Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-30
Дугаар 4230
Хэргийн индекс 102/2015/05562/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 хэлтэс
Хариуцагч
Гуравдагч этгээд ү.баярсайхан
Маргааны төрөл Согтууруулах мансууруулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс ирүүлсэн хүсэлттэй,

 

Гуравдагч этгээд: Харчин овогтой, Үйзэнсайгийн Баярсайханг

/Дундговь аймаг, Сайнцагаан 7 дугаар баг, Нарлагийн 26 дугаар байр, А тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Сургуулийн 958 тоотод ах, эгчийн хамт түр оршин суух хаягтай, эрэгтэй, регистрийн дугаар ЗЮ85012211/

 

архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнжаргал, гуравдагч этгээд Ү.Баярсайхан, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн төлөөлөгч Г.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Баярсайхан нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Сапоро” худалдааны төвийн ойролцоо хэсэг бүлэг хүмүүс цуглуулан архидан согтуурдаг, байнга архи ууж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд тэрээр удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж байсан ба цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг үл биелүүлдэг тул Ү.Баярсайханыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

            Гуравдагч этгээд Ү.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие 7 хоногт 1 удаа, эсхүл ерөөсөө архи уудаггүй. Би вагоны ачаа буулгаж, хөдөө жонш ухдаг ажил хийдэг. Харин 2 хоногийн өмнө “Сапоро” худалдааны төвийн ард архи ууж байгаад баригдсан. Тэрнээс биш байнга архи ууж, агсам согтуу тавьж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулдаггүй. Би өмнө нь 2014 оны 01 дүгээр сард нэг л удаа эрүүлжүүлэгдсэн, 2015 онд эрүүлжүүлэгдээгүй, архины албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй. Маргааш би хөдөө явж, жонш ухаж мөнгө олж, ээждээ туслах ёстой, одоо наадам болох гэж байна. Хойшид архи уухгүй, ажил хийж мөнгө олж, гэрийнхэндээ туслана гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,                                   

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс Ү.Баярсайханыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

            Гуравдагч этгээд Ү.Баярсайхан нь олон нийтийн газар архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, согтуурах мансуурах донтой /2 дугаар зэрэг/ болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

            Гэсэн хэдий боловч Ү.Баярсайхан “...би архи их уудаггүй, 7 хоногт 1 удаа эсхүл уудаггүй, одооноос дахин архи уухгүй, би вагоны ачаа буулгаж, хөдөө жонш ухаж мөнгө олж ээж, дүү нараа тус болдог. Одоо наадам болох гэж байгаа тул манай гэрийнхэнд миний туслалцаа хэрэгтэй, мөн би архины эмчилгээнд хамрагдахыг хүсэхгүй байна” гэсэн тайлбарыг үндэслэн түүнийг архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж шүүх үзэн, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ү.Баярсайханыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                      Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.