Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-20
Дугаар 001/ХТ2017/00841
Хэргийн индекс 101/2016/00841/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч М.Бахытжан К.Тилеубек,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургууль,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

М.Бахытжан, К.Тилеубек нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727 дугаар шийдвэр,

            Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00035 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : М.Бахытжан,

Нэхэмжлэгч : К.Тилеубек,

Хариуцагч : Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл дунд сургууль,

Нэхэмжлэлийн шаардлага : М.Бахытжан нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2013.8.30-ны өдрөөс 2016.8.30-ны өдөр хүртэлх хугацааны олговор 20.994.090 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай,

К.Тилеубек нь Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай

            Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Тилеубекийн төлөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч Я.Съезд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            М.Бахытжан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013.8.30-ны өдөр 49 дугаартай тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тушаалд хөдөлмөрийн тухайн хуулийн 40.1.4, сургуулийн дотоод журмын 6.4.10, хөдөлмөрийн гэрээний 1.10 дахь заалтыг тус тус үндэслэн хүүхдийн тоог илүү гаргаж, төрөөс хууль бус санхүүжилт авах боломж бүрдүүлж хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн гэж ажлаас чөлөөлсөн юм. Намайг сургуулийн захирал 2013.5.14-ний өдөр 33 дугаар тушаал гаргаж дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлж, гаргасан тушаал нь агуулгын хувьд буруу болж дахиж намайг ажилд авсан юм. Би сургуулийн үдийн цайны  хөтөлбөрийг гэрээ хийж авч хариуцаж байтал захирал  өөр хүнд хариуцуулсан юм. Би сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажиллаж байхдаа  зөрчил гаргаагүй байхад өөр холбогдолгүй зүйлийг үндэслэж гэрээг цуцалсан. Нөгөө талаар хөдөлмөрийн хуулийн 131.1.3-т сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь намайг үдийн цайны хөтөлбөртэй холбоотой зөрчил гаргасан гэж энэхүү ажлыг авчхаад дотуур байрны хүмүүжүүлэгчийн ажилд ямар ч холбогдолгүй зүйлийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Иймд, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулж өгнө үү гэжээ.           

      К.Тилеубек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие багшаар ажиллахдаа ямар нэгэн дутагдал, доголдол гаргалгүй сайн ажиллаж байсан. Энэ оны 8-р сард хуучин захирал ажлаасаа чөлөөлөгдөн оронд  К.Салтанат томилогдсон. Шинэ захирал ажилдаа ормогц 2016.8.31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2, 2013 оны 3-р сард байгуулсан миний хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтуудыг үндэслэн 57 тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг цуцлан, миний оронд  М.Бахытжаныг авч ажиллуулж байна.  Миний хөдөлмөрийн гэрээг цуцлах  үндэслэл огт байхгүй. Миний хөдөлмөрийн гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтүүд гэсэн хэсэгт сургуулийн захирал Ш.Молданияз 2014-2015 оны хичээлийн жилээс бүр орон тоогоор ажиллана гэж 2014.9.01-ний өдөр тэмдэглэл хийсэн байгаа. Би бол түр ажилтан биш, надад анх хөдөлмөрийн гэрээг сургуулийн захирал Ш.Молданияз байгуулахдаа эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа Бахытжаныг эргэн ирэх хүртэл ажиллана гэж хугацааг буруу бичсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай долоон заалт дотор эрүүгийн хэргийн учир шалгагдаж байгаа хүнийг эргэн ирэх хүртэл ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэсэн заалт байхгүй. Иймд намайг Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Бахытжаныг тус сургуулийн үдийн цай хөтөлбөрөөс 12.506.800 төгрөгийг хувьдаа завшсан гэж тус аймгийн Цагдаагийн газар  шалгах болсон тул  захирлын тушаалаар  дотуур байрны багш буюу хүмүүжүүлэгчийн орон тооны ажлаас чөлөөлсөн. М.Бахытжаныг ажлаас чөлөөлөх үед сургуулийн захиргаа тухайн орон тоонд К.Тилеубектэй түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, сургуулийн дотуур байрны багшаар томилсон. М.Бахытжан нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэлэлцэж  2016.4.24-ний өдөр 21 дугаартай цагаатгах тогтоол гарсан. Давж заалдах шатны шүүх 2016.7.01-ний өдөр 4 дугаартай магадлалаар гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна. Үүний дагуу М.Бахатжаны хүсэлтийг үндэслэн түүнийг өмнө эрхэлж байсан ажил буюу дотуур байрны багшаар 2016.9.01-ний өдрөөс эхлэн томилсон. Х.Тилеубектэй 2015.3.02-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацааг тусгасан байна. Энэхүү хөдөлмөрийн гэрээг ажилтан Х.Тилеубек зөвшөөрч тухайн үед гарын үсэг зурж байжээ. Энэ нь Х.Тилеубекийг өмнө ажиллаж байсан М.Бахытжаны асуудал шийдвэрлэх хүртэл хугацаагаар тухайн ажилд томилогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэл юм. М.Бахытжаныг  хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шийдвэр гаргасан. К.Тилеубекийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-ыг баримтлан 2013.8.30-ны өдрөөс 2013.11.15-ны өдөр хүртэл, мөн 2014.5.02-ны өдрөөс 2014.5.07-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор 1.327.312 төгрөгийг Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулиас гаргуулан М.Бахытжанд олгож, нэхэмжлэлээс 19.666.778 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан К.Тилеубекийг Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, М.Бахытжаны 2013.8.30-ны өдрөөс 2013.11.15-ны өдөр хүртэл, мөн 2014.5.02-ны өдрөөс 2014.5.07-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,  М.Бахытжан нь Хөх хөтөл дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээс татгалзсаныг дурдаж, М.Бахытжан авах байсан цалин болон бусад хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар М.Бахытжан, К.Тилеубек нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 106.387 төгрөг гаргуулж улсын орлого болгох шийдвэр гаргажээ. 

            Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00035 дугаартай магадлал гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан К.Тилеубекийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус баримтлан М.Бахытжаны  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 5 дахь заалтын “106.387” төгрөгийг гэснийг “70.200” төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

            Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  М.Бахытжаны шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн. Гэтэл шүүх үүнийг шийдвэрлэсэнгүй. 2 шатны шүүх түүний цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилд эгүүлэн томилоогүй учраас  мөн хуулийн 69.1-т зааснаар цалин хөлсийн нөхөн олговорыг гаргуулах шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Цалин хөслөө авч чадаагүй нь сургуулийн нягтлан бодогчийн гаргасан цалингийн тооцоо, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдсон. М.Бахытжан цагаатсан учир ажилд эгүүлэн тогтоох нь зөв юм. К.Тилеубек нь өмнө нь сургуулийн дотуур байрны багшаар ажиллаж байсан М.Бахытжан  ажилд эгүүлэн томилогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөх ёстой. Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа “орны хүн ирэх хүртэл” гэж тусгасан байна. Энэ нь К.Тилеубек өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг харуулж байхад шүүх  хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэсэн  нь буруу.  Нэхэмжлэгч нь ердийн цалин авч, 21 сарын турш ажилласан. М.Бахытжан 2013 оны 9 сард нэхэмжлэл гаргасан бол К.Тилуебек нь 2016 ооны 9 сард гаргасан хэргийг нэгтгэсэн нь буруу юм. Мөн хариуцагч талаас нэгтгэх хүсэлтийг гаргаагүй, мөн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь ИХШХШТХ-ийн  68.3-г зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К.Тилеубекийн нэхэмжлэлийг түдгэлзүүлэх ёстой байсан. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийн  тогтоолын агууллгагыг судлаагүй, зөвхөн сургуулийн захирал байсан Ш.Молданиязын эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэл явуулсанд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч К.Тилеубек гомдол ирүүлсэн хариу тайлбартаа: Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд 2 шатны шүүх намайг ажилд эгүүлэн тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй гаргасан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:  

            Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.  М.Бахытжан  2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны олговор 20.994.090 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага тавьжээ.  /хх 1-ийн 1, 9/

           К.Тилеубек Улаанхус сумын Хөх хөтөл багийн ерөнхий боловсролын дунд  сургуулийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага шүүхэд гаргаж, уг нэхэмжлэлд шүүгч  2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг үүсгэсэн байна.  /хх 2-ын 19/

      Нэхэмжлэгч М.Бахытжаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг /хх1-ийн 99/ үндэслэн шүүгч 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2573 дугаартай захирамж гаргаж /хх 1-ийн 100-101/ М.Бахытжаны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт К.Тилеубекийн  нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэжээ.

   М.Бахытжан Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн захирлын /хх 1-ийн 2/, харин К.Тилеубек мөн багийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсан, шүүх хариуцагч байгууллагын оноосон нэрийг хэрэг үүсгэх захирамжид өөр өөр байдлаар /хх 1-ийн 9, хх 2-ын 19/ бичсэн хэдий ч М.Бахытжан, К.Тилеубек нар нэг хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь нотлогдсон байна.

            Харин, нэхэмжлэгч тус бүрийн “...хуучин ажилд эгүүлэн тогтоолгох...” шаардлага нь нэг ажлын байр болохыг зохигчид үгүйсгээгүй хэдий ч энэ нь хүмүүжүүлэгчийн эсхүл багшийн ажил эсэхийг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ. М.Бахытжаны хийж байсан ажлыг “... сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч...” /хх 1-ийн 2/ гэж, харин К.Тилеубекийн ажлыг “...дотуур байрны багш” /хх 2-ийн 3, 4/ гэсэн байна. 

          2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.3- г буруу тайлбарлан хэрэглэжээ.

     М.Бахытжан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны олговор 20.994.090 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах...” гэсэн 3 шаардлага тавьсан. Шүүх хуралдаан дээр М.Бахытжан нь /хх 1-ийн 125/ “...би ажилдаа орсон учир одоо ажилгүй байсан цалингаа гаргуулна...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасныг шүүх түүнийг “нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсан” гэж үзсэн нь буруу. М.Бахытжан нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа татгалзаагүйгээс гадна нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ өөрчлөөгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан  гэж үзнэ.

            М.Бахытжан нь шүүх хуралдаан дээр “...2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны олговор 20.994.090 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах...” гэсэн 2 шаардлага тавихдаа “...үндэслэлгүй халагдсан байсан боловч ажилдаа буцаж орсон...” гэх бөгөөд уг үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас 1.327.312 төгрөг гаргуулсан, давж заалдах шатны шүүх түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. 

3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн  байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т нийцээгүй байна.

            4. М.Бахытжан хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй хэдий ч дээр дурдсан үндэслэлээр хэрэгт байгаа баримтын хэмжээнд хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 727 дугаар шийдвэр, Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00035 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хариуцагч  хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг  дурдсугай.

                             

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.