Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-30
Дугаар 4236
Хэргийн индекс 102/2015/04193/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч д.бадамсайхан
Хариуцагч ц.мягмар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Боржигин овогтой, Даваадагвын Бадамсайхан,

/Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 61 дүгээр байр, 61 тоотод оршин суух, регистрийн дугаар ШБ74030209/

 

Боржигон овогтой, Цэмбэлийн Мягмар нарын хүсэлттэй,

/Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 61 дүгээр байр, 61 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧК73031517/

 

гэрлэлт сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Бадамсайхан, Ц.Мягмар, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Бадамсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НөхөрЦ.Мягмар бид хоёр гэрлэлтээ тус шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5429 дүгээр шийдвэрээр цуцлуулсан. Гэсэн хэдий боловч бид хамт амьдарч байгаа бөгөөд үр хүүхдээ бодоод эвлэрч, буцаад хамт амьдрахаар шийдсэн тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.

 

Ц.Мягмар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бадамсайхан бид хоёр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан хэдий боловч бид эвлэрч, хойшид хамт амьдрахаар шийдсэн тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Д.Бадамсайхан Ц.Мягмар нарын гэрлэлт сэргээлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Д.Бадамсайхан “...нөхөр Ц.Мягмар бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан хэдий боловч хамт амьдарч байгаа бөгөөд үр хүүхдээ бодоод эвлэрч, хамтран амьдрахаар шийдсэн тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү” гэсэн, Ц.Мягмар “...Д.Бадамсайхан бид хоёр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч бид эвлэрч, хойшид хамт амьдрахаар шийдсэн тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5429 дүгээр шийдвэрээр “...Д.Бадамсайхан, Ц.Мягмар нарын гэрлэлтийг цуцалсугай...” гэсэн байх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан Д.Бадамсайхан, Ц.Мягмар нар эвлэрч, хамт амьдарч байгаа болохоо хамтран илэрхийлж, шүүхэд гэрлэлтээ сэргээлгэхээр хүсэлт гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ” гэж заасантай нийцэж байх ба Д.Бадамсайхан, Ц.Мягмар нар өөр хүнтэй гэрлээгүй болох нь талуудын тайлбар, Гэрлэлтийн бүртгэлийн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн лавлагаа, иргэний үнэмлэх дэх оршин суугаа хаяг зэргээр нотлогдож байна.

 

            Иймд Д.Бадамсайхан, Ц.Мягмар нарын гэрлэлтийг сэргээх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 125 дугаар зүйлийн 125.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.1-д заасныг баримтлан Боржигин овогтой, Даваадагвын Бадамсайхан, Боржигон овогтой, Цэмбэлийн Мягмар нарын гэрлэлтийг сэргээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Бадамсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ                                                Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.