанаас хойш бид хоёр 1 цагийн дараа баарнаас гартал гадаа ямар нэг хүн байхгүй байсан, бид хоёр болсон явдлыг мэдэхгүй байна" гэж хэлж байсан. Тэгэхээр Мөнхжаргал, Шагай хоёр хараагүй, үзээгүй гэсэн үг юм. Би уусан архиндаа согтоод тасарсан байсан. Тухайн үед зүүд шиг л санагдаад байгаа юм. Тэгж хэлсэн эсэхийг би мэдэхгүй байна, их согтуу байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Ална тална гэж хэлээгүй байх. Миний биенээс Нокиа-6030 болон LG маркийн гар утас, 20000-н дэвсгэрт 1 ширхэг тус тус алга болсон байсан. Гэхдээ эдгээр хүмүүс миний халаасыг ухаагүй, газар хэвтэж байхад л халааснаас унасан байх, би зодуулсны дараа босоод ойр орчмоор хараагүй, гар утасаа анзаараагүй, надад хүлээлгэн өгсөн. Нокиа-6030 маркийн гар утас миний гар утас мөн байна. Тухайн үед гадаа харанхуй ямар нэгэн гэрэлтүүлэг байгаагүй, хоёр хүн л өшиглөж байсан, хажууд нэг эмэгтэй хүн салгах гээд байх шиг байсан. Нэг залуу нь миний хөл рүү нэг залуу нь миний цээж хэсэг рүү өшиглөж байсан. Миний хөл рүү өшиглөж байхад миний хөл хугарсан. Одоо тэр хүмүүсийг харвал танихгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй би хохирлын 2.950.000 төгрөг хүлээн авсан гэжээ /хх-9-10 хуудас/

 

Гэрч Ц.Гантөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар  сарын 17-ны өдөр Ганзориг нь "найз нартайгаа уулзлаа хоёр найз маань Солонгос явах гэж байгаа юм" гэж хэлээд гэрээс эрүүл саруул 17 цагийн орчим гарсан юм. Одоо цаг хугацааг нь сайн санахгүй байна, 01 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна шөнө үл таних эрэгтэй хоёр хүүхдээр хоёр талаасаа сугадуулаад нэлээн согтуу байдалтай гэрт орж ирсэн. Харин үл таних хоёр хүүхдийг явуулчихаад юу болсон талаар асуухад "сая ганцаараа явж байгаад 2 залууд зодуулчихлаа, хөл хөдлөхгүй байна" гэж хэлэхээр нь хөлийг нь хартал баруун хөл нь шагай хэсгээрээ хавдсан байсан. Харин маргааш нь гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл "хөл нь хугарсан байна” гэж хэлэхээр нь хэвтүүлсэн. Ганзориг нь хар өнгийн гадартай Нокиа-6030 болон LG гэсэн бичээстэй хоёр гар утастай юм. Шөнө гэрт орж ирэхэд хоёр гар утас нь байхгүй байсан. Харин гэрээсээ гарахдаа бэлэн мөнгөтэй гарсан байх гэж бодож байна учир нь Ганзориг нь барилга дээр ажиллаж байгаад урд өдөр нь цалингаа авсан гэж хэлж байсан гэжээ /хх-15 хуудас/

Гэрч Б.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  ...Харз баарны хажуу талаас Ганзориг гарч ирээд бид дөрөв уулзаад зогсож байхад хоёр залуу зам хөндлөн гараад гүйсэн чинь уг хоёр хүний араас нь хамгийн эхлээд Батбаяр түүний хойноос Адьяасамбуу гүйсэн. Гэхдээ би Ганзоригийн гүйсэн эсэхийг анзаараагүй юм. Харин би араас нь гүйгээд очтол үл таних нэг залуутай Батбаяр, Адьяасамбуу хоёр маргаж байсан бөгөөд намайг очиж байхад тэр залууг газар унагаасан, хэн газар унагасныг нь анзаараагүй, харин Батбаяр орилоод хөл хэсэг рүү нь өшиглөөд байсан. Харин Адьяасамбуу нүүр болон цээж хэсэг рүү нь өшиглөж байх шиг байсан. Ганзориг уг зодоонд оролцоогүй гэж бодож байна. Би яагаад Ганзоригийг зодоонд оролцоогүй гээд байна гэхээр тухайн үед Батбаяр, Адьяасамбуу хоёр их уурласан байдалтай гүйгээд л үл таних залууг зодоод байсан болохоор тэгж хэлж байгаа юм. Тухайн үед Батбаяр их уурласан байдалтай уг хүнийг зодоод хөл рүү нь өшиглөөд байхаар нь гүйж очоод салгах гэтэл миний үгэнд орохгүй байсан. Харин Ганзориг Батбаярыг түлхээд салгаад Батбаяр Ганзориг хоёр цааш гүйсэн, би Адьяасамбууг аваад хойш алхтал үл таних хүн ямар нэгэн хөдөлгөөн хийлгүй, тэндээ хэвтээд үлдсэн. Адьяасамбуу бид хоёр алхаад Харз баарны үүдэнд ирээд зогсож байтал хүн зодож байсан зүгээс Батбаяр гүйж ирсэн. Тухайн үед Батбаярын хоёр гар нь их цус болчихсон байхаар нь "яагаад цус болсон юм бэ" гэхэд "уначихсан юмаа" гэж хэлээд гараа нуугаад байсан. Тэгэхээр нь би Адъяасамбууг дагуулаад хойшоо алхаад явахад Батбаяр Харз баарны урд ганцаараа үлдсэн. Харин Адъяасамбуу бид хоёр алхаад манай гэрт орж амарсан. Намайг харахад Батбаяр хөл рүү нь аймаар их өшиглөж байсан, харин Адьяасамбуу уг залуугийн нүүр, цээж рүү нь өшиглөж байсан гэжээ. /хх-12-14 хуудас/

 

Гэрч Б.Туул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний хувьд Баянхошуунд байх Харз нэртэй бааранд зохион байгуулагч нярав хийдэг юм. 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байтал орой 19 цагийн орчим байсан болов уу гэж бодож байна цаг хугацааг нь сайн санахгүй байна гаднаас манай хүү Ганзориг нь өөрийн найз нар болох Адъяасамбуу, Батбаяр нар болон үл таних нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн. Тухайн үед бүгд л халамцуу явж байхаар нь би уурлаад тэд нарыг хэсэг загнасан чинь надаас уучлалт гуйгаад Адъяасамбуу надад шалгалтын мандатаа барьцаанд тавиад 1 шил 0,5 граммын Улаанбаатар архи, 5 билүү 6 шил пиво зээлж аваад караокены зааланд суусан. Мөн би өөр өрөөнд байдаг бөгөөд хэсэг хугацааны дараа караокены өрөөнд ортол Ганзориг унтаж байсан ба хамт явж байсан найзууд нь дуулаад сууж байсан Энэхvү өдөр хүн бага байсан болохоор эрт хаахаар болоод Ганзоригийг сэрээгээд "эндээ унтаж амар" гэж хэлээд нөгөө хэдийг нь "гарцгаа гэсэн чинь Ганзориг Батбаяртай хамт явна гэж хэлээд цувраад гарцгаасан. Хэн нь хаана гарсныг санахгүй байна. Баарнаас бүгд гарч явсанаас хойш 20 орчим минутын дараа гаднаас Батбаяр, Ганзориг хоёр хамт орж ирсэн бөгөөд Батбаярын гарнаас цус гоожоод байхаар нь юу болсон талаар асуухад Батбаяр "хүнтэй зодолдоод газар унахдаа гараа ийм болгочихлоо" гэж хэлж байсан. Мөн Ганзориг Батбаяраас гар утасаа нэхсэн чинь Батбаяр халааснаасаа хар өнгийн Нокиа маркийн гар утас гаргаж иртэл Ганзориг миний утас биш байна" гэхэд Батбаяр "Адъяасамбуугийн гар утас юм байлгүй гэж хэлж байсан. Удалгүй Ганзориг, Батбаяр хоёр баарнаас гарсан бөгөөд "Батбаярын гэрт очиж хонолоо гэж хэлээд явсан гэжээ. /хх-16-17 хуудас/

Гэрч Х.Сандагдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Батбаяр гэрээс өдөр 12 цагийн орчим "хүнтэй уулзана" гэж хэлээд гарсан бөгөөд 14 цагийн орчим утсаар ярихад гадуур явж байна" гэж хэлсэн. Үүнээс хойш утсаар ярих гэсэн боловч гар утас нь холбогдохгүй байсан. Батбаяр гэрээс гарахдаа гар утасаа цэнэглээгүй гараад цэнэг нь дууссан байсан. Гэтэл орой гэртээ унтаж байтал 01 цагийн орчим Ганзориг, Батбаяр хоёр архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд таксины мөнгө аваад жолоочид нь өгсөн. Мөн Батбаярын баруун гарын алганаас нь цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад "газар унахдаа гараараа дарж унаад ийм болгочихлоо" гэж хэлсэн. Харин маргааш нь буюу 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өглөө босоод байж байхад урд нь харж байгаагүй хар өнгийн Нокиа гар утас байсан бөгөөд Ганзориг авч байх шиг байсан. Мөн уг гар утасыг "ямар учиртай юм бэ? гэхэд Батбаяр "Адъяасамбуугийн гар утас юм шиг байна" гэж хэлж байсан гэжээ. /хх-19 хуудас/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн болон хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6-8 хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 9524 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- Б.Ганзоригийн биед баруун шилбэ ясны гадна, дотно хавчаар ясны далд хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-24 хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох  баримтаар нотлогдож байна.

 

            Шүүгдэгч Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл учруулж  догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Адъяасамбуу нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа өнгөрсөн тул ялгүйд тооцогдоно.

 

             Шүүгдэгч Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  үзэв.

 

 Шүүгдэгч Л.Батбаяр 2.000.000 төгрөг, Г.Адъяасамбуу 1.890.000 төгрөгийг хохирогч Б.Ганзоригт тус тус төлсөн байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301-д заасныг удирдлага болгон         

                                    ТОГТООХ НЬ:

 

 

1. Хиад боржигон овогт Лхагвасүрэнгийн Батбаяр, Баярт овогт Ганхуягийн Адъяасамбуу нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Л.Батбаярт 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих, Г.Адъяасамбууд 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Л.Батбаярт  оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Г.Адъяасамбууд  оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай. 

 

            6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Батбаяр, Г.Адъяасамбуу нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.