Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2013-10-09
Дугаар 597
Хэргийн индекс 101/2014/2651/и
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Готовдоржийн Цагаанцоож
Нэхэмжлэгч Мэдээлэл технологийн үндэсний парк
Хариуцагч "Колорфул квалити" ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

Мэдээллийн Технологийн Үндэсний

Паркийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Б.Ундрах даргалж, шүүгч  А.Доржготов, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн

2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2651/С дүгээр шийдвэр,

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн

2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 677 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Колорфул квалити” ХХК-д холбогдох,

 

Түрээсийн төлбөрт 28.059.893 төгрөг гаргуулж, оффисын талбайг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

9.778.059 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Уранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Мэдээллийн Технологийн Үндэсний Парк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк” нь 9011058073 тоот улсын бүртгэлийн дугаартай 5070228 тоот регистрийн дугаартай “Колорфул квалити” ХХК-тай 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 13/02 тоот Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулан 83 мкв талбай бүхий өрөөг оффисын зориулалтаар түрээслүүлсэн. “Колорфул квалити” ХХК нь түрээсийн гэрээний 4.3 дахь заалтыг удаа дараа зөрчин 2013 оны 08 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 10 өдөр хүртэлх түрээсийн төлбөр, талбайн түрээсийн төлбөр, алданги, цахилгааны төлбөр болох нийт 18.127.053.02 төгрөгийг төлөөгүй бөгөөд тус оффисын байрыг суллан өгөх талаар манай байгууллага нь 2013.09.26, 2013.10.29, 2013.11.05, 2013.11.15, 2013.11.18, 2013.12.03 өдөр тус тус албан бичиг өгсөн. Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэн өөрчлөх буюу 2014 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр болох 2.905.000, 12 сарын цахилгааны төлбөр 157.164,48 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөр 2.905.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 450.275.16 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын цахилгааны төлбөр 160.126 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 2.450.275.16 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын түрээсийн төлбөр 2.905.000 төгрөг, нийт 28.059.893,37 төгрөг гаргуулж, “Колорфул квалити” ХХК-ийг эд хөрөнгийг битүүмжлэх, оффисын талбайг чөлөөлүүлж өгнө үү.

 

Хариуцагч “Колорфул квалити” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Колорфул квалити” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 21-нээс эхлэн “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-ийн байрны баруун талын аркын өргөтгөлийн 83м3 талбайг оффисын зориулалтаар түрээслэн ирсэн. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийсэн түрээсийн гэрээний 1.4-т “түрээсэлсэн эд хөрөнгө нь “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-ийн байрны 4 давхарт байрлана гэж” 2 талт гэрээ хийсэн. Урьд нь 3 талт гэрээ хийдэг байсан. Түрээсийн гэрээний 4.2-т түрээсийн төлбөрт газрын төлбөр, харуул хамгаалалт, дулаан, цахилгаан, бохир, цэвэр ус, интернетийн үйлчилгээ, хортон мэрэгчдийн устгал, цэвэрлэгээ үйлчилгээ болон бусад төлбөр багтана гэж заасан боловч “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк” гэрээний үүргээ зөрчин энэ төлбөрүүдийг төлдөггүй, жил болгон түрээсийн төлбөрөө нэмж ирснээс түрээс төлөхөд хүндрэлтэй болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Колорфул квалити” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-тай 2010, 2012 онд байгуулсан түрээсийн гэрээний 2.1, 2013 оны түрээсийн гэрээний 4.2 дахь заалтад түрээслүүлэгч харуул хамгаалалт, цахилгаан, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрүүдийг хариуцах үүрэг хүлээсэн. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй учир манай компани тус бүрд нь гэрээ хийж, мөнгө төлж байсан. Дохиолол хамгаалалтад 2010-2013 онуудад 4.224.000 төгрөг, цахилгаанд 1.847.274 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээнд 3.230.785 төгрөгийг тус тус төлсөн тул 9.302.059 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк” тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн дараах тайлбар гаргаж байна. “Колорфул квалити” ХХК нь түрээсийн гэрээний 3 дүгээр зүйлийн 3.17-д заасны дагуу “түрээсийн байрны нэг хувь түлхүүрийг тусгай саванд хийж лацдан харуулд хүлээлгэн өгөх, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хохирлыг түрээслэгч хариуцах” гэсэн үүргээ үл биелүүлж, харуул хамгаалалтын ажилтанд хүлээлгэн өгдөггүй байсан. Өөрийн үйл ажиллагаанд зориулан нэмэлтээр дохиоллын компанитай гэрээ байгуулан хамгаалалт авч, төлбөрөө манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. “Колорфул квалити” ХХК цахилгааны төлбөрөө сар бүр төлдөг байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан цахилгааны төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрч төлж ирснээр тогтоогдох төдийгүй харилцан тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй эрхээ зөрчилдсөн гэж үзсэн бол энэ тухай ямарч гомдол санал гаргаж байгаагүй үйлдлээр батлагдах юм. “Колорфул квалити” ХХК манай байгууллагаас цэвэрлэгээ авахгүй гэж өөрийн байгууллагадаа орон тооны ажилтан ажиллуулж гэрээ байгуулан цэвэрлэгээ үйлчилгээгээ хариуцуулж ажилласан тул манайх  цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажиллах нөхцөл, хэрэгцээ шаардлага байхгүй болсон. “Колорфул квалити” ХХК нь өөрийнхөө эрхийг зөрчиж илүү төлбөр төлж байгаа гэж үзэж байна. Дээрх нэхэмжилж буй нөхөн төлбөрүүд нь тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагаандаа зориулан манай байгууллагаас үл хамааран зарцуулж байсан урсгал зардлууд бөгөөд өөрийн үйл ажиллагаандаа хийсэн хөрөнгө оруулалт тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.   

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2651/С дүгээр шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-ийг баримтлан “Колорфул квалити” ХХК-иас 23.681.622 төгрөгийг гаргуулж “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-д олгож, нэхэмжлэгчийн 4.378.271 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, оффисын талбайг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-ийг баримтлан “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-аас 5.378.059 төгрөгийг гаргуулж, “Колорфул квалити” ХХК-д олгож 4.400.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн  297.709 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 275.818 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 178.730 төгрөгөөс 170.860 төгрөгийг улсын орлогод үлдээж, 100.460 төгрөгийг нэхэмжлэгчээс, 7.870 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс тус тус гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 677 дугаар магадлалаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2651/С дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлан” гэж нэмж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595.418 төгрөгөөс 346.558 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 226.968 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, хариуцагчаас 245.559 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 178.730 төгрөгөөс 171.399 төгрөгийг улсын орлогод үлдээж, 7.331 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс гаргуулж хариуцагчид олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Колорфул квалити” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2651/С дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Монгол улсын Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримтлан “Мэдээлэл Технологийн Үндэсний Парк”-аас 5.378.059 төгрөгийг гаргуулж “Колорфул квалити” ХХК-д олгож, 4.400.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж заасанд хамааруулан давж заалдах гомдол гаргасан боловч Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 677 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүхээс зөв дүгнэлт хийсэн, хариуцагч компани харуул хамгаалалтын үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлсэн байх боловч энэ нь түрээслүүлэгч тал гэрээнд заасан харуул хамгаалалтаар хангах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэх байдал хэргийн баримтаар нотлогдохгүй гэжээ. Талуудын хооронд 2011 онд хийсэн түрээсийн гэрээний 2.1-д, 2012 онд хийсэн түрээсийн гэрээний 2.1-д, 2013 онд хийсэн түрээсийн гэрээний 4.2-д тус тус түрээслүүлэгч харуул, хамгаалалтаар хангах үүргийг хүлээсэн байхад анхан шатны шүүх гэрээнд заагдаагүй гэж харуул хамгаалалтын зардлыг хассан нь үндэслэлгүй байсан, харуул хамгаалалтын зардлын баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргасан. Мөн гэрээний явцад түрээслүүлэгч нь манай компаний түрээсэлж байгаа байр тусдаа өргөтгөлийн арктай хэсэгт байрладаг гэдэг шалтгаанаар хамгаалалт тавьдаггүй байсан учраас түрээслэгчийн хувьд хамгаалалтаа хариуцахаас аргагүй байсан тухай тайлбар өгсөн ч шүүх хайхраагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч өөрөө үүргээ биелүүлэхгүй байхад бид ажлын байраа ямар ч харуул хамгаалалтгүй байлгаад байх аргагүй байсан. Анхан шатны шүүх түрээслэгч нь “Улаанбаатар секьюрити” ХХК-тай гэрээ хийж, дохиоллын систем тавиулж, хамгаалуулан, хөлсөнд  сар бүр 88.000 төгрөг төлж байсан байх ба энэ нь гэрээнд заагдаагүй зардал” гэсэн, харин талууд гэрээгээр харуул хамгаалалтыг түрээслүүлэгч тал хариуцах заалттай гэдгийг анхаарч үзэхгүй байна. Хариуцагч болох манай компани нь түрээслүүлэгч гэрээндээ заасны дагуу хариуцах ёстой цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгаан, харуул хамгаалалтын зардал болох нийт 9.778.059 төгрөгийг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харуул хамгаалалтын зардал болох 4.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд  ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх, “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-ийн нэхэмжлэлтэй “Колорфул квалити” ХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны   хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

“Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-ийн “...түрээсийн төлбөр, алдангид  5.378.059 төгрөг гаргуулах, талбай чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хариуцагч “Колорфул квалити” ХХК эс зөвшөөрч, “...9.778.959 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-гээр “Колорфул квалити” ХХК нь “Мэдээллийн Технологийн Үндэсний Парк”-ын байрны 83 м.кв талбай бүхий 3 өрөөг түрээслэх, түрээсийн төлбөрийг сар тутмын 15-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн ба 2013 оны 08 дугаар сараас 2014 оны 03 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх 4-8 дугаар тал/

 

Гэрээний 4.2-т “түрээсийн төлбөрт газрын төлбөр, харуул хамгаалалт, дулаан цахилгаан, бохир цэвэр ус, интернетийн үйлчилгээ, хортон мэрэгчдийн устгал, цэвэрлэгээ  үйлчилгээ болон бусад үйлчилгээ багтана” гэжээ.  

 

“Колорфул квалити” ХХК нь өөрийн өмч хөрөнгөө хулгайн гэмт халдлагаас хамгаалах зорилгоор “Улаанбаатар секьюрити” ХХК-иас дохиоллын системээр хамгаалуулах үйлчилгээ авч байсан, үүнийг  нэхэмжлэгч  гэрээгээр хүлээсэн “...харуул хамгаалалтыг хариуцах” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй, энэ  талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т нийцэж байна.  

 

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, үндсэн  ба сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэхдээ холбогдох хууль баримтлаагүй, зохигчдын илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт  өөрчлөлт  оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ. 

 

Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 677 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Уранчимэгийн  гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 85.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Б.УНДРАХ

 

            ШҮҮГЧ                                                                        Г.ЦАГААНЦООЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.07.04 677 Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Жаргалсайханы Оюунтунгалаг Мэдээлэл технологийн үндэсний парк "Колорфул квалити" ХХК