Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-06-30
Дугаар 4237
Хэргийн индекс 102/2015/04129/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Жамъянчойжилын Сэмжид
Нэхэмжлэгч легас ххк
Хариуцагч эрэл ххк
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

“Легас” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Лонг бизнес төвд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011097081/

 

“Эрэл” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах/

 

гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.504.268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Легас” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Легас” ХХК нь “Эрэл” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаатай “Орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Ингээд талууд тохиролцож “Легас” ХХК нь “Эрэл” ХХК-ийн орчуулгын ажлыг гүйцэтгэж, нэхэмжлэхийг хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагчаас орчуулгын үйлчилгээний хөлс 3.076.866 төгрөг, 1.451.535 төгрөг, алданги 701.525 төгрөг, нийт 5.504.268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү.

Манай компани “Эрэл” ХХК-тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч алданги болох 701.525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үйлчилгээний хөлс 4.528.402 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор хариуцагч “Эрэл” ХХК нь төлөхөөр тохирсон. Улсын тэмдэгтийн хураамж 123.900 төгрөгийг хариуцагч төлнө гэв.

 

Хариуцагч “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч “Легас” ХХК-тай эвлэрсэн. Үүнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 701.525 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, үлдэх хэсэг болох 4.528.402 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор “Эрэл” ХХК нь төлөхөөр болов гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Легас” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд “хариуцагчаас 5.504.268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алдангид 701.525 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзаж, үлдэх хэсэг болох үйлчилгээний хөлс 4.528.402 төгрөгийг ‘Эрэл’ ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс бид улсын тэмдэгтийн хураамж 123.900 төгрөгийг хариуцан төлнө”, хариуцагч “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек “нэхэмжлэгч алданги 701.525 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан тул үлдэх хэсэг болох 4.528.402 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор ‘Эрэл’ ХХК төлнө” гэж талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байдлаар эвлэрэн хэлэлцэж, харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Легас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрэл” ХХК-д холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.504.268 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Легас” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 701.525 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.528.402 төгрөгийг хариуцагч “Эрэл” ХХК 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан талуудын эвлэрлийн үндэслэн нэхэмжлэгч “Легас” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 123.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрэл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 123.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Легас” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.