Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны Эвлэрүүлэн зуучлагч С.Еркин:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй нь диспозитив зарчимд суурилсан, зохигч хуулийн хүрээнд харилцан тохиролцож чадсан тохиолдолд шүүхийн бус аргаар маргааныг хянан шийдвэрлэх боломжтой байдгаараа онцлогтой. Иймээс хувийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан дээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэж, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт оруулах арга барилаас зайлсхийж, уян хатан сонголтуудаас олох боломж нээлттэй байдаг.

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн сүүлийн 3 жилийн хугацаанд хүлээн авсан өргөдлийн тоог тус иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэрэг маргааны тоотой харьцуулан үзвэл, 2017 онд тус шүүхийн шийдвэрлэсэн нийт 818 иргэний хэргийн 79.3 хувьтай тэнцэх буюу 649 өргөдөл, 2018 онд тус шүүхийн шийдвэрлэсэн нийт 887 иргэний хэргийн 62.6 хувьтай тэнцэх буюу 738 өргөдөл, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар шийдвэрлэсэн нийт 709 иргэний хэргийн 76.4 хувьтай тэнцэх буюу 542 өргөдлийг тус тус хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд дээрх хувь, тоо хэмжээгээр иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг хөнгөлөхөд эерэг нөлөө үзүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74дүгээр зүйл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг практик дээр улам бүр үр өгөөжтэй хэрэгжүүлэх, бэхжүүлэх, нэр хүндийг нь нийгэмд өсгөх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд дараах хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, улам боловсронгуй болгох шаардлагатай. Үүнд:

- Маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх арга замын давуу талуудыг шүүхэд хандаж буй иргэд төдийлөн сайн мэдэхгүй, мэдээлэл хомс байдгийн улмаас иргэний хэргийн шүүхийн ачаалал ихсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах зэрэг тохиолдлууд олон тулгардаг. Иймээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд таниулан сурталчлах ажлыг эрчимжүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон цахим сүлжээг ашиглан мэдээлэл түгээх үйл явцыг системтэйгээр явуулж, засаг захиргааны анхан шатны нэгжүүдээр дамжуулан иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлуудыг давтамжтай явуулж, иргэдийн дунд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нэр хүндийг өсгөх нь шүүхийн ачааллыг буруулж, маргааны шийдлийг эвийн замаар олох боломжийг нэмэгдүүлнэ.

- Өргөдөл гаргагч эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дараа ажиллагааны явцад уригдсан тал өргөдөл гаргагчийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд талуудын эвлэрэл амжилттай болсонд тооцогдох учиртай. Практикт уригдсан тал өргөдөл гаргагч талын шаардлагыг биелүүлсэн байдлыг амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тоонд оруулж тооцдоггүй, харин өргөдөл гаргагчийн хүсэлтээр өргөдлийг хүлээн авахаас татгалзах ажиллагаа явагддаг. Угтаа өргөдөл гаргагч эвлэрүүлэн зуучлагчид хандсаны дараа уригдсан тал өргөдлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн учраас уг байдлыг амжилттай болсон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд тооцох саналтай байна.

- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд уригдах талыг дуудахад шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хүрэлцэн ирэхгүй, үл тоомсорлосон байдлаас болоод ажиллагааны хугацаа удаашрах, өргөдөл гаргагчийн итгэлийг алдах зэрэг сөрөг тохиолдлууд гарч байна. Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 24.1-д заасны дагуу эхний уулзалтад талуудыг заавал оролцуулах шаардлага гарна. Хэдийгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үеэр талуудыг албадан ирүүлэх нь энэ ажиллагааны сайн дурын үндсэн дээр явагдах үндсэн зарчимтай харшилдаг байж болзошгүй ч оролцогч нь шүүхийг хүндэтгэх, шүүхээс тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.9, 77.10-д шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогчийг шүүхэд заавал ирүүлэхтэй төстэй зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Ингэхдээ Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудыг албадах, тэдгээрт дарамт, шахалт үзүүлэх зэрэг аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно” гэсэн хэмжээ хязгаарын дотор уг ажиллагаа явагдах ёстой.

- Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дүгээр зүйлийн 71.1-т дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан өргөдөлд төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 30.000 төгрөг байдаг. Гэвч улсын тэмдэгтийн хураамжийг төлөх төлбөрийн чадваргүй иргэдийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт одоохондоо байхгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх зохицуулалтыг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх асуудал дээр мөн адил хэрэглэхээр зохицуулах шаардлагатай.

- Маргалдагч талууд сэтгэлд нийцсэн хэлэлцээнд хүрч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болсон ч гэсэн эвлэрлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулж гаргасны дараа талууд эвлэрсэн байдлаасаа татгалзаж гэрээнд гарын үсэг зурахаас зайлсхийдэг тохиолдлууд практикт гардаг. Эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрлийн гэрээг нэн даруй, талуудыг байлцуулан, хамгийн боломжит богино хугацаанд бичгээр хэвлэж гарган гарын үсэг зуруулах ёстой. Хэрэв талууд эвлэрлийн гэрээ бичгээр үйлдэгдэхээс өмнө эвлэрсэн байдлаасаа буюу урьд өгсөн амлалтаасаа татгалзан, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурахаас зайлсхийсэн тохиолдолд талуудын эвлэрэл нь уулзалтын тэмдэглэлд тусгагдсан байдлыг эвлэрлийн гэрээтэй адилтгаж үзэх зохицуулалт бий болгох нь зүйтэй. Мөн энэ үеэр Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийсэн гэж үзэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой.

- Эвлэрлийн гэрээ хуульд заасан хэмжээ хязгаарын дотор хийгдэх учиртай. Гэсэн хэдий ч талууд эвлэрлийн гэрээнд эд хөрөнгийн шинжтэй зарим хүсэл зоригоо илэрхийлэхдээ хуулиар тогтоосон хэм хэмжээг мэдээгүйгээс, эсхүл мэдсэн ч сайн дураараа хүлээн зөвшөөрдөг тохиолдол гардаг. Жишээ нь, өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн үнийн дүнд анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тохиолдолд ч уригдсан тал шаардлагын хэмжээг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх тохиолдол гардаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан дээрх зарчмыг зөрчсөн тохиролцоонд эвлэрүүлэн зуучлагч уригдсан талд хуульд заасан эрхийг нь тайлбарлаж, хуульд харшилсан гэрээг байгуулахгүй байхыг санал болгох эрх хэмжээг хуулиар зохицуулж өгөх шаардлагатай. Гэрээ хуульд нийцсэн тохиолдолд хүчин төгөлдөр байж, хууль дээдлэх зарчмыг баримтлах нь эвлэрүүлэн зуучлагчийн төвийг сахисан байр суурьтай харшлах үндэслэл болохгүй.

- Гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд мэргэжлийн сэтгэл зүйч оролцуулж гэрлэгчдийг эвлэрүүлэхэд мэргэжлийн үүднээс тусламж үзүүлж, гэр бүл цуцлалт нь хүүхдийн сэтгэл зүй, ирээдүйд хэрхэн нөлөөлж болох талаар зөвлөгөө өгөх нь гэрлэгчид эвлэрэхэд нэлээн хувь нэмэр оруулдаг нь гадаад орнуудын жишээнээс харагддаг. Энэ талаар зохицуулалт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32.4-т байдаг ч практик ажиллагаанд төдийлөн хэрэгжихгүй байна. Иймээс сэтгэл зүйч оролцуулж, түүний зардал мөнгөний асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Тамгын газрын зүгээс шийдвэрлэж өгөхөд анхаарч ажиллах нь зүйтэй. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйчдийг орон нутагт ажиллуулах, бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

- Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 33 дугаар зүйлд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, талуудыг эвлэрэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг эвлэрүүлэн зуучлагч, шүүхийн тамгын хэлтэс, алба болон шүүхийн мэдээлэл, лавлагааны алба хэрэгжүүлнэ гэж заасан. Иймээс энэхүү үүргийн хүрээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг улам боловсронгуй болгох тал дээр иргэдээс өргөн хүрээг хамарсан сэтгэл ханамжийн судалгаа авч, судалгааны үр дүнд суурилсан төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний хүрээнд иргэд олон нийтэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл түгээж ажиллавал үр дүнтэй.

- Эцэст нь, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг төрөлжүүлэн ангилж, үр дүнтэй эвлэрүүлэн зуучлалыг бий болгохын тулд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, гэр бүлийн харилцаанаас үүсэн маргаан тус бүрд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах арга, техник, загварчлалыг тухайлан журамлаж бий болгох нь зүйтэй гэсэн саналтай байна.

 

 

-оОо-