Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2022/00645

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ПД” ХХК-д холбогдох,

2019 оны үр дүнгийн гэрээний үүрэг, үр дагаварт урамшуулал болох 97 495 877 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг  2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн нар оролцов.

 

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч О.Г-өөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь нэхэмжлэлийг дэлгэрэнгүй тайлбарласан, уг тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны “Гүйцэтгэх захирлын  үр дүнгийн гэрээ”-ний үүрэгт урамшуулал болох 97 495 877 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага байгааг тодруулсан.

           Хариуцагч “ПД” ХХК-ийн ТУЗ-ийн 2016.09.02-ны өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож, 2019.12.31-ний өдрийг дуустал “Контрактын гэрээ” байгуулсан,  хугацаа дуусаагүй байхад 2019.07.02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолоор үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019.12.09-ний өдрийн 02201 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 344 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр тогтоогдсон. Гэтэл Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор 2020.12.16-ны өдөр буюу 10 сарын дараа “Контрактын гэрээ”-ний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсхэгүй болгон шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүх талуудын хоорондохь гэрээ “Контрактын гэрээ” мөн, хүчин төгөлдөр байна, 2019.12.31-ний өдрийг хүртэл ажиллах ёстой байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 2019.12.31-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллах ёстой байсан гэдгийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.

              Шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд даатгалын компанийн тухайн тайлант хугацааны үр дүнг дараа оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийтэд мэдээлэх хуулийн зохицуулалтын дагуу 2020.03.31-ний өдөр О.Г-ийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэж дуусаагүй байсан бөгөөд 2020.03.31-ний өдөр “ПД” ХХК нь нийтэд санхүүгийн тайлангаа зарласан. 2019 оны жилийн эцсийн тайлангаар  тус компани нь 1 820 132 000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан болох нь “Өдрийн сонин”-ы 2020.03.31-ний өдрийн 67 дугаарт хэвлэгдэж, бүх нийтэд танилцуулсан. 2019 оны үр дүнгийн гэрээг нэгэнт хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүхээс дүгнэсэн учраас  уг гэрээний  7.6.1, 7.6.2, 7.6.3-т заасны дагуу 2019 оны цэвэр ашгаас үр дүнгийн урамшуулал авах ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөний дагуу компанийн 2019 оны жилийн аудитлагдсан санхүүгийн тайланд тайлагнасан цэвэр ашгийн 10 хувийг KPI хувиар хувьчилж тооцоод бизнес төлөвлөгөөг давуулан биелүүлсэн бол нэмэгдсэн цэвэр ашгийн 10 хувийг нэмж тооцон нийт дүнгээс нь гүйцэтгэх захиралд 40 хувийг, компанийн удирдлагын багт 40 хувийг хувийг, компанийн хөгжлийн санд 20 хувийг олгохоор гэрээнд заасан. ТУЗ-ийн 2019 оны бизнес төлөвлөгөөнд 1 202 867 068 төгрөгийн цэвэр ашигтай байхаар тооцсон, гэтэл цэвэр ашиг 1 820 132 000 төгрөг гарч 618 000 000 төгрөгийн давсан цэвэр ашигтай ажилласан. Үр дүнгийн урамшууллыг 2019 оны бизнес төлөвлөгөөгөөр цэвэр ашгийг, 2018 оны цэвэр ашгаас 24,99 хувиар давуулна гэж баталсан, 2019 оны цэвэр ашиг буюу 1 820 132 000 төгрөгийн 10 хувь, бизнес төлөвлөгөөнөөс давсан 618 000 000 төгрөгийн дахиад 10 хувь гэж тооцоход  182 000 000  төгрөг болон 61 800 000 төгрөгийн  нийлбэр  243 000 000 төгрөгөөс 40 хувиар тооцон  97 495 877 төгрөгийг гүйцэтгэх захирал  авах ёстой  гэж үзэн нэхэмжлэл гаргасан.

             Хариуцагч нь нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээг дүгнэж урамшууллыг олгох үүргээ биелүүлээгүй. Иймд 2020.12.19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар нэхэмжлэгч О.Г  нь 2019 оны бүтэн үр дүнгийн урамшуулал авах эрх үүссэн.

             “ПД” ХХК болон түүний ТУЗ-д үр дүнгийн гэрээг дүгнэж урамшууллаа олгох асуудлаар 2021.03.11-ний өдөр хандсан ч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй учраас дахин 2021.03.30-ны өдөр шуудангаар дахин шаардлага хүргүүлсэн, хариу өгөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангуулж эвлэрлүүлэн зуучлалаар орох шаардлага тавьж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дагуу эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрлийн ажиллагаа амжилттгүй болсон учраас дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. 2020.12.16-ны өдрөөс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь тасралтгүй үргэлжилсэн, энэ асуудлаар маргаж байсан эсэхийг харгалзан үзэх ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг 2019.07.02-ны өдрөөс биш, мөн 2020.03.31-ний өдрөөс биш  нэхэмжлэгчийн хууль бусаар ажлаас халагдсан эсэхийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч 2021.01.08-нд шуудангаар  хүлээн авсан, энэ хугацаанаас тооцох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлээгүй гомдлоо гаргаж байсан. Энэ баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. 

              Хариуцагч тайлан гаргаж өгсөнгүй гэж тайлбарлаж байна. Би 2019.07.02-ны өдөр ажлаас халагдаад тайлан гаргах ямар ч боломжгүй хөндлөнгийн этгээд болсон учраас би тайлан гаргах боломжгүй. Эрх зөрчигдсөн гэдгийг 2021.01.08-ны өдөр эцэслэсэн шүүхийн шийдвэр ирснээр цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлээ гаргах эрхтэй болсон гэдгийг мэдэж байгаа. Мэдсэнээсээ хойш хуульд заасан хугацаандаа зохих байгууллагад гомдлоо гаргаад явсан, 2019.07.02-ны өдөр ажлаасаа халагдахдаа тухайн жилийн 1,8 тэрбум төгрөгийн цэвэр ашгийн 1,6 тэрбум төгрөгийг нь миний бие өөрөө хийж гүйцэтгээд уг тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд тайлагначихсан байсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд намайг ажиллах боломжоор хангасан бол үр дүнгийн гэрээний хавсралтад байгаа ГГҮ-ийг дүгнэх бүх ажлыг би бүрэн хийж гүйцэтгэх боломжтой байсан. Ажилласан хугацаандаа хийсэн бүх тайлангуудаа явуулсан. Энэ бүх баримт хариуцагч компани дээр байж л байгаа. “ПД” ХХК нь өөрөө үр дүнгийн гэрээг дүгнээгүй, “Контрактын гэрээ”-нд заасан үүргээ биелүүлж уг гэрээг заавал дүгнэх үүргээ биелүүлээгүй байж өнөөдөр нэхэмжлэгч буруутай үйлдэлтэй байгаа мэтээр тайлбарласан нь огт үндэслэлгүй. 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-г дүгнэхдээ KPI үнэлгээг тооцохгүйгээр олгоно гээд ТУЗ-ийн тогтоол гарсан, хэрвээ KPI үнэлгээгээр О.Г-ийн үр дүнгийн гэрээг дүгнэх гэж байгаа бол дүгнүүлье гээд хүсэлтээ өгөхөд компани нь дүгнэхгүй атлаа чи дүгнүүлээгүй  буруу гээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч үр дагавар буюу  үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул урамшуулалд олгогдох ёстой мөнгийг л хариуцагчаас шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч “ПД” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

О.Г  нь “ПД” ХХК-д 2016.06.17-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалд контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан. Үр дүнгийн гэрээгээр шаардаж байгаа үр дүнгийн гэрээ нь контрактын гэрээнд үндэслэж олгогддог бөгөөд ажилтны цалин хөлсний нэг хэсэг болно. Тухайлбал, О.Г-тэй байгуулсан 2018 оны “Үр дүнгийн гэрээ”-ний 3.1-д “...компанийн 2018 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үүргийг биелүүлэх, үүнд хамаарах гол үзүүлэлтийг KPI-г тооцох, KPI-д үндэслэж урамшуулал олгох харилцааг зохицуулна” гэж заасан. 2019 оны үр дүнгийн гэрээг үндэслэж үр дүнгийн урамшууллаа нэхэмжлэгч  шаардаж байгаа хэдий ч бидний зүгээс О.Г-тэй 2019 онд “Үр дүнгийн гэрээ”  байгуулаагүй гэж үзэж байгаа. “Үр дүнгийн гэрээ” нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Шүүхэд гаргаж өгсөн 2019 оны баримтад гарын үсэг зурагдаагүй. Мөн 2018 онд байгуулагдсан “Үр дүнгийн гэрээ”-ний 3.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр тооцогдсон буюу талуудын гарын үсэг зурсан өдөр нь 2018.06.27-ны өдөр байдаг, үүнээс гэрээ дуусах хугацаа буюу гэрээний сүүлийн өдөр нь 2019.01.01-ний өдөр дуусгавар болж байгаа учраас 2018 оны үр дүнгийн гэрээ нь 2019.01.01-ний өдөр дуусгавар болсон гэж үзэж байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар 2019 онд “Үр дүнгийн гэрээ”  байгуулагдаагүй гэж үзэж байна. Нэгэнт “Үр дүнгийн гэрээ” байгуулагдаагүй учир үр дүнгийн гэрээний урамшууллыг шаардах эрхгүй гэж үзэж байна.  Ажилтанд урамшуулал олгохдоо “Үр дүнгийн гэрээ”-ний хавсралтад  заасан KPI-д тулгуурлаж олгодог. “Үр дүнгийн гэрээ”-ний 7.3-т “...гүйцэтгэх захирал үр дүнгийн гэрээг дүгнүүлэхээр бизнес төлөвлөгөө болон тайлангаа ТУЗ-ийн нарийн бичгийн даргад дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ” гэсэн. Гүйцэтгэх захирал О.Гантөмөр нь өөрийн үүргийг биелүүлж тайлангаа ирүүлээгүй. 3 шатны шүүхийн шийдвэрүүдэд гэрээний хугацаа нь 2019.12.31-ний өдөр дуусаж байгаа гэж үзэж байгаа хэдий ч 2019 оны “Үр дүнгийн гэрээ”-г хүчин төгөлдөр гэсэн үг, өгүүлбэр, Улсын Дээд шүүхийн тогтоолд байхгүй. Улсын Дээд шүүхээс ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүсдэг “Контрактын гэрээ” буюу Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байна гэж тодорхойлсон учраас хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаарх тусгайлсан зохицуулалт хэрэглэгдэнэ. 

“Үр дүнгийн гэрээ” байгуулагдах үндсэн шаардлага нь контрактын гэрээ буюу “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 7.2.1-д “гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийг дүгнэн, гүйцэтгэх захиралтай байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-ний дагуу жилд 1 удаа урамшуулал олгоно” гэж заасан.  “Контрактын гэрээ” дуусгавар болсноор “Үр дүнгийн гэрээ” мөн дуусгавар болох үндэслэлтэй. “Үр дүнгийн гэрээ” нь өөрөө “Контрактын гэрээ”-ний салшгүй нэг хэсэг болж байгуулагдаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан цөлин хөлсний бүрдэл хэсэгт “Үр дүнгийн гэрээ”-ний урамшуулал нь орно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасны дагуу ажилтан гомдлоо анх ажлаас халагдсан буюу өөрт цалин хөлс, урамшуулал олгоогүйг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан үеэсээ эхлэн  шүүхэд хандаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч О.Г  нь анх шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан, Иргэний хуулийг үндэслэж нэхэмжлэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, “Хөлсөөр ажиллах гэрээ”-гээр нэхэмжлэл гаргаагүй. Эрх зүйн харилцааны хувьд нэгэнт шүүхээр тогтоосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д зааснаар энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдгийг тогтоосон.

О.Г-тэй байгуулсан “Контракт гэрээ”-ний салшгүй хэсэг нь “Үр дүнгийн гэрээ” байна гэдгийг заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ “Үр дүнгийн гэрээ” ямар зорилготой гэрээ гэдгийг аливаа эрх зүйн харилцааг тодорхойлохын тулд эрх зүйн харилцааг суурь зохицуулж байгаа хэм хэмжээг нь тодорхойлох ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д  заасан цалин хөлсний бүрэлдэхүүнд урамшуулал орно. “Контракт гэрээ”-ний 7.2.1-д зааснаас харахад ч энэ нь иргэний эрх зүйн харилцаа биш, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байгаа. “Үр дүнгийн гэрээ”-ний 7.3-т зааснаар гүйцэтгэх захирал бизнес төлөвлөгөө болон гүйцэтгэлийн тайлангийн хамт ТУЗ-ийн нарийн бичгийн даргад дараа оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэх ёстой. Үүнийг О.Г  мэдэх боломжтой буюу мэдэж байсан. Нэхэмжлэгч өөрөө ч Даатгалын тухай хууль болон компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагийн хувьд санхүүгийн тайланг жил 03 дугаар сарын 01-ний өдөр Даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д зааснаар олны нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хэвлэгддэг гэдгийг мэдэж байсан.

Нэхэмжлэгч талаас өгсөн нотлох баримтад сонин хавсаргасан байдаг, үүнээс харахад ч санхүүгийн тайлан гарсан гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д эрх нь зөрчигдсөн буюу зөрчигдсөн гэдгээ мэдсэн, мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах ёстой. “Контрактын гэрээ” гэж дүгнэсэн учраас дараа нь нэхэмжлэл гаргасан гэсэн тайлбар үндэслэлгүй. Энэ нь эрх зүйн харилцаатай ямарч холбоогүй. Өөрөөр хэлбэл, анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа л үр дүнгийн урамшуулал болон хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой маргаанаа шийдвэрлүүлэхгүй яасан юм бэ. “Үр дүнгийн гэрээ”-ний 7.3-т  зааснаар ажилтан өөрөө KPI үнэлгээний тайлангаа өгөх ёстой байдаг. Ажилтан эхлээд өөрөө өөрийгөө үнэлдэг. Дараа нь ажилтны дээд шатны удирдах албан тушаалтан буюу ТУЗ нь KPI үзүүлэлтээр өөрийг нь үнэлж, үзүүлэлтээ хүргүүлнэ.

2021.03.11-ний өдөр О.Г-ийн хувьд “ПД” ХХК-д гомдол гаргасан. Ингэж гомдол гаргахдаа өөрийнхөө KPI үзүүлэлтүүдийн тайлан, бизнес төлөвлөгөөнийхөө тайлангаа өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Үүнийг шүүх хуралдаанд яаж тогтоох вэ, боломжгүй. KPI үзүүлэлт гэдэг нь нарийн шинжлэх ухаанаар батлагдсан ойлголт байдаг. “Гүйцэтгэлийн үнэлгээний тайлан”-г яаж тайлагнадаг, ямар байдлаар ямар хөтөлбөрөөр тайлагнадаг талаар болон онолын үндэслэлийн талаар нотлох баримтаар өгсөн Бернад Маррын “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд”, А.Нарантунгалагийн “КРI” гэдэг ном, “Harvard business essentials” хэвлэлийн газраас гаргасан “Гүйцэтгэлийн удирдлага” гэсэн  номнуудад тодорхой заасныг судалсан. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2019.07.02-ны өдрөөс тооцох ёстой. Энэ нэхэмжлэл ажлаас халагдсан маргаантай холбоогүй юм бол 2020.03.31-ний өдөр санхүүгийн тайлангаа  нийтэд зарлан гаргасан хугацаанаас хойш тооцоход ч дуусгавар болсон. Яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй,  “Үр дүнгийн гэрээ”-ний хавсралт болж байгаа KPI-ийн үзүүлэлтийг  талууд нэг бүрчлэн тохирсон. Энэ үзүүлэлтийг биелүүлсний төлөө олгож байгаа урамшуулал олгох ёстой, зөвхөн компанийн цэвэр ашгийн үзүүлэлтийг баримтлахгүй. “Үр дүнгийн гэрээ”-ний 7.9.2-д урамшуулал олгох нөхцөлийг тодорхойлсон. Өнөөдрийг хүртэл KPI үзүүлэлтийг гаргаж ирээгүй, энэ үзүүлэлтүүд нь санхүүгийн тайланд байх ёстой. Нэхэмжлэгч хариуцагчид тайлангаа өгсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ талууд нотлох ёстой. Ийм тайлан гаргаж байгаагүй бөгөөд компанид байдаггүй, бид байгаа бүх нотлох баримтуудаа өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас  нотлох баримтаар,  2017 оны ПД/ГЗ-2017/01 тоот “Хөлсөөр ажиллуулах гэрээ” /1хх 5-14/,  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.25-ны өдрийн 182/ШЗ2019/08655 дугаартай захирамж /1хх 23-25/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019.12.09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 344 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.12.16-ны өдрийн 001/ХТ2020/00814 дугаар тогтоол /1хх 29-44/, О.Г-өөс “Практикал даатгал” ХХК болон “Практикал даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2021.03.11, 2021.03.30-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүд  /1хх 45-49/, “Монгол шуудан” ТӨХК-ийн шуудангийн 28 дугаар салбарын баримтууд /1хх 47, 50/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.28-ны өдрийн 182/ШЗ2021/04706 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Чингэлтэй дүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.22-ны өдрийн 182/ШТ2021/00104 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021.08.27-ны өдрийн 101 дугаартай тэмдэглэл /1хх 53-57/, “Өдрийн сонин”-ы 2020.03.31-ний өдрийн №067 /6433/ дугаар /1хх 58/,  Үндэсний номын сангийн  санхүүгийн тэмдэг бүхий тасалбар /1хх 142-143/,   2019 оны “Практикал даатгал” ХХК-ийн “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ” түүний хавсралт Гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг хэмжих хуудас, үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримт /1хх 160-170/, Улсын Дээд шүүхийн тогтоол хүргүүлсэн “Баримт №11” /2хх 55/,

Хариуцагч талаас нотлох баримтаар, “ПД” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 70-71/, 2018.08.07-ны өдрийн “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ” хавсралт /1хх 72-80/, “ПД” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019.08.05-ны өдрийн 19-02А/74 дугаартай тушаал, 2019 оны “ПД” Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хавсралтууд /1хх 81-121/, “ПД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2016.06.17-ны өдрийн 16/1 дугаартай шийдвэр /1хх 122/, “Очир Ундраа” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/012 дугаартай тушаалын 17 дугаар хавсралтаар баталсан “Удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээний журам” /1хх 123-132/, А.Нарантуяагийн “КPI” ном 113 хуудас, “Гүйцэтгэлийн удирдлага” ном 172 хуудас, Бернард Маррын “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд” ном 356 хуудас  зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.14-ний өдрийн 182/ШЗ202111983 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах тухай” захирамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2021.12.30-ны өдрийн 3/4526 дугаартай албан бичгээр ирүүлсэн /1хх-217/, “ПД” ХХК-ийн 2019 оны санхүүгийн аудитлагдсан тайлан /1хх 217-250, 2хх 1-52/, Э.Б  болон “ПД” ХХК-ийн хооронд 2019.07.02-ны өдөр байгуулсан 2019/01 тоот “Хөлсөөр ажиллуулах гэрээ” /2хх 60-67/, “ПД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020.06.12-ны өдрийн 2020/08 тоот тогтоол, тус компанийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2020.06.10-ны өдрийн 2020/02 тоот тогтоол /2хх 68-71/, “ПД” ХХК-ийн 2019 оны 3, 4 дүгээр улирлын “Бизнес төлөвлөгөөний тайлан” /2 хх 72-149/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г  нь хариуцагч “ПД” ХХК-д холбогдуулан, 2019 оны үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүйн үр дагаварт буюу урамшуулал болох 97 495 877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч О.Г  нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-г шүүхийн шийдвэрээр хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн контрактын гэрээний 7.2.1,  “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний  7.6.1-д  заасны дагуу “ПД” ХХК-ийн 2019 оны бүтэн жилийн цэвэр ашиг буюу 2020.03.31-ний өдөр хуулийн дагуу нийтэд мэдээлсэн 1 820 132 000 төгрөгийн 10 хувь болох 182 000 000  төгрөг,  бизнес төлөвлөгөөнөөс давсан 618 000 000 төгрөгийн  10 хувь болох  61 800 000 төгрөг, бүгд 243 000 000 төгрөгөөс 40 хувиар тооцон  урамшуулал олгоогүй, контракт гэрээний салшгүй хэсэг болох талуудын хооронд байгуулсан “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйн үр дагаварт урамшуулалд 97 495 877 төгрөгийг нэхэмжилсэн, 2020.12.16-ны өдрийн Улсын Дээд шүүхийн  тогтоол гарснаар, 2019 оны бүтэн үр дүнгийн урамшуулал авах ёстой гэдгээ мэдсэн, үүнээс хойш тухайн компанийн ТУЗ болон компанийн гүйцэтгэх удирдлагуудад 2020.03.11-ний өдөр болон 2020.03.31-ний өдөр хандаж, урамшуулал олгохыг хүссэн гомдлоо шуудангаар хүргүүлсэн, улмаар шүүхэд хандсан боловч шүүхээс эвлэрүүлэн зуулчлагчид хандаагүй, урьдчилан шийдвэрлэх журам хангагдаагүй гэсний дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасныг 2021.08.27-ны өдөр шийдвэрлэсэн тул хуулийн хугацаанд 2021.08.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ  гаргасан учир хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж тодорхойлон тайлбарлаж мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ,  2019 онд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т заасны дагуу  үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй  байсан, ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүссэн контрактын гэрээтэй холбоотой үр дүнгийн гэрээний үүрэгт цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг урамшууллын 97 495 877 төгрөг шаардсан нь хөдөлмөрийн харилцаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасны дагуу ажилтан гомдлоо өөрт цалин хөлс, урамшуулал олгоогүйг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан үеэсээ шүүхэд хандаагүй, 2020.03.31-ний өдөр байгууллага санхүүгийн тайлангаа гаргаж нийтэд мэдээлсэн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний 7.1-д зааснаар гүйцэтгэх захирлын KPI үзүүлэлтийг үнэлэх, гүйцэтгэлийн үзүүлэлтийн тайлангаа гаргаагүй, 3.2-т зааснаар 2019 оны бизнес төлөвлөгөө, 2019 оны гүйцэтгэлийн үнэлгээ, компанийн санхүүгийн аудитлагдсан тайлан зэрэг нь  үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байж дүгнэгдэх ёстой, зөвхөн санхүүгийн аудитлагдсан тайлан дээр үндэслэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, KPI үзүүлэлтийг өдөр тутам тайлагнах, мөн байгууллагын бизнес төлөвлөгөөний тайлан, гүйцэтгэлийн үзүүлэлтийн тайлангийн хамт ТУЗ-д танилцуулах үүрэгтэй, ингэж танилцуулсан баримтгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

  3.1.Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч байгууллагад 2012 оноос эхлэн ажилласан бөгөөд тэрээр 2016.06.17-ны өдрөөс тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад 2019.07.02.02-ны өдрөөр тасалбар болгон “ПД” ХХК-ийн  ТУЗ-ийн 2019.07.02-ны өдрийн 2019/13 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор  ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогчийн уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс О.Г-ийг урьд эрхэлж байсан “ПД” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 28 839 389 төгрөг гаргуулж О.Г-т олгон, дээрх олговороос зохих журмын дагуу шимтгэл, татвар хураамжийг тооцон О.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг “ПД” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч “ПД” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох 2019.07.02-ны өдрийн  2019/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрийг хариуцагч “ПД” ХХК-ийн гомдлоор дээд шатны шүүхүүд хянаж, давж заалдан шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээн, хяналтын шатны шүүхээс “ПД” ХХК-иас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34 364 707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Г-т олгож, тус компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл, хариуцагч “ПД” ХХК-ийн ТУЗ-д холбогдох 2019.07.02-ны өдрийн 2019/13 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019.12.09-ний өдрийн 182/ШШ2019/02201 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.12-ны өдрийн 344 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.12.16-ны өдрийн 001/ХТ2020/00814 дугаартай тогтоол зэргээр нотлогдож, уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

  3.2.Даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.-д “Даатгагч нь санхүүгийн тайланг улирал тутам, аудитаар баталгаажуулсан тухайн жилийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд  багтаан нийтэд хэвлэлээр мэдээлнэ” гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь “БДО Аудит” ХХК-иар аудит хийлгэсэн 2019.12.31-ний өдрийн байдлаарх санхүүгийн  аудитлагдсан тайлангаар тухайн тайлант жилд 1 820 132 000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай үйл баримт  нь Санхүүгийн зохиуцуулах хорооны 2021.12.30-ны өдрийн 3/4526 тоот албан бичгээр ирүүлсэн “ПД” ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, “БДО Аудит” ХХК-ийн “Хараат бус аудиторын тайлан”, тал хуудас  бүхий “Өнөөдөр” сонины 2020.03.31-ний өдрийн 067 /6433/ дугаарын 7-8 дахь тал / 1 хх  58, 217-250, 2 хх 1-52/, зохигчдын тайлбараар нотлогджээ.

3.3.Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Г-ийн ... цахим хаягт “...” цахим хаягнаас ТУЗ-ийн хурлаар О.Г-тэй байгуулах 2019 оны “Үр дүнгийн гэрээ”-г засварлаж, эцэслэсэн, 2019.05.17-ны өдөр “Үр дүнгийн гэрээ”-г батлахаар болсон тухай, “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний эцсийн байдлаар батлагдсан төсөл, хавсралтын хамт илгээж байсан тухай, тэдний хооронд байгуулсан контракт гэрээг үргэлжлүүлэх тухай үйл баримтууд тогтоогдсоныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд дүгнэсэн.

   Талуудын хооронд байгуулсан ПД/ГЗ/-2017/01 тоот “Хөлсөөр ажиллуулах гэрээ” буюу контракт гэрээний хугацаа 2019.12.31-ний өдөр дууссан байх бөгөөд уг гэрээний 7.2.1.-д “Гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэлийг дүгнэн гүйцэтгэх захиралтай байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-ний дагуу жилд нэг удаа урамшуулал олгоно”, 6.3.6.-д “Үр дүнгийн гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлж, ТУЗ-ийн баталсан хэмжээгээр урамшуулал авах” гэсэн заалтуудаас үзэхэд гүйцэтгэх захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээ нь контрактын гэрээний салшгүй хэсэг байна.

   Хэдийгээр хэрэгт авагдсан 2019 оны “Гүйцэтгэх захирлын  үр дүнгийн гэрээ”-нд талууд гарын үсэг зураагүй байх боловч  дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т “Нэг талын хүсэлт зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр  хийгдсэн гэж үзнэ”, 196 дугаар зүйлийн 196.1.4.-д зааснаар “Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан” гэж тус тус заасны дагуу 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний эцсийн байдлаар батлагдсан төсөл, хавсралтыг ажил олгогчоос  О.Г-т  цахим захидлаар илгээж, 2019.05.17-ны өдөр уг гэрээг  батлахаар болсон тухай мэдэгдэж байснаас үзэхэд талуудын хооронд байгуулсан контракт гэрээний салшгүй хэсэг болох үр дүнгийн гэрээ 2019 онд байгуулагдсан байх бөгөөд энэ үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэсэн.

Эдгээр үйл баримт нь 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”, “Үзлэг хийсэн тэмдэглэл” /1хх 160-165/, ПД/ГЗ/-2017/01 тоот “Хөлсөөр ажиллуулах гэрээ”, шүүхийн шийдвэрүүд  /1хх 5-14, 29-44 / зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Урамшуулал нь ажилтан албан хаагчийн ажлын үр дүн эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн, цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож байгаа мөнгөн, биет бус хэлбэртэй олговор бөгөөд үүнийг ажилтанд тодорхой нөхцөл, болзлыг хангасан үед олгодог байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ” нь 2019.12.31-ний өдөр дууссан байх бөгөөд  тус гэрээний 7.1-д “ТУЗ нь гэрээг дүгнэж, гүйцэтгэх  захирлын KPI-г үнэлнэ”, 7.3-т “...Гүйцэтгэх захирал үр дүнгийн гэрээг дүгнүүлэхдээ бизнес төлөвлөгөө болон ГГҮ-ийн гүйцэтгэлийн тайлангийн хамт ТУЗ-ийн нарийн бичгийн даргад дараа оны 03 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ”, 7.6-д “Компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөний дагуу компанийн 2019 оны жилийн аудитлагдсан санхүүгийн тайланд тайлагнасан цэвэр ашгийн 10 хувийг KPI-ийн хувиар хувилж тооцсон /бизнес төлөвлөгөөг давуулан биелүүлсэн бол нэмэгдэл цэвэр ашгийн 10 хувийг нэмж тооцно/ нийт дүнгээс дараахь байдлаар урамшууллыг олгоно. Үүнд: 7.6.1 “Гүйцэтгэх захиралд 40 хувь...”, 7.13-т “ТУЗ нь урамшууллыг жилд нэг удаа, бүхэл дүнгээр хэсэгчлэн хуваалгүй олгоно” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд, гүйцэтгэх захирлын ажлыг буюу 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-г үнэлж дүгнэхдээ компанийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн аудитлагдсан тайлан, гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг хэмжих хуудас буюу KPI /“Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний хавсралт/ зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн, мөн гэрээний 7.3, 7.4, 7.5, 7.7, 7.8, 7.9, Хөдөлмөрийн дотоод журмын 8.35, 9.1-д зааснаар гүйцэтгэх захиралд урамшуулал олгох журмыг тодорхойлж зохицуулсан байна.

Энэ нь “ПД” Компанийн хөдөлмөрийн дотоод журам,  2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ” түүний хавсралт болох “Гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг хэмжих хуудас”,  2017 оны “Очир Ундраа” ХХК-ийн “Удирдлагын гүйцэтгэлийн үнэлгээний журам” /1хх 82-100,123-132, 160-170/ зэргээр тогтоогдсон.

 

5.Эдгээр үйл баримтаас үзэхэд, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Г-ийн 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний хавсралтад заасан “Гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг хэмжих хуудас” буюу захирлын KPI-г тодорхойлж дүгнэсэн ямар нэгэн баримтгүй,  уг гэрээний 7.3.-т заасан хугацаанд ГГҮ-ийн гүйцэтгэлийн тайлан болон бизнесийн төлөвлөгөөг нэхэмжлэгчээс ТУЗ-д хүргүүлсэн баримтгүй, 7.4, 7.5-д зааан журмын дагуу урамшуулал олгохоор шийдвэрлэсэн тус компанийн ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны дүгнэлт санал, ТУЗ-ийн тогтоол зэрэг баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтад заасан урамшуулал олгох үндэслэлүүдийг тодорхойлсон нэхэмжлэгч О.Г-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хугацааны буюу 2019 оны ажлыг дүгнэж үнэлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-нд заасан урамшуулал олгох болзол нөхцөл тогтоогдоогүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь 2019.07.02-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан, ажил олгогчийн шийдвэрийн улмаас 2019.12.31-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тайланд хамрагдах хугацаанд буюу 2019 онд бүрэн ажиллаагүй тохиолдолд /нэхэмжлэгчийн хувьд 2019 оны эхний хагас жилд ажилласан/ компанийн цэвэр ашгаас ажилтанд олгох урамшууллыг хэрхэн тооцох талаар талууд үр дүнгийн гэрээ, контракт гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тус тус тохиролцож тодорхойлоогүй, энэ талаар гэрээний талууд хамтдаа эсхүл ажил олгогчоос гаргасан шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул уг урамшууллын хэмжээг шүүхээс тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4.-т заасан зохицуулалттай нийцэхгүй  байна.

 

6.Нэхэмжлэгч О.Г  нь хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.12.16-ны өдрийн 001/ХТ2020/00814 дугаартай тогтоолыг 2021.01.08-ны өдөр шуудангаар хүргүүлснийг хүлээн авсан байх бөгөөд үүнээс хойш 2021.03.11, 2021.03.30-ны өдрүүдэд ажил олгогч “ПД” ХХК-д үр дүнгийн гэрээг дүгнэж, урамшуулал олгох тухай хүсэлтээ гаргаж байсан боловч ажил олгогчоос уг хүсэлтийг шийдвэрлээгүй, энэ талаар ямар нэгэн баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлээгүй болох нь Улсын Дээд шүүхийн тогтоол хүргүүлсэн тухай баримт №11, “Монгол шууудан” ТӨХК-ийн 28 дугаар салбарын төлбөрийн баримтууд /1хх 45-50, 2хх 55/ зэргээр нотлогдсон.

Үүний дараа 2021.05.21-ний өдөр үр дүнгийн гэрээний үүрэгт 97 495 877  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч байгууллагад холбогдуулан тус шүүхэд гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь нэхэмжлэгчээс гаргасан дээрх агуулга бүхий өргөдлийг хянан шийдвэрлэж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.28-ны өдрийн 182/ШЗ2021/04706 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, тус шүүхийн 2021.06.22-ны өдрийн 182/ШТ2021/00104 дугаартай “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021.08.27-ны өдрийн 101 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл” /1хх 51-57/ зэргээр нотлогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д “Хөдөлмөрийн гэрээний талууд ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2021.08.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, контрактын гэрээний салшгүй хэсэг болох 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний дагуу урамшуулал авах эрхээ зөрчигдсөн гэж үзэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.12.16-ны өдрийн 001/ХТ2020/00814 дугаартай тогтоолыг 2021.01.08-ны өдөр шуудангаар хүлээн авснаас  хойш 2021.03.11, 30-ны өдрүүдэд ажил олгогчид хүсэлтээ гаргаж байсан, улмаар шүүхэд нэхэмжлэл болон эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган шийдвэрлүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д  заасан хугацааг хэтрүүлээгүй  байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагууд, шүүхэд гомдол гаргаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д  заасан нарийвчилсан хугацаа болох 3 сарын хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

 

7.Хэрэгт хариуцагч “ПД” ХХК болон Э.Б  нарын хооронд 2019.07.02-ны өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан 2019/01 тоот “Хөлсөөр ажиллуулах гэрээ”, “ПД” ХХК-ийн 2019 оны 3, 4 дүгээр улирлын  бизнес төлөвлөгөөний тайлангууд авагдсан бөгөөд тус компанийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хорооны 2020.06.10-ны өдрийн 2020/02 тоот “Санал дүгнэлт”,  ТУЗ-ийн 2020.06.12-ны өдрийн 2020/08 тоот “Урамшуулал олгох тухай” тогтоол түүний хавсралтаар /2хх 60-149/ гүйцэтгэх захирал болон ажилтнуудад 2019 оны компанийн цэвэр ашгаас урамшуулал тооцон хуваарилсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм.

 

8.Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан А.Нарантуяа зохиогчтой “КPI” нэртэй 113 хуудас,  “Harvard business essentials” хэвлэлийн газрын цуврал эмхэтгэл “Гүйцэтгэлийн удирдлага” нэртэй 172 хуудас ном, Бернард Марр зохиогчтой “Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтүүд” гэсэн нэртэй 356 хуудас бүхий ном нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

9.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, 2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний үүргээ ажил олгогч биелүүлээгүйн үр дагаварт урамшууллыг тус компанийн 2019 оны цэвэр ашиг  болох 1 820 132 000 төгрөгийн 10 хувь буюу 182 000 000 төгрөг, бизнес төлөвлөгөөг давуулан биелүүлсэн ашиг болох 618 000 000 төгрөгийн 10 хувь  буюу 61 800 000 төгрөг, нийт 243 000 000 төгрөгөөс  40 хувиар тооцон 97 495 877 төгрөгийг нэхэмжлэгч О.Г-т хариуцагч байгууллагаас гаргуулан олгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ПД” ХХК-д холбогдох нэхэмжлэгч  О.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 430  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан хариуцагч “ПД” ХХК-иас  2019 оны “Гүйцэтгэх захирлын үр дүнгийн гэрээ”-ний урамшуулалд 97 495 877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                              Ж.БАЙГАЛМАА