Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-07-19
Дугаар 1613
Хэргийн индекс 183/2019/01685/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч В.С СӨХ
Хариуцагч З.С
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

2019 оны 07 сарын 19 өдөр

    Дугаар 183/ШШ2019/01613

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 өргөтгөл, өөрийн байранд оршин байрлах, В.С СӨХ /рд:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо,  00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, И овогт З.С /рд:000000/-д холбогдох,

 

СӨХ-ийн төлбөрт 815 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.С СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00 тоотод оршин суух З.Содгэрэл нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг дуустал нийт 9 сарын дундын өмчлөлийн талбайн ашиглалт болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хотхоны зам болон талбайн гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, камержилт, хог хаягдал татан зайлуулах, усан оргилуур ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, усалгаа, дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг төлөөгүй В.С СӨХ-д 815 400 төгрөгийн хохирол учруулсан. Иймд З.С дундын өмчлөлийн талбайн ашиглалт болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хотхоны зам болон талбайн гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, камержилт, хог хаягдал татан зайлуулах, усан оргилуур ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, усалгаа, дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөр 815 400 төгрөгийг гаргуулж, В.С СӨХ-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч З.С шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн З.С би Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 00 байр, 00 тоотод оршин суудаг ба В.С СӨХ-тэй ямарч холбоогүй. Би зөвхөн нэхэмжлэлд дурдсан хаягт ажилладаг. Хэрэв миний бие В.С СӨХ-ийн өмнө үүрэг хүлээгээд, түүнийгээ биелүүлээгүй байлаа гэхэд В.С СӨХ нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл В.С СӨХ нь Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан заалтыг илтэд зөрчжээ. Миний бие Вива Сити хотхонд ямар нэг байр, сууц өмчилдөггүй бөгөөд В.С СӨХ-ийн гишүүн биш. Би иргэний хувьд В.С СӨХ-тэй ямар нэгэн гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй тул В.С СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт байх баримтаас харахад В.С СӨХ нь 2018 оны 8 дугаар сард байгуулагдсан байх бөгөөд З.С нь 2018 оны 4 дүгээр сараас Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 000 тоотыг түрээсэлсэн.З.С нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Вива сити хороолол, 0000 тоот орон сууцны өмчлөгч биш. Түрээсийн гэрээ байгуулсан өмчлөгч нь З.С СӨХ-ийн төлбөр төлөх талаар хэлээгүй, түрээсийн гэрээнд энэ талаар байхгүй. Цахилгаан, ус суваг газрынхан З.С уулзаж гэрээ байгуулсан. Гэтэл В.С СӨХ нь З.С гэрээ байгуулаагүй байж төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй. В.С СӨХ өмчлөгчтэй гэрээ байгуулсан бол тухайн байранд өөр хүн оруулсан эсэхээс үл хамааран зөвхөн өмчлөгчтэй холбогдуулж нэхэмжлэл гаргах хэрэгтэй. З.С, В.С СӨХ-тэй гэрээ байгуулчихаад хохирол учруулсан бол төлөх ёстой. Гэтэл гэрээ байгуулаагүй байхад хохирол учруулсан гэж төлбөр нэхэж болохгүй. Иймд В.С СӨХ-ийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч В.С СӨХ нь хариуцагч З.С холбогдуулан СӨХ-ийн төлбөрт 815 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргаас В.С СӨХ-ийг Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Ж.Х гүйцэтгэх захирлаар томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “....З.С нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг дуустал нийт 9 сарын дундын өмчлөлийн талбайн ашиглалт болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хотхоны зам болон талбайн гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, камержилт, хог хаягдал татан зайлуулах, усан оргилуур ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, усалгаа, дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг төлөөгүй В.С СӨХ-д 815 400 төгрөгийн хохирол учруулсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч “...би Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 00 байр, 00 тоотод оршин суудаг ба В.С СӨХ-тэй ямар ч холбоогүй. Миний бие Вива Сити хотхонд ямар нэг байр, сууц өмчилдөггүй бөгөөд В.С СӨХ-ийн гишүүн биш. Би иргэний хувьд В.С СӨХ-тэй ямар нэгэн гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй тул В.С СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргасан. 

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй гэж заажээ.  

 

Нэхэмжлэгч В.С СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээний санг бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны  000, 000, 000  дугаар байруудыг хамруулан нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээний санг бүрдүүлэх ажлыг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хуульд заасны дагуу сууц өмчлөгчөөс ашиглалтын төлбөр шаардах эрхтэй юм.

 

Гэвч хэрэгт авагдсан Б.О, З.С нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан №00 ажлын байр түрээсийн гэрээгээр З.С нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш түрээслэгч болох нь тогтоогдож байхаас гадна энэхүү гэрээгээр СӨХ-ийн төлбөрийг хэрхэн төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч З.С СӨХ-ийн төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн З.С холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 сард хамаарах СӨХ-ийн төлбөрт 815 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 120 төгрөгийг улсын орлогод үлдээх зүйтэй гэж үзэв.    

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч З.С холбогдуулан гаргасан СӨХ-ийн төлбөрт 815 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.С СӨХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн24 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНГӨНТУУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.