Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-12-18
Дугаар 03-1566
Хэргийн индекс 171/2013/1738/И
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Давагийн Алтантуяа
Нэхэмжлэгч 1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ШШГГ-ын 131-р байрны 01 тоотод оршин суух, регистрийн дугаар МЙ86092401, Тогоруут овогт Авирмэдийн Гандиймаа 2. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн оюутны байранд багш нарын амьдрах зориулалттай байх болох 326 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦГ65011213, Боржигон овогт Хас-Очирын Батхүү
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулгад
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ШШГГ-ын 131-р байрны 01 тоотод оршин суух, регистрийн дугаар МЙ86092401, Тогоруут овогт Авирмэдийн Гандиймаа

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн оюутны байранд багш нарын амьдрах зориулалттай байх болох 326 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦГ65011213, Боржигон овогт Хас-Очирын Батхүү нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч : Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулгад холбогдох

цалингийн 20%-иар сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулсан тухай гомдлыг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батмөнх, нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тус сургуульд 4 дэх жилдээ, төрийн алба, боловсролын салбарт тасралтгүй 7 дахь жилдээ ажиллаж байна. 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс ШУТИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулга нь А.Гандиймаа намайг ямар ч үндэслэлгүйгээр шууд албан тушаал бууруулан сургалтын албаны менежерийн ажлаас оюутны байрны багшаар ажиллах саналыг тулган тавьж түр хугацаанд Оюутны байрны багшаар ажиллаж байх талаар аман хэлэлцээр хийж ажиллуулахаар болж, Оюутны байрны багшаар ажиллах тухай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Мөн сургалтын албаны дарга Д.Чадраабал нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Оюутны байрны багшаар ажиллах ажлын чиглэл болох Ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулан өгсөн. 
Х.Батхүү миний бие нь 2009 оноос тус сургуульд оюутны байрны багшаар ажиллаж байна. Боловсролын салбарт 30 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жил болох 2012-2013 оны хичээлийн жилд багш нартай байгуулсан Үр дүнгийн гэрээ -2012 гэрээг хамгаалуулах захирлын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А-44 тушаал гарсан тухай миний бие 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн. Үр дүнгийн гэрээ хамгаалуулах тухай тушаал гарсныг албаны дарга Д.Чадраабал хэлж танилцуулаагүй. 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өглөөний 09 цагт Оюутны байрны багш нар оюутны байранд шинээр оршин суух оюутанг хүлээн авч бүртгэх, өрөө тасалгаанд байршуулан хувиарлах, эд хогшил тараах, бүртгэл судалгаа хөтлөх гээд асар их ажлын ачаалалтай ажлын өдрүүд байсан. Ер нь боловсролын байгууллагын үйл ажиллагаа нь жил бүрийн 09 дүгээр сарын 01-нээс шинэ ажил эхлэн хичээлийн жилийн төгсгөлийн ажил нь 06 дугаар сарын 01-нээр дуусгавар болдог үйл явцтай байтал тухайн хичээлийн жилийн ажлаа хавар ажил дуусах үеэр хамгаалуулан дүгнэж цэгцэлдэг хэвшсэн ажил нь боловсролын аль ч байгууллагад тогтож хэвшсэн байтал 09 дүгээр сарын 01-нээс шинэ хичээлийн жил эхлээд ажлын ачаалалын үеэр, өнгөрсөн хичээлийн жилийн ажлаа дүгнэх шийдвэр гаргаж суудаг сургуулийн удирдлагууд нь тус ажлаа авснаас хойш ажлынхаа цаг хугацаа хувиарыг ойлгож мэддэггүй, үйл ажиллагаа ньь тогтож хэвшээгүй, удирдах ажлын туршлагагүйн нэг илрэлээ гэж гомдол бид бүхэн боловсролын байгууллагад ажилласан туршлагынхаа үүднээс энэ гомдолд дурьдаж байна. Оюутны байрны багш Х.Батхүү, А.Гандиймаа бид нар сургалтын албаны дарга Д.Чадраабалын хэлсэн хугацаа болох 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагт очиж 2012-2013 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайланг хамгаалан танилцуулсан. Ингээд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурал дээр Х.Батхүү, А.Гандиймаа бид хоёрт үндсэн цалингийн 20 хувиар шийтгэж байгаа тухай сургуулийн удирдлагаас огт хэлж мэдэгдээгүй. Огт байгуулаагүй гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, цаг хугацаанд нь бүтээгдэхүүн нийлүүлэх “Үр дүнгийн гэрээ-2012” гэх гэрээг хамгаалаагүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэлийг оногдуулсаныг хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй. 
Тус “Үр дүнгийн гэрээ-2012” гэх гэрээг Хөдөлмөрийн Яамны харъяа Уул уурхайн Эрчим хүчний Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулга нь 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Сайдын 561 дугаар тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл” нь батлагдсан Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны харъяа Цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай Үр дүнгийн гэрээг 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс байгуулан эхлэн мөрдүүлэхээр Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон сайдын тушаал байтал, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад огтхон ч хамааралгүй тушаалыг баримтлан багш, ажилтан, албан хаагч нартай ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээс нь тус ондоо асуудлуудыг бэлтгэн тусгасан “Үр дүнгийн гэрээ-2012” гэрээг 2012 оны 09 дүгээр сард Политехник коллежийн багш, ажилтнуудтай тус гэрээг байгуулж, тайланг хамгаалуулах тухай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр А-44 тушаал гаргаж багш, ажилтан, албан хаагчдыг шаардан дүгнэж сахилгын шийтгэлийн үндэслэл болгож шийдвэр гаргаж ажлын байранд сэтгэл зүйн дарамтыг үүсгэж байна. Иймд 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А-06 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Тус сургуулийн оюутны байрны багш Х.Батхүү нь удаа дараа сахилгын зөрчил гарган захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн тухай бүрт нь анхааруулж мөн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-68, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б-02 тоот тушаалуудаар тус тус сахилгын арга хэмжээ авагдаж байсан бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүй, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Багшийн ёс зүйн дүрмийг удаа дараа ноцтой зөрчиж оюутан сурагчдаас хууль бусаар мөнгө, шан харамж авах, ажлын цаг ашиглалт муу зэрэг байдлаар зөрчил дутагдал байнга гаргаж байсан. Өөрийн гэм бурууг ойлгож, энэ байдлаа засахын оронд сургуулиас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажлын тайлан төлөвлөгөөг хугацаанд нь хамгаалаагүй байдал нь энэ хүн цаашдаа ажилдаа тэнцэх эсэх эргэлзээтэй байна. 
Удирдлагаас тухай бүр нь анхааруулан ажлын тайлангаа хамгаалахыг шаардсан боловч гэм буруу, өмнөх алдаа зөрчлөө арилган ажиллахын оронд тайлан хамгаалах хугацаа хэтрүүлсэн байдал нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам / 8.5, 8.5.1, 8.5.3, шинэ 8.4.1, 8.3.5/-д заасныг зөрчсөн нь сахилгын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлтэй юм. 
Оюутны байрны багш Х.Батхүү нь урьд өмнө удаа дараа зөрчил дутагдал гарган нэг жилийн дотор анхааруулга, сахилгын арга хэмжээг олон удаа / 3-5/ авагдаж зөрчил дутагдлаа засахгүй байгаад нь хурлаар ажил мэргэжилдээ тэнцэх эсэх байдал яригдаж, амьдрал ахуйг харж үзэн үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээг сонгон сахилгын арга хэмжээ авсан. 
Оюутны байрны багш А.Гандиймаа нь бусадтай харилцах харилцаа, ёс зүйн хувьд доголдолтой, ажлын цаг ашиглалт муу, ажил хийдэггүй ажил тасалдаг, хурал зөвлөгөөн, шалгалтын үеэр ажлын байрандаа байдаггүй, хамт олны дунд сөрөг уур амьсгал бүрдүүлэн хэрүүл хийх, удирдлагаас ажил үүргийнх нь дагуу өгсөн үүрэг даалгавар, тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Ажлын төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардахад ажил хийхгүй, чаддаг юм бол ажлаас халчих гэдэг.
Энэ байдал нь удаа дараа анхааруулга өгч байсан боловч өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгодоггүй, тавьсан шаардлагыг хэрүүл, хов, жив болгон хамт олны уур амьсгалд сөрөг байдал бий болгодог байдал нь Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Багшийн ёс зүйн дүрэмийг зөрчиж байгаа юм. Удирдлагаас оюутны байрны багш А.Гандиймааг ажлын тайлангаа хамгаалахыг удаа дараа шаардсан боловч гэм буруу, өмнөх алдаа зөрчлөө арилган ажиллахын оронд тайлан хамгаалах хугацаа хэтрүүлэн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авах үндэслэлтэй.
Тайлан хамгаалахыг удаа дараа шаардсан боловч тайланг хугацаандаа хамгаалаагүй хоцроосон оюутаны байрны багш Х.Батхүү, А.Гандиймаа нарыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн өмнө нь удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаж байсан байдлыг харгалзан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-д заасан үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээг сонгон арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Батхүү, А.Гандиймаа нар нь Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулгад холбогдуулан цалингийн 20%-иар сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулсан захирлын 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А-06 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг гаргажээ.

Нэхэмжлэгч А.Гандиймаа нь 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс ШУТИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн Оюутны байрны багшаар ажиллаж байгаа бөгөөд тус сургуульд нийт 4 дэх жилдээ ажиллаж байгаа, нэхэмжлэгч Х.Батхүү нь 2009 оноос тус сургуульд Оюутны байрны багшаар тус тус Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дархан-Уул аймаг дахь уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2-т зааснаар тус сургуулийн захирлын багш, ажилтан нартай байгуулсан “Үр дүнгийн гэрээ-2012”, захирлын дэргэдэх зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Үр дүнгийн гэрээгээ хангалтгүй үнэлгээтэй хамгаалсан сүлжээний инженер А.Гэрэлмаа, багш Л.Пүрэвсүрэн, багш Н.Басхүү, үр дүнгийн гэрээгээ заасан хугацаанд хамгаалаагүй оюутны байрны багш А.Гандиймаа, Х.Батхүү нарын үндсэн цалинг тус бүр 1 сар 20 % бууруулж арга хэмжээ авсныг нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү нар эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү нар нь  2012-2013 оны хичээлийн жилд багш нартай байгуулсан Үр дүнгийн гэрээ -2012 гэрээг хамгаалуулах захирлын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А-44 тушаал гарсныг 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мэдсэн. Үр дүнгийн гэрээ хамгаалуулах тухай тушаал гарсныг албаны дарга Д.Чадраабал хэлж танилцуулаагүй. Огт байгуулаагүй гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, цаг хугацаанд нь бүтээгдэхүүн нийлүүлэх “Үр дүнгийн гэрээ-2012” гэх гэрээг хамгаалаагүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэлийг оногдуулсаныг хууль зүйн үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  Оюутны байрны багш Х.Батхүү нь урьд өмнө удаа дараа зөрчил дутагдал гарган нэг жилийн дотор анхааруулга, сахилгын арга хэмжээг олон удаа / 3-5/ авагдаж зөрчил дутагдлаа засахгүй байгаад нь хурлаар ажил мэргэжилдээ тэнцэх эсэх байдал яригдаж, амьдрал ахуйг харж үзэн үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээг сонгон сахилгын арга хэмжээ авсан. Оюутны байрны багш А.Гандиймаа нь бусадтай харилцах харилцаа, ёс зүйн хувьд доголдолтой, ажлын цаг ашиглалт муу, ажил хийдэггүй ажил тасалдаг, хурал зөвлөгөөн, шалгалтын үеэр ажлын байрандаа байдаггүй, хамт олны дунд сөрөг уур амьсгал бүрдүүлэн хэрүүл хийх, удирдлагаас ажил үүргийнх нь дагуу өгсөн үүрэг даалгавар, тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Ажлын төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардахад ажил хийхгүй, чаддаг юм бол ажлаас халчих гэдэг.
Энэ байдал нь удаа дараа анхааруулга өгч байсан боловч өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгодоггүй, тавьсан шаардлагыг хэрүүл, хов, жив болгон хамт олны уур амьсгалд сөрөг байдал бий болгодог байдал нь Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Багшийн ёс зүйн дүрэмийг зөрчиж байгаа юм. Удирдлагаас оюутны байрны багш А.Гандиймааг ажлын тайлангаа хамгаалахыг удаа дараа шаардсан боловч гэм буруу, өмнөх алдаа зөрчлөө арилган ажиллахын оронд тайлан хамгаалах хугацаа хэтрүүлэн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Х.Батхүү нь урьд өмнө удаа дараа зөрчил дутагдал гарган нэг жилийн дотор анхааруулга, сахилгын арга хэмжээг олон удаа авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн хуулийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д заасан сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин зөрчил гаргасан болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбар мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч А.Гандиймаад удирдлагаас оюутны байрны багш А.Гандиймааг ажлын тайлангаа хамгаалахыг удаа дараа шаардсан боловч гэм буруу, өмнөх алдаа зөрчлөө арилган ажиллахын оронд тайлан хамгаалах хугацаа хэтрүүлэн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар сахилгын шийтгэлийг оногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан оногдуулах бөгөөд шийтгэлийг шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй юм.

Нэхэмжлэгч А.Гандиймаа нь 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгууллагатай Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан гэтэл байгууллагаас гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбарт 12 сарын хугацаатай байгуулсан гэж байна гэж маргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар “байнгын ажлын байр”-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцоогүйгээс бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар “хугацаагүй” байна гэсэн байх тул талуудын байгуулсан гэрээг хугацаагүй байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү нар нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газарт сахилгын шийтгэл үндэслэлгүй оногдуулсан талаар гомдол гаргасан байх бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Энхжингийн дүгнэлтэнд …Ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулж үндсэн цалинг 20% бууруулах арга хэмжээ авах тухай Захирлын 2013 оны А-06 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан боловч ямар үндэслэлээр үндэслэлгүй гэж тооцож байгаа тухай дурьдаагүй, дүгнэлтийнхээ агуулгыг бичээгүй байх тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн сахилгын шийтгэлийн тухай дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна.

Иймд Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулгад холбогдуулан захирлын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулгын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-06 тоот Арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     


                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.