Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-20
Дугаар 001/ХТ2017/00842
Хэргийн индекс 101/2016/00842/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Батсүрэнгийн Ундрах
Нэхэмжлэгч С.Отгонбаатар,
Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газар,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

С.Отгонбаатарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00251 дүгээр шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны  4 дүгээр сарын 07-ны өдрийн 885 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : С.Отгонбаатар,

Хариуцагч : Цаг уур, орчны шинжилгээний газар,

Нэхэмжлэлийн шаардлага : Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд  эгүүлэн тогтоолгох тухай

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Миний бие  санхүүгийн хувьд  ямар нэг зөрчил гаргаж  байгаагүй. 2014, 2015 оны санхүүгийн шалгалтаар олон жил зөрчилгүй ажилласан гэж Улсын ерөнхий аудиторын тушаалаар “итгэл олгосон байгууллага”-р  шалгарч, шалгалтаас чөлөөлөгдөж байсан. Би ажлаас чөлөөлөх тухай газрын даргын 2016.9.29-ний өдрийн тушаалыг хөдөө ажлаа гүйцэтгэж яваад эргэж ирэхдээ мэдсэн. Харин сайдын тушаалыг огт мэдээгүй. Учир нь би сайдын шууд удирдлагад ажилладаггүй. Анх 2016.12.06-ны өдөр уулзахад Б.Баттулга дарга ийм юм байхгүй, хуулийн дагуу зөвшилцөх ажил явагдаж байгаа гэж надад хэлж байсан. Гэтэл 9 сард зөвшилцөх мэдэгдэл явуулаад 2016 оны 10 дугаар сард хариу нь ирчихсэн байхад худал хэлж байсан байгаа юм. Тэгэхээр шүүхэд худал мэдүүлэг өгч биднийг хуурч байжээ. Би байнгын ажлын байран дээр хугацаагүй гэрээ байгуулах ёстой байтал 2010-2012 онд дандаа 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 1.7-д заасан аль ч зөрчлийг гаргаж байгаагүй ба үүнийг миний жил бүрийн үр дүнгийн гэрээнээс харж болно. Мөн 2011, 2012 онд байгуулсан гэрээн дээр улс төрийн аливаа ажиллагаанд оролцохгүй, намын гишүүн бол түүнээс түдгэлзэнэ гээд зөвшөөрсөн байдаг. Би уг нь аль ч намын гишүүн биш бөгөөд 1993 онд анх томилогдоод 1997 онд байгууллагын бүтэц өөрчлөгдөж ерөнхий инженер болж байсан. Эргээд 2001 онд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож байсан юм. Үүнээс хойш би тасралтгүйгээр энэ ажлыг хийсээр ирсэн. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016.9.29-ний өдрийн А/92 тоот  тушаалаас С.Отгонбаатарт холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаас татгалзаж, ажлаас буруу халсан болохыг тогтоолгох Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны  даргын ажилд томилохыг даалгахыг хүсэж байна гэжээ. /хх 1, 54, 148/

            Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэл тодорхойгүй байна. Бид ажиллаж байсан тал дээр маргаагүй байхад нэхэмжлэгч ажиллаж байсан талаараа яриад байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат эхлэхээс өмнө нэхэмжлэлийн 3 шаардлагаасаа татгалзсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байсан эрхийн актаас татгалзсан. Тэгэхээр үндэслэл байхгүй, нотлох баримт байхгүй байна. Ажлын байран дээрээ, чиг үүргээ хэрэгжүүлээд цалингаа аваад ажиллаж байж хөдөлмөрлөх ямар эрх зөрчигдсөн байгаа нь ойлгомжгүй юм. Албаны даргаас чөлөөлөөд түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал хүчинтэй хэвээрээ байгаа бөгөөд үүнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан. Түүнийг ажлаас халсан тушаал гараагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.8-д зааснаар хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны шинжийг агуулж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1-т зааснаар шүүхийн харьяаллын маргаан биш буюу ИИХШХШТХ-ийн 65.1.3-р хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.  Мөн хуулийн 62.1.4-т заасан нөхцөл буюу нэхэмжлэлийн үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2015.02.24-ний өдрийн А/77 тоот тогтоол хүчингүй болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016.9.02-ны өдөр А/32 тоот тушаал гаргасан. Үүнийг үндэслээд газрын дарга нь А/92 тоот тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Харин Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8.3.1, 8.3.4, 8.3.5-т зааснаар бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Өөрөөр хэлбэл, алба нь газар болсноор арай өргөн чиг үүрэгтэй болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 19/

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00251 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ус цаг уурын орчны шинжилгээний газарт холбогдох ажлаас буруу халсаныг тогтоолгох, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай С.Отгонбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар С.Отгонбаатар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны  4 дүгээр сарын 07-ны өдрийн 885 дугаартай магадлал гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Отгонбаатарыг Орхон аймгийн ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх ба энэхүү асуудлаар Засгийн газрын 2016.8.03-ны өдрийн 09 дугаартай "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" тогтоолоор "...Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулахаар тогтоосон бөгөөд үүний 4-т ...Ус цаг уур, орчны шинжилгээний алба" гэсэн хуучин нэрээрээ байтал үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/32 тоот тушаалаар Ус цаг уур, орчны шинжилгээний алба гэсэн нэрийн сүүлийн үгийг газар гэдэг үгээр сольж өөрчилсөн байдаг. Энэхүү эрх хэмжээ нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Засгийн газарт олгогдсон эрх хэмжээг сайд хэрэгжүүлж байгааг харуулж байна. Гэтэл давж шатны шүүх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал "хуулийн хүчин төгөлдөр байна" гэж үзэж үүнийг хөдөлбөргүй үнэн гэж тооцон анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, зөв байна гэж байгаа нь шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т зааснаар "шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэснийг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөн ба шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан болохыг харуулж байна. Учир нь дээрх Засгийн газрын тогтоол нь мөн өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. 2. Мөн шүүхээс ... С.Отгонбаатар нь Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж, өмнө нь эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэн авч байсан цалин хөлсөө авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь хуульд заасны дагуу төлөгдөж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул хэмээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасантай нийцэж байна гэх боловч шүүхээс зөвхөн хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэлж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй байх тул нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дугнэлт хийгээгүйг харуулж байна. Мөн ажил олгогч нь С.Отгонбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т заасан ажил олгогч санаачилсан гэх хуулийн заалтыг үндэслэн ажлаас халсан байх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байтал  Хөдөлмөрийн  тухай  хуульд  заасан  ажлаас ажил  олгогчийн  санаачлагаар хөдөлмөрийн  гэрээ  цуцлах 40   дүгээр   зүйлийн   аль нэг заалтанд хамааруулан хөдөлмөрийн гэрээг цуцлах учиртай. Гэтэл шүүх нэхэмжлэгч С.Отгонбаатарыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй   байсаар атал нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/92 тоот тушаал нь агуулгын хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй байх боловч С.Отгонбаатарыг Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй байна гэж үзсэнээр шүүхээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Ажилтныг байнгын ажлын байрнаас нь чөлөөлсөн даргын тушаал агуулгын хувьд алдаатай байна гэж үзчихээд ажилтан нь хэлбэрийн хувьд өмнө нь авч байсан цалин хөлсөө авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь хуульд заасны дагуу төлөгдөх түр ажилтан болж буйг шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт хийлгүйгээр түүний эрхийг зөрчигдсөн гэж үзээгүйд гомдолтой байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж С.Отгонбаатарыг Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож холбогдох өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

С.Отгонбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...ажлаас буруу халсан болохыг тогтоолгох, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаар тушаалаас нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох...” гэсэн 3 шаардлага тавьсан байв.  /хх 1, 54, 107/. Шүүх хуралдаан дээр С.Отгонбаатар нэхэмжлэлийн шаардлагаа “...ажлаас буруу халагдсан болохыг тогтоолгох, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох...” гэж өөрчилжээ. /хх 148, 150/. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...  давж шатны шүүх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал “хуулийн хүчин төгөлдөр” гэсэн үндэслэл заасан нь  ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн  40.3-т нийцээгүй... нэхэмжлэгч өмнө эрхэлж байсан ажил үүргээ гүйцэтгэн цалин хөлс авч, шимтгэл  төлөгдсөн гэж дүгнэхдээ хэргийн оролцогчийн гаргасан баримтыг зохих журмын дагуу  үнэлж дүгнэлт хийгээгүй... С.Отгонбаатарыг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэсэн нь буруу... ” гэжээ.

            Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх   бүрэлдэхүүн дүгнэв.

            С.Отгонбаатар Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргаар ажиллаж байгаад Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон үйл баримт нотлогдсон байна.  

            Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 9 дүгээр сарын -02-ны өдөр  А/32 дугаар тушаал гаргаж Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг Ус цаг уур орчны шинжилгээний газар гэж өөрчлөн, уг тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтцийг баталжээ. /хх 42/ Зохигчид маргаагүй тул уг тушаал хүчин төгөлдөр байгаа гэж үзлээ.

            2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаал гарснаас хойш Цаг, уур орчны шинжилгээний газрын дарга 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А/92 дугаар тушаал гаргаж, тушаалын 1-р хавсралтад дурдсан нэр бүхий дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлж, газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг 2-р хавсралтаар томилсоноор /хх 24/ С.Отгонбаатар Орхон аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний албаны даргын ажлаас чөлөөлөгдөж, Орхон аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын /УЦУОШГ/ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.  /хх  24-26 /  

            Нэхэмжлэгч нь “...газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь хууль зөрчсөн...” гэж маргах боловч Ус цаг уур, орчны шинжилгээний “алба”-г  “газар” болгон өөрчилж газрын бүтцийг нь баталсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа тул С.Отгонбаатарын “хуучин ажилд буюу албаны даргын ажил эгүүлэн...” тогтоолгох  гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй буюу хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлнэ. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр А/32 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа нь үнэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй.

            Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа нотлох баримтын талаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00251 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны  4 дүгээр сарын 07-ны өдрийн 885 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Отгонбаатар, түүний өмгөөлөгч М.Ганзориг нарын  гомдлыг хангахгүй орхисугай. 

       2. Нэхэмжлэгч тал хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.  

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ

  

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.