Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-23
Дугаар 4133
Хэргийн индекс 102/2015/03138/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч п.ганчимэг
Хариуцагч м.саруул
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Могол овогтой, Пүрэвдоржийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Төмөр замын 7-03 тоотод оршин суух, регистрийн дугаар НД85022760/

 

Олхонууд овогтой, Мөнхбатын Саруулд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Хос өргөө хотхон, 29А дугаар байр, 06 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧД79030271/

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбат, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Саруултай 2005 онд танилцаж, бид гэрлэлтээ 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр батлуулж, ПА 0052543 дугаар гэрчилгээ авсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин Саруулын Энхжин, 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин Саруулын Алтжин нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдал болон М.Саруулын хүчирхийлэл, дарамтаас болж 2014 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. М.Саруул нь архи их ууж, агсам согтуу тавьж, намайг зодож, дарамталдаг байсан. Бид хойшид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн биднийг тусдаа амьдарснаас хойш 2 охин маань аавынхаа өвөө, эмээтэй хамт амьдарч байгаа ба М.Саруул бид хоёр тохиролцоод 2 охиныг аав М.Саруулын асрамжид үлдээж, би хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч М.Саруул шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Саруул, П.Ганчимэг нар 2005 онд танилцаж, нэг гэрт ороод, 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин Саруулын Энхжин, 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин Саруулын Алтжин нар төрсөн. М.Саруул нь эхнэр болох П.Ганчимэгийг зоддог байсан нь үнэн. Энэ хоёр тусдаа 2014 оноос хойш амьдарснаас хойш эмгэн бид хоёр охидуудыг асарч, халамжилж байгаа. М.Саруул саяхан Солонгос Улс явсан ба П.Ганчимэг, М.Саруул нар харилцан тохиролцож 2 охиныг М.Саруулын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор тохирсон. Иймд гэрлэлтийг нь цуцлаж өгнө үү, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, М.Саруулд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч П.Ганчимэг “...гэрлэлтээ цуцлуулж, 2 охиноо эцэгийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.Саруул хүлээн зөвшөөрч “...цаашид бид хамт амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна, хүүгээ өөрийн асрамжид авна, эд хөрөнгийн маргаан байхгүй” гэсэн хариу тайлбар гаргажээ.

 

Могол овогтой, Пүрэвдоржийн Ганчимэг, Олхонууд овогтой, Мөнхбатын Саруул нар 2006 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болсоныг 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0052543Г-996 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

 

Гэрлэгчдийн дундаас 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Олхонууд овогтой, Саруулын Энхжин, 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр охин Олхонууд овогтой, Саруулын Алтжин нар төрсөн болох нь Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд охин С.Энхжин, С.Алтжин нар эрүүл бойжиж байгаа болох нь Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

П.Ганчимэг, М.Саруул нарын “...бид 2014 оны 7 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, хамт амьдрах хугацаанд М.Саруул архи ууж агсам согтуу тавьдаг, хэл амаар доромжилдог, гэрлэгчид дахин нийлж, эвлэрэн хамт амьдрах боломжгүй...” гэсэн тайлбар мөн гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан П.Ганчимэг, М.Саруул нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн гэрлэгчид охин С.Энхжин, С.Алтжин нарыг эцэг М.Саруулын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон байдал, эцэг, эхийн халамж зэргийг харгалзан 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Олхонууд овогтой, Саруулын Энхжин, 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Олхонууд овогтой, Саруулын Алтжин нарыг эцэг М.Саруулын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин С.Энхжин, С.Алтжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх П.Ганчимэгээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Могол овогтой, Пүрэвдоржийн Ганчимэг, Олхонууд овогтой, Мөнхбатын Саруул нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 3 дугаар сарын16-ны өдөр төрсөн Олхонууд овогтой, Саруулын Энхжин, 2011 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Олхонууд овогтой, Саруулын Алтжин нарыг эцэг М.Саруулын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин С.Энхжин, С.Алтжин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх П.Ганчимэгээс тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгч П.Ганчимэгээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан М.Саруул, П.Ганчимэг нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

6. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг дурдсугай.

           

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саруулаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ                                                Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.