Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-12
Дугаар 14
Хэргийн индекс 198/2015/0014/Э/
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Ч.Батмандах
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ичинхорол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      

 

                                                       14

 198/2015/0014/Э

 

 

 

 

               

 

 

                  

                                          МОНГОЛ УЛСЫН  НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны  А танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Ганбилэг

Улсын яллагч Б.Ичинхорол               

Шүүгдэгчийн  өмгөөлөгч  А.Мөнхсайхан

Хохирогчийн төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч  З.Нямсүрэн

Шүүгдэгч Ч.Батмандах  нарыг  оролцуулан   

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агтчин овогт Чулууны Батмандахад холбогдох эрүүгийн 201411000270 дугаартай хэргийг  2014 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн  Хэрлэн сумын харъяат, 1972 оны 08 сарын 28-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, радист, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхэд, хүргэн нарын  хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Өнөр гудамжны 22-52 тоотод оршин суух, энэ хэрэгт татгадахдаа өндөр настаны тэтгэвэрт байсан, улсаас байлдааны гавъяаны одон, байлдааны медалиар шагнагдаж байсан, урьд нь ял  шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,  хэрэг  хариуцах  чадвартай  Агтчин овогт Чулууны Батмандах. / РД: ЖЮ 72082871/

 

Шүүгдэгч Агтчин овогт Чулууны Батмандах нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, Хилийн Цэргийн 0132 дугаар ангийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч

Э.Сансарбаатарын нүүрэн тус газар  цохиж хөнгөн гэмтэл учруулсан, 2014 оны 05 дугаар сарын  02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хилийн Цэргийн 0132 дугаар ангийн хашаан дотор хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Сансарбаатарын нүүрэн тус газар цохиж харгис, хэрцгий хандсаны улмаас 2014  оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 14-02 тоотод Э.Сансарбаатарыг амиа хорлоход хүргэсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч   Чулууны Батмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ХЦ-ийн хашаан дотор хохирогчтой үл ойлголцох зүйлээс болж маргалдсан. Энэ хэрэг дүүгийнх нь гомдлоор үүссэн. Яльгүй юмнаас болж маргалдлаа гээд гар бариад салсан. Энэ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр бүгдийг нь мэдүүлсэн. Цагдаагаас баримт бичгээ  авах гэтэл дуудлага өгсөн хүмүүсээ авчир гэж хэлсэн. Тэгээд би хохирогчийг дуудах гэтэл утсыг нь мэдэхгүй болохоор нь дуудлага өгсөн хүний утсаар нь ярьж байж Одгэрэл байцаагчаас бичиг баримтаа авсан. Би 05 дугаар сарын 08-ны үед Улаанбаатар хот явах гэж байсан. Тэгэхэд хохирогч над руу утсаар залгаад уулзая гээд уулзахад дүү Болортуяатай хамт ирсэн. Нүд ийм болчихлоо гээд нүдээ үзүүлсэн. Эмчилгээний болон замын зардлаа нэхэмжилнэ гэсэн. Тэгээд би өдий хүрсэн, явдаг газраараа яв гэж хэлэхэд дүү нь тэгдэг байхгүй юу гээд ахаа аваад явсан. Манай дүү хагалгаанд орох болоод Улаанбаатар хот явах гэж байсан. Тэгээд надтай цуг Улаанбаатар хот явах уу гэж санал тавьсан. Явахгүй гээд шуудангаар явсан байна лээ. Би худлаа бичиг баримт бүрдүүлээд, мөнгө төгрөг нэхэх гээд байна гэж ерөөсөө хэлээгүй. 5 дугаар сарын 14-ний өглөө Багшийн дээд сургуулийн хажууд уулзсан. Найзтайгаа хамт ирсэн. Тэгээд гурвуулаа хамт Орбита нүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Би эмчтэй нь уулзсан. Анхан шатны үзлэгээр хараанд нөлөөлөх ямар нэгэн шинж тэмдэг алга гээд зургаа авахуулаад ир гээд гаргасан. Би хамт яваад зургаа авахуулъя гэхэд намайг хамт яваад хэрэггүй, би очоод зургаа авахуулна гэхэд нь гандан орох ажилтай байсан учраас салаад явсан гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Санжаанямбуугийн Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Сансарбаатарын ээж нь юм. Хамгийн гол нь 2014 оны 05 дугаар сарын 02-нд нүдээ цохиулчихлаа гэж дүү нь хэлсэн. Орой ажлаасаа тараад очиход нүд нь хавдсан байсан. Миний хүү маргааш нүдээ үзүүл гэж хэлсэн. Тэр

үед цагдаа дуудсан гэсэн. Тэгэхэд өөрөө нэг их юм ярихгүй байсан.  Дүүгээс нь асуухад дүү нь учраа олсон гэж хэлсэн. Дараа нь миний хүүгийн нүд юм харахаа больсон.

Миний хүүгийн нүд хөхөрсөн байсан. Хамгийн гол нь ингэж зодуулаад байж байхад хот явах хэрэгтэй боллоо гэж хэлсэн. Дүү нь бүгдийг мэдэж байсан. Миний хүү нүдээ цохиулснаас болж сэтгэл санааны хувьд дарамталсан. Миний хүү худлаа хэлэх хүн биш. Миний хүүг найзых нь дэргэд хэдэн удаа залгаад чи баашилж явлаа, эмнэлгээр явах шаардлага байхгүй гэж дарамталж байсан. Автобусанд орж ирээд утсаа хаалаа гэж хэлээд утсаа хаасан гэсэн. Энэ хүн байж байгаад утсаар залгаад дарамтлаад байна гэж найздаа хэлсэн байсан.

 

 Би маш аймшигтай хүнтэй миний хүү учирсан байна гэж бодож байна.  Миний хүүг дарамталсан. Машиндаа ороод утсаар ярьдаг болсон. Миний хүү дуу цөөтэй болсон. Тэгэхэд энэ хүн аймшигтай хэрцгийгээр дарамталж байсан. Энэ хүн гүтгэж байна гэж хэлсэн. Сэтгэл санаагаар дэмжихийн оронд найзаас нь салгаж дарамталсан. Зам тавь гэсэн шалтгаанаар миний хүүг зодох шаардлага байхгүй. Эмчид үзүүлэхэд Улаанбаатар хотод очиж үзүүл гэсэн. Тэгтэл хүнийг зодчихоод ингэж худлаа хэлж болохгүй. Би хүүгээ алдсандаа маш их харамсалтай байна. Би буруу мэдүүлэг өгсөн байсан гэж бодож байна. Миний хүү энэ хүнд зодуулснаас болж нүд нь хараагүй болно гэсэн. Мэдүүүлэг дээрээ яваандаа сохорно гэж хэлсэн. Миний хүү сохрох болсоноо найз нартаа маш их ярьж байсан. Сэтгэл санаагаар маш их унасан. Миний хүү тамхи татдаг болсон. Миний хүү хүнээс мөнгө гуйх хүн биш. Ийм сайхан 30 хүрч байгаа хүнийг алчихаад гэр бүлийг нь хүнд байдалд оруулсан. Би 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Манай гэрээр удаа дараа очиж байсан. Миний хүү нүд нь сохорсон байдлаасаа сэтгэл санаагаар унаж энэ хүний дарамтанд байсан. Энэ хүн миний хүүтэй харьцахдаа хүн гэж байгаагүй. Миний хүүхдүүд худлаа хэлэхгүй. Чи яах гэж миний хүүг дарамталсан бэ? миний хүү маш их санаагаар унасан. Чи миний хүүг амиа хорлоход хүргэсэн. Манай ангийн нэг хүүхэд үлдчихээд би хүүгээ хүргээд өг гэхэд утас нь холбогдохгүй байсан. Миний хүүгийн үхсэн шалтгааныг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Уучлалт гуйж болох байсан. Миний хүүг үхэлд хүргэсэн хүн бол энэ хүн гэж бодож байна. Би хүүгийнхээ амь насыг нэхэмжилнэ. Би оршуулгын зардал нэхэмжлэхгүй. Хүүгийнхээ амыг мөнгөөр үнэлэхгүй гэжээ.

 

 Гэрч Давгабүслүүрийн Цэндмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Гэдэс ачиж явсан машинтай залуу ирээд Батмандахыг машинтайгаа холдчих гэж хэлэхээр нь Батмандах хажуугаар тойроод гарчих гэж хэлэхэд тэр залуу хажуугаар нь гарахдаа зайлаач пизда минь гэж хэлээд өнгөрсөн. Тэгээд тэр машин агуулах ороод буцаад гал

зуухны гадаа ирж зогсоход Батмандах машинаасаа бууж очоод жолоочид нь тойроод гарахын хооронд зайл гэж хэллээ гэж хэлэхэд нөгөө жолооч нь юу гээд байгаа юм гэж

маргалдаж байгаад машинаасаа бууж ирээд Батмандахын нүүр рүү гараа түлхээд, цээж рүү нь цохиод авсан тэгэхэд Батмандах чи яагаад байгаа юм бэ? гэж хэлээд заамдаад тэр залуугийн нүүр лүү цохих шиг болсон. Тэгэхэд  Батжаргал, Ганзориг хоёр салгахад жолоочтой хамт явсан эмэгтэй та нар болиоч гэж хэлэхээр нь та нарын буруу биз дээ, албан байгууллагын хашаанд орж ирчихээд зодолдоод гэж хэлэхэд нөгөө эмэгтэй муу авгай минь дуугүй бай гэсэн. ... Батжаргал, Ганзориг хоёр салгахад нөгөө жолооч газраас чулуу аваад Батмандахын нуруу руу шидээд дахин чулуу аваад далайхаар нь Ганзориг гарыг нь барьж чулууг нь хаяулсан гэх мэдүүлэг. / хх-ийн 109/

 

Гэрч Лутсүхийн Батжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Машины жолооч Батмандахыг зай тавиад өгчихгүй гэж хэлэхэд Батмандах чи энэ том зайд багтаад орж чадахгүй байхдаа яадаг юм бэ? гэж хэлээд маргалдаад машины хаалгыг чанга хаахад жолооч залуу нь бууж ирээд Батмандахыг хоолойноос гараараа түлхэхэд нь арагшаа болоход нь би Батмандахыг бариад боль гэж хэлээд тавихад Батмандах тэр залуугийн нүүр рүү нь гараараа цохиод зууралдахад би салгаад Батмандахыг аваад явж байхад нөгөө залуу араас чулуу аваад шидэхэд Батмандахын нуруунд оноход Батмандах жолооч залуутай маргалдаж байгаад болиод машиндаа суугаад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 111/

 

Гэрч Хүрэлбаатарын Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Нэг ах чулуу барьчихсан Батмандах ах руу шидээд дахиад чулуу аваад шидэх гэхээр нь би очоод чулууг нь аваад ахаа байгууллагын хашаанд хэрүүл маргаан хийж болохгүй гэж хэлээд тэр ахыг машинд нь суулгаж өгөөд явсан гэх мэдүүлэг. / хх-ийн 113/

 

Гэрч Болдын Зоригтбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хивсний хороололд Болдбаярын хашаанд Наранбаатартай хамт машин засаад байж байхад Сансарбаатар  орж ирсэн. Тэгээд сонин юу байна гээд ярьж хөөрөхөд Сансарбаатар найз нь сохрох болчихоод явж байна, хүнтэй муудаад нүдэндээ цохиулаад тухайн үедээ жаахан маргалдаад цагдаа, сэргийлэх гээд яах вэ? Гээд орхисон чинь 2 хоногийн дараа баруун нүд зураастай юм шиг бүрэлзээд нүд юм харахаа болиод хотод очиж эмнэлэгт үзүүлсэн чинь эмч сохорно гэж хэллээ гээд яриад явсан. Тэгэхэд Сансарбаатар сэтгэлээр уначихсан явж байсан. Түүнээс 3 хоногийн дараа найз Наранбаатар утсаар над руу яриад Сансарбаатар гэртээ боомилсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 30/

 

   Гэрч Готовсүрэнгийн Наранбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хивсний ар талд Болдбаярын хашаанд Зоригтбаатартай

хамт машин янзлаад байж байхад Сансарбаатар  орж ирээд юу байна гээд юм ярьж байтал хүнд нүдээ цохиулчихлаа, удахгүй сохрох байхаа гээд сэтгэлээр их унасан явж байсан. Сансарбаатарын найз Уртаа гэх залуу өмнө нь хүнд нүдээ цохиулаад сохорсон юм байна лээ. Тэгээд тэрийгээ бас ярьж байсан. Уртаатай утсаар ярихад Уртаа хүнд нүдээ цохиулаад сохорсон шүү дээ гэж хэлсэн байна лээ. Тэгээд тэрийг бодоод сэтгэлээр их унасан явж байсан. Мөн хот руу явж эмчид үзүүлсэн чинь эмч нь жилийн дараа хараагүй болох юм байна гэж хэлсэн гээд ярьж байсан. Өөр юм яриагүй, сэтгэлээр унасан байдалтай явж байсан гэх мэдүүлэг./ хх-ийн 31/

 

Гэрч Энхтуяагийн Болортуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би урагшаа харсан монгол гэрийн хаалгаар ороход талийгаач өөдөөс харсан байдалтай дүүжлэгдсэн байсан, би эхэлж очоод хүрж үзэхэд хөдлөхгүй байсан тэгэхээр нь түмпучикнээс заазуур аваад пийшингийн хойд талд зогсоод талийгаачийг өөр лүүгээ харуулаад нэг гараараа барьж байгаад нөгөө гараараа буюу баруун гараараа уяаг нь тайраад заазуураа газар хаяад хоёр гараараа тэврээд доош нь газар буулгасан, буулгахдаа ямар нэгэн байдлаар унагаагүй. Газар буулгаад хэвсэн дээр тавьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 41/

2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сансарбаатар ахыг дуудаад машинтай нь ХЦ-ийн 0132 дугаар анги руу дайвар бүтээгдэхүүн хүргэж өгөхөөр орсон. ...Агуулах руу нь явах гээд хөдлөх гэсэн чинь зам дээр шар өнгийн аксент маркын машин өөдөөс хажуугаар нь гарах боломжгүй баруун урагш хараад зогсож байсан. Сансарбаатар ухарчих цаашаа гаръя гэж хэлэхэд нөгөө машины жолооч тойроод гарахгүй юу гэж хэлэхээр нь бид хоёр машинаа ухраагаад хашлага дээгүүр дугуйгаа гаргаж агуулах руу явахдаа ах машины цонхоороо “чи зам тавиад өгөхөд яадаг юм” гэж хэлэхэд нөгөө жолооч юу гээд байгаа пизда вэ гэж хэлээд үлдсэн. Гал тогооны үүдэнд зогсоход жолооч ирээд ахын талаар очоод цонхоор нь толгойгоо оруулаад заамдаад татаад байхаар нь ахыг би тэврээд битгий гар гэж хэлээд болиулаад нөгөө жолоочийг яв гэж хөөхөд нөгөө машины жолооч явахдаа ахын талын хаалгыг онгойлгоод ална шүү чамайг нэж хэлээд хаалгыг нь саваад хаахаар нь ах буугаад жолоочийг түлхэхэд нь би машинаас буугаад очиход нөгөө жолооч ахыг заамдаад баруун гараараа нүд рүү нь цохиход ах нүдээ дараад доошоо суугаад гартаа таарсан чулууг аваад шидэхэд жолоочийн өмсөж явсан савхин куртик дээр оносон гэх мэдүүлэг. / хх-ийн 115/

Гэрч Хүрэлбаатарын Эрдэнэбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Надад Сансарбаатар ярихдаа Дорнод аймагт байхдаа хүнтэй маргалдаад, уг залуу нь баруун

нүд рүү нь цохиод нүд нь хавдсан гэсэн. ...Цохьсон гэх залуутайгаа уулзаад миний нүд

 

болохгүй байна, нүдэнд зураас харагдаад байгаа талаараа хэлсэн чинь нөгөө цохьсон гэх залуу нь тэгвэл чи явдаг газраараа яваад шалгуул гэж хэлсэн байсан. ... 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орбита эмнэлэгт үзүүлээд Сансарбаатар бид хоёр байж байхад Сансарбаатарын нүдийг нь цохьсон гэх залуу утсаар залгаад Орбита эмнэлэг дээр ирсэн. Тэгээд уг залуу нь Сансарбаатарт чи зүгээр нүдээ үзүүлээд яваад байх юм гээд Сансарбаатартай хамт юм яриад, би түрүүлээд автобусны буудал руу явсан. Миний араас тэр хоёр юм ярьж явж байгаад автобусны буудал дээр ирээд салсан. Тэгээд автобусанд суугаад явж байхдаа Сансарбаатараас уг залууг юу гэж байна гэхэд Сансарбаатарыг зүгээр нүдээ үзүүлээд яваад байх юм танил талаараа бичиг баримт гаргуулж аваад надаас мөнгө нэхэх гээд байна гэж ярьсан тухай надад хэлсэн. Сансарбаатарыг хотод ирсний дараа нүдийг нь цохьсон гэх залуу нь орой, өдөргүй байнга залгаад эрүүл согтуу нь мэдэгдэхгүй сонин зүйл ярьдаг байсан. Сансарбаатарыг чи ер нь ямар санаа зорилготой байгаа юм? хэдэн төгрөг авах гээд байгаа юм гээд ярьдаг байсан. Сүүлдээ Сансарбаатар утсаа унтраасан. Надад хэлэхдээ би энэ хүнтэй утасны цаанаас хэрэлдээд яахав дээ шийддэг газар нь шийдэг гэдэг байсан. Сансарбаатар нь үүнээс болж сэтгэл санаа нь хямралтай байсан гэх мэдүүлэг. / хх-ийн 46/        

                         Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  288 тоот актын дүгнэлтэд

1.Сансарбаатарын биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний гэмтлийн гаралтай эхэлж болорын бүдэгшил гэмтэл тогтоогдлоо.

  1. Уг гэмтэл нь дээрх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдснийг нарийн тогтоох боломжгүй.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид биеийн эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ.

                       

                   Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн   46 тоот актын дүгнэлтэд

1.  Э.Сансарбаатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүү, хоолойд дүүжлэлтийн дарагдлын ором, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх хүзүү, хоолойд дүүжлэлтийн дарагдлын ором гэмтэл нь хагас зөөлөн

эдээр, хүзүү  нуруунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.

3.  Хүзүү, хоолойн дүүжлэлтийн  ором гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт,  хүзүү  нурууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьсгалын механик бүтэлтээр нас баржээ.

5.  Э.Сансарбаатар нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан гэжээ.

 

           2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлтэд

  1. “Хүүгээ уучлаарай” гэж эхлээд “би өөрөө хүслээ” гэж төгссөн гар бичвэрийг Э.Сансарбаатар бичсэн гэжээ.

 

Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ч.Батмандахын ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт. / хх-ийн 232/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт  / хх-ийн 93-101/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл.  / хх-ийн 7-9/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-12/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 13/

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 14-15/

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 53-56/

 Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143/ зэрэг нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч  Агтчин овогт Чулууны Батмандах нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг,  Хилийн Цэргийн 0132 дугаар ангийн хашаан хохирогч Э.Сансарбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний  нүүрэн тус газар нь гараараа цохиж баруун нүдний алимны доргилт, баруун нүдний гэмтлийн гаралтай эхэлж болорын бүдэгшил бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

-2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Хилийн Цэргийн 0132 дугаар ангийн хашаан дотор хохирогч Э.Сансарбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж харгис, хэрцгий хандсаны улмаас 2014  оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 14-02 тоотод Э.Сансарбаатарыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг  тус тус  үйлджээ.

 

Шүүгдэгч Чулууны Батмандахын энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 95 дугаар зүйлийн 95.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус агуулж байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдыг амиа хорлоход хүргэсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх  үзлээ.

 

 Шүүгдэгч Ч.Батмандахын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Э.Болортуяагийн “гал тогооны үүдэнд зогсоход жолооч ирээд ахын талаар очоод цонхоор нь толгойгоо оруулаад заамдаад татаад байхаар нь ахыг би тэврээд битгий гар гэж хэлээд болиулаад нөгөө жолоочийг яв гэж хөөхөд нөгөө машины жолооч явахдаа ахын талын хаалгыг онгойлгоод ална шүү чамайг нэж хэлээд хаалгыг нь саваад хаахаар нь ах буугаад жолоочийг түлхэхэд нь би машинаас буугаад очиход нөгөө жолооч ахыг заамдаад баруун гараараа нүд рүү нь цохиход ах нүдээ дараад доошоо суугаад гартаа таарсан чулууг аваад шидэхэд жолоочийн өмсөж явсан савхин куртик дээр оносон гэх мэдүүлэг, гэрч  Д.Цэндмаагийн  “ Батмандах машинаасаа бууж очоод жолоочид нь тойроод гарахын хооронд зайл гэж хэллээ гэж хэлэхэд нөгөө жолооч нь юу гээд байгаа юм гэж маргалдаж байгаад машинаасаа бууж ирээд Батмандахын нүүр рүү гараа түлхээд, цээж рүү нь цохиод авсан тэгэхэд Батмандах чи яагаад байгаа юм бэ? гэж хэлээд заамдаад тэр залуугийн  нүүр лүү цохих шиг болсон” гэх мэдүүлэг, гэрч Л.Батжаргалын “жолооч залуу нь бууж ирээд Батмандахыг хоолойноос гараараа түлхэхэд нь арагшаа болоход нь би Батмандахыг бариад боль гэж хэлээд тавихад Батмандах тэр залуугийн нүүр рүү нь гараараа цохиод зууралдахад би салгаад Батмандахыг аваад явж байхад нөгөө залуу араас чулуу аваад шидэхэд Батмандахын нуруунд оноход Батмандах жолооч залуутай маргалдаж байгаад болиод машиндаа суугаад явсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Ганзоригийн “нэг ах чулуу барьчихсан Батмандах ах руу шидээд дахиад чулуу аваад шидэх гэхээр нь би очоод чулууг нь аваад ахаа байгууллагын хашаанд хэрүүл маргаан хийж болохгүй гэж хэлээд тэр ахыг машинд нь суулгаж өгөөд явсан” гэх мэдүүлэг,  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  288 тоот акт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг нотлох баримтуудаар, мөн бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн төлөөлөгч С.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон  гэрч Б.Зоригтбаатарын “Сансарбаатар  найз нь сохрох болчихоод явж байна, хүнтэй муудаад нүдэндээ цохиулаад тухайн үедээ жаахан маргалдаад цагдаа, сэргийлэх гээд яах вэ? гээд орхисон чинь 2 хоногийн дараа баруун нүд зураастай юм шиг бүрэлзээд нүд юм харахаа болиод хотод очиж эмнэлэгт үзүүлсэн чинь эмч сохроно гэж хэллээ гээд яриад явсан. Тэгэхэд Сансарбаатар сэтгэлээр

 

уначихсан явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Г. Наранбаатарын  “Сансарбаатар  орж ирээд юу байна гээд юм ярьж байтал хүнд нүдээ цохиулчихлаа,

 

удахгүй сохрох байхаа гээд сэтгэлээр их унасан  явж байсан. Сансарбаатарын найз Уртаа гэх залуу өмнө нь хүнд нүдээ цохиулаад сохорсон юм байна лээ. Тэгээд тэрийгээ бас ярьж байсан. Уртаатай утсаар ярихад Уртаа хүнд нүдээ цохиулаад сохорсон шүү дээ гэж хэлсэн байна лээ. Тэгээд тэрийг бодоод сэтгэлээр их унасан явж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 31/, гэрч Х.Эрдэнэбаатарын “Тэгээд автобусанд суугаад явж байхдаа Сансарбаатараас уг залууг юу гэж байна гэхэд Сансарбаатарыг зүгээр нүдээ үзүүлээд яваад байх юм танил талаараа бичиг баримт гаргуулж аваад надаас мөнгө нэхэх гээд байна гэж ярьсан тухай надад хэлсэн. Сансарбаатарыг хотод ирсний дараа нүдийг нь цохисон гэх залуу нь орой, өдөргүй байнга залгаад эрүүл согтуу нь мэдэгдэхгүй сонин зүйл ярьдаг байсан. Сансарбаатарыг чи ер нь ямар санаа зорилготой байгаа юм? хэдэн төгрөг авах гээд байгаа юм гээд ярьдаг байсан. Сүүлдээ Сансарбаатар утсаа унтраасан. Надад хэлэхдээ би энэ хүнтэй утасны цаанаас хэрэлдээд яахав дээ шийддэг газар нь шийдэг гэдэг байсан. Сансарбаатар нь үүнээс болж сэтгэл санаа нь хямралтай байсан гэх мэдүүлэг / хх-ийн 46/, гэрч Э.Болортуяагийн “Би урагшаа харсан монгол гэрийн хаалгаар ороход талийгаач өөдөөс харсан байдалтай дүүжлэгдсэн байсан, би эхэлж очоод хүрж үзэхэд хөдлөхгүй байсан тэгэхээр нь түмпучикнээс заазуур аваад пийшингийн хойд талд зогсоод талийгаачийг өөр лүүгээ харуулаад нэг гараараа барьж байгаад нөгөө гараараа буюу баруун гараараа уяаг нь тайраад заазуураа газар хаяаад хоёр гараараа тэврээд доош нь газар буулгасан, буулгахдаа ямар нэгэн байдлаар унагаагүй. Газар буулгаад хивсэн дээр тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41/ шүүх эмнэлгийн үзлэг хийсэн   46 тоот акт,  2014 оны 06-р сарын 27-ны өдрийн 81 тоот шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтооогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ч.Батмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, уг гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

 Шүүгдэгч  Ч.Батмандахын хохирогч Э.Сансарбаатарын нүдэнд цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, хохирогчийн амиа хорлосон үйлдэл хоёрын хооронд

шалтгаант холбоо байна гэж шүүх үзэж байна. Шүүгдэгч Ч.Батмандахын хохирогчид харгис, хэрцгий хандаж нүүрэн тус газар нь цохиж, нүдийг нь гэмтээсний улмаас хохирогч нь нүд маань сохрох нь гэж сэтгэл санаагаар унаж, гутралын байдалтай байснаас болж амиа хорлосон болох нь гэрч  Б.Зоригтбаатар, Г.Наранбаатар, Х.Эрдэнэбаатар, Э.Болортуяа нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа болно.

Уг гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийн нэг хэлбэр нь бусадтай  харгис хэрцгий хандсан гэмт үйлдэл юм. Уг гэмт хэргийн бусад хүмүүстэй харгис, хэрцгий хандах хэлбэр нь бусад хүмүүстэй байнга харгис, хэрцгий хандахыг шаардахгүй нэг удаагийн харгис, хэрцгий хандсаны улмаас хохирогч амиа хорлосон байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заажээ.

Мөн уг гэмт хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын гэм буруугийн шууд бус санаатайгаар, хайхрамжгүй хандсан хэлбэрээр үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Батмандах нь хохирогч Э.Сансарбаатарт нэг удаагийн харгис, хэрцгий хандаж биед нь хөнгөн гэмтэл учруулсаны  улмаас хохирогч амиа хорлоно гэж урьдчилан мэдээгүй байсан байна. Иймд шүүгдэгч Ч.Батмандахыг бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн болно.

 

Мөн хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд Ч.Батмандахын хохирогчийг зодсон үйлдэл нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл биш танхайн гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр зүйлчлэх ёстой гэж мэтгэлзэж байгаа боловч зам тавьж өгсөнгүй гэж хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хохирогчид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь гэрч Э.Болортуяа, Д.Цэндмаа, Л.Батжаргал, Х.Ганзориг нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаа болно.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Батмандахад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар   хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Батмандах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй ба хохирогчийн төлөөлөгч С.Энхтуяа нь оршуулгын болон бусад зардал нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хар өнгийн уяаг устгаж,  цаасан дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр зэргийг хэрэгт хадгалж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн ЖЮ 72082871 тоот регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний

 

цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Агтчин овогт Чулууны Батмандахыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусад хүмүүстэй харгис, хэрцгий харьцсаны улмаас бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 24 дүгээр зүлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Ч.Батмандахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар шүүгдэгч Чулууны Батмандахыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/  сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ч.Батмандахын эдлэх 2 жил, 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хар өнгийн уяаг устгаж, цаасан дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр зэргийг хэрэгт хадгалсугай.

 

6. Ялтан Ч.Батмандах нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтаны ЖЮ 72082871 тоот регистрийн дугаартай, Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг хүчинтөгөлдөр болтол ялтан Ч.Батмандахад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, ял эдлэх хугацааг  2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ч.Батмандахад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                             Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                                          

 

                                                                                          

 

 

 

                                      

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.