Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-03-27
Дугаар 2177
Хэргийн индекс 101/2015/03050/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Чойндонгийн Даваасүрэн
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
Хариуцагч “Иргэдийн буянд” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 57, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол, 99/б тоотод оршин байрлах “Иргэдийн буянд” ХХК-д  /РД:5241812/ холбогдох

 

Татварын өр 43.981.706 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

5241812 тоот регистрийн дугаартай “Иргэдийн буянд” ХХК нь 2008 оны 07 дүгээр сарын 24-ний өдөр ”Мод сав үйлдвэрлэл” чиглэлээр бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Тус компани нь НӨАТ-ын тайлангийн 23.857.845 төгрөгийн, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 20.123.862 төгрөгийн татварын өрийг 2012 оноос хойш хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй байна.

Хариуцсан татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт хуульд заасны дагуу татвар төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг гардуулж, гарын үсгийг зуруулж, 10 хоногийн дотор төлж барагдуулах талаар удаа дараа шаардпага тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд “Иргэдийн буянд” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар НӨАТ-ын тайлангийн 23.857.845 төгрөгийн, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 20.123.862 төгрөгийн татварын өрийг төлөөгүй байх тул Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалтыг үндэслэн татварын нийт 43.981.706 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

         Хариуцагч “Иргэдийн буянд” ХХК-ийн захирал Г.Баасанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

        Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжилсэн татварын өр 43.981.706 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулахыг хариуцагч “Иргэдийн буянд” ХХК-ийн захирал Г.Баасанжаргал би зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

        Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн  нэхэмжлэлтэй “Иргэдийн буянд” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэд татгалзах зүйлгүй гэжээ.                      

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Иргэдийн буянд” ХХК-д холбогдуулан татварын өр 43.981.706 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзэв.     

           

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь  татварын өр 43.981.706 төгрөгийг хариуцагч “Иргэдийн буянд” ХХК нь 2015 оны 05 дугаар  сарын 01-ний дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

          Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                 

                    ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

  1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй “Иргэдийн буянд” ХХК-д холбогдох татварын өр 43.981.706 төгрөгийг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, “Иргэдийн буянд” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Иргэдийн буянд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 188.929 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

3.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ч.ДАВААСҮРЭН

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.