Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-11
Дугаар 3903
Хэргийн индекс 102/2015/05216/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч отгонжаргал
Хариуцагч донж хацу ххк
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Боржигод овогт, Буджавын Отгонжаргалын нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-10 дугаар гудамж, 303 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧМ79012961/,

 

“Донж хацу” ХХК-д холбогдох,

/Баянгол дүүрэг, Нэхий плаза төвийн 306 тоотод байрлах/

 

Гэрээнээс учирсан хохиролд 67.090.014 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Отгонжаргал өөрийн эзэмшлийн газар дээрээ амины орон сууц бариулахаар “Донж хацуу” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Барилгын захиалга авах гэрээ” байгуулж, түүний дагуу модон араг бүтэцтэй /канад технологи/ амины орон сууц барихаар болсон. Уг барилгыг хүлээлгэж өгөх хугацаан нь 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр дууссан боловч барилга одоо болтол баригдаж дуусаагүйгээс би барилгаа хүлээж аваагүй байна. Барига бариулах гэрээний төлбөрийг 90 хувь төлсөн ч барилгын ажил хугацаандаа хийгдэхгүй, 2013 оны 9 дүгээр сараас 11 сар хүртэл 2 сар гаруй хугацаанд саатсанаас 2013 оны 11 дүгээр сарын эхээр цаг агаар хүйтэрсний дараа ирж үлдсэн ажлыг дуусгая гэхэд нь би үгүй гэсэн. Учир нь барилгын ажил хийгдэх явцад удаа дараа анхааруулж, сануулж байхад барилгын суурь хазгай, дутуу бетон цутгагдаж улмаар барилга урагшаа хазайх болоход доор нь иод ивж, завсар зайг нь хөөсөөр шахах, суурийн хэмжээ дутсанаас болж зарим хэсэгтээ барилга сууриасаа илүү гарсан, мөн барилгыг суурьтай бэхлэх бэхэлгээ нь хийгдээгүй, хөндий сул болсон. Бохирын холболт нь газраас 40 см-т ухагдаж хийх гэж байгаа нь шугам хөлдөх нөхцөл бүрдсэн байгаа зэрэг нь мэргэжлийн бус байгаа нь миний нүдэнд илт харагдаж байгаа. Иймээс барилгын ажлыг зогсоож, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар зэрэг холбогдох байгууллагуудад хандаж барилгын ажлын талаар дүгнэлт гаргуулсан. Эдгээр байгууллагуудаас бичгээр ирсэн хариунд “Донж хацу” ХХК нь холбогдох хууль журмын дагуу ажлаа явуулаагүй, зөрчилтэй байгаа нь илэрсэн ба зөрчлөө арилгах талаар “Донж хацу” ХХК-д албан бичг хүргүүлсэн. Би барилгын хөрөнгө оруулалтанд 45.000.000 төгрөгийг Хаан банкны хашаа байшин барих сарын 1.6 хувийн хүүтэй зээлээр авсан ба барилга ашиглалтанд ороогүйгээс 2013 оны 10 сараас одоог хүртэл айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Миний хувьд уг барилгыг “Донж хацу” ХХК ийм чанаргүй, найдваргүй хийж байгаад цаашид уг барилгыг бүрэн хийж дуусгана гэж итгэхгүй байна. Тйимээс дутуу барилгыг буулгаж, гэрээний дагуу миний төлсөн 58.500.000 төгрөгийг Хаан банкнаас авсан зээлийн төлөгдсөн хүү 77.914.489 төгрөг, гэрээний алданги 2013 оны 11 сараас 2014 оны 8 сар хүртэл 798.525 төгрөг, нийт 67.090.014 төгрөгийг “Донж хацу” ХХК-иас нэхэмжлэн авах хүсэлтэй байна.

“Донж хацу” ХХК-тай бид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр “Донж хацу” ХХК нь барьж буй байшингийхаа чанар, шаардлага хангаагүй бүх доголдлыг бүрэн гүйцэт, үл маргах журмаар арилгана. “Донж хацу” ХХК барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр, 100 хувь ямар нэгэн эрхийн доголдолгүйгээр гүйцэтгэх бөгөөд нэмж төлбөр мөнгө Б.Отгонжаргалаас авахгүй. “Донж хацу” ХХК нь иргэн Б.Отгонжаргалын нэр дээрх байшинг барьж, ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоов. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө. Гэрээнд заагдсан бусад заалт хэвээрээ байна гэснээр тохирсон гэв.

 

Хариуцагч “Донж хацу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч талтай бид харилцан тохиролцож, “Донж хацу” ХХК нь барьж буй байшингийхаа чанар, шаардлага хангаагүй бүх доголдлыг бүрэн гүйцэт, үл маргах журмаар арилгана. “Донж хацу” ХХК барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр, 100 хувь ямар нэгэн эрхийн доголдолгүйгээр гүйцэтгэх бөгөөд нэмж төлбөр мөнгө Б.Отгонжаргалаас авахгүй, өөрөөр хэлбэл гэрээний үлдэх 10 хувь буюу 6.500.000 төгрөгийг авахгүй. “Донж хацу” ХХК нь Б.Отгонжаргалын нэр дээрх байшинг барьж, ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх эцсийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болно. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө. Гэрээнд заагдсан бусад заалт хэвээрээ байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал “...гэрээнээс учирсан хохиролд 67.090.014 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан хэдий боловч шүүх хуралдааны явцад талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-д “Донж хацу” ХХК-ийн барьж буй байшин нь чанарын шаардлага хангаагүй бүх /Хөрөнгийн үнэлгээний төвийн тайланд дурдсан/ доголдлыг бүрэн гүйцэт, үл маргах журмаар арилгана. “Донж хацу” ХХК нь барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр, эрхийн доголдолгүйгээр хийж гүйцэтгэх бөгөөд үлдсэн төлбөр болох гэрээний 10 хувь буюу 6.500.000 төгрөгийг авахгүй. “Донж хацу” ХХК нь уг байшинг барьж, ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх эцсийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, хэрэв уг хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно, гэрээний бусад заалт хэвээр үлдэнэ гэсэн байна.

 

Зохигч харилцан тохиролцож, эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Б.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, “Донж хацу” ХХК-д холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 67.090.014 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “ ‘Донж хацу’ ХХК-ийн барьж буй байшин нь чанарын шаардлага хангаагүй бүх /Хөрөнгийн үнэлгээний төвийн тайланд дурдсан/ доголдлыг бүрэн гүйцэт, үл маргах журмаар арилгана, ‘Донж хацу’ ХХК нь барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр, эрхийн доголдолгүйгээр хийж гүйцэтгэх бөгөөд үлдсэн төлбөр болох гэрээний 10 хувь буюу 6.500.000 төгрөгийг авахгүй, ‘Донж хацу’ ХХК нь уг байшинг барьж, ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгөх эцсийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, хэрэв уг хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно, гэрээний бусад заалт хэвээр үлдэнэ” гэж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Отгонжаргалын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 493.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Донж хацу” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 246.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.