Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-06-11
Дугаар 03898
Хэргийн индекс 102/2014/06238/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч С.Мөнхжаргал
Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                  

                                       

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн 4-н зам гудамж, 201 дүгээр байр, 13 тоотод оршин суух, Гяв овогт Сантүндэвийн Мөнхжаргалын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох,

 

УБЦТС ХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүйд тооцуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Цагаан, Б.Солонго, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Цэндсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Төрболд, нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд авлагын мэргэжилтнээр ажилд орсон. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу цахилгаан эрчим хүчний төлөгдөөгүй төлбөрөөс үүссэн авлагыг барагдуулах, авлагын насжилтийг багасгаж, авлага цуглуулах дундаж хоногийг хэрэглэгчийн ангилал бүрд зохистой түвшинд барих үүргийг гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй гэж үзэж байгаа.

Гэтэл Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалаар намайг ажлаас халсан. Ажлаас халах болсон шалтгаанаа барагдуулах боломжтой, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй 2 хэрэглэгчийн 1.614.253 төгрөгийн авлагаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгуулсан зөрчилдөө дүгнэлт хийж арилгаагүй, найдваргүй авлагын данснаас хасах тухай Гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/18 дугаар тушаалд дээрх 2 хэрэглэгчийн төлбөр орж данснаас хасахаар шийдвэрлэгдснийг мэдсэн мөртлөе таслан зогсоох арга хэмжээ аваагүйгээс хуурамчаар өргөдөл гаргаж өөрийн төлсөн төлбөрийг данснаасаа эргүүлэн гаргах боломжийг Л.Өлзийсайханд олгосон тул шүүхээр авлага нэхэмжлэх дэг жаяг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хэрэглэгчтэй хуйвалдаж ажил олгогчийн итгэлийг алдсан, ажилтны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж тайлбарласан байна.

Миний ажил үүргийн хуваарьт цахилгаан эрчим хүчний төлөгдөөгүй төлбөрөөс үүссэн авлагыг барагдуулах гэж байгаа хэдий ч тус компанийн захирлын тушаалаар батлагдсан “Шүүхээр авлага нэхэмжлэх, бүртгэх журам”-ын 6.2-т: Нэг хэрэглэгчээс авах авлагын хэмжээ 0-200.000 төгрөг хүртэл байвал хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтнууд хариуцаж барагдуулна гэж заасан байдаг. Гэтэл энэ журмын заалтыг байгууллагын зүгээс зөрчин хэдэн ч төгрөгийн төлбөр нэхэмжлэхэд миний бие материалаа бэлтгэн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд ганцаараа оролцдог байсан.

Ингэж явахдаа хэрэглэгч Б.Гантөмөрөөс 1.112.794 төгрөгийг, хэрэглэгч Л.Өлзийсайханаас 311.898 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан ба байгууллагын зүгээс надад хариуцагчтай эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргуулсан.

Гэтэл байгууллагын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн байх тул дээрх эвлэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэх, надад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн үүргийг хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Б.Баясгалан өгсний дагуу миний 12 дугаар сарын үр дүнгийн шагналыг 5 пунктээр хасч 2014 оны 13 дугаар сарын үр дүнгийн шагналыг 91 хувь болгон бууруулах арга хэмжээ авсан. Мөн уг хэрэглэгчээр дээрх төлбөрийг нөхөн төлүүлсэн.

Анх найдваргүй авлагын жагсаалт гарга гэсэн үүргийн дагуу 2014 оны 5 дугаар сард 1680 хэрэглэгчийн 184.3 сая төгрөгийн жагсаалт болон холбогдох материалыг мэргэжилтэн Б Ганчимэг бид 2 бэлтгэсэн. Бидний энэ жагсаалтыг хэсгийн ахлагч П.Отгонцэцэг, менежер Д.Төрмөнх нар хянаж гарын үсэг зуран Хяналт аюулгүй ажиллагааны хэлтэст шалгуулахаар 21 хавтаст материалыг 05 дугаар сард хүлээлгэн өгсөн. Уг материалыг Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэд тус хэлтсийн зүгээс 10 дугаар сард өгсөн байсан. Улмаар Б.Мөнх-Эрдэнэ ТУЗ-д танилцуулан найдваргүй авлагын жагсаалтыг батлуулан данснаас хасуулна гэж байсан.

Энэ хооронд Гантөмөр, Өлзийсайхан нарын болон хэд хэдэн хэрэглэгчийн материалыг шүүхэд өгч дээрх 2 хэрэглэгчтэй эвлэрсэн шүүгчийн захирамж гаргуулсан ба шүүгчийн захирамж гарснаас хойш ТУЗ-ийн шийдвэр гарч 1580 хэрэглэгчийн төлбөрийг найдваргүй авлагын данснаас хасах болсон. Энэ дотор Гантөмөр, Өлзийсайхан нарын нэр багтсан байсан.

Хэрэглэгч Гантөмөрийн тухайд байгууллагын зүгээс өөртэй нь гэрээ байгуулаагүй. Хуурамч гэрээ байгуулсан байсан бөгөөд хаягтаа байгаагүй байхад цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 1.112.794 төгрөгийг нэхэмжилсэн байсан бөгөөд хариуцагч энэ талаар гомдол гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хариуцагчтай эвлэрсэн шүүгчийн захирамж гарсны дараа материалыг Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ уг төлбөрөөс 309.203 төгрөгийг өөрөө дур мэдэн хасч үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар болсон.

Ер нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хэрэглэгчтэй байгуулдаггүй, өөрөөр хэлбэл гэрээнд хэрэглэгчийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зурдаг тохиолдол олон байдаг.

Анх найдваргүй авлагад тооцуулах хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт болон холбогдох материалыг Ганчимэг бид 2 бэлдсэн хэдий ч бидний бэлдсэн материалыг ТУЗ-д танилцуулах шат хүртэл холбогдох дээд удирдлагууд шат дараалан үзэж шалгасан байсан.

Тийм атлаа намайг шүүхийн шийдвэр гарч мөнгө нь төлөгдөхөөр болсон хэрэглэгч Өлзийсайханы нэрийг хэлж уг жагсаалтаас хасуулалгүй ТУЗ-ийн шийдвэр гаргуулсан, хэрэглэгчтэй хуйвалдсан гэж үзэж ажлаас халсанд гомдолтой байна.

2014 оны 05 дугаар сард бэлтгэж өгсөн материалын дагуу 2015 оны 02 дугаар сард шийдвэр гаргахдаа дахин тулгалтыг холбогдох удирдлагууд хийгээгүйгээс энэ асуудал үүссэн гэж миний бие үзэж байгаа.

Иймд Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүйд тооцон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинг /удаан жилийн нэмэгдэл үндсэн цалингийн 35 хувиар тооцож олгодог, үр дүнгийн шагнал, үйлчилгээний цалин 7 хувь, тэргүүний ажилтны нэмэгдэл 10.000 төгрөг, хоолны мөнгө өдрийн 2.500 төгрөг/ шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаан, Б.Солонго нараас:

...С.Мөнхжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, С.Мөнхжаргалд сахилгын шийтгэл оногдуулах тухай Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/151-р тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг дараах байдлаар нотолж байна. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4 дэх хэсгийг үндэслэсэн атлаа “..хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” болохыг заагаагүй. С.Мөнхжаргалыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.6, 11 дүгээр зүйлийн 11.2.3, 11.2.5.1, 11.2.5.4, 11.2.5.8, 11.2.5.13, Гүйцэтгэх захирлын тушаалаар батлагдсан ёс зүйн дүрмийн 6.1 дэхь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.2 дэхь заалт компанийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл С.Мөнхжаргалыг 11 зүйл заалтаар буруутгаж байгаа боловч ноцтой зөрчил гаргасан гэдгийг тухайлан зааж өгөөгүй. Энэ нь Улсын Дээд Шүүхийн 2000 оны 259-р тогтоолын хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гэсэн шаардлагыг хангахгүй  байна. Тушаалд хөдөлмөрийн гэрээний 5.2-г гол үндэслэл болгосон байна. Энэ заалтанд “ажилтан хөдөлмөрийн гэрээний 2.4-т заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг захиргааны  санаачилгаар цуцлана” гэжээ. Хөдөлмөрийн гэрээний 2.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт 14 зүйлийг жагсааж бичсэн байна. Энэ зүйл заалтуудаас аль нэг нь таарч магадгүй гэсэн таамаглалын шинжтэй болжээ гэж үзэж байна. С.Мөнхжаргалыг ноцтой зөрчил гаргасан гэж 4 зүйлээр буруутгаж байгааг дурьдсан байна.

Иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд Б.Гантөмөр, Л.Өлзийсайхан нарыг шүүх хуралд С.Мөнхжаргал гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлгүйгээр шүүх хуралдаанд оролцсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зөвлөмжийн 3.2-д зааснаар ойлгож эвлэрлийн гэрээ байгуулсан. Шүүх эвлэрлийн гэрээг хуульд нийцсэн, бусдын эрх ашгийг хөндөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд С.Мөнхжаргалыг буруутгах үндэслэлгүй байна.

С.Мөнхжаргалыг Л.Өлзийсайхан Энхсайхан гэдэг хүний кодыг ашиглаж төлсөн мөнгөө буцааж авах боломж олгож, хэрэглэгчтэй хуйвалдаж итгэл алдсан гэжээ. Санхүүгийн зөвшөөрлыг ахлах нягтлан бодогч зөвшөөрсөн гэдгийг хариуцагч тал хэлсэн. Харин тэрхүү боломжыг С.Мөнхжаргал биш зөвшөөрөл олгосон этгээд олгосон гэж ойлгож байна. С.Мөнхжаргалыг шүүхээр авлага нэхэмжлэх дэг жаяг зөрчсөн гэдэг боловч шүүхээр авлага нэхэмжлэх, бүртгэх дэг жаягийг зөрчсөн болохыг хавтаст хэрэгт нотолсон баримт байхгүй. С.Мөнхжаргалыг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Хэрэв ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон байна гэдгийг компаны дүрэмд тодорхой заасан боловч ёс зүйн хорооны дүгнэлт шийдвэр байхгүй байна. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2419 дугаартай ажлын байрны тодорхойлолттой С.Мөнхжаргал танилцаж гарын үсэг зураагүй. Өмнөх шүүх хуралдаан дээр гарын үсэг зурсан баримт байхгүй байсан гэтэл өнөөдөр гарын үсэг зурсан баримт авчирсан нь хуурамчаар гаргасан нотох баримт гэж үзэж байна. С.Мөнхжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж үзэж байна. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр заримт нотлох баримтыг шүүгчийн туслах алга болгосон мэтээр худал хэлж шүүх хуралдааныг хойшлуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр авчирсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зөвлөмжөөр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголтыг компаний эрх бүхий албан тушаалтан буруу тайлбарлаж үүнийг С.Мөнхжаргал зөв гэж ойлгож эвлэрсэн. Иймд захирлын тушаалыг хүчингүй болгож, өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Ажлын байрны тодорхойлолт дээр Мөнх-Эрдэнэ зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа боловч С.Мөнхжаргалаар тухайлан гарын үсэг зуруулаагүй, дараа нь юунд ч ашиглаж байсныг мэдэхгүй гарын үсэг бүхий баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хариуцагч компаний дотоод журам хуульд нийцсэн байх ёстой. Хуулиас давсан дотоод журам баталчихаад хүний эрхийг зөрчиж байна гэжээ.

 

Хариуцагч УБЦТС ХКомпани болон төлөөлөгч Н.Цэндсүрэн, Н.Төрболд, Б.Мөнх-Эрдэнэ нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...С.Мөнхжаргал нь УБЦТС ТӨХК-ийн харьяа Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд авлагын мэргэжилтнээр ажиллаж байгаад компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4 -д заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халагдсан.

Нэхэмжпэлд дурдсан асуудал тус бүрээр дараах тайлбар гаргаж байна.

1. Шүүхээр авлага нэхэмжпэх, бүртгэх журмыг зөрчсөн ажил үүргийг УБЦТС ТӨХК нь Мөнхжаргалаар гүйцэтгүүлж байсан эсэх талаар:

Шүүхээр авлага нэхэмжпэх, бүртгэх дэг жаяг нь 2005 онд боловсруулагдан мөрдөгдөж эхэлсэн ба 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр захирлын 68 дугаар тушаалаар байгууллагын стандартаар бүртгэгдсэн дэг жаяг. Энэхүү дэг жаягийн 6.2-д “Авлагыг хариуцаж барагдуулах ажилтнуудад хуваарилах гэсэн хэсэгт:

  • Нэг хэрэглэгчээс авах авлагын хэмжээ 0-200.000 төгрөг хүртэл байвал ХҮТ- ийн авлага барагдуулах хэсгийн ажилтнууд
  • 200.001-1.000.000 төгрөг хүртэл байвал Төв оффиссын Авлага барагдуулах хэлтсийн ажилтнууд
  • 1.000.001-ээс дээш байвал Төв оффиссын Авлага барагдуулах хэлтэс болон Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд хариуцаж барагдуулна гэж заасан.

Энэ хэсэг нь авлага хариуцаж барагдуулах хуваарилалт болохоос шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтлах төлбөрийн хэмжээний хуваарилалт биш бөгөөд тухайн үед компанийн төв оффист бие даасан Авлага барагдуулах хэлтэстэй байсантай холбоотой зохицуулсан хуваарилалт. Үүнээс хойш компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаар тушаалаар Авлага барагдуулах хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс татан буугдсан тул энэхүү хуваарилалтыг мөрдөх боломжгүй болсон. Иймээс хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлагын мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, барагдуулах төлбөрийн хэмжээний зааг ялгааг арилгаж бүх төлбөрийг авлагын мэргэжилтэн өөрөө хариуцаж барагдуулах, шүүхэд материал бүрдүүлэх, нэхэмжпэл гаргах, хуралд оролцох эрхийг нь гарган өгч итгэмжлэл олгосноор тодорхойлолтод тусгагдсан ажил үүргүүдийг авлагын мэргэжилтэн ганцаараа гүйцэтгэх үүрэг хүлээн ажиллаж байгаа.

Авлагын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны зорилго гэсэн хэсэгт “Цахилгаан эрчим хүчний төлөгдөөгүй төлбөрөөс үүссэн авлагыг барагдуулах, авлагын насжилтыг багасгаж, авлага цуглуулах дундаж хоногийг хэрэглэгчийн ангилал бүрд зохистой түвшинд барих” гэж, мөн ажлын байрны үндсэн зорилт гэсэн хэсгийн 1-д “90-ээс дээш хоногийн насжилттай авалгыг барагдуулах ажлыг зохион байгуулах” гэж, 2-д “Үлдэгдэл ихтэй хэрэглэгчдийг шүүхэд өгөх, шаардлагатай баримт, нотолгоог бэлдэх, гүйцэтгэлд хяналт тавих” гэж, 4-д “Барагдуулах боломжгүй авлагыг данснаас хасах материалыг бүрдүүлэх, дахин гаргахгүй байх ажлыг зохион байгуулах” гэж, Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд гэсэн хэсгийн 2.5-д “УБЦТС ХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэгчээр оролцох” гэж, 2.6-д “Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн насжилт өндөртэй авлагын хөөн хэлэлцэх хугацааг хүчинтэй байх асуудлыг хариуцах” гэж тус тус заасан нь авлагын мэргэжилтний хийж гүйцэтгэх гол ажпууд болно. Иймд Мөнхжаргал нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд УБЦТС ТӨХК нь тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлээгүй болно.

 

2. Хариуцагчтай эвлэрэх итгэмжлэл олгосны дагуу Б.Гантөмөр, Л.Өлзийсайхан нартай эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гаргуулсан Мөнхжаргалын үйлдлийн талаар:

Компанийн гүйцэтгэх захирлын 2010 оны тушаалаар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер болон авлагын мэргэжилтнүүдэд итгэмжпэл олгосон. Гэтэл Мөнхжаргал өөрт нь компанийн зүгээс олгосон итгэлийг алдсан. Учир нь барагдуулах боломжтой, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэрэглэгчийн авлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хуурамчаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн, мөн 482.349 төгрөгийн авлагыг 801.098 төгрөг болгон нэмэгдүүлэн шүүхэд материал бүрдүүлж өгсөн нь хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдсон.

 

3. Мөнхжаргалын 12 дугаар сарын үр дүнгийн шагналыг 5 пунктээр хасч 2014 оны 13 дугаар сарын үр дүнгийн шагналыг 91 хувь болгон бууруулах арга хэмжээ авсан эсэх талаар:

Мөнхжаргалын гаргасан зөрчилд хариуцлага тооцуулахаар компанийн дэд захирал Б.Баясгалангийн гарын үсэгтэй 2/2189 тоот албан бичгийг 2014 оны 12 дугаар сарын 3-нд Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүргүүлсэн. Баянзүрх ХҮТ-ийн менежерийн зөвлөлийн хурлаар 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж хурлаас Мөнхжаргалд дахин алдаа гаргахгүй ажиллахыг анхааруулсан байх бөгөөд 25/444 тоотоор компанид хариу ирүүлсэн. Бичигт Мөнхжаргалд 2014 оны 10 дугаар сарын үр дүнгийн шагналыг 5 пунктээр бууруулсан талаар дурдсан байсан болно. Хурлын тэмдэглэлд төвийн менежер 1 сар үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн боловч энэ удаа өөрт нь хатуу анхааруулаад сахилгын шийтгэл ногдуулаагүй болох нь шийдвэрлэсэн хэсгээс тодорхой харагдаж байгаа.

Нэхэмжлэлд дурдсанаар Мөнхжаргалын 2014 оны 13 дугаар сарын үр дүнгийн шагналыг 91 хувь болгон бууруулсан асуудал байхгүй бөгөөд төвийн 2014 оны ажпын тайлан хамгаалалтын хурлаар бүтэн жилийн ажилд нь 91 оноо өгсөн үнэлгээ болох нь нотлогдоно. Мөн 13 дахь сарын цалин бодсон, хүлээн авсан баримтаар 13 дахь сарын цалинг Мөнхжаргал бүтнээр авсан нь тогтоогдож байгаа. Иймд шагналыг нь 5 хувиар бууруулж давхар 13 дахь сарын цалинг 91 хувь болгож бууруулсан гэдэг нь үндэслэлгүй.

 

4. 2014 оны 05 дугаар сард бэлтгэж өгсөн материалын дагуу 2015 оны 02 дугаар сард шийдвэр гаргахдаа дахин тулгалтыг холбогдох удирдлагууд хийгээгүйгээс зөрчил гарсан гэсэн талаар:

Цахилгаан эрчим хүчээр хангагддаг хэрэглэгч нараас төлбөр төлүүлэх боломжгүй болсон /нас барсан, хаягандаа байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээс шүүхийн журмаар төлбөр авах боломжгүй болсон гэх мэт/ хэрэглэгчид олон байдаг бөгөөд төлбөрийн хэмжээ тэрбум, тэрбум төгрөгөөр яригддаг. Төлбөр барагдуулах ажлыг компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд хариуцан гүйцэтгэдэг бөгөөд найдваргүй болсон авлагын асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргаснаар данснаас хасах үйл ажиллагааг гүйцэтгэх захирлын тушаалаар хэрэгжүүлдэг.

Үүний дагуу 2014 оны 5 дугаар сараас эхлэн хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд найдваргүй авлагатай хэрэглэгчдийн материалыг бэлтгэж эхэлсэн. Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтэс хянаж үзээд материал дутуу, зохих хүснэгтийн дагуу гараагүй байгааг засуулахаар буцааж 2014 оны 06 дугаар сарын 30-нд 5/1233 тоотоор зөвлөмж гарган хүргүүлж 2014 оны 9 сарын 20-ны дотор засаж ирүүлэх үүрэг даалгавар өгсөн. Баянзүрх ХҮТ -ээс 2014 оны 10 сарын 3-нд 25/272 тоотоор хариу ирүүлсэн боловч 5 сард гаргасан дэлгэрэнгүй материалд засвар оруулаагүй тэр хэвээр нь өөрөөр хэлбэл 1668 хэрэглэгчид холбогдох 178.8 сая төгрөгийн С.Мөнхжаргал гарын үсгээ зурж баталгаажуулсан хавтастай материал хэвээрээ, харин нэгдсэн товчоог ХААХ-н хүснэгтээр гаргасан байсан.

2014 оны 11 сард Борлуулалтын бодлогын хэлтэс хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ирүүлсэн материалуудыг дахин хянаж үзэхэд Баянзүрх ХҮТ-д Өлзийсайхан, Гантөмөр гэсэн 2 хэрэглэгчийн төлбөр төлөгдөх ёстой атал найдваргүй авлагад оруулахаар ирүүлснийг хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлантай тулгаж үзэж тогтоогоод засах үүрэг өгсөн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж найдваргүй авлагын асуудлыг шийдвэрлэхийн тулд ХҮТ-үүдийн авлагын мэргэжилтнүүд өөрсдөө материалаа бэлтгэж ирүүлэх үүрэгтэй. /ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 4-р заалт/ Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2014 ондоо багтаж хийгдэхгүй байсаар 2015 оны 01 дүгээр сарын 30-нд хуралдсан. Үүний дараа Гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр А/18 тоот тушаал гарч найдваргүй авлагыг данснаас хасах зөвшөөрөл ХҮТ-үүдэд олгогдсон.

 

5. Мөнхжаргалын гаргасан зөрчилд оногдуулсан шийтгэл үндэслэлтэй эсэх талаар.

Гүйцэтгэх захирлын А/18 тоот тушаал батлагдсан өдрөө И-офиссоор ХҮТ-үүдэд хүргэгдсэн. ББХ-ээс дахин тушаалаар батлагдсан жагсаалтуудад хяналт шалгалт хийтэл 2 хэрэглэгч ороод төлбөр нь данснаас хасагдахаар шийдвэрлэгдсэн байсан.

Иймд ББХ-ээс асуудлыг нарийн шалгаж бодит байдлыг тогтоолгохоор ХААХ-т 2014 оны 3 сарын 4-нд материалыг шилжүүлснээр ХААХ шалгаж дүнг Захирлын зөвлөлийн хурлаар 3 сарын 24-ний өдөр оруулж хэлэлцүүлсэн. Шалгалтын материалыг 2015 оны 3 сарын 19-ны өдөр Мөнхжаргалд танилцуулж гарын үсэг зуруулсан.

Данснаас хасах найдваргүй авлагын жагсаалтыг ХҮТ-ийн авлагын хэсэг эхний ээлжинд хүлээн авч албан үүргийн дагуу авлагын мэргэжилтэн танилцана. Мөнхжаргал танилцаад зөрчилтэй 2 хэрэглэгч орсон байгааг мэдсэн ба Өлзийсайханд одоо боломж гарсан тул зөрчилгүй хэрэглэгчийн код олж өргөдөл бичиж залруулга хийж мөнгөө буцаан авах талаар зөвлөсний дагуу Өлзийсайхан Энхсайхан гэдэг хэрэглэгчийн кодыг олж залруулга хийлгэх өргөдлийг өөрөө бичиж өгснөөр Энхсайханы дансанд Өлзийсайханы мөнгө орсон. Баримтаар Өлзийсайхан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу захирлын тушаал гарснаас 2 хоногийн дараа өргөдөл бичиж залруулга хийлгүүлсэн нь тогтоогдсон./баримтыг хавсаргав/ Мөн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр компанийн ХААХ-ийн даргын өрөөнд болсон хурлын тэмдэглэлээр Мөнхжаргал, Өлзийсайхан нарын үйлдэл өөрсдийнх нь тайлбараар нотлогдсон.

Иймд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаал нь хуулийн ямар нэг заалт зөрчөөгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дах заалт, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.6 дах заалт, Ажилтны ёс зүйн дүрмийн 6.1 дэх заалт, ажилтан ажил олгогчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2 дах заалт, компанийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс хийсэн шалгалтын дүн, компанийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэр зэргийг харгалзан захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн эрх зүйн үндэслэл бүхий тушаал бөгөөд шийтгэл нь түүний гэм буруу, зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон гэж үзэж байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тушаалын үндэслэх хэсэгт С.Мөнхжаргалын гаргасан ноцтой зөрчлүүдийг дурьдсан байна. Барагдуулах боломжтой хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хоёр хэрэглэгчийн 1,614,200 төгрөгийг авлагаас татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгуулсан зөрчилдөө дүгнэлт хийж арилгаагүй. Найдваргүй авлагын бүртгэлээс хасах талаар өгсөн үүргийг биелүүлээгүй, энэ талаар зөвлөмж өгсөн, удаа дараа сануулсан. Найдваргүй авлагыг данснаас хасах тухай гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн А/18 дугаар тушаалд дээрх хоёр хэрэглэгчийн төлбөр орж данснаас хасахаар шийдвэрлэгдснийг мэдсэн атлаа таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хуурамчаар өргөдөл гаргаж өөрийн төлсөн төлбөрийг данснаасаа эргүүлэн гаргах боломжийг Л.Өлзийсайханд олгосон ноцтой зөрчлүүд нь компаний хөдөлмөрийн дотоод журмын сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах үндэслэл болж байна. Л.Өлзийсайхан тухайн аргыг С.Мөнхжаргал надад зааж өгсөн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдол бүрийг ёс зүйн хурлаар оруулах шаардлага байхгүй, захиргааны санаачлагаар ноцтой гаргасан бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Заавал ёс зүйн хорооны дүгнэлт гаргасны дараа ажлаас халах ойлголт байхгүй. 2013 оны 10 дугаар сарын 31-нд ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн. Иймд шинэчлэгдсэн ажлын байрны тодорхойлолттой бүх ажилтнуудыг танилцуулсан гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид холбогдуулан УБЦТС ХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүйд тооцуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ноцтой зөрчил гаргасан гэдгийг тухайлан зааж өгөөгүй, шүүх эвлэрэл нь хуульд нийцсэн байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсийн зөвлөмжийн дагуу тодорхойлсон, бусдын кодыг ашиглаж төлсөн мөнгөө буцааж авах боломж олгосон зөвшөөрлыг ахлах нягтлан бодогч олгосон, шүүхээр авлага нэхэмжлэх дэг жаяг зөрчсөн гэх боловч хавтаст хэрэгт нотолсон баримт байхгүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол ёс зүйн хорооны шийдвэрээр тогтоогдсон байх ёстой, ёс зүйн хорооны дүгнэлт шийдвэр байхгүй байхад үндэслэлгүй ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж,

Хариуцагч тал нь ...Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хоёр хэрэглэгчийн 1.614.200 төгрөгийг авлагаас татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгуулсан зөрчилдөө дүгнэлт хийж арилгаагүй, найдваргүй авлагын бүртгэлээс хасах талаар өгсөн үүргийг биелүүлээгүй, энэ талаар зөвлөмж өгсөн, удаа дараа сануулсан. Найдваргүй авлагыг данснаас хасах тухай гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаарсарын 11 -ны өдрийн А/18 дугаар тушаалд дээрх хоёр хэрэглэгчийн төлбөр орж данснаас хасахаар шийдвэрлэгдснийг мэдсэн атлаа таслан зогсоох арга хэмжээ аваагүй, хуурамчаар өргөдөл гаргаж өөрийн төлсөн төлбөрийг данснаасаа эргүүлэн гаргах боломжийг Л.Өлзийсайханд олгосон ноцтой зөрчлүүд нь компаний хөдөлмөрийн дотоод журмын сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах үндэслэл болж байна. Ёс зүйн зөрчил гаргасан тохиолдол бүрийг ёс зүйн хурлаар оруулах шаардлага байхгүй, захиргааны санаачлагаар ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж тус тус тайлбарлаж, маргасан байна.

 

Ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гарсан, уг тушаалын талаарх гомдлоо 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу шүүхэд гаргасан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “...Эрхэлсэн ажил-Мэргэжилтэн /АБХ/, ажиллах нэгч-Баянзүрх дүүрэг хэрэглэгчдэд үйчлэх төв, гүйцэтгэх үндсэн үүрэг-Цахилгаан эрчим хүчний төлөгдөөгүй төлбөрөөс үүссэн авлагыг барагдуулах, авлагын насжилтыг багасгаж авлага цуглуулах, дундаж хоногийг хэрэглэгчийн ангилал бүрд зохистой түвшинд барих, сарын цалингийн хэмжээ 682.000 төгрөг, хөдөлмөрийн нөхцөл хэвийн” гэж харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

 

Уг хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гол нөхцлүүд, 38 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр, хууль тогтоомжид нийцүүлэн байгуулсан гэрээ байх бөгөөд уг гэрээ болон хуульд үл харшлах хөдөлмөрийн дотоод журмыг баталсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд ...сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах 14-н төрлийн тохиолдлуудыг нэрлэн заасан байх ба 4 төрлийн үндэслэлээр С.Мөнхжаргалыг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна гэж нэхэмжлэгч тал шаарддаг хэдий ч энэ нь баримтаар үгүйсгэгдээгүй, хариуцагч талын татгалзалын үндэслэлийг няцааж чадаагүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан Б/151 дугаартай тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Тодруулбал, С.Мөнхжаргал шүүхээр авлага нэхэмжлэх дэг жаяг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хэрэглэгчтэй хуйвалдаж ажил олгогчийн итгэлийг алдсан, ажилтны ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзсэн тушаалын үндэслэл нь доорх баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхээр авлага нэхэмжлэх, бүртгэх журамд ...нэг хэрэглэгчээс авах авлагын хэмжээ 0-200.000 төгрөг байвал хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтнууд хариуцаж барагдуулна гэж заасан заалтыг зөрчиж байгууллагын итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэглэгч Б.Гантөмөрөөс 1.112.794 төгрөгийг, Л.Өлзийсайханаас 811.898 төгрөгийг гаргуулах шаардлагаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулж эвлэрлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан гэх боловч хариуцагчийн ...шүүхээр авлага нэхэмжлэх, бүртгэх дэг жаяг нь 2005 онд боловсруулагдсан, компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж 2010 онд авлага барагдуулах хэлтэс, хууль эрх зүйн хэлтэс татан буугдаж хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлагын мэргэжилтэнд төлбөр нэхэмжлэх хэмжээний зааг ялгааг арилгаж бүх төлбөрийг өөрөө хариуцаж барагдуулах, шүүхэд материал бүрдүүлэх, нэхэмжлэл гаргах, хуралд оролцох, эвлэрэх эрхийг олгож итгэмжлэл олгосон,  хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй 2 хэрэглэгчийн өр төлбөрийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн, Л.Өлзийсайханы өр төлбөр буюу нэхэмжилсэн авлагыг 801.098 төгрөг болгон нэмэгдүүлсэн, улмаар түүнийг хуурамчаар данснаас мөнгө буцаан авах боломж олгосон, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар зөвлөмж өгч байсан, найдваргүй авлагатай хэрэглэгчдийн жагсаалтыг дахин нягталж шалгаагүй гэх тайлбар, шүүгчийн захирамж, үйл баримтаар үгүйсгэгддэг.

 

Мөн нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь өөрийн гаргасан зөрчлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байсан нь захирлын зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлээр, Баянзүрх ХҮТ-ийн менежерийн зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээр, 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хяналт шалгалт хийсэн танилцуулга, тэмдэгэлээр нотлогддог ба шүүхээс эвлэрлийг баталсан захирамжаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг эрх зүйн талаас үнэлж, дүгнээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрч буй үйлдлийг баталгаажуулж байгаа тул уг маргааны эрх зүйн үр дагавар, зөв буруугийн талаар эцэслэн шийдвэрлээгүй нь нэхэмжлэгч талын шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрийн үр дагавараар С.Мөнхжаргалд хариуцлага тооцсон нь буруу гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Нөгөө талаар дээрх хөдөлмөрийн гэрээг цуцалж буй компанийн захирлын тушаалыг 11 зүйл заалтаар буруутгаж байгаа боловч ноцтой зөрчил гаргасан гэдгийг тухайлан заагаагүй гэж нэхэмжлэгч тал мэдүүлэх хэдий ч уг тушаалд ажлаас халах болсон үндэслэлийг үйл явдлаар тодорхойлж энэ нь ноцтой зөрчил болно гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.     

 

Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь УБЦТС ХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүйд тооцуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагаа нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргалаас УБЦТС ХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/151 тоот тушаалыг хүчингүйд тооцуулан, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар танилцуулан сонсгомогц хүчинтэй болсон шүүхийн шийдвэр 7 хоногийн дотор бичгээр үйлдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах ба уг шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.       

 

                  

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.АМИН-ЭРДЭНЭ 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.