Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-01-29
Дугаар 27
Хэргийн индекс 192/2014/0027/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Ичинхорол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

      

 

 

 

 

 

                                                      

        

 

                 

                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны  А танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Ганбилэг

Улсын яллагч  Б.Ичинхорол

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч З.Батзориг

Шүүгдэгч  Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн  нарыг оролцуулан   

 

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Батжаргалын Бат-Эрдэнэ, Цагаангууд овогт Базарын Билгүүн  нарт  холбогдох эрүүгийн 201411000506 дугаартай хэргийг  2015 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун сумын харъяат, 1990 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Баяндун сум, 4-р багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавъяа шагналгүй, 2012 онд Дорнод аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг  хариуцах  чадвартай Цагаангууд овогт Батжаргалын Бат-Эрдэнэ  / РД: ЖА 90081771/

 

Монгол Улсын иргэн, Дорнод  аймгийн  Баяндун сумын харъяат, 1990 оны 05 сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын  хамт амьдардаг, Дорнод аймгийн Баяндун сумын 6-р багийн Голын цагаан гэх газар нутагладаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял  шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн,  хэрэг  хариуцах  чадвартай  Цагаангууд овогт Базарын Билгүүн  / РД: ЖА 90050877/

 

Шүүгдэгч  Батжаргалын Бат-Эрдэнэ  нь давтан үйлдлээр Б.Билгүүнтэй  бүлэглэн,  2014 оны 08-р сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3-р багийн нутаг Адуунчулуун гэх газраас тээврийн хэрэгсэл хэрэглэн иргэн З.Батзоригийн 1 тооны адууг хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Шүүгдэгч Базарын Билгүүн  нь Б.Бат-Эрдэнэтэй  бүлэглэн  2014 оны 08-р сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3-р багийн нутаг Адуунчулуун гэх газраас тээврийн хэрэгсэл хэрэглэн иргэн З.Батзоригийн 1 тооны адууг хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч  Батжаргалын Бат-Эрдэнэ  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Билгүүн надад хэдэн төгрөг өгөх ёстой байсан. Билгүүн бид хоёр хамт мотоцикльтой явж байхад Батзоригийн адуу замд тааралдсан. Тэгээд Билгүүн би Батзоригоос нэг адууны авлагатай юм, мөнгөнийхөө оронд энэ адууг өгье гээд нэг шарга адуу барьж өгсөн. Би тэр адууг нь Ганбатын малын хашаанд оруулж тушиж  байгаад дараа нь хүнд 40 шургаагаар зарсан. Хүнд зарсны дараа хулгайн адуу гэдгийг мэдсэн гэв.

 

Шүүгдэгч  Базарын Билгүүн  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би Батзориг гэдэг хүнээс адууны авлагатай байсан юм. Өөрт нь хэлэлгүй авсан нь үнэн. Бат-Эрдэнэ бид хоёр хамт явж байгаад адуун дээр нь очоод айлын малын хашаа хүртэл тууж яваад хашаанд хашиж байгаад барьсан. Өөрт нь утсаар ярьж хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Бат-Эрдэнэд хэдэн төгрөгний өглөгтэй байсан. Тэгээд цуг явж байгаад шарга адууг барьж өгсөн. Бат-Эрдэнэ уг адууг цааш нь хүнд зарсан. Би Батзоригд адууны оронд нэг адуу өгч хохирогүй болгосон гэв.

 

Хохирогч Зоригтбаатарын Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү Билгүүнд нэг адууны өртэй байсан. Билгүүн энэ хоёрыг манай адуунаас адуу авсан гэдгийг адуу алдсаны  5-6 хоногийн дараа хэсгийн төлөөлөгч надад хэлсэн. Билгүүн адуу авах үедээ надтай ярих гээд чадаагүй гэсэн. Би тэр үед хадлан дээр хэд хоног байсан. Дараа нь Билгүүн надад хэлсэн. Манай дүү Билгүүнд нэг адууны өртэй байсан юм. Тэгээд би Билгүүнд нэг адуу өгнө гэж  хэлж  байсан. Билгүүн надад нэг адуу өгсөн учир одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Гэрч Ж.Батдоржийн мэдүүлэг /хх-ийн 36-37/

Гэрч Г.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 39-42/

Гэрч Ц.Хүрэлчулууны мэдүүлэг /хх-ийн 44/

Гэрч Р.Базарын мэдүүлэг /хх-ийн 55/

Гэрч Э.Мөнхбаяр мэдүүлэг /хх-ийн 54/

Хураан авах тогтоол /хх-ийн 8

Хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9

               Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 10, 13, 17,20,27,

   Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 11, 14, 18, 21, 28,

               Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16, 19, 32, 99/

               Гэрэл зургийн үзүүлэлтүүд /  хх-ийн 12,15,22, 23,24,26, 30,31,

               Мал, амьтдын жишиг дундаж үнэ /хх-ийн 78/

               Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81, 87/

               Дорнод аймгийн Баяндун сумын 2-р багийн Засаг даргын шүүгдэгч Б.Билгүүний ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 79/

               Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн Засаг даргын шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон  тодорхойлолт /хх-ийн 80/  зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч  Батжаргалын Бат-Эрдэнэ  нь давтан үйлдлээр шүүгдэгч  Б.Билгүүнтэй  бүлэглэн,  2014 оны 08-р сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3-р багийн нутаг Адуунчулуун гэх газраас тээврийн хэрэгсэл хэрэглэн хохирогч З.Батзоригийн 1 тооны адууг хулгайлж, 1000000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Базарын Билгүүн  нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнэтэй  бүлэглэн  2014 оны 08-р сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын 3-р багийн нутаг Адуунчулуун гэх газраас тээврийн хэрэгсэл хэрэглэн хохирогч З.Батзоригийн 1 тооны адууг хулгайлж, 1000000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Батзоригийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон гэрч Ж.Батдоржийн “... Ганбатын малын саравчин дотор нь шарга зүсмийн, им тамгагүй морь суран хазаартай, урд хоёр хөлийг нь жолоогоор нь тушиж, гол хэсгийг нь төмөр утсаар хэрж орхисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч Г.Ганбатын “... Билгүүн, Бат-Эрдэнэ нар ярихдаа танай хашаанд шарга морь уясан байгаа

шүү, бид хоёр шарга морь танай хашаанд уяад, танай гэр цоожтой байхаар нь гэрт чинь хоноод гарсан шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,  гэрч Ц.Хүрэлчулууны “... 2014 оны 08-р сарын сүүлээр Бат-Эрдэнэ над руу утсаар залгаад 40 ширхэг шонгийн модны хэрэг байна, чи 40 ширхэг шонгийн мод аваад ир найз нь чамд оронд нь нэг адуу өгье гэсэн. Ингээд Бат-Эрдэнийн хашаанд 40 ширхэг модоо буулгаад байж байхад Бат-Эрдэнэ ганцаараа ирсэн. Сумын урд талд нөгөө адуу чинь явахгүй болохоор нь орхиод ирлээ машинтай очиж ачъя гэсэн. Тэгээд Дондог, Бат-Эрдэнэ бид гурав машинтай сумаас урагш 10 орчим километр явахад хөдөө шарга зүсмийн, тамгагүй морь тушаатай байж байсан, тэр морийг ачаад Дондог бид хоёр Баян-Уул сум руу явсан” гэх мэдүүлэг / хх-ийн 44/ болон хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мал, амьтдын жишиг дундаж үнэ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байгаа  болно.

 

 Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хувьд оногдох эд хөрөнгө болох 700000 төгрөгний үнэ бүхий, жинсонг маркийн, 2 хаалгатай хөргөгч, шүүгдэгч Б.Билгүүний хувьд оногдох эд хөрөнгө болох 800000 төгрөгний үнэ бүхий нас гүйцсэн улаан зүсмийн морь зэргийг  хурааж, нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн учир эдгээр эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

    Шүүгдэгч  Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр  үйлдэж бусдад 1000000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

   Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.

   Шүүгдэгч  Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ  хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоцикль нь  иргэн Р.Базарын эзэмшлийн мотоцикль мөн болох нь гэрч Р.Базарын “2014 оны 07-р сарын 20-доор Баяндун сумын ХААН банкнаас улаан өнгийн Даюун-150 маркийн мотоцикль нэг жилийн хугацаатай банкны лизингээр авсан. Дээрх мотоцикль миний өөрийн эзэмшлийнх байгаа юм” /хх-ийн 55/ гэх  мэдүүлгээр

нотлогдож байх тул түүнийг эзэмшигчид нь буцаан олгож уг мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг,  иргэн  Х.Номинчулууны  эзэмшлээс хураан авсан 9 ширхэг шинэс шонгийн мод, шүүгдэгч

Б.Бат-Эрдэнийн эзэмшлээс хураан авсан 11 ширхэг шинэс шонгийн модыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болох нь зүйтэй байна.

 

    Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Билгүүн нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

 

 Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, шүүгдэгч нарын хувийн зан байдал зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуудах үндэслэлтэй гэж үзэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Шүүгдэгч Цагаангууд овогт Батжаргалын Бат-Эрдэнийг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан, шүүгдэгч Цагаангууд овогт Базарын Билгүүнийг  бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд   тус тус тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Батжаргалын Бат-Эрдэнийг  хувьд оногдох эд хөрөнгөнөөс 700000 төгрөгний үнэ бүхий, жинсонг маркийн, хоёр хаалгатай хөргөгчийг хураах нэмэгдэл ял хэрэглэн  5 /тав/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч Базарын Билгүүнийг  хувьд оногдох эд хөрөнгөнөөс 800000 төгрөгний үнэ бүхий улаан зүсмийн нас гүйцсэн морийг хураах нэмэгдэл ял хэрэглэн  4 /дөрвөн/ сарын  хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар  ялтан Б.Бат-Эрдэнийн эдлэх  5 сарын баривчлах ялыг, ялтан Б.Билгүүний эдлэх 4 сарын баривчлах ялыг

нийгмээс тусгаарлан  тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.Ялтан Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, ялтан                 

Б.Бат-Эрдэнийн ЖА 90081771 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, ялтан Б.Билгүүний ЖА 90050877 тоот регистрийн дугаартай Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийг  Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан   Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн  нарын гэмт хэрэг үйлдэхдээ  хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг түүний   эзэмшигч Р.Базарт   буцаан олгосугай.

  

   7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.1-д зааснаар  ялтан Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 700000 төгрөгний үнэ бүхий, жинсонг маркийн, хоёр хаалгатай хөргөгчийг  битүүмжилсэн 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн,  ялтан Б.Билгүүний  эзэмшлийн 800000 төгрөгний үнэ бүхий,  улаан зүсмийн нас гүйцсэн  морийг битүүмжилсэн 2014 оны 12 сарын 05-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хэвээр үлдээж, иргэн Р.Базарын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улаан өнгийн, улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг битүүмжилсэн, иргэн  Х.Номинчулууны  эзэмшлээс хураан авсан 9 ширхэг шинэс шонгийн мод, ялтан Б.Бат-Эрдэнийн эзэмшлээс хураан авсан 11 ширхэг шинэс шонгийн модыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 12-р сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болосугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэрэглэн ял эдлэх хугацааг 2015 оны 01 лүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхэд ялтан, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн нарт авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

 

 

 

                                      

 

 

                                                                  

    

 

             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.