Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-18
Дугаар 4031
Хэргийн индекс 102/2015/04700/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч с.даваасүрэн
Хариуцагч б.онончимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид би,

 

Боржигон овогтой, Сандуйжавын Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын 17 дугаар, 588 тоотод оршин суух, регистрийн дугаар ШГ71040567/

 

Мөнгөнөө овогтой, Батсүхийн Онончимэгт холбогдох,

/Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 86 дугаар байр, 99 тоотод оршин суух, регистрийн дугаар СЖ88022405/

 

Гэрээнээс татгалзаж, 33.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Даваасүрэн би 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бриллиант автомашин угаалгын газрыг түрээслэж ажиллуулахаар иргэн Б.Онончимэгтэй гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө иргэн Б.Онончимэг надад тус угаалгын газар үйлчлүүлэгчээ бүрэн татсан телевиз, фм-ээр байнга реклам явдаг, өдрийн ашиг орлого нь 800.000-1.000.000 төгрөгийн орлоготой гэж хэлсэн. ...Би уг автомашины угаалгын газрыг ажиллуулсанаасаа хойш бараг орлого олоогүй, харин түрээсийн төлбөрөө зээлээр өгч өөрөө өрөнд орсон. Иймд намайг хуурч мэхлэж хийсэн гэрээнээс татгалзаж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй нотариатаар гэрчлүүлээгүй хууль бус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Б.Онончимэгээс 33.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч С.Даваасүрэн нь Б.Онончимэгээс 33.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 33.000.000 төгрөгийн 18.895.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Онончимэг нь 14.105.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

                                                                                                                                      

Нэхэмжлэгч С.Даваасүрэн нь Б.Онончимэгт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 33.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг зохигч “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 33.000.000 төгрөгийн 18.895.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Онончимэг нь 14.105.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэсэн хүсэлтийг гаргажээ.

 

Зохигчид харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан С.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Б.Онончимэгт холбогдох, гэрээнээс татгалзаж, 33.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Даваасүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 18.895.000 төгрөгөөс татгалзаж, 14.105.000 төгрөг болгосныг хариуцагч Б.Онончимэг хүлээн зөвшөөрч, 14.105.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч Б.Онончимэгээс 161.470 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 дугаар данснаас 161.480 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Даваасүрэнд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 322.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.