Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-23
Дугаар 23
Хэргийн индекс 192/2014/0023/э/
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Г.Галт
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      

 

 

 

 

             

        

       

 

                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Ганбилэг

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Иргэдийн төлөөлөгч Д.Баяраа, Д.Дондог, Б.Бадамгарав                 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Ө.Батболд

Шинжээч эмч Н.Уянга

Шүүгдэгч Г.Галт нарыг  оролцуулан

Гэрч Б.Насанхутаг, У.Уртнасан, Б.Шинэбаатар, П.Цэцэгдэлгэр, А.Ням, М.Ганзориг

нарыг байлцуулан   

 

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иеншөөбү овогт Ганжаргалын Галтад холбогдох эрүүгийн 201311000481 дугаартай хэргийг  2014 оны 12-р  сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат, 1979 оны 08 сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, Хонхор дэрсний гудамжны 0 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа   шагналгүй, ял  шийтгэлгүй, бие эрүүл,   хэрэг  хариуцах  чадвартай Иеншөөбү овогт Ганжаргалын Галт. / РД: ЖБ 79080872/

 

 Шүүгдэгч  Иеншөөбү овогт Ганжаргалын Галт  нь  2013 оны 07 дугаар сарын 10-ны шөнө согтуугаар  Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1-р баг, Цагаан дэрсний 2-13 тоот хашааны зүүн хойд талд хувийн сэдэлтээр хохирогч Э.Далайхүүг зодож  бие махбодид нь хүнд зэргийн  гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүхийн   хэлэлцүүлэгт   дараах   яллах   болон   хөнгөрүүлэх    талын   нотлох  баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Галт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 07 сарын 10-ны орой Насанхутаг, Отгонбаатар бид 3 нэг шил 500 гр-ын архитай Шинэбаатарынд очсон. Тэгээд Шинэбаатарын хойд байшинд ороод ууж байхад гаднаас Далайхүү, Ганзориг хоёр нэлээн халамцуу орж ирсэн. Тэгээд Далайхүү Отгонбаатар бид хоёр руу агсраад маргаан үүсгэсэн. Тэгэхэд Отгонбаатар босоод Далайхүүг цохьсон. Тэгээд хамарнаас нь цус гаргаад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би салгах гэж дундуур нь орсон. Далайхүү намайг давхар хамж унагаад миний дээр гараад хоолойг минь шахсан. Далайхүү бид хоёрыг Шинэбаатар, Насанхутаг хоёр салгасан. Би босоод Далайхүүгийн зүүн шанаа руу нэг удаа цохьсон. Отгонбаатар ахыгаа аваад байшингаас гарсан. Араас нь Насахутаг, Шинэбаатар бид 3 гарсан. Гадаа гарахад Отгонбаатар дөрвөн хөллөөд байж байсан. Яасан гэж асуухад Далайхүү ирээд чамаас болж дүүтэйгээ муудлаа гээд намайг тонгорч унагасан. Намайг тонгорч унагаад Далайхүү хойшоо гүйсэн. Би босоод араас явах гэж байгаад болиод Далайхүүг хоёулаа маргааш уулзъя гэж хэлсэн. Тэгээд Насанхутагтай хамт мотоцикль руу гаа явж байхад Далайхүү араас ирээд дахиад тонгорсон. Намайг тонгорч байхдаа гар нь мултраад өөрөө унасан. Би Далайхүүгийн хөлийг дараад унасан. Насанхутаг Далай болиоч гээд намайг татаад босгосон. Насанхутаг бид хоёрыг мотоцикль руугаа явахад босч ирээд бид хоёрын араас пизда минь хүрээд ир гээд хараагаад үлдсэн. Насанхутаг бид 2 явахдаа Шинэбаатар руу очоод Отгонбаатарыг гэртээ оруулж унтуул, тэгэхгүй бол Далай дахиад зодно гэж хэлсэн. Тэгээд Насанхутаг бид хоёр мотоцикдьдоо суугаад явахад Ганзориг, Далайхүү хоёр явган суучихсан пизда минь хүрээд ир, чамайг ална гэж араас бахираад үлдсэн. Далайхүү намайг тонгорч унагахдаа ямар нэгэн гэмтэл аваагүй, ард явган суучихаад бахираад байсан. Надад Далайхүүтэй зодолдож, муудах санаа байгаагүй. Бид нар олон жил найзууд байсан. Энэ хугацаанд муудаж, зодолдож байсан зүйл байхгүй. Би энэ зодооныг Отгонбаатараас болсон гэж бодож байна. Би Далайхүүгийн өөдөөс ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Далайхүү намайг бодвол том биетэй, барилддаг байсан. Миний хоёр хөл хоёуулаа бэртэнгэтэй. Би өмнө нь осолд орж байсан болохоор барилдаж, зодолдоггүй. Тэгэхэд гэрчүүд зөрүүтэй, тодорхойгүй мэдүүлэг өгөөд байна. Ялангуяа Шинэбаатарын мэдүүлэг зөрүүтэй, үндэслэлгүй мэдүүлэг өгөөд байгаа. Далайхүү бид хоёрын хооронд зодолдсон зүйл байхгүй. Тэгэхэд Шинэбаатар мэдүүлэхдээ бид хоёрыг зодолдсон, түс тас гэх чимээ гарсан, эмэгтэй нь бахирсан гээд байгаа. Ердөө тийм асуудал болоогүй. Хэрвээ болсон бол тухайн үед хажууд байсан Ганзориг, Насанхутаг, Отгонбаатар нар харах болон сонсох ёстой. Тэгэхэд ганц Шинэбаатар хараад, сонссон гэж байсан. Үнэхээр тийм зүйл болсон бол Шинэбаатар салгах ёстой байсан. Шинэбаатар яг хажууд байсан. Тэгэхэд яаж зодолдож байгааг хараагүй. Бид нар хоорондоо 5-6 метр зайтай байсан. Тийм учраас Шинэбаатарын мэдүүлгийг үндэслэлгүй гэж бодож байна. Тэр орой баярын орой байсан. Хэрвээ тийм зодоон болоод чимээ гараад байсан бол хажуу айлын торон хашаатай Арсланбаатар сонсох боломжтой байсан. Тэгэхэд Арсланбаатар юу ч сонсоогүй. Харин баруун талд модон хашаатай, эсгий гэрт байгаа эхнэр Цэцэгдэлгэр нь сонссон гэсэн. 20, 30 метрийн хол байгаа хүн сонсож байхад ойр байсан хүмүүс сонсож харах боломжтой. Гэтэл хэн ч сонсож, хараагүй байсан. Ганцхан Шинэбаатар би зодоон сонссон, зодолдож байгааг нь хараагүй гэсэн.   Шинэбаатар харсан гэж үндэслэлгүй зүйл хэлээд байгаа. Хэрвээ бусад хүмүүс харсан бол нотлох ёстой. Гэтэл Шинэбаатар ганцаараа сонссон гэж хэлээд байгаа. Шинэбаатар зодооныг хараагүй мөртлөө гэртээ ороод эхнэр Цэцэгдэлгэртээ гадаа Галт Далайхүүг цохьсон гэж хэлсэн байсан. Дараа нь би тэгж хэлээгүй, зүгээр тэгж бодсон гэж хэлсэн. Тийм учраас Шинэбаатарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Өглөө нь энэ хоёрын зодолдож байсан газар Далайхүү хэвтэж байсан гэж хэлсэн. Хавтаст хэргийн 38-р хуудсанд Шинэбаатар мэдүүлэг өгөхдөө өглөө босоход Далайхүү гадаа хэвтэж байсан, Отгонбаатар бид хоёр өргөж гэртээ оруулаад, ус уулгаад, эмнэлэг авч явах гээд болохгүй болохоор нь түргэн дуудсан гэж хэлдэг. Далайхүүг гэртээ оруулаад буцаагаад гаргаад хаана тавьсан гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Дахин мэдүүлэг өгөхдөө энэ талаараа огт хэлдэггүй. Энэ мэдүүлгээ нуугаад байгааг би ойлгохгүй байна. Ийм байдлаар Шинэбаатар миний эсрэг зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа. Эхнэр Цэцэгдэлгэр нь бас сонссон гэж хэлдэг. Зодоон болоогүй учраас сонссон гэж хэлж намайг буруутай болгож харагдуулаад байгаа. Ганзоригийн хувьд мэдүүлэг нь зөрүүтэй байгаа. Ганзориг мэдүүлэхдээ би хөөгдөөд явсан гэсэн. Дараа нь би буцаад Шинэбаатарын гэрийн тэнд явж байхад Арсланбаатар, Шинэбаатар хоёрын гэрийн хооронд нэг хүн хэвтэж байсан, тэр хүн нь Далайхүү байсан гэж мэдүүлдэг. Тэгээд дараа нь Далайхүү биш Отгонбаатар байсан байна лээ гэж хэлдэг. Ням намайг явснаас хойш Шинэбаатар, Отгонбаатар, Ганзориг гурвыг хашааны гадаа байсныг нотолдог. Гэрчийн мэдүүлэг маш их зөрүүтэй байна. Шинжээч эмчийн мэдүүлэгт тонгорч унагахад үүсэхийг үгүйсгэхгүй гэж байсан. Би байцаагчийг тулгаж асуусан гэж бодож байна. Үгүйсгэхгүй гэдэг үгийг учир дутагдалтай гэж бодож байна. Би шинжээчийг тодорхой мэдүүлэг өгөх ёстой байх гэж

боддог. Байцаагч асуухдаа тонгорч унагахад энэ гэмтэл үүсэх үү? гэж хөтөлж асуусан. Далайхүү намайг тонгорч унагасныг хэн ч мэдүүлээгүй, нотлоогүй. Намайг Далайхүү тонгорч унагасан гэдгийг Насанхутаг бид хоёр хэлдэг. Далайхүү намайг хоёр удаа тонгорч унагасан. Тэгэхэд би Далайхүүг тонгорч унагасан асуудал байхгүй байхад зохиомол зүйл бий болсон. Хохирогч Далайхүү ганцаараа тодорхой, тогтвортой мэдүүлэг өгдөг. Мөрдөн байцаалтын шатанд 4-5 удаа мэдүүлэг өгсөн. 2013 оны 09 сарын 26-нд болсон анхан шатны шүүх хурал дээр өөрийн биеэр ирж би хашааны хаалга олохгүй хашаа давж байгаад хашаан дээрээс унасан, унасан нь үнэн гэж хохирогч хэлсэн. Мөн Улсын Дээд шүүхэд хүртэл хүсэлт явуулсан байдаг. Би өөрөө хашаан дээрээс унасан нь үнэн, Галтад ямар ч хамаагүй гэж хэлсэн. Одоо хүртэл Далайхүү энэ мэдүүлгээ өгдөг. Энэ хэрэгт хэн нэгэн буруутай, би гомдол саналтай, мөнгө нэхэмжилнэ гэж нэг ч удаа хэлээгүй. Наашаа түргэнээр явж байхдаа Уртнасан эмчид би хашаан дээрээс уначихлаа гэж хэлсэн. Дөнгөж эмнэлэгт ирээд байхад нь Батзаяа эмч юу болсон талаар асуухад би өөрөө хашаан дээрээс унасан гэсэн. Энэ талаар бичсэн тэмдэглэл хавтаст хэрэгт байдаг. Би Далайхүүгийн гэмтлийг намайг явснаас хойш авсан гэж бодож байна. Яагаад гэхээр намайг явахад Далайхүү явган суугаад араас бахираад байсан. Хавтаст хэргийн 9-р хуудсанд Отгонбаатарын өгсөн мэдүүлэгт намайг гэртээ ороод хэвтэж байхад Далайхүү ах, Ганзориг ах хоёр хашааны гадаа юм яриад байсан гэж мэдүүлдэг. Тэгэхээр намайг явснаас хойш Ганзориг, Далайхүү хоёр хашааны гадаа юм ярьсан байна. Далайхүү явган суугаад миний араас бахираад байсныг Насанхутаг, Отгонбаатар хоёр мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэнд ийм гэмтэл авсан хүн ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй гэсэн байдаг. Тэгэхэд Далайхүү намайг явахад явган суугаад араас бахираад, дараа нь Ганзоригтай юм яриад байсан байна. Шинэбаатарын мэдүүлэгт хашааны хаалганаас зүүн хойд зүгт 12 метрийн зайтай байсан гэж мэдүүлдэг. Тэгэхэд Далайхүүгийн мэдүүлэгт намайг өглөө ухаан ороод харахад ойрхон модон хашаа харагдаж байсан, тэгэхэд би энэ хашаанаас уначихлаа гэж бодсон гэж хэлсэн. Шинэбаатарын өгсөн мэдүүлгээр  12 метрийн зайд байгаа хүн модон хашааг харах боломжгүй. Хүзүү нь гэмтсэн хүн өндийж хараад 12 метрийн зайд байгаа хашаанаас унасан байна гэж бодохгүй. Шинэбаатар хэргийн газар хэмжилт хийхэд буруу заасан. Яагаад гэхээр өөрөө тэр хүнээ өргөж оруулаад, ус уулгаад, буцааж авч гараад хаана тавьсан нь одоо  болтол тодорхойгүй байгаа. Шинэбаатар 12 метр, Ням 8 метр, Насанхутаг 6 метр, Уртнасан эмч 4 метр гэж хэлдэг. Энэ дөрвөн зайны аль нь үнэн бэ? гэдгийг тогтоогоогүй. Байцаагч хэмжилт хийхдээ Далайхүүгийн хэвтэж байсан газрын модон хашаанаас хийхгүйгээр урагшаа 4, 5 метрт байгаа хашааны хаалганаас зүүн хойшоо ташуу хэмжилт хийсэн. Хашааны хаалга ямар ч ач холбогдолгүй. Далайхүү хашаанаас унасан гэж хэлсэн болохоос биш

хаалганаас унасан гэж хэлээгүй. Гэтэл бүх хэмжилтыг хаалганаас хийсэн. Хэмжилтийг хашаанаас хийсэн зүйл байхгүй. Би хашаанаас хэмжилт хийх ёстой гэж бодож байна. Улсын Дээд шүүхээс хэргийн газрын үзлэг ойлгомжгүй, тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй байна гэдэг үндэслэлээр буцаасан юм гэв.

  

Гэрч Банзрагчийн Насанхутаг шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ: Тэр        өдөр 9 цаг өнгөрөөгөөд дүүгийндээ байж байхад Галт ирээд Шинээ гэдэг айлд очъё гээд хамт очсон. Тэгээд тэнд архи уугаад сууж байхад Ганзориг гэдэг согтуу хүн орж ирсэн. Тэднийхээс хөөгдөөд гарсан. Дараа нь Далайхүүг дагуулаад ирсэн. Далайхүү дүүгээ зодсон. Шинээ, Галт хоёр дундуур нь орж салгасан. Дүү Отгонбаатар нь эвхрээд газар хэвтэж байсан. Галт Шинээд очоод Отгоог гэр лүү гээ оруулаарай гэж хэлсэн. Тэгэхэд Отгоо боссон байсан.  Далайхүү чамаас болж дүүтэйгээ зодолдлоо гээд Галтыг газарт унагаасан. Дахин барилцалдсан. Яаж унагасныг мэдэхгүй байна, тухайн үед харанхуй байсан. Далайхүү нь Ганзоригтой хамт явган суугаад “Галтаа хүрээд ир, чамайг алнаа” гэж байсан. Тэгэхэд Галт маргааш чамтай эрүүл үед чинь уулзнаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр явсан. Гэрт Далайхүү Отгонбаатартай зодолдоод Шинэбаатар, Галт хоёр салгасан. Галтыг унагаад хоолойг нь боосон. Дахин зууралдаад хоёулаа хамт газарт унасан. Галт доор нь унасан. Галтыг явах гээд зогсож байхад хойноос гүйж ирээд араас нь зууралдаад газарт унасан. Намайг очиход Галт дээр нь байсан. Галт Шинээд очоод Отгоог гэр лүү гээ оруулаарай гэж хэлсэн. Тэгэхэд Отгоо боссон байсан. Тэгэхэд Галтыг унагаасан болов уу гэж бодсон. Би Галтаа болиочээ гэж хэлээгүй, Далайхүү болиочээ гэж хэлсэн гэв.

 

Гэрч Улаанхүүгийн Уртнасан шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ: 2013 оны 07-р сарын 10-ны өглөө хүн ирээд дуудлага өгье гэсэн. Шинэбаатар ирээд Далайхүү ах хашааны тэнд хөдөлгөөнгүй хэвтэж байна гэсэн. Тэгээд газар дээр нь очиход Далайхүү ах хашааны тэнд хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хашааны зүүн талд дээшээ харсан, осголтын байдалтай, нүүрэнд нь хөхрөлт, хавдсан байдалтай амнаас нь архи үнэртэж байсан. Анхны үзлэг хийж байхдаа гадны нөлөөтэй байж магадгүй гээд цагдаа дууд гэсэн. Тэгээд дусал хийхээр хашаанаас зүүх гэхэд хүрэхгүй байсан. Тэгээд Отгонбаатарт барьж бай гээд дуслаа өгөхөд юу ч дуугарахгүй чимээгүй суугаад байсан. Тэгж байтал гурван цагдаа ирсэн. Цагдаад ийм байдалтай байна гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаа нар хүнээ аваад явж болно гэсэн. Тэгээд Далайхүү ахыг аймгийн эмнэлэг рүү авч явсан. Явах замдаа Далайхүү ахаас юу болсон талаар асуухад ах нь юмнаас унасан юм шиг байна гэж хэлж байсан гэв.

 

               Гэрч Болдбаатарын Шинэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ: Тэр орой Отгонбаатар, Галт нар манайд орж ирээд ганц шил архи ууя гэсэн. Тэгээд би хойд байшинд орж ууя гэсэн. Тэгээд архиа уугаад сууж байхад Зоригоо /Ганзориг/  орж ирсэн. Нэг хундага уугаад гарсан. Удалгүй Далайхүү орж ирээд Отгонбаатартай маргалдаад хоёулаа хэрэлдээд байсан. Далайхүү манай дүүтэй архи уулаа гээд Галт руу дайрсан. Галтыг боогоод унагасан. Отгонбаатар ах руугаа дайраад арай гэж салгасан. Тэгж байтал авгай орж ирсэн ба Отгонбаатар ахтайгаа уулзаад учраа олъё гээд аваад гарсан. Тэгээд бид үлдэгдэл архиа уугаад гарсан. Гараад байж байтал Далайхүү муухай бахираад Галтаас болоод дүүгээ цохичихлоо гээд бахираад байсан. Тэгээд зүүн тийшээ очтол Отгонбаатар айлын хашаан дотор хэвтэж байхаар нь босгох гэтэл босохгүй байсан. Хашааны гадаа Далайхүү, Галт хоёр зодолдоод байсан.Тэгтэл эмэгтэй хүн бахирсан. Галт энэ хүүхэн хоёр ирсэн. Арай гэж гайгүй болоод энэ хоёр явсан. Нэг нь нэгийгээ цохиж байгаа юм шиг түс гэж дуугарч байсан. Галт, Далайхүү хоёрыг зодолдсоныг хараагүй. Хүүхэн Галтаа болиоч дээ гэж бахирахаар нь Галт Далайхүүг зодсон байх гэж бодсон. Манай хашааны зүүн хойш  3-4 метрт байсан гэв.

 

               Гэрч Пүрэвдоржийн Цэцэгдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ: Шинэбаатар орж ирэхдээ Галт, Далайхүүг зодчихлоо гэж хэлсэн. Гадаа Галтаа болиочээ гэж хашгирсан. Түс, тас гэсэн чимээ гарсан. Далайхүү ах Отгонбаатартай зодолдож ирээд Галт хаана байна гараад ир гээд байсан. Орж ирээд тэгж хэлэх нь хэлсэн гэв.

 

              Гэрч Арсланбаатарын Ням шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ: Зодоон болсон талаар мэдэхгүй. Хэзээ хойно гэрээсээ гарсан. Хоёр хүн байхаар нь очиход Шинэбаатар ах, Отгонбаатар ах хоёр  байсан. Нэг нь хэвтсэн, нэг нь босоо байсан. Яасан бэ? гэхэд Отгонбаатар ах зүрх нь зогсох гээд байна арай гайгүй болоод гээд Шинэбаатар ах Отгонбаатар ахыг аваад явсан. Тэгээд би гэртээ ороод унтсан гэв.

 

             Гэрч Мангалжавын Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ өгсөн мэдүүлэгтээ: Би архи ууж байгаад Шинэбаатарынд орсон. Тэгээд тэднийхээс хөөгдөөд гарсан. Гэртээ хариад унтсан. Өөр мэдэх зүйл байхгүй гэв.

 

   Шинжээч эмч Н.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлэгтээ: Шинжээчийн 610 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг авсны дараа хохирогч Э.Далайхүү нь явах, хүнтэй ноцолдох, зодолдох хөдөлгөөнийг хийх боломжгүй юм"  гэв.

 

 Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/

 Хураан авах тогтоол /хх-ийн 12/

 Хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14/

 Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16/

 Хохирогчийг байцаасан тэмдэглэл / хх-ийн 18-21/

   Өвчний түүх /хх-ийн 49-61/

   Хохирогч Э.Далайхүүгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 114-150, 162-165/

   Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156/

   Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 151/

   Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 352-374/

    

                Шинжээчийн 2013 оны 8 сарын 05-ны өдрийн 610 тоот дүгнэлтэнд

  1. Э.Далайхүүгийн биед С4, С5, С6-р нугаламын хугарал, нугасны дарагдал,

хамрын ясны хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг

хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар тогтоогдсон

С4, С5, С6-р нугаламын хугарал, нугасны дарагдал гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хамрын ясны хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид   эрүүл  мэнд  энгийн  хөдөлмөрийн   чадварын   тогтонги    алдалтанд

нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна./хх-ийн 46/ зэрэг нотлох баримтууд  болно.       

 

      Шүүгдэгч Ганжаргалын Галт нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны шөнө согтуурсан үедээ Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Цагаан дэрсийн 2-13 тоот хашааны зүүн хойд талд хувийн сэдэлтээр хохирогч Э.Далайхүүг зодож бие махбодид нь С4, С5, С6 дугаар нугаламын хугарал, нугасны дарагдал бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Б.Насанхутаг, У.Уртнасан, Б.Шинэбаатар, П.Цэцэгдэлгэр, А.Ням,  М.Ганзориг нарын өгсөн мэдүүлгүүд болон  гэрч М.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн "… Зүүн тийш алхаж байхад Шинэбаатарын зүүн талын торон хашаатай айлын хашаан дотор нь гэрийнх нь урд талд нэг хүн дээшээ хараад хэвтэж байхаар нь Далайхүүг юм байна гэж бодоод гарнаас нь бос гэж татахад босохгүй байсан" гэх мэдүүлэг  /хх-ийн 27/, гэрч Б.Насанхутагийн мөрдөн байцаалтанд өгсөн Би "хүн аллаа" гэж бахирахад

Далайхүү босоод хойшоо гүйсэн, Галт босоод араас нь хөөх гэснээ болиод Далайхүү "чамтай маргааш уулзанаа" гээд мотоцикл руугаа явж байтал Далайхүү хойноос нь гүйж ирээд дахин тэр хоёр барьцалдаж ноцолдож байгаад Галт Далайхүүг унагаасан. Далайхүү доор нь толгойгоороо ар дагз хэсгээрээ ойчсон. Хамгийн сүүлд Зоригоотой хамт тэр унасан газраа явган суугаад байж байхыг харсан" гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,  гэрч Б.Шинэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн "…Би Отгонбаатарын цээжин дээр нь дарж иллэг хийж байхад Галт, Далайхүү хоёр манай гэрийн зүүн талд зодолдоод байгаа бололтой түс, тас хийх чимээ гараад Галтын найз эмэгтэй нь "болиоч ээ" гээд муухай бахираад байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 39/, гэрч П.Цэцэгдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн "…Би тэднийг гаргаад эсгий гэртээ ороод байж байхад Далайхүү хамраас нь цус гарч, гар нь цус болчихсон "Галт хаана байна" гээд манайд орж ирснээ гараад явсан. Би орондоо ороод хэвтэж байхад хашааны зүүн талд түс, тас хийх чимээ гараад хүмүүс зодолдоод эхэлсэн. Галттай хамт явсан эмэгтэй болиоч ээ гээд нилээд хэд хэдэн удаа орилсон" гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, Шинжээчийн 610 тоот дүгнэлтэд: "…Э.Далайхүүгийн биед С4, С5, С6-р нугаламын хугарал, нугасны дарагдал, хамрын ясны хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 46/, Шинжээч эмч Н.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн "… Шинжээчийн 610 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг авсны дараа хохирогч Э.Далайхүү нь явах, хүнтэй ноцолдох, зодолдох хөдөлгөөнийг хийх боломжгүй юм" гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/,  хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/, өвчний түүх /хх-ийн 49-61/, хохирогч Э.Далайхүүгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 114-150, 162-165/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 352-374/ зэрэг  нотлох баримтуудаар  Г.Галтын үйлдсэн хэрэг нь батлагдан тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн  байна гэж үзэв.

 

     Шүүгдэгч Г.Галтад Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь  тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

     Шүүгдэгч Г.Галт, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь  шүүхийн хэлэлцүүлэгт "Хохирогч Э.Далайхүүд хүнд гэмтэл учруулаагүй, түүнийг зодсон нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү" гэж мэтгэлцэв.

 

     Хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайлбал: гэрч М.Ганзориг, Б.Насанхутаг Б.Шинэбаатар, П.Цэцэгдэлгэр, шинжээч эмч Н.Уянга нарын мэдүүлэг, шинжээч эмчийн гаргасан 610 тоот дүгнэлт, хэргийн газарт нөхөн  үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 352-374/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Галт нь хохирогч Э.Далайхүүд хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

       Хохирогч Э.Далайхүүгийн эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд нэхэмжилсэн 5000000 төгрөгнөөс шүүгдэгч Г.Галт нь мөрдөн байцаалтын шатанд 3500000 төгрөгийг төлсөн бөгөөд  хохирогч Э.Далайхүү нь үлдэгдэл хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Галтыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

      

     Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Галтын ЖБ79080872 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны Цагдан хорих байранд  хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

     Шүүгдэгч Г.Галтын 2013 оны 7 дугаар сарын  11-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 33  хоног, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 06-р сарын 03-ны өдрийг хүртэл  цагдан хоригдсон  152 хоног нийт 185 /нэг зуун наян тав/ хоногийг  түүний  ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

     Шүүгдэгч Г.Галт нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

     Шүүгдэгч Г.Галт  нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж,  ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

     Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294, 295, 296,297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Иөншөөбүү овогт Ганжаргалын Галтыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

    

     2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ганжаргалын Галтыг  3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар  хорьж шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Галтад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Г.Галтын  2013 оны 7 дугаар сарын  11-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33 хоног, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 06-р сарын 03-ны өдрийг  хүртэл цагдан хоригдсон 152 хоног нийт 185 /нэг зуун наян тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

     5.  Ялтан Г.Галт нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрт хохирогч Э.Далайхүүд 3500000 төгрөгийг төлсөн ба, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

     6.  Энэ хэрэгт ялтны эд хөрөнгө битүүмжлэгдэж  болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

 

     7. Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Г.Галтын ЖБ79080872 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим  үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.  

 

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлийн 229.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Галтад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр  шүүхэд ялтан  түүний өмгөөлөгч, хохирогч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

      10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Галтад  авсан цагдан хорих  таслан сэргийлэх  арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ                            Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                                     ШҮҮГЧИД                            Ж.ДОЛГОРМАА

 

                                                                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ

                                    

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.