Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-12-12
Дугаар 5934
Хэргийн индекс 101/2014/08050/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Чойндонгийн Даваасүрэн
Нэхэмжлэгч Ж.Баянжаргал
Хариуцагч “Орифлэйм Монгол” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр  шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-5-145а тоотод оршин суух, эмэгтэй, МО69021600 дугаар регистртэй, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Баянжаргалын  нэхэмжлэлтэй,

  

  Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол, 2 дугаар хороо Усны гудамж 2а-д байрлах “Орифлэйм Монгол” ХХК-д холбогдох 

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.167.834 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр,   хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг, нарийн бичгийн дарга Б.Насанбаяр  нар оролцов.

                                                                                              

          ТОДОРХОЙЛОХ нь:  

 

          Нэхэмжлэгч: шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Ж.Баянжаргал би “Орифлэйм Монгол” ХХК-д 2010 оны 11 дүгээр сард орчуулагчаар ажилд орсон. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ямар нэг байдлаар сахилгын шийтгэл авч байгаагүй. Миний ажлын үндсэн үүрэг нь англи, орос хэлнээс орчуулга хийх үүрэгтэй. 2014 оны 09 сарын 19-нд ажлаа хийж байтал борлуулалтыг дэмжих менежер Г.Энхзул ирж  таныг захирал дуудаж байна гэсэн. Үүний дагуу захирал Л.Сэлэнгийн өрөөнд  очиход та сургалтанд яваагүй мөн каталоги хугацаанд нь орчуулаагүй учраас цаашид ажиллуулах боломжгүй байна та өөрийн саналаар халагдах өргөдлөө бичээд өг гэсэн. Тэгэхээр нь би өөрийн саналаараа халагдах өргөдлөө өгөхгүй та халж байгаа бол өөрөө тушаалаа гаргаж өг гэж хэлсэн.  Захирал за тэгвэл танд 18 цаг хүртэл бодох хугацаа өгье гэсэн. Орой ажил тарах үед би захиралын майл хаяг руу өөрийн саналаар халагдах хүсэлгүй байгааг хүлээж авна уу гэж бичээд явуулсан. 2014 оны 09 сарын 23-ны өдөр ажлаа хийж байхад миний оронд ажиллуулахаар шинэ орчуулагч авсан байсан. Ажлаас халсан тушаалд сургалтанд суугаагүй гээд буруутгаад байгаа. 2014 оны 07 сарын 23-нд визинд орох байсан. Тухайн 23-ны өглөө миний хоолой өвдөөд халуураад босч чадахгүй байсан. Энэ тухайгаа офисс менежер Баярмаад утсаар залгаж хэлсэн. Өвдсөн гэдгээ нотлох актаа хүртэл өгсөн. Надад амрана гэдэг асуудал бараг байдаггүй. Ээлжийн амралтаа ч хэд хэдэн удаа хэсэгчлэн авдаг. Намайг орлож ажиллах хүн байдаггүй учраас яаралтай ажлаа хүнд үлдээгээд орчуулах ажлаа амарсан ч гэсэн өөрөө хийгээд явдаг. Хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргахгүйг хичээн өөрийн бүх л зав, чөлөөг ашиглан ажилласаар байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул тус дүүргийн шүүхэд хандан гомдлоо гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалин 5.167.834 төгрөгийг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Хариуцагч: Нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөөхгүй.

           Үүнд:1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа алдаа дутагдалгүй гүйцэтгэж байсан бөгөөд өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. Ямар нэг байдлаар сахилгын шийтгэл авч байгаагүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцсан ажлаа алдаа дутагдалгүй гүйцэтгэж байсан гэсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Торуулбал: Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Швейдийн Стокхольмд зохион байгуулагдсан “Орчуулгын цоо шинэ програмд шилжих” сургалтад өөрийн хувийн зохион байгуулалтаас болж оролцож чадаагүй. Энэхүү сургалт нь компанийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан, чухал ач холбогдолтой сургалт байсан тул нэхэмжлэгч зайлшгүй оролцох шаардлагатай байсан. Гэтэл нэхэмжлэгч уг сургалтад оролцоогүйн улмаас компани хатуу нөхцлөөр худалдан авсан онгоцны тизний үнэ болох 2.373.500 төгрөгөөр хохирсон. Цаашилбал, дээрх сургалтад хамрагдаж чадаагүй тул Тбилис хотод зохиогдсон дараагийн ээлжийн сургалтад хамруулахаар холбогдох зардлыг байгууллагаас гарган явуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн улсын визийн журмыг нарийвчлан судлаагүйн улмаас хил дээрээс буцаж улмаар дараагийн ээлжийн  сургалтад нэгэн  адил хамрагдаж чадаагүй болно. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь хэл чимээгүй алга болох зэрэг алдаа дутагдлыг удаа дараа гаргаж байсан. Энэ талаар “Орифлейм Монгол” ХХК-ийн захирлын 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тушаалын хавсралтад тодорхой заасан байдаг.  Тухайн үедээ энэ байдлыг давтан гаргуулахгүйн тул компанийн зүгээс ажлын уян хатан байдлыг хангах, гэрээсээ ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх зэрэг шаардлагатай  арга хэмжээ авч байсан болно.Үүрэгт ажлаа цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан гэсэн нь бодит  байдалд нийцэхгүй байна. Тодруулбал компаний бүтээгдэхүүний каталогийг цаг тухайд нь орчуулаагүй. Нэхэмжлэгч өөрийн үүрэгт ажлын хүрээнд 1 жилд нийт 17 цуврал каталогийг цаг тухайд нь орчуулж нягтлан, “Орифлейм” компанийн олон улсын мэдээллийн сүлжээнд баталгаажуулж байх ёстой байдаг. Энэхүү баталгаажуулалтыг  хугацаа хоцроон хийсэн тохиолдолд каталогийн боловсруулалт болон хэвлэлтийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг. Гэтэл нэхэмжлэгч нь 2014 оны каталогийн 50 хувийг буюу тэн хагасыг нь хугацаа хоцруулсан, баталгаажуулалтын 20 хувийг хугацаанд нь хийгээгүй байна. Энэ талаар Орифлейм косметик компанийн бүтээгдэхүүний каталоги хариуцсан менежерээр 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр и-мэйл ирүүлсэн бөгөөд энэхүү и-мэйлд нэхэмжлэгч нь байнга хугацаа хоцруулж байгаа талаар болон ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүдэн ноцтой байдал үүсээд  байгаа талаар анхааруулсан болно. Энэхүү хариуцлагагүй үйлдэл нь “Орифлейм Монгол” ХХК ажил хэргийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй олон улсын Орифлейм сүлжээний хэвийн  үйл ажиллагаанд харшилж байсан болохыг дурдах нь зүйтэй. Орчуулгын хугацаа хэтрэх асуудал урд өмнө нь  яригдаж байсан бөгөөд энэ талаар 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр тус компанид Орифлэйм комсетик компанийн төслийн ахлах менежерээс албан захиа ирж байсан болно. Нэхэмжлэгч ямар нэг байдлаар сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Үнэн хэрэгтээ “Орифлейм Монгол” ХХК-ний ерөнхий захиралын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар тушаалаар нэхэмжлэгчид хатуу сануулах арга хэмжээ авч байсан бөгөөд уг тушаалтай нэхэмжлэгч танилцаж гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалд сургалтад суугаагүй гээд буруутгаад байгаа. Тухайн үед би өвчтэй байсан гэжээ. Гэтэл энэ асуудлаар 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тусдаа тушаал гарч нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авч байсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар энэхүү үйл явдалд нэхэмжлэгч буруугүй байсан бол тухайн үед хуулийн дагуу уг сануулах арга хэмжээ авсан тушаалд гомдол гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ тушаалын талаар ямарваа нэг гомдол, санал өнөөдрийг хүртэл гаргаагүй болно. Түүнчлэн нэхэмжлэгч тухайн үед халуураад босч чадахгүй байсан гэдэг боловч тухайн үед өөрийг нь хариуцан ажилладаг шууд удирдах албан тушаалтан болох надад энэ талаараа мэдэгдээгүй, цаашилбал эмнэлэгийн актыг тухайн үед нь гаргаж өгөөгүй. Харин 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр энэ асуудлаар холбогдох тушаал гарсны дараа буюу 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргаж өгсөн. Нэгэнт дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Баянжаргал нь хариуцагч “Орифлэйм Монгол” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 5.167.834 төгрөг  гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ж.Баянжаргал нь “Орифлэйм Монгол” ХХК-д орчуулагчаар ажиллаж байгаад тус компанийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний 6.6.2 /компанийн хэвийн үйл ажиллагаанд харш бөгөөд сөрөг нөлөөлөх зөрчил/, мөн гэрээний 6.6.4 /даалгасан үүрэгт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй/ дэх заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

   Нэхэмжлэгч Ж.Баянжаргалыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа компанийн удирдлага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заалтыг  үндэслэл болгожээ.  

   3.Ж.Баянжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний  6.6.2 /компанийн хэвийн үйл ажиллагаанд харш бөгөөд сөрөг нөлөөлөх зөрчил/, мөн гэрээний 6.6.4 /даалгасан үүрэгт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй/  заалтыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т  “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол...” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

          

            Нэхэмжлэгч Ж.Баянжаргал нь 2014 оны 08 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Шведийн Стокхольмд зохион байгуулагдсан “Орчуулгын цоо шинэ програмд шилжих” сургалтад өөрийн хувийн зохион байгуулалтаас болж оролцож чадаагүй. Нэхэмжлэгч уг сургалтад оролцоогүйн улмаас компани хатуу нөхцлөөр худалдан авсан онгоцны тизны үнэ болох 2.373.500 төгрөгөөр хохирсон, компаний бүтээгдэхүүний 2014 оны каталоги /нийт 17 дугаар/-ийн 50 хувийг хугацаанд нь орчуулаагүй, компанийн бүтээгдэхүүний 2014 оны каталогийг системд хянаж баталгаажуулах ажлыг 20 хувийг хугацаа хоцруулсан ноцтой зөрчил гаргасан гэж ажил олгогч талбайрласан, нэхэмжлэгч тал удирдлагаас өгсөн үүрэг, даалгаварыг цаг тухайнд нь хийж гүйцэтгэж байсан, каталогийн орчуулагийг бүрэн гүйцэтэд орчуулсан, сургалтад явах үед өвчтэй байсан, өвчтэй тухайгаа менежир Баярмаад хэлж байсан гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч Ж.Баянжаргалыг ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна.

 

            Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар заасан хэдийч Ж.Баянжаргалын  гаргасан гэх зөрчил нь уг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй байх тул түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

  

          Иймд хариуцагч “Орифлэйм Монгол” ХХК нь ажилтныг захиргааны санаачилгаар ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Ж.Баянжаргалыг эрхэлж байсан ажлаас нь  буруу халсан гэж шүүх дүгнэн, түүнийг тус компаний орчуулагчийн ажилд  эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

    

  Ж.Баянжаргалын 2014 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 6.600.000 төгрөгийг 3 сард тооцоод /6.600.000 төгрөг: 3 сарын дундаж цалин 2.200.000 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 2.200.000 төгрөгийг  ажлын 22 хоногт  тооцоод /2.200.000  төгрөг:22 хоног/ 100.000 төгрөг болж байна.

 

Иймд 2014 оны 10 дугаар сарын 07-ноос 2014 оны 12 дугаар сарын 12-ыг хүртэлх  хугацааны цалин 4.800.000 төгрөгийг хариуцагч “Орифлэйм Монгол” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ж.Баянжаргалд олгож шийдвэрлэв. 

      

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар  гомлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                          

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Баянжаргалыг “Орифлэйм Монгол” ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Баянжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 367.834 /гурван зуун жаран долоон мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Баянжаргалын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Орифлэйм Монгол” ХХК-д  даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,  хариуцагч  “Орифлэйм Монгол” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 91.750 төгрөгийг  гаргуулан  төсвийн орлогод оруулсугай.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВААСҮРЭН

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК
2014.12.12 5934 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Чойндонгийн Даваасүрэн Ж.Баянжаргал “Орифлэйм Монгол” ХХК