Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-02-04
Дугаар 33
Хэргийн индекс 192/2014/0033/Э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч У.Гантөмөр
Зүйл хэсэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

                                               Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Ү.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Ганбилэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Иргэдийн төлөөлөгч Л.Цагаан                

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч Т.Хүрэлхүү

Шүүгдэгч У.Гантөмөр нарыг  оролцуулан

 

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онгууд овогт Улаанхүүгийн Гантөмөрт  холбогдох эрүүгийн 201411000602 дугаартай хэргийг  2015 оны 01-р  сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, 1961 оны 01 сарын 02-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Дан байрны 5-1  тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа   шагналгүй, ял  шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,  хэрэг  хариуцах  чадвартай Онгууд овогт Улаанхүүгийн Гантөмөр /РД: ЖЭ 61010270/

 

 Шүүгдэгч Онгууд овогт Улаанхүүгийн Гантөмөр нь  2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг, Дан байрны  5-1 тоотод  иргэн

Т.Хүрэлхүүтэй  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хувийн сэдэлтээр архины шилээр толгойн тус газарт цохиж  бие махбодид нь хүнд зэргийн  гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Улаанхүүгийн Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Арсланбаатар, Пүрвээ хоёр нэг шил архитай манайд ирсэн. Бид гурав тэр архийг уугаад сууж байхад Батзоригт орж ирсэн. Архиа дуусаад Арсланбаатар, Пүрвээ хоёр өмнө нь надаар хуйхлуулсан үхрийн шийрээ гэртээ тавина гээд аваад явсан. Тэгээд Арсланбаатар, Пүрвээ хоёр дахиж манайд ирэхдээ Энхбаатар, Хүрэлхүү хоёрыг дагуулаад дөрвүүлээ болоод ирсэн. Тэд нэг шил архитай ирсэн. Тэр архийг ууж байхдаа хоорондоо маргалдаад муудсан. Хүрэлхүү намайг та надтай хамт явахдаа надад гай болсон гээд маргалдсан. Тэр нь надад эвгүй санагдаад архины шил аваад Хүрэлхүүг цохьсон. Би Хүрэлхүүгийн эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгч бүрэн барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг ч төлж барагдуулна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Төмөрийн Хүрэлхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  Энэ асуудал архинаас болсон. Миний хувьд толгойны хагалгаа хийлгэсэн. Одоо 6-р сард нөхөн сэргэлтийн хагалгаанд дахин орно. Хагалгаанд орох хүртэл хүнд ажил хийж болохгүй гэж эмч хэлсэн. Одоогоор биеийн байдал гайгүй байгаа. Эм уугаад, тариа хийлгээд явж байгаа. Хаглгаанд ортол курс эмчилгээ хийлгэж байгаа. Гантөмөр ах миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа эм, тарианы мөнгийг Гантөмөр ах өгч байгаа. Дараа 6-р сард хагалгаанд орох эмчилгээний зардлыг гаргуулна. Эмч хагалгаа хийлгэхэд 2 сая орчим төгрөг гарах байх гэж хэлсэн. Одоогоор баримттай нэхэмжилсэн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Гантөмөр ахын нас, ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгөөч гэж хүсч байна гэжээ.

 

            Хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-08/

 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 15/

 Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 16/

 

 Гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 17/

 Хохирогч Т.Хүрэлхүүг байцаасан тэмдэглэл / хх-ийн 19-20/

 Гэрч Н.Батзоригтын мэдүүлэг /хх-ийн 29/

 Гэрч Л.Арсланбаатарын мэдүүлэг /хх-ийн 33/

Гэрч Т.Пүрэвийн мэдүүлэг /хх-ийн 35/

   Өвчний түүх /хх-ийн 55-63/

   Хохирогч Т.Хүрэлхүүгийн эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 87-91/

   Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

   Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 65/

   Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн шүүгдэгч У.Гантөмөрийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон Засаг даргын тодорхойлолт

     Улаанбаатар Төмөр замын Баян түмэн тасгийн тодорхойлолт

     Хохирогч Т.Хүрэлхүүгийн шүүхэд гаргасан тодорхойлолт

 

                  Шинжээчийн 2014 оны 12 сарын 08-ны өдрийн 878 тоот дүгнэлтэнд

1.Т.Хүрэлхүүгийн биед баруун тал бөмбөлөгийн дух, чамархайн хэсгийн хатуу

хальсны доорх цусан хураа, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хэвлийн урд хананы хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхтогтоогдсон  гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн  байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар баруун тал

бөмбөлөгийн дух, чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай  тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар  зүүн нүдний  зөөлөн эдийн няцрал, хэвлийн урд хананы хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.             

4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд

нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна./хх-ийн 43/ зэрэг нотлох баримтууд  болно.       

 

      Шүүгдэгч Онгууд овогт Улаанхүүгийн Гантөмөр нь  2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг, Дан байрны 5-1 тоотод  иргэн Т.Хүрэлхүүтэй  хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хувийн сэдэлтээр архины шилээр толгойн тус газарт цохиж бие махбодид нь баруун тал бөмбөлөгийн дух, чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа бүхий хүнд зэргийн  гэмтэл санаатай учруулсан   гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Хүрэлхүүгийн

мэдүүлэг, гэрч  Н.Батзоригтын  мөрдөн байцаалтанд өгсөн "… Хүрэлхүү, Гантөмөр хоёр хил рүү хамт явсан талаар ярьж байгаад маргалдаж эхлээд хоорондоо зодолдож байгаад Гантөмөр ууж байсан архины шил бариад Хүрэлхүүгийн тогой руу цохиход шил нь хагарсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 29/, гэрч Л.Арсланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Хүрэлхүү нэлээд согтсон Гантөмөрт хандан хил цуг явахдаа надад гай болсон гээд ярьж байгаад гэнэт пийшингийн зүүн талд зууралдаад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33/, хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-08/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 15/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-ийн 16/, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 17/,  Шинжээчийн 2014 оны 12 сарын 08-ны өдрийн 878 тоот дүгнэлтэнд Т.Хүрэлхүүгийн биед баруун тал бөмбөлөгийн дух, чамархайн хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, хэвлийн урд хананы хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар  У.Гантөмөрийн үйлдсэн хэрэг нь батлагдан тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн  байна гэж үзэв.

     Шүүгдэгч У.Гантөмөрт Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж түүнийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

     Шүүгдэгч У.Гантөмөрийн  өмгөөлөгч Д.Урансувд  нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.

 

       Хохирогч Т.Хүрэлхүүгийн эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд нэхэмжилсэн 1497500 төгрөгийг шүүгдэгч У.Гантөмөр нь мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлсөн бөгөөд  хохирогч Т.Хүрэлхүү нь дахин мэс засалд ороход гарах эмчилгээний зардлаа мэс засал хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй тул  шүүгдэгч У.Гантөмөрийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

    

               Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ерөөл архины шилний хагархай, шар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг  устгаж, шүүгдэгчийн өмчлөлийн Хэрлэн сумын 6 дүгээр баг, Дан байрны 5-1  тоотод байрлалтай, 1175 м2 хэмжээтэй, 0614004975 дугаарын гэрчилгээтэй газрыг

   битүүмжилсэн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө

битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, түүний  РД: ЖЭ 61010270  регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны Цагдан хорих байранд  хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

      Шүүгдэгч У.Гантөмөр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

     Шүүгдэгч У.Гантөмөрийн  өмгөөлөгч Д.Урансувд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Гантөмөр нь ганц бие эцэг тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.         Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д “... 3 хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно” гэж заасан ба шүүгдэгч У.Гантөмөр нь ам бүл 1 ганцаараа амьдардаг гэсэн нь  дээрх зүйлийн зохицуулалтанд хамаарахгүй байна.

 

     Шүүгдэгч У.Гантөмөр   нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж,  ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 294, 295, 296,297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч  Онгууд овогт  Улаанхүүгийн Гантөмөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

    

     2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар

шүүгдэгч Улаанхүүгийн Гантөмөрийг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялаар  хорьж шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан У.Гантөмөрт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

 

     4.  Ялтан У.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

     5.  Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ерөөл архины шилний хагархай, шар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг тус тус устгасугай.

 

     6.  Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ялтан У.Гантөмөрийн өмчлөлийн Хэрлэн сумын 6 дүгээр баг, Дан байрны 5-1  тоотод байрлалтай, 1175 м2 хэмжээтэй, 0614004975 дугаарын гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн 2014 оны 12 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

     7. Хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан У.Гантөмөрийн ЖЭ 61010270 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.  

 

     8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлийн 229.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан У.Гантөмөрт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

     9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр  шүүхэд ялтан  түүний өмгөөлөгч, хохирогч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар

шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл ялтан У.Гантөмөрт авсан цагдан хорих  таслан сэргийлэх  арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                             ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

                               ШҮҮГЧИД                                С.ГАНЧИМЭГ

 

                                                                                      Ү.ОДГЭРЭЛ

                                    

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.