Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-30
Дугаар 04232
Хэргийн индекс 102/2015/05564/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Сонгинхайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс
Хариуцагч
Гуравдагч этгээд Х.Нэргүй
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 15-р гудамж, 05 тоотод албан ёсны бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 хороо, Тоосгоны 16-338 тоотод оршин суух, эмэгтэй, /УЖ71020204/ регистрийн дугаартай, Хандын Нэргүйг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяа, гуравдагч этгээд Х.Нэргүй, шүүхийн нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

... Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 16-р гудамжны 338 тоотод оршин суух Хандын Нэргүйг /РД: УЖ71020204/ нь удаа дараа архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг удаа дараа зөрчдөг тул Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3, 4, 5 дугаар зүйлийг үндэслэн тухайн этгээдийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн тайлбарт:

...Ханд овогтой Нэргүй / УЖ71020204/ миний бие архины эмчилгээнд сайн дураараа явах хүсэлтэй, архинаас гарч эмчилгээ хийлгэмээр байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс Х.Нэргүйг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Нэргүй Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Саппоро үйлчилгээний төв орчим архидан согтуурч, нийтийн хэв журам зөрчих, уг зөрчлөө таслан зогсоох талаар цагдаагийн албан хаагчаас удаа дараа хууль ёсны шаардлага тавьсан боловч шаардлага үл биелүүлэн байнга бүлэг бөөгнөрөл үүсгэн согтуурдаг болох нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, тодорхойлолт, нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаагийн дэд ахлагч Д.Батжаргалын илтгэх хуудас, Түр саатуулах байрны эмч цагдаагийн ахлах дэслэгч Н.Алтанмөнхийн эрүүлжүүлэгдэж байсан болохыг тодорхойлсон тодорхойлолт, зөрчлийн ассап санд бүртгэгдсэн бүртгэлээр тус тус нотлогдлоо. Тэрээр Архидан согтуурч удаа дараа эрүүжүүлэгдэж байжээ.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Х.Нэргүйг Архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй гэж дүгнэлт гаргаж оношилсон байна.

 

Иймд Х.Нэргүйг архины албадан эмчилгээнд явуулж эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14, 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д заасныг баримтлан УЖ71020204 регистрийн дугаартай Хандын Нэргүйг албадан эмчилгээнд явуулж эмчлүүлсүгэй.

 

2. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.6-д зааснаар Х.Нэргүйг албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

5. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ

 

 
 
 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.