Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-22
Дугаар 4062
Хэргийн индекс 102/2015/04311/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Адъяахүүгийн Сарантуяа
Нэхэмжлэгч Б.Х
Хариуцагч Б.С
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

2015 оны 6 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2015/04062

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугаар шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

            /нэхэмжлэгч/: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56 дугаар байрны 35 тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ХМ82110867 регистрийн дугаартай, Мөр овогт Болдын Хонгорзаяагийн нэхэмжлэлтэй,

 

            /хариуцагч/: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 49 тоотод эмээ, эгчийн хамт оршин суух, МҮОНТелевизид сурвалжлагч ажилтай, ЧЖ83022716 регистрийн дугаартай, Булгадар овогт Баярсайханы Сайнсанаад холбогдох,

 

            /нэхэмжлэлийн шаардлага/: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Хонгорзаяа, хариуцагч Б.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Хонгорзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2000 онд Б.Сайнсанаатай танилцаж, улмаар гэр бүл болсон бөгөөд 2007 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний амьдрах хугацаанд 2003 онд хүү С.Анаржавхлан, 2006 онд С.Болоржавхлан нар төрсөн. 2008 онд Б.Сайнсанаа нь гэр бүлээс гадуур харьцаанд орж, бид тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 7 жилийн хугацаанд 2 хүү маань эх миний асрамжинд өсч торнисон. Одоо бид тусдаа амьдраад 7 жил болсон бөгөөд тус тусын амьдралтай, би өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү.  Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүдээ би өөрийн асрамжинд авна, хүүхдүүддээ ааваас нь тэтгэлэг гаргуулахгүй гэв.

            Хариуцагч Б.Сайнсанаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Б.Хонгорзаяатай хамтын амьдрал зохиож, 2 хүүхэдтэй болсон бөгөөд 2008 оноос 2 тусдаа амьдарсан. Б.Хонгорзаяа бид хоёрын хүүхдүүд болох С.Анаржавхлан, С.Болоржавхлан нарыг ээжийнх нь асрамжинд үлдээхийг би дэмжиж байгаа. Мөн гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хонгорзаяа нь хариуцагч Б.Сайнсанаад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Сайнсанаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Зохигчид 2002 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдэж /хх-4 дүгээр тал/, 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Анаржавхлан, 2006 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүү С.Болоржавхлан нарыг төрүүлсэн /хх-5, 6 дугаар тал/ болох нь хэрэгт авагдсан төрсний 0021702 г-493, 0021701 г-492, гэрлэлтийн 0013011 дугаарын гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Хонгорзаяа нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Б.Сайнсанаа нь гэр бүлээс гадуур харилцаатай болсны улмаас салж, 2008 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, тус тусдаа амьдралтай болсон гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул тэдний гэрлэлтийг цуцлах үнүдэслэлтэй гэж шүүх үзлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүдийн хувьд эцэг эх нь тусдаа амьдрах хугацаанд эхийнхээ асрамжинд байсан байдлыг харгалзан эх Б.Хонгорзаяагийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчдын дунд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Мөр овогт Болдын Хонгорзаяа, Булгадар овогт Баярсайханы Сайнсанаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Анаржавхлан, 2006 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү С.Болоржавхлан нарыг эх Б.Хонгорзаяагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.