Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-15
Дугаар 001/ХТ2017/00790
Хэргийн индекс 101/2016/00790/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч С.Баяраа
Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

С.Баяраагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан,П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00271 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 759 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : С.Баяраа,

Хариуцагч : Зам, тээврийн хөгжлийн  яам,

Нэхэмжлэлийн шаардлага : Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2016.8.15-ны өдрийн 02 дугаар тушаалаар хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдоржийн гаргасан гомдлоор

            Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Баяраа, түүний өмгөөлөгч Л.Дашравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдорж, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал  нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  2015.11.20-ны өдөр Зам, Тээврийн сайдын тушаалаар Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улсыг төлөөлөн суух төлөөлөгчөөр томилогдсон. 2016.01.19-ний өдөр Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээг 3 жилийн хугацаатай тус яамтай байгуулсан. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага нь Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотод байрладаг олон улсын байгууллага юм. Төлөөлөгчөөр ажиллуулах тухай гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч 2016.8.15-ны өдрийн Зам Тээврийн Хөгжлийн сайдын тушаалаар 2016.8.25-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлсөн сайдын тушаалыг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхгүй байгаа бөгөөд намайг хугацаанаас өмнө ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.  Хууль бусаар үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож өгөхийг гаргаж байна гэжээ. /хх1/  Ажигүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсэж байна/хх 88/ гэжээ

         Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Олон Улсын Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага нь ...Европ Азийг холбосон олон улсын төмөр замын тээврийг хөгжүүлэх, сайжруулах, олон улсын төмөр замын тээврийн салбарт тээврийн зөвшилцсөн бодлогыг хэрэгжүүлэх, ...төмөр замын тээврийн салбар дахь мэдээлэл, шинжлэх ухаан-техник, эдийн засаг, экологийн хүчин зүйлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү  байгууллагын дүрмийн дагуу гишүүн улсаас томилогдох төлөөлөгч нь техникийн болон эдийн засгийн дээд боловсролтой, төмөр замын эдийн засаг, төмөр замын тээврийн ашиглалтын мэргэжилтэй байх шаардлага тавигддаг. Анх байгуулагдсан үеэс төмөр замын мэргэжлийн хүн томилогдож ирсэн. Гэтэл Зам, тээврийн сайд /хуучнаар/-ын 2015.11.20-ны өдрийн 310 дугаар тушаалаар уг олон улсын байгууллагын дүрэм, холбогдох баримт бичгийн шаардлагыг зөрчиж, ТЗХАБ-ьн Комиссын тээврийн албан тушаалд нэр дэвшигчийн мэргэжлийн шаардлагыг хангахгүй, иргэн С.Баярааг  төлөөлөгчөөр томилсон. Энэ нь ТЗХАБ-ын Ерөнхий Хорооны даргын Зам, тээврийн сайдад ирүүлсэн 2015.11.26-ны өдрийн П1-49/15 тоот албан бичгээр нотлогдож байна. Мөн дээрх 310 дугаар тушаалыг ТЗХАБ-ын Ерөнхий Хорооны даргад 2015.11.23-ны өдрийн 01/217 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч 2015.11.25-ны өдрийн 01/219 тоот албан бичгээр 2015.12.08-11-ний өдрүүдэд ТЗХАБ-ын нэгдсэн зөвлөгөөнд Зам, тээврийн яамыг төлөөлж оролцох, гарын үсэг зурах эрхийг ТЗХАБ-д суугаа төлөөлөгч, ТЗХАБ-ын Хорооны гишүүн Ц.Алтанхуягт олгож гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн байна. Мөн С.Баяраа нь ЗТЯ-тай байгуулсан гэрээний 3.2.2 дахь заалтад заасан ...ажил үүргийн төлөвлөгөө гаргаж хагас жил тутам үр дүнг тайлагнах үүргээ зөрчсөн, хангалтгүй биелүүлсэн нь түүний 2016.6.10-ны өдрийн нэг  нүүр хагас Илтгэх хуудсаас гадна ямар нэг төлөвлөгөө гаргаж ажиллаагүйгээр тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдлын үндсэн  гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомж зөрчиж гарсан Зам, тээврийн сайд /хуучнаар/-ын 2015.11.20-ны өдрийн Төлөөлөгчөөс чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай 310 дугаар тушаалыг хүчингүй болгон, өмнө нь 2011 оноос эхлэн төлөөлөгчөөр үр бүтээлтэй ажиллаж байсан эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй, төмөр замын тээвэр зохион байгуулагч, эдийн засагч мэргэжилтэй Ц.Алтанхуягийг ажилд нь эгүүлэн томилсон байна. Иймд олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомж зөрчиж гарсан Зам, тээврийн сайд /хуучнаар/-ын 2015.11.20-ны өдрийн Төлөөлөгчөөс чөлөөлөх, төлөөлөгчөөр томилох тухай 310 дугаар тушаалыг хүчингүй болгон, гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, ТЗХАБ-ын төлөөлөгчийн ажил мэргэжлийн шаардлагыг хангахгүй С.Баярааг төлөөлөгчөөс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 25-26/

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00271 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай С.Баяраагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баяраа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 759 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00271 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар С.Баярааг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын Зам, тээврийн яамны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 90.345.234 төгрөг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргуулж С.Баяраад олгосугай” гэж, 2 дугаар заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж”, гэж өөрчилж, “дурдаж”, гэсний дараа “Зам, тээврийн хөгжлийн яамнаас улсын тэмдэгийн хураамжид 609.676 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар С.Баяраа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.  

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Төмөр   замуудын хамтын  ажиллагааны    байгууллагын   дүрмийн холбогдох заалтын дагуу тус байгууллагад өөрийн нэг төлөөлөгчийг томилон ажиллуулж ирсэн бөгөөд Иргэний хуулийн дагуу томилсон. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан "Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх, нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх" нэр томъёо, хэл зүйн шаардлага, нөгөө талаас иргэн С.Баяраатай байгуулсан Иргэний хуулийн 64.5 дахь хэсгийн дагуу 3 жилээр байгуулагдсанаар нотлогдож байгаа юм. 2.  Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 21.1.3, 21.1.4 дэх заалтад хөдөлмөрийн нөхцөл гэж тус тус заасан. Гэтэл С.Баяраатай байгуулсан Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээгээр энэхүү шаардлагыг тоггоогоогүй бөгөөд гэрээний Хоёрдугаар бүлэгт заасан гэрээний үндсэн нөхцөл нь Төлөөлөгчөөр томилсон С.Баяраагаар төлөөлүүлэх, төлөөлөгчийн бүрэн эрхийг тогтоосон, үндсэн буюу албан тушаалын цалингийн хэмжээг тогтоогоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21.3 дахь хэсэгт гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй" гэж заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм. 3.  Төлөөлөгчөөр ажиллуулах гэрээний 3.2.2 дахь заалтад заасан ...хагас жил тутам үр дүнг тайлагнах үүргээ зөрчсөн, хангалтгүй биелүүлсэн нь 1 нүүр хагас хэмжээтэй Илтгэх хуудсаар тогтоогдсон тул мөн гэрээний 4.1 дэх хэсэгт чөлөөлсөн. 4. Нөгөө   талаар   иргэн   С.Баяраатай   байгуулсан  гэрээний 5.1 дэх хэсэгт "... ТЗХАБ-аас мэдэгдэл, ... ирүүлсэн  тохиолдолд Зам, тээврийн  яам  нь  хугацаа  харгалзахгүйгээр  гэрээг цуцална"   гэж   заасны   дагуу   төлөөлөгч   С.Баяраас   татгалзаж, төлөөлөгчийг чөлөөлсөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 02 дугаар тушаалаар гарсан. Учир нь иргэн С.Баярааг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2015 оны 310 дугаар тушаалаар ТЗХАБ дахь тус яамны төлөөлөгчөөр томилогдсоны дараа ТЗХАБ-ын Ерөнхий Хорооны дарга Тадеуш Шоздагын Зам, тээврийн сайдад ирүүлсэн 2015.11.26-ны өдрийн П1-49/15 тоот албан бичигт иргэн С.Баярааг төлөөлөгчөөр томилогдох мэргэжлийн шаардлага хангахгүй талаар "...Хатагтай Цэвэгсүрэн Алтанхуягийг эргүүлэн татаж байгаатай холбогдуулан түүнийг Монгол Улсыг төлөөлөх ТЗХАБ-ын Хорооны гишүүний албан тушаалд нийцэж байгаа болон мэргэжлийн өндөр чадвартайг батлан хэлэхийг хүсч байна. ... Энэ цаг хугацаанд ТЗХАБ-ын ачаа тээврийн комисст ажиллах Монгол Улсын төлөөлөгч нь европ-ази-европ чиглэлд хүнд даацын чингэлэг болон контрейлерийн тээврийг зохион байгуулахад хамааралтай олон улсын гэрээ, хэлэлцээр, тариф, ачааны уялдуулсан систем, ачааны вагон эдэлгээний дүрэм, галт тэрэгний хөдөлгөөний хуваарь, хууль эрхзүйн, техникийн, эдийн засгийн бүхий л асуудлыг мөн НҮБ-ын Ази Номхон далайн нийгэм эдийн засгийн комисстой энэ асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, Трансазийн төмөр замын хойд хонгилоор чингэлэг тээвэрлэлтийн туршилтын галт тэрэг нэвтрүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх ажил үүргийг хариуцдаг. ... Түүнчлэн ТЗХАБ-ын үйл ажиллагааг харгалзан үзэж шинэ төлөөлөгч нь ТЗХАБ-ын ачаа тээврийн комиссын мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэх шаардлагыг хангахуйц мэргэшилтэй байх шаардлагатайг анхаарна уу" гэсэн албан мэдэгдэл ирсэн. Мөн мэргэжлийн шаардлага хангахгүй С.Баярааг ТЗХАБ-д төлөөлөгчөөр ажиллах хугацаанд ТЗХАБ-ын үйл ажиллагаанд төлөөлүүлэн оролцуулах боломжгүй байсан талаар ТЗХАБ-ын гишүүн төмөр зам болох Монгол-Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн 2016.11.24-ний 14/1735 тоот албан бичигт "... Эдгээр 17 хурал нь төмөр замын нарийн мэргэжил, мэдлэг шаардсан хурлууд байсан ба төлөөлөгч С.Баярааг УБТЗ-ыг төлөөлөн оролцуулж шийдвэр гаргуулах, мөн түүнд протоколд гарын үсэг зуруулах эрх олгох боломжгүй байсан" гэснээр давхар нотлогдож байгаа юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, дараах үндэслэлээр С.Баяраагийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  1. Шүүх С.Баяраагийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна.

           С.Баяраа шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар хууль бусаар үндэслэлгүй ажлаас халагдсан болохыг тогтоолгох...” шаардлага тавьсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж “...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлд заасан журмыг баримтлан гаргуулах... урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж шаардлагаа нэмэгдүүлж байна...” гэжээ. /хх 1, 88/

            Тодруулбал, С.Баяраа нь Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж “..Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох...” шаардлага тавьсан байна.     

            С.Баяраа нь Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага тавьсан байхад шүүх эхний шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “..нэхэмжлэгч ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй...” гэснийг зөрчсөнөөс гадна нэхэмжлэлийн хэмжээд шийдвэр гаргах тухай мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

             2. Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын тухай дүрмийн III-р зүйлийн 1 дэх хэсгийн заалтаас үзвэл /хх 109-115/ Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын  гишүүн нь Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх эрх баригч байгууллага эсвэл өөрсдийн төр засгаас итгэмжлэгдсэн төмөр замын төв байгууллага байхаар заажээ.

           Монгол улс нь Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын оролцогч бөгөөд уг байгууллагад Монгол улсыг төлөөлөх төлөөлөгчийг Зам, тээврийн хөгжлийн яам томилдог талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэв.  

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийг Зам, тээврийн хөгжлийн яамны сайд томилдог байх бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, 8 дугаар зүйлийн 8.1, 22 дугаар зүйлийн 22.3 дахь зүйлийн зохицуулалтаас үзвэл  энэ нь сайдын бүрэн эрхэд хамаарах асуудал байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “...захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх...”-р  зааснаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлд заасан байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актад холбогдсон иргэний гомдол, нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.     

            Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох “...Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох...” нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00271 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 759 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг баримтлан Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох “...Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага дахь  Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчийн  ажилд эгүүлэн тогтоолгох...”  тухай С.Баяраагийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

            3. С.Баяраа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                             Б.УНДРАХ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.