Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2023/00049

 

 

 

 

 

 

 

 

                          

 

                                 129/ШШ2023/00049

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух Б овгийн Б.Ба

Хариуцагч: А  аймгийн Э сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух Ө овгийн Б

Нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Ба

Хариуцагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хашаа, байшин худалдан авахаар шилжүүлсэн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:            

- Би 7 сарын сүүлчээр фэйсбүүк, чатаар Б.Б-тай холбогдож Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байрлах хашаа, байшинг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа болгож 15,000,000 төгрөг, дараа нь 25,000,000 төгрөг, 35,000,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцож 15,000,000 төгрөгийг 8 сарын 5-нд Б.Б-д шилжүүлсэн. Энэ үед банкнаас цалингийн зээл гарч байсан. Би амралтаараа хөдөө байсан, аймагт орж ирээд цалингийн зээл, малчны зээл хөөцөлдсөн боловч зээл гараагүй. Би Б.Б-тай 8 сарын 11, 12-нд холбогдож зээл бүтэхгүй болсон, байшин, хашаагаа худалдаж авахаа болилоо, урьдчилгаа болгож шилжүүлсэн 15,000,000 төгрөгөө буцааж авъя, би таныг өнөө маргааш гэхгүй, сарын дараа мөнгөө авъя гэж хэлээд 9 сар гартал Б.Ба-тай холбогдоогүй, мөнгөө нэхээгүй. Дараа нь Б.Б амралтаа аваад хөдөө явсан, утас нь холбогдохгүй байсан. Эхнэртэй нь холбогдоход Б.Б чиний мөнгийг өгөх гээд хөөцөлдөж байгаа гэдэг байсан. 2022 оны 10 сард Б.Баярсайхантай холбогдоход ахад нь хоёр машин байгаа, машинаа зараад мөнгийг чинь өгнө, мөн гадаадаас дүү мөнгө явуулна гэдэг байсан. Сүүлдээ мессеж, чаат бичихэд хариу өгөхөө больсон. Одоо би шилжүүлсэн 15,000,000 төгрөгөө Б.Б-ас гаргуулна, цувуулж төлөхтэй санал нийлэхгүй байна гэв.  

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

- Миний байшин 2021 онд ашиглалтад орсон 10x10 хэмжээтэй, цэвэр, бохиртой холбогдсон, гражтай хашаа байшин байсан. Анх байшин авахаар ярихдаа Б.Б надтай утсаар болон чатаар холбогдсон. Би Б.Ба-йг өөрийн биеэр хашаа, байшингаа үзэж хар гэхэд дүү нь ирж video call хийж Б.Б-д харуулахад хашаа, байшинг чинь авъя гэсэн. Б.Б-той хашаа, байшингаа 75,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон. Б.Бадамдоржийг эхлээд 15,000,000 төгрөг урьдчилгаанд өгчих дараа нь 25,000,000 төгрөг, сүүлд нь 35,000,000 төгрөг өгчих, 25,000,000 төгрөг шилжүүлсний дараа хашаа, байшингийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлнэ гэж тохирсон. Б.Ба-ийн шилжүүлсэн 15,000,000 төгрөг миний данс руу орсон, үүнтэй маргахгүй. Б.Б цалингийн зээл авч, хашаа, байшингаа барьцаалж зээл гаргуулна гэж байсан. Гэтэл 8, 9 сарын үед зээл гарахаа болилоо, 15,000,000 төгрөгөө авъя гэхээр нь би чиний мөнгийг авсан учраас өгнө. Хашаа, байшин зарж байж мөнгийг чинь өгнө, тэрнээс наана өгөх ямар боломж байна, чадлынхаа хирээр өгье гэсэн. Б.Б-н мөнгийг буцааж өгөхийн тулд машин зарах, ах дүүгээрээ малчны зээл гаргуулах гэж үзсэн боловч 15,000,000 төгрөг надад олдоогүй. Энэ хүн тал хагасыг нь ч гэсэн олоод өг, мөнгөний хүү хэцүү байна гэхээр би гадаад руу дүүд 5,000,000 төгрөг хэлчихсэн байсан болохоор гадаадаас дүүгээс мөнгө ирэхээр болно гэж хэлсэн.  Миний хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор 15,000,000 төгрөгийг Б.Б-д бөөнд нь өгөх боломжгүй, харин цувуулаад сард 500,000 төгрөгөөр ч юмуу төлөх саналтай байна. Хашаа байшинг авахгүй бол мөнгийг нь буцаана гэж тохироогүй. Мөн Б.Б-той хашаа, байшин худалдах, худалдан авахаар тохиролцоод урьдчилгаа 15,000,000 төгрөг авсны дараа хүмүүс надтай холбогдож хашаа, байшин авах санал гаргасан. Би Б.Б-с урьдчилгаа авчихсан учраас хашаа, байшингаа бусдад зарж борлуулах боломжгүй болсон, миний шилжиж ажиллах ажлыг хойшлуулсан. Бид нар бичгээр гэрээ байгуулаагүй, утсаар яриад л 15,000,000 төгрөг авсан гэв.

 

4. Нэхэмжлэгчээс:

- М.Жа-н ХААН банкны 5135525826 тоот дансны 2022 оны 8 сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга

- чаат захидлаар харилцсан баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ба, хариуцагч Б.Б нарын байгуулсан хашаа, байшин худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.Б-ас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ба-ид олгох үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Би 7 сарын сүүлчээр фэйсбүүк, чатаар Б.Б-тай холбогдож Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байрлах хашаа, байшинг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа болгож 15,000,000 төгрөг, дараа нь 25,000,000 төгрөг, 35,000,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцож 15,000,000 төгрөгийг 8 сарын 5-нд Б.Б-д шилжүүлсэн. Энэ үед банкнаас цалингийн зээл гарч байсан. Би амралтаараа хөдөө байсан, аймагт орж ирээд цалингийн зээл, малчны зээл хөөцөлдсөн боловч зээл гараагүй. Би Б.Баярсайхантай 8 сарын 11, 12-нд холбогдож зээл бүтэхгүй болсон, байшин, хашаагаа худалдаж авахаа болилоо, урьдчилгаа болгож шилжүүлсэн 15,000,000 төгрөгөө буцааж авъя гэсэн боловч өгөөгүй. Одоо би шилжүүлсэн 15,000,000 төгрөгөө Б.Б-с гаргуулна, цувуулж төлөхтэй санал нийлэхгүй байна гэжээ.

 

            3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

 

            - Миний байшин 2021 онд ашиглалтад орсон 10x10 хэмжээтэй, цэвэр, бохиртой холбогдсон, гражтай хашаа байшин байсан. Б.Б-той хашаа, байшингаа 75,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон. Б.Бадамдоржийг эхлээд 15,000,000 төгрөг урьдчилгаанд өгчих, дараа нь 25,000,000 төгрөг, сүүлд нь 35,000,000 төгрөг өгчих, 25,000,000 төгрөг шилжүүлсний дараа хашаа, байшингийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлнэ гэж тохирсон. Б.Б-ийн шилжүүлсэн 15,000,000 төгрөг миний данс руу орсон, үүнтэй маргахгүй. Б.Ба цалингийн зээл авч, хашаа, байшингаа барьцаалж зээл гаргуулна гэж байсан. Гэтэл 8, 9 сарын үед зээл гарахаа болилоо, 15,000,000 төгрөгөө авъя гэхээр нь би чиний мөнгийг авсан учраас өгнө. Хашаа, байшин зарж байж мөнгийг чинь өгнө, тэрнээс наана өгөх ямар боломж байна, чадлынхаа хирээр өгье гэсэн. Миний хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор 15,000,000 төгрөгийг Б.Б-д бөөнд нь өгөх боломжгүй, харин цувуулаад сард 500,000 төгрөгөөр ч юмуу төлөх саналтай байна. Хашаа байшинг авахгүй бол мөнгийг нь буцаана гэж тохироогүй. Мөн Б.Б-той хашаа, байшин худалдах, худалдан авахаар тохиролцоод урьдчилгаа 15,000,000 төгрөг авсны дараа хүмүүс надтай холбогдож хашаа, байшин авах санал гаргасан. Би Б.Б-с урьдчилгаа авчихсан учраас хашаа, байшингаа бусдад зарж борлуулах боломжгүй болсон, миний шилжиж ажиллах ажлыг хойшлуулсан гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн М.Жамбалрагчаагийн ХААН банкны 5135525826 тоот дансны 2022 оны 8 сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, чаат захидлаар харилцсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Б нь Б.Бая-ас Архангай аймгийн Эр сумын 7 дугаар багт байрлах 10х10 харьцаатай хашаа байшинг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, тэрээр хариуцагч Б.Б-д урьдчилгаа 15,000,000 төгрөг шилжүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогддог бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

Талууд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.    

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Ба нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байрлах хашаа, байшинг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй гэж тайлбарладаг.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...” гэж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэжээ.

 

Б.Ба, Б.Б нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байрлах хашаа, байшинг худалдах, худалдан авахдаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлээгүй буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул Б.Бадамдорж, Б.Ба нарын байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.

 

6. Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тохиолдолд хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Ба-ийн хариуцагч Б.Баярсайханд шилжүүлэн өгсөн 15,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7. Хэрэгт авагдсан чаат захидлаар харилцсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Ба нарын хашаа, байшин худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Б.Бая-с 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ба- олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ба-с 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

             4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА