Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-13
Дугаар 1356
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Н.Дамдиндорж
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Х.Тамир
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

         шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Жавхлан хөтлөж

улсын яллагч: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир

шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал /үнэмлэхийн дугаар 1420/

            шүүгдэгч Н.Дамдиндорж нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нинжийн  Дамдиндоржид холбогдох 201424000719 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 10 дугаар сарын сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уламжлалт анагаахын эм судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 08-161 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Нинжийн Дамдиндорж /РД: ЙК 80092713/

 

   Шүүгдэгч Н,Дамдиндорж нь 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг "Сутайн буянт" захын урд замд Н.Батдоржийн эзэмшлийн "Киа Бонго" маркийн 59-82 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17, 9.2-д заасан заалтыг зөрчиж “Хаан” банкны эзэмшлийн Т.Хангарьд жолоочтой "Форд Эскэйп" маркийн 63-80 УНС улсын дугаартай автомашиныг мөргөж 3.745.000 төгрөгийн хохирол, "Сайхан ирээдүй" ХХК-ний эзэмшлийн Б.Эрдэнэпүрэв жолоочтой "Хюндай Соната- 6" маркийн 55-47 УНУ улсын дугаартай автомашиныг мөргөж 297.000 төгрөгийн хохирол, Н.Батдоржийн эзэмшлийн "Киа Бонго" маркийн 59-82 ТӨА улсын дугаартай автомашинд 94.000 төгрөгийн хохирол учруулан мөн дүрмийн "2.5 /а,в/-д заасныг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

                                         

                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүгдэгч Н.Дамдиндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 11 цаг 50 минутын орчимд найз Батдоржийн Бонго авто машиныг гуйж аваад Сутайн буянт захын урд замаар баруунаас зүүн тийшээ явж байгаад эргэх гэж байхдаа Соната-6 авто машиныг мөргөсөн. Осол болсны дараа араас машинууд сигналдаад байхаар нь замыг чөлөөлж машинаа холхон тавиад эргээд иртэл даатгалын компани ирсэн, олон залуучууд цугларсан байхаар нь айгаад уулзаж чадаагүй. Энэ хэрэг миний буруугаас гарсан. Гэмшиж байна гэв.

  Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэв мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 10 цаг 50 минутын үед би Сайхан Ирээдүй ХХК-ний эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн Хюндай Соната-6 маркийн 55-47 УНУ улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн Сутайн буянт захын урд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийшээгээ явах чигт 1 дүгээр эгнээнд тавиад ээж, аав хоёрыг машинд үлдээгээд зах руу орчихсон байсан. Ингээд би 5-10 минутын дараа захаас гарч иртэл баруунаасаа зүүн чигт 59-82 ТӨА улсын дугаартай автомашин нь ардаа зогсож байсан 63-80 УНС улсын дугаартай автомашиныг мөргөөд тэр чигтээ яваад өгсөн гэжээ. /хх-ийн 14-р хуудас/

  Иргэний хариуцагч Н.Батдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 8 дугаар сарын дундуур байхаа над руу Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгаас яриад таны автомашиныг барьж явсан жолооч нь зам тээврийн осол гаргаад осол хэргийн газраас зугтаасан байна гэж хэлсэн. Ингээд би Н.Дамдиндоржийг цагдаа руу явуулсан юм. Энэ машиныг би өөрөө унадаг юм. Гэхдээ хааяа миний багын найз Н.Дамдиндорж нь авч унадаг юм. Нэг ёсондоо ойр зуур л унадаг юм. Ойр хугацаанд барагдуулах болно. Хэргийн материалтай танилцана шүүх хуралд сууна. Би машинаа янзлуулаагүй байгаа үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 22-р хуудас/

  Иргэний нэхэмжлэгч Т.Хангарьд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ойролцоогоор 10 цагаас 11 цагийн хооронд би Хаан банкны эзэмшлийн хар өнгийн Форд Скейп маркийн 63-80 УНС улсын дугаартай автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн Сутайн буянт захын харалдаа буюу ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээгээ 3 дугаар эгнээгээр байж байхад замын хөдөлгөөн нь нилээн ихтэй байсан. Гэтэл миний машины урд талд хөх өнгийн Хюндай Портер маркийн улсын дугаар серийг нь анзаараагүй автомашин нь зүүн гар тийшээгээ эргэх ташуу байрлалтай дохио өгөөгүй зогсож байсан. Ингээд би ард нь очоод 2 эгнээ рүү эргэх гээд машинуудын нягтралшил хараад зогсож байтал гэнэт л хойшоогоо ухарч зүүн урд талын хэсгийг мөргөөд улмаар эсрэг талын урсгал руу ороод зүүнээсээ баруун тийшээгээ буюу нэгдүгээр эгнээнд зогсож байсан саарал өнгийн Соната-6 маркийн автомашиныг мөргөөд тэр чигтээ зогсолтгүй баруун тийшээгээ яваад өгсөн гэжээ. /хх-ийн 28-р хуудас/

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 259 тоот техникийн үнэлгээний тайланд:       

   Хюндай Соната Н20          Улсын дугаар:55-47 УНУ

   Шууд зардлын дүн: 297.000 төгрөг        

Нийт зардлын дүн: 352.000 төгрөг гэжээ. /хх-ийн З6-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 650 тоот техникийн үнэлгээний тайланд:         

    Киа Бонго    Улсын дугаар: 59-82 ТӨА

   Шууд зардлын дүн: 94.000 төгрөг          

Нийт зардлын дүн: 118.000 төгрөг гэжээ. /хх-ийн 46-р хуудас/

“Вендо” ХХК-ийн 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн С178/1409 тоот техникийн үнэлгээний тайланд:       

   Форд Эскэйп            Улсын дугаар: 63-80 УНС

   Шууд зардлын дүн: 3.745.000 төгрөг    

Нийт зардлын дүн: 4.145.400 төгрөг гэжээ. /хх-ийн 50-р хуудас/  

Техникийн шинжээчийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ¹1470 тоот дүгнэлтэнд:

1.Киа Бонго маркийн 59-82 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоож явсан Н.Дамдиндорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.З-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;" мөн дүрмийн 7.17-т заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хүрдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Форд Скейп маркийн 63-80 УНС улсын дугаартай автомашины жолооч Т.Хангарьд нь МУ-ын 3ХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Хюндай Соната-6 маркийн 55-47 УНУ улсын дугаартай автомашины жолооч Б.Эрдэнэпүрэв нь МУ-ын 3ХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Энэ осолд замын тэмдэг тэмдэглэгээ, замын бусад байгууламжийн байдал нөлөөлөөгүй байна гэжээ. /хх-ийн 55-р хуудас/

Гэрч Ж.Энэбиш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …миний хүү Б.Эрдэнэпүрэв нь манай “Сайхан Ирээдүй” ХХК-ний эзэмшлийн мөнгөлөг өнгийн Хьюндай Соната 6 маркын 55-47 УНУ улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн Сутай Буянт захын урд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийшээгээ явах замд нэгдүгээр эгнээг шахаж тавиад зах руу орсон. Харин би нөхөр Болдбаатарын хамт машин дотор нь үлдсэн ба жолоочийн хажуу талын суудал дээр нөхөр маань би хойно нь сууж байсан. Гэтэл түс гэх аягүй чанга чимээ цочиод хартал эсрэг талын урсгалд цэнхэр өнгийн Портер маркын 59-82 ТӨА улсын дугаартай автомашин нь баруунаасаа зүүн тийшээгээ явах замд хойшоогоо ухраад 63-80 УНС улсын дугаартай автомашиныг мөргөөд эсрэг урсгал руу цагаан шугам давж эргээд манай автомашиныг мөргөөд эргэж хойшоогоо ухраад зогсолгүй яваад өгсөн. Ингээд тухайн автомашиныг хойноос нь харахад хойд гупер нь чирэгдээд л явж байсан гэжээ. /хх-ийн 32-р хуудас/

Гэрч Д.Болдбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …2014 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 10 цагаас 11 цагийн хооронд байхаа миний хүү Б.Эрдэнэпүрэв  нь “Сайхан Ирээдүй” ХХК-ний эзэмшлийн мөнгөлөг өнгийн Хьюндай Соната 6 маркын 55-47 УНУ улсын дугаартай автомашиныг Сонгинохайрхан дүүргийн Сутай Буянт захын урд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийшээгээ явах замд нэгдүгээр эгнээд байрлуулсан. Харин хүү маань зах руу орчихсон байсан. Харин би эхнэрийн хамт машин дотор сууж байна. Гэтэл түс гэх чимээ гарахаар нь машин мөргөлдчихлөө гэж бодоод байж байтал гэнэт цэнхэр өнгийн Портер маркын автомашин нь зүүн талаас хүчтэй мөргөөд зогсолгүй тэр чигтээ зугтаагаад яваад өгсөн. Би тэр автомашиныг хаанаас гарч ирснийг бол анзаараагүй. Ингээд би 102-т дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 33-р хуудас/

 

            Хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

           Шүүгдэгч Н,Дамдиндорж нь 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 11 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг "Сутайн буянт" захын урд замд Н.Батдоржийн эзэмшлийн "Киа Бонго" маркийн 59-82 ТӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа “Хаан” банкны эзэмшлийн Т.Хангарьд жолоочтой "Форд Эскэйп" маркийн 63-80 УНС улсын дугаартай автомашиныг мөргөж 3.745.000 төгрөгийн хохирол, "Сайхан ирээдүй" ХХК-ний эзэмшлийн Б.Эрдэнэпүрэв жолоочтой "Хюндай Соната- 6" маркийн 55-47 УНУ улсын дугаартай автомашиныг мөргөж 297.000 төгрөгийн хохирол, Н.Батдоржийн эзэмшлийн "Киа Бонго" маркийн 59-82 ТӨА улсын дугаартай автомашинд 94.000 төгрөгийн хохирол учруулан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.З-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэв, Н.Батдорж, Т.Хангарьд нарын мэдүүлэг /хх-ийн 14, 22, 28-р хуудас/, автомашины үнэлгээ /хх-ийн 36, 46, 50-р хуудас/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/, гэрч Ж.Энэбиш /хх-ийн 32-р хуудас/ гэрч Д.Болдбаатар /хх-ийн 33-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

         Иймд шүүгдэгч Н.Дамдиндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгч Н.Дамдиндорж нь  иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэпүрэвт  349.000 төгрөг, Т.Хангарьдад 3.500.000  төгрөгийг тус тус төлсөн байна.

 

        Шүүгдэгч Н.Дамдиндоржид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ НЬ:

 

         1. Боржигон овгийн Нинжийн Дамдиндоржийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар Н.Дамдиндоржийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Дамдиндоржид оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

         4. Н.Дамдиндорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Н.Дамдиндоржид оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялыг, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц В, С ангилалын ¹124867 тоот жолоочийн үнэмлэхийг  Н.Дамдиндоржид буцаан олгосугай.

 

           7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч давж  заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Дамдиндоржид авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.