Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-11-10
Дугаар 1338
Хэргийн индекс 106/2014/0264/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч П.Булгандавга
Зүйл хэсэг 147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Н.Алтантүлхүүр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,  
Нарийн бичгийн дарга: О.Даваажаргал,
Улсын яллагч: Н.Алтантүлхүүр
Шүүгдэгч: П.Булгандавга, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Эрүүгийн хэргийн дугаар 2014260003584

 Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага шар овгийн Пүрэвдоржийн Булгандавгад холбогдох хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 
-урьд 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 20 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 
-2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж баривчлах ялд цагдан хоригдсон 95 хоногийг оруулан тооцож, 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 
-2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 19 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Бага шар овогт Пүрэвдоржийн Булгандавга /РД:ПБ89021978/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч П.Булгандавга урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 30-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Мөнхтуяагийн цүнхийг авах зорилгоор түүний амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх явцдаа хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгний үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч П.Булгандавга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэр рүүгээ харьж явах замд саравчнаас нэг эмэгтэй босоод зам гарах гэж байхад нь дагаж явж байгаад араас нь татаж цүнхийг нь булаасан нь үнэн. Харин толгой хэсэгт нь гар хүрсэн, цохьсон зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.Мөнхтуяагийн: “…2014 оны 07 дугаар сарын 29-ний орой гэр рүүгээ харих гээд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны хойгуур явган хүний гарцаар замын хойд талын гаран гараашын хажууд явж байхад араас үл таних нэг эрэгтэй залуу үсдэж дараад газарт унаган миний гар цүнхийг дээрэмдэхэд нь энгийн хувцастай хоёр залуу ирээд салган газар дээр нь барьж авсан. Энгийн хувцастай нь хоёр цагдаа байсан. Миний араас үсдэж дараад нэг удаа толгой руу цохих шиг болсон. Одоо миний толгой өвдөж байна. Би эмчилгээний зардалдаа 100.000 төгрөг хүлээн авсан. Хааяа толгой өвддөг санал хүсэлт байхгүй. Би цүнхээ тухайн үедээ бүрэн бүтэн хүлээн авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
 
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Төмөрхадуурын: “…орой 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт дуудлагад явж байхад үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн сэжиг бүхий байдлаар 23 дугаар байрны хажууд 40-45 орчим насны эмэгтэй хүний араас дагаад явж байсан. Тэгэхээр нь араас нь сэм дагасан бөгөөд өнөөх эмэгтэй 23 дугаар байрны ар талд байрлах авто замаар хөндлөн хойд зүгт гараад улаан тоосгон гараашийн хажуугаар хойш дэнж рүү өгсөхөд өнөөх сэжиг бүхий этгээд уг эмэгтэйг даган гараашны голоор орон өнөөх эмэгтэйг араас нь гараараа боогоод газарт унаган цүнхнээс нь зуурч байгаад тавиулах гээд толгой орчимд нь цохисон. Эмэгтэй хүн орилсон бөгөөд… тухайн гарааш руу очиход өнөөх залуу уг эмэгтэйн цүнхнээс татаж байсан… уг эмэгтэйг араас нь боож унагаагаад толгой руу нь гараараа 1 удаа цохиж, цүнхнээс нь татан авах гээд дээр нь гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11266 тоот акт дүгнэлтэд:
1. П.Мөнхтуяагийн биед тархи доргилт, тавхай, өвдөг, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26 дугаар хуудас/

Мөрдөн байцааалтын шатанд өгсөн яллагдагч П.Булгандагвын: “…2014 огщны 07 дугаар сарын 29-ний орой 00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харих гээд 23 дугаар байрны хажуугаар явж байсан. Тэгтэл байрны хажуу талын байрны саравчин дотор 30-40 орчим настай нэг эмэгтэй ганцаараа сууж байгаад босоод байрны хойд талын машин зам хөндлөн гарсан бөгөөд тэгэхээр нь би араас нь дагаж очоод цүнхийг нь булаах гээд таттал өнөөх эгч газарт унасан. Тэгтэл араас цагдаа ирээд намайг бариад авсан. Хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх байсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна… миний ярьсан бүхэн үнэн зөв” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 30-31 дүгээр хуудас/

2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч П.Булгандавга урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа шунахай сэдэлтээр 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 30-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Мөнхтуяагийн цүнхийг авах зорилгоор түүний амь биед нь аюултайгаар хүч хэрэглэх явцдаа хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгний үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч П.Мөнхтуяагийн мэдүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Төмөрхадуурын мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11266 тоот акт дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч П.Булгандагвын мэдүүлэг /хх-ийн 28-29, 30-31 дүгээр хуудас/, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд П.Булгандагвыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар

Шүүгдэгч П.Булгандагва нь хохирогч П.Мөнхтуяагийн эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн. Төлөх төлбөргүй болно. 


Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
       ТОГТООХ НЬ:
1. Бага шар овогт Пүрэвдоржийн Булгандавгыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар П.Булгандавгыг 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Булгандавгад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. П.Булгандавга цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. П.Булгандавгын бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.   

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах 10 дугаар шүүхэд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Булгандавгын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ТУЯАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.