Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 115/ШШ2023/0006

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “...” ХХК

Хариуцагч: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /.../ нарын хооронд гарсан маргаан болох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаас зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...” ХХК нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0035002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл /гомдол/ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргасан хариу тайлбаруудад дурдаж байгаагаар дараахь байдлаар маргаж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 09 сарын 07-ны өдөр хийсэн хяналт шалгалтаар тус компанийг хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил гаргасан гэж үзсэнийг буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3-т  зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

- Улсын байцаагч нь зөрчил илрүүлсэн талаар болон шийтгэл хүлээлгэх тухай хэлж ярьж байсан боловч шийтгэлийн хуудсыг албан ёсоор гардуулан өгөөгүйгээс манай байгууллагын хувьд шийтгэл оногдуулсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөх шаардлага ирүүлснээр мэдсэн. Бид шийтгэлийн хуудсыг одоог хүртэл эх хувиар нь гардан аваагүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуулбар хувийг авсан. Мөн шийтгэлийн хуудсыг авч үзэхэд хэзээ хаана хэнд гомдол гаргахыг болон энэ талаарх эрхийг дурдаагүйгээс гадна энэ эрхийг тайлбарлаж ч өгөөгүй ба энэ нь бидний Үндсэн хуульд заасан үндсэн эрх болох гомдол гаргах эрхийг зөрчсөн. Улмаар энэ талаарх гомдлоо Мэргэжлийн хяналтын газрын даргад гаргасан боловч 2022.12.15-ны өдрийн 2/445 дугаартай албан бичгээр бидэнд хариу өгөхдөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан, шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн гэснийг зөвшөөрөхгүй танай шүүхэд гомдол гаргаж байгаа болно.

Улсын байцаагч  шийтгэл оногдуулахдаа бидний Үндсэн хуульд заасан үндсэн эрх гомдол гаргах эрхийг хангаагүй ба шийтгэлийн хуудсанд ч энэ талаар заагаагүй, хоосон орхисон, бидэнд өөрийнх нь шийдвэрийг зөвшөөрөхгүй бол хаана, хэнд,  хэзээ гомдол гаргах эрхийг тайлбарлан өгөөгүй нь өөрөө энэ шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр байх хуульд заасан нөхцөлийг хангаагүй гэж үзэж байна.

- Манай компанийг хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалсан гэж шийтгэлийн хуудсанд дурдсан байх ба хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн хувьд зарим бүтээгдэхүүний хувьд нэг хоногийн хугацаа хэтэрсэн, 14-н  нэр төрлийн, 33-н ширхэг бараа бүтээгдэхүүн, нийт 167,300 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн байсан боловч компанийн захирал ...нь тухайн үед эзгүй байснаас уг бүтээгдэхүүний хугацаанд хяналт тавиагүйг үгүйсгэхгүй юм.

Гэхдээ иргэн би  ойлгохдоо аливаа төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, арилгах зорилготой гэж  боддог бөгөөд хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ч мөн уг зөрчлийн шинж чанарыг харгалзана гэж найддаг билээ.

Гэтэл хяналт шалгалт хийж байгаа эрх бүхий албан тушаалтнуудад тийм зорилго байхгүй, зөвхөн ямар ч хамаагүй зөрчил илрүүлж, хариуцлага хүлээлгэх л зорилготой мэт хандаж, шийдвэрлэж байгаа нь өөрөө хууль дээдлэх, шударга ёсонд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн  бүтээгдэхүүн их хэмжээтэй байгаагүй, мөн хугацаа хэтэрсэн 1 хоносон байсан, түүнчлэн хугацаа хэтэрснээс хойш худалдан борлуулаагүй байхад үнийг улсын байцаагч тогтоож нягтлаагүй атлаа худалдаалсан гэж үзсэн нь түүний оногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинж чанарт тохирохгүй, зөрчлийг тогтоож чадаагүй болно.

Түүнчлэн улсын байцаагч худалдаалсан гэж үзсэн бол хэн хэзээ худалдсаныг бодитой тогтоогоогүй атлаа компанид хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй юм.  Мэдээж компанийн удирдлага байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих ёстой хэдий ч тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилтнуудад бас үүрэг, хариуцлага гэж байх ёстой. Энэ нь худалдагч зарж борлуулж байгаа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн үгүйг худалдан борлуулахдаа анхаарах, шалгах,  хэрэглэгч үйлчлүүлэгчид ийм боломжоор хангах нь үйлчилгээний нийтлэг зарчим.  Энэхүү нөхцөл байдал ч мөн зөрчлийн шинж чанарт зайлшгүй харгалзан үзэх нөхцөл болох байтал улсын байцаагч эдгээрийг огт харгалзаагүй,  шалгаагүй, зөвхөн шийтгэл оногдуулахыг л урьтал болгосонд гомдолтой байна.

Манай компани 2000 оноос худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд холбогдох журам, хуулийг чанд мөрдөж ирсний зэрэгцээ ковид цар тахалын улбаатай  эдийн засгийн хямралд унаж босч хүнд үеийг туулж байгаа энэ үед ийм хэмжээний торгуулийг төлөх боломж нөхцөл байхгүй байгааг мөн харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Иймд улсын байцаагч шийтгэл оногдуулахдаа бидний гомдол гаргах эрхийг хангаагүй хууль зөрчсөний  гадна Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулах журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул энэ асуудлыг хянан үзэж,   Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын байцаагчийн 2022 оны 09 сарын 07-ны өдрийн 0035002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү,

 

         1.2 Мөн нэхэмжлэгч “...” ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбарт гаргасан хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ...гийн шүүхэд гаргасан тайлбартай танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

 

  1. Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 14 нэр төрлийн 167300 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь хяналт шалгалт хийх явцад худалдагч байсан бөгөөд нэхэмжлэгч ...ын эхнэр ...дуудагдаж ирээд улсын байцаагчаас танилцуулсан бүтээгдэхүүний хувьд 1 хоногийн хугацаа хэтэрсэн байна, бүтээгдэхүүнийг худалдан авсан газраа буцааж өгнө гэдгээ тухайн үед хэлсэн байдаг. Мөн тухайн хяналт шалгалтын үед эхнэр ...хугацаа хэтэрсэн гэх бараа бүтээгдэхүүний хувьд яг хугацаа хэтэрсэн байсан эсэхийг нягталж чадаагүй бөгөөд шалгалт хийсэн тухай тэмдэглэл гээд байцаагч өгсөн, түүнд бол хугацааг хэрхэн яаж тэмдэглэснийг ойлгоогүй гэдэг юм. тухайлбал улсын байцаагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтуудтай танилцахад сода 2021.05.22-ны өдөр үйлдвэрлэгдээд, 2021.06.01-ний өдөр хугацаа дууссан, зведный август набор 2022.03.17-ны өдөр үйлдвэрлэгдээд 2022.06.17-ны өдөр хугацаа дууссан гэх мэтээр ойлгомжгүй зүйлүүд байна. Соданы хувьд хэрэглэх хугацаа 8 хоног, наборны хувьд хэрэглэх хугацаа 3 сар байна гэдэг нь бодит байдал амьдралд нийцэхгүй юм. Набор өөрөө импортын бүтээгдэхүүн ба 3 сар хадгалах гэхээр бараг тээвэрлэгдэж ирэх явцдаа хугацаа нь дуусаад ирсэн байхаар харагдаж байна. Мөн cofler block школад хэзээ хугацаа дууссан нь тэмдэглэгдээгүй гэх мэтээр ойлгомжгүй зүйлүүд байна. ...нарын хувьд тухайн үед бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн хугацааг нягталж харж чадаагүй, улсын байцаагч хурааж авч явсан, тийм болохоор хугацаа хэтрүүлсэн бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлдэг.

         2. Улсын байцаагч нь тайлбартаа компанийн захирал ...аас мэдүүлэг авсан гэсэн байх ба шүүхэд ирүүлсэн материалтай танилцахад бүтээгдэхүүн нэг бүрчлэн асуусан тэмдэглэлийг ирүүлсэн байна. Гэтэл тэмдэглэлд тусгагдсан шиг үйл явдал болоогүй. Улсын байцаагч захирал ...ыг дуудсан, очиход танай компани хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил гаргасан, торгоно гэсэн гэдэг ба торгуулийн хэмжээ их байна, зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн байдаг. Түүнээс биш тэр тэмдэглэлд бичигдсэн шиг бүтээгдэхүүн нэр бүрчлэн хугацааг танилцуулж асуугаагүй гэдэг.

         3. Улсын байцаагч нь нэхэмжлэгчид шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн гэсэн байх ба одоог хүртэл энэ шийтгэлийн хуудсыг аваагүй байгаа, тухайн үед торгуулийн шийтгэл оногдуулна гэхэд нь зөвшөөрөхгүй гэдгээ хэлж бичиж өгсөн, харин шийтгэлийн хуудсыг өгөөгүй. Тайлбартаа “юу ч харагдахгүй шар цаас уу” гэж асуусан гэсэн ба тэр нь бидэнд үлдсэн ганц баримт юм гэдэг тул энэ баримтыг хэрэгт хавсаргаж байна. /шалгалт хийсэн тухай тэмдэглэл/

          4. Шүүхэд ирүүлсэн баримттай танилцахад 2022.08.23 №11-03-010/43 дугаартай “хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” гэсэн улсын байцаагчийн акт гарсан байх бөгөөд уг актыг ...болон эхнэр ... нар мэдээгүй, тэдэнд танилцуулаагүй байх ба уг актад гомдол гаргах тэдний эрхийг хязгаарласан байна. Мөн актад хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг Сайншанд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлэхийг тэдэнд өөрсдөд нь даатгасан нь ойлгомжгүй байх ба уг хугацаа хэтэрсэн гэх бүтээгдэхүүнүүд тэдэнд биш улсын байцаагчид өөрт нь байсан байх ба, тэр зөвлөлд улсын байцаагч өөрөө өгсөн байх гэж бодож байна гэх тайлбарыг хэлдэг.

           5. Ер нь тухайн хяналт шалгалт хийх явцад дэлгүүрийн ээлжийн худалдагч ажиллаж байсан бөгөөд бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн байсан бол худалдагч тухайн барааг худалдахгүй, борлуулахгүй байх үүрэг нь түүнд байсан. Компанийн удирдлагын хувьд өдөр тутам бараа бүтээгдэхүүний хугацааг шалгаад байх боломжгүй, ээлж хүлээлцэх үед л нягталж шалгадаг байна. Гэтэл улсын байцаагчаас компанийг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       1.3 Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа: ... миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд гомдол гаргагч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

            Нэгдүгээрт шийтгэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Дорноговь аймгийн тухайн үеийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ...гийн 0035002 дугаартай шийтгэлийн хуудсаар тухайн компанийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3-т заасан хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үүний

 үндэслэл нь тухайн зөрчилд оногдуулсан мэргэжлийн хяналтын байцаагчийн шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдсан зөрчил гаргасан гэдэг ба

гэтэл Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “...хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэсэн 4 шинжийг заасан байдаг. Улсын байцаагчийн зүгээс шийтгэлийн хуудсандаа тухайн компанийг хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэдгээр шийтгэл оногдуулсан. Гэтэл худалдсан гэдэг зөрчлийг эрх бүхий албан тушаалтан нотолж, шийтгэл оногдуулах үүрэгтэй байтал үүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж, тогтоох ажиллагаа хийсэн зүйл байхгүй гэж төлөөлөгчийн хувьд үзэж байна.

Хоёрдугаарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлд хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлого эд зүйлийн талаар авах арга хэмжээг заасан байдаг. 4.12 дугаар зүйлийн 1-т “...эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна”, 4.12 дугаар зүйлийн 2-т эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана гэсэн байна. Хариуцагч 09 дүгээр сарын 07-ны өдөр “...” ХХК-д шийтгэл оногдуулсан шийдвэрээ гаргахаас өмнө зөрчлийн гол нотлох баримт болох хугацаа хэтэрсэн гэх эд зүйлүүдийг устгасан тэмдэглэл хэрэгт байгаа. Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн устгалын комиссоос энэ эд зүйлийг устгасан гэсэн тэмдэглэл байгаа. Тэгэхээр шийтгэлийн хуудас гаргахаасаа өмнө энэ гол нотлох баримтаа устгаж байгааг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж байна.

Гуравдугаарт зөрчлийн хэрэгт авагдсан зургаар хүнсний бүтээгдэхүүнүүдийн зургийг өнгөтөөр биш хараар угааж хэвлэж хавсаргасан байдаг. Энэ зургаас харахад яг ямар бүтээгдэхүүн хэд хоногийн хугацаа хэтэрсэн, хэзээ хүртэл хугацаатай байсан юм гэдэг нь тодорхой харагддаггүй. Хэрэв зургаас нэг бүрчлэн харагдаж байсан бол устгачихлаа гэсэн зүйл ярих шаардлагагүй. Мөн эд зүйл буюу тухайн бүтээгдэхүүнийг устгасан тухайг харуулсан зурагт нийт гурван компанийн хураагдсан хүнсний бүтээгдэхүүнийг устгаж байгаа гэх зураг л байгаа болохоос биш яг тодорхой зураг байхгүй. Зөрчил илрүүлсэн тэмдэглэл болон улсын байцаагчийн акт дээрээ үнийн дүн зөрүүтэй, он сар дуусах хугацаа бичээгүй, зөрүүтэй бичсэн гэх мэт тодорхой тогтоогдоогүй зүйлүүд их байдаг.

Дөрөвдүгээрт уг шийтгэлийн хуудсыг 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хэр нь гомдол гаргагчид гардуулж өгөөгүй, Ингэснээр тус компанийн зүгээс шийтгэлийн хуудсанд гомдол гаргах эрхийг зөрчсөн. Хариуцагчийн зүгээс шийтгэлийн хуудсыг мэдэгдсэн тухайгаа 08 дугаар сарын 30-ны өдөр болон 11 дүгээр сард хоёр удаа мессеж бичиж мэдэгдсэн гэх гар утаснаас зургийг нь авсан баримтыг зөрчлийн хэрэгтээ хавсаргасан байдаг ч энэ нь зөрчлийн хэрэг нээсэн гэдгийг болон шийтгэлийн хуудсыг сайн дураар төлөх хугацаа өнгөрсөн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсэн талаарх хоёр мессеж байдаг.

Хэрэгт энэ талаар улсын байцаагч шийтгэлийн хуудсыг гардуулан өгсөн тэмдэглэл гэж байгаа боловч холбогдогчийн хувьд 08 дугаар сарын 26-ны өдөр мэргэжлийн хяналтын газарт очиж нэг л удаа мэдүүлэг өгсөн. 09 дүгээр сарын 07-ны өдөр огт очоогүй гэдэг. Тэгэхээр тэр тэмдэглэл нь сүүлд нөхөж хийсэн тэмдэглэл юм уу сайн мэдэхгүй байна. Ганц тэр тэмдэглэл ч биш хамгийн эхний зөрчил илрүүлсэн тэмдэглэл дээр ч гэсэн холбогдогчийг байлцуулан зөрчил бүхий эд зүйлээ гаргаж өгөхийг сануулж, эрх үүргийг нь танилцуулан гарын үсэг зуруулав гэсэн баримт байсан. Гэтэл зөрчил илрүүлсэн өдөр Дарамзагд тэнд огт байгаагүй. Ээлжийн худалдагч нь байсан, эхнэр ... нь дуудагдаж ирсэн байдаг. Гэтэл Дарамзагдыг байсан мэтээр эрх үүрэг тайлбарласан байдаг. Мөн хэрэгт авагдсан баримтууд нь бүгд гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтууд байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан гомдол гаргах буюу төрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргах талаар өөрийнхөө эрхийг хамгаалах баталгаатай эдлэх эрхийг нь эдлүүлээгүй гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус байна гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд энэ талаар гомдол гаргасан.

Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3-т зааснаар 5,000,000 торгосон зөрчил нь өнөөдрийн шүүхээр хэлэлцүүлж байгаа зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Хугацаа хэтэрсэн гэдэг үндэслэлээр Хүнсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж оруулж ирж байгаа боловч хугацаа хэтэрсэн гэдгийг нотлох гол баримт болох улсын байцаагчийн акт дээр тодорхой тусгагдсан байх ёстой, гаргасан гэх зөрчил нь нотлогдсон байх ёстой.

Гэтэл зөвхөн улсын байцаагчийн хийсэн тэмдэглэл гэх хугацаа нь зөрүүтэй, засвартай бичигдсэн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, мөн хэтэрсэн гэх хугацааг заагаагүй атлаа бараа бүтээгдэхүүнийг хураан авахаар гаргасан зөрчлийн холбогдогчид тухайн үед танилцуулж гардуулаагүй улсын байцаагчийн акт зэрэг баримтаар тус компанийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Улсын байцаагч нь нэхэмжлэгчийг  2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандсан байхад яагаад өөрт байгаа гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, мөн  зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэж байх үедээ гэрч асуух зэргээр нотлох ажиллагааг бүрэн хийгээгүй юм бэ. Иймд гомдол гаргагчийн хэлж байгаа шиг шийтгэл оногдуулахыг л урьтал болгосон юм шиг харагдаж байна. Хуульд зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь авч үзэх учраас шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийтгэлийн хуудсыг хянаж, хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

2. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг,  Шинэ зууны гудамж 59-01 тоот “...” ХХК-ийн захирал ...ын гаргасан гомдлын дагуу тайлбар гаргах нь:

1. Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ... би Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын даргын баталсан Архи тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага болон нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 16:34 минутад ... ХХК-г төлөөлүүлэн Д....ыг байлцуулан тус компанийн хүнсний дэлгүүрт шалгалт хийж эхэлсэн. Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 14 нэр төрлийн 167300 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлж,  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.7 дахь заалтыг зөрчсөн талаарх нөхцөл байдлыг шалгалтын тэмдэглэл дээр хөтөлж, уншиж танилцан гарын үсэг зурахыг хэлэн Д....д тэмдэглэлээ өгсөн. ... ХХК-н талаас ...нь Бараа бүтээгдэхүүний тухай авсан газраа буцааж өгөх шаардлагатай байгаа тул гарын үсэг зурсангүй” гэх тайлбар бичин гарын үсэг зураагүй.

2. Холбогдогч ...ын ... дугаарт холбогдон 2022 оны 08 сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын 08 тоот өрөөд ирэхийг хэлсэн. Холбогдогчид зөрчлийг танилцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  ярилцаж 11 цаг 34 минутад холбогдогчоос мэдүүлгийг авч эхлэн 12 цаг 12 минутад мэдүүлгийг дуусгаж танилцуулсан боловч торгуулийн хэмжээ их байна, нүдний шил зүүж нухацтай уншиж гарын үсэг зурна гэх шалтгааны улмаас гарын үсэг зуралгүй явсан. Холбогдогчоос мэдүүлэг авах үед Мэргэжлийн хяналтын газрын 08 тоот өрөөнд Эрүүл мэнд, боловсрол хүнсний хэлтсийн дарга ...,  Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч ... нар байсан болно. Тухайн өдрийн 15:00 цагийн үед ... дугаарын утас руу 3-4 удаа залгахад утсаа аваагүй.

3. Торгуулийн хэмжээ их байна гэх шалтгааны улмаас гарын үсэг зураагүй мөн холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх 5 хоногийн хугацаа дуусаж 08 сарын 29-ний өдөр 17:10 минутад зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн өдрийн ажлын цаг дууссан тул  2022 оны 08 сарын 30-ны өдөр холбогдогч ...ын ... дугаарт холбогдон  “2219000339 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн тухай, энэ тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй” гэдгийг утсаар мэдэгдэж, мөн 10 цаг 14 минутад мессежээр илгээсэн болно.

4. Холбогдогч ...тай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаараар холбогдон шийтгэлийн хуудас гардуулах, зөрчлийн хэргийн материал танилцуулах шаардлагатай учир 09 сарын 07-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын 08 тоот өрөөнд  ирэхийг мэдэгдсэн. 09 сарын 07-ны өдрийн 08 цаг 52 минутад 0035002 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг холбогдогчийг байлцуулан бичиж, холбогдогчид гардуулан өгч, 1-16 хүртэл дугаартай 16 хуудас бүхий 1 хавтас  хэргийн материалыг танилцуулсан.

5. Холбогдогч ямар ч баримт бичиг дээр гарын үсэг зурахгүй гэсэн учир тухай бүрт тэмдэглэл үйлдсэн.

6. 0035002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар торгуулийг тушааж биелүүлээгүй тул төлөх хугацаа хэтэрснийг мэдэгдэх гэж өөрийн...дугаараас 2 удаа залгасан боловч утсаа аваагүй тул мессеж бичсэн. Ажлын утас болох 70522214 дугаараас ... дугаарт холбогдон холбогдогч ...түүний эхнэр болох ...нарт торгуулийг сайн дураар төлөх хугацаа хэтэрсэн тул төлнө үү, төлөхгүй бол шийдвэрийн биелэлтийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ гэдгийг мэдэгдсэн болно.

7. 0035002 дугаартай шийтгэлийн хуудсыг 09 сарын 07-ны өдрийн 08 цаг 52 минутад холбогдогч ...ад гардуулан өгсөн боловч 2022 оны 12 сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын 08 тоот өрөөнд ирж шийтгэлийн хуудсыг гардаж аваагүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөх шаардлага ирснээр мэдсэн хэмээн хэлсэн. Миний зүгээс шийтгэлийн хуудсыг нь гардуулан өгсөн болохыг тайлбарлан хэлтэл юу ч харагдахгүй кветанц шиг шар цаас уу гэж асуусан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг тул иргэний  гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн байх ба,

2.1 Мөн хариуцагчаас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-т “...хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн...бүтээгдэхүүн...худалдсан...” гэдэг заалтаар авсан шийтгэл оногдуулсан.

 “...” ХХК-ний хүнсний дэлгүүрт 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа нь дууссан, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дууссан бүтээгдэхүүн, мөн бүтээгдэхүүний хугацаа дуусаад 1 жил гаран болсон бүтээгдэхүүнүүд байсан. Тухайн хүнсний дэлгүүрийн лангуун дээр хугацаа нь дуусаад жил гаран болсон байхад худалдсан гэдэг үндэслэлээр авч үзсэн. Тухайн дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байсан л бол худалдсан гэж үзнэ.

Хоёрдугаарт бүтээгдэхүүнийг зөрчил шийдвэрлэх хүртэл хадгалж, хамгаалах ёстой гэсэн. Тухайн зөрчил илэрснээс хойш холбогдогчийг дуудаж хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг болон улсын байцаагчийн акттай танилцуулаад нийт танайхаас 14 нэр төрлийн 33 ширхэг, 167,300 төгрөгийн хүнсний бүгээдэхүүн хугацаа хэтэрсэн зөрчил илэрсэн, та үүнтэй танилцана уу гэж танилцуулсан.

Тухайн үед бүтээгдэхүүнийг устгаагүй байсан бөгөөд улсын байцаагчийн акттай тулган нягталж, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг бүгдийг нь өөрөөр нь хянуулсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 23-ны 110301043 дугаартай улсын байцаагчийн акт, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг танилцуулж холбогдогчоос мэдүүлэг авсан. Холбогдогч тус зөрчил илэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас холбогдогчийг акттай танилцаж гарын үсэг зурахыг хэлсэн боловч холбогдогч гарын үсэг зурахгүй гээд зураагүй. Мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний өнгөт зураг нь надад одоо болтол байгаа, харж болно. Холбогдогч Дарамзагд нь 09 дүгээр сарын 07-ны өдөр огт ирээгүй гэж байна. Холбогдогчид зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдлийг 08 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэж, 09 дүгээр сарын 06-ны 16 цаг 00 минутад залгаж 59 секунд ярьж “зөрчлийн хэргийг материалыг танилцуулах учир та маргааш өглөө мэргэжлийн хяналтын газрын 08 тоот өрөөнд ирнэ үү” гэсэн мэдэгдлийг утсаар хүргүүлсэн, ярьсан дуудлага, мессежийг утаснаасаа зургийг нь дарсан байгаа.

Маргааш өглөө нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө холбогдогч Дарамзагд ирсэн. Холбогдогч ирэнгүүт шийтгэлийн хуудсыг байлцуулан бичиж 08 цаг 52 минутад гардуулан өгсөн. Холбогдогч шийтгэлийн хуудастай танилцаад торгуулийн хэмжээ их учраас зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй, гээд зөвшөөрөхгүй гэж бичиж өгсөн. Шийтгэлийн хуудас 3 хувь үйлдэгддэг. Нэгийг нь зөрчлийн холбогдогч өөрт нь, нэгийг нь байгууллагын нягтланд өгч, нөгөө хувийг нь эрх бүхий албан тушаалтан би өөртөө авч үлдсэн байгаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан эрхийг нь хязгаарласан гэж байна. Дарамзагд нь мэргэжлийн хяналтын газрын дарга М.Мөнхбаярт гомдол гаргаж түүний дагуу хариу өгсөн. Ингэснээр албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй гэж заасан эрхээ эдэлсэн гэж үзэж байна.

Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэдэг гомдол дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байгаа тул аж ахуйн нэгжийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэснийг үндэслэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргааны зүйл болж буй захиргааны акт болох Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0035002 дугаар шийтгэлийн хуудсыг тухайн үед гардаж аваагүй болон гардуулан өгсөн гэдгээр маргадаг бөгөөд, нэхэмжлэгчийн зүгээс тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2 сар гаруй хугацааны дараа  хариуцагчийн дээд шатны албан тушаалтан болох Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргасан боловч, тухайн албан тушаалтнаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/445 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж заасны дагуу хянан шийдвэрлэж өгсөн хариу байна гэж үзэх үндэслэлтэй байх тул,

1.1 Шүүх нэхэмжлэгч “...” ХХК-аас дээрх хариу албан бичгийг эс зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл /гомдол/-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх зүйлд заасан “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх зүйлд заасан “30 хоногийн” дотор шүүхэд гомдол гаргахаар заасныг үндэслэн хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн /хавтаст хэргийн 10, 11 дэх тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

1.2  Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... Улсын байцаагч нь зөрчил илрүүлсэн талаар болон шийтгэл хүлээлгэх тухай хэлж ярьж байсан боловч шийтгэлийн хуудсыг албан ёсоор гардуулан өгөөгүйгээс манай байгууллагын хувьд шийтгэл оногдуулсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөх шаардлага ирүүлснээр мэдсэн ...” гэсэн байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүхээс тодруулж, тогтоосны дагуу хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шийтгэлийн хуудасны “танилцсан” гэх хэсэгт нэхэмжлэгч “...” ХХК-ийн захирлын зүгээс шийтгэлийг “зөвшөөрөөгүй” тухайгаа бичсэн байгаагаар нэхэмжлэгчийн хувьд тус захиргааны актыг тухайн үед мэдсэн болохыг дурдах нь зүйтэй.

            2. Нэхэмжлэгч “...” ХХК-аас хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /.../-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар  тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болон татан буугдаж, уг шийдвэр нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, мэргэжлийн хяналтын чиг үүрэг салбарын яамдад шилжсэнтэй холбогдон Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Бямбадоржийн Жаргалмааг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” Б/71 дүгээр, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Б-ийн Ж-г албан тушаалд томилох тухай” тушаал /хавтаст хэргийн 49, 50 дахь тал/-ууд тус тус гарснаар тухайн захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож буй эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /.../-ийн өмнөх ажил, албан тушаал болох эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн хэрэгжүүлэх хяналтын чиг үүрэг хэвээр хадгалагдан үргэлжилж байгаа болно.

3. Иймд шүүх нэхэмжлэгч “...” ХХК-ийн нэхэмжлэл /гомдол/-ээр хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /.../-д холбогдуулан үүсгэсэн тус захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дүгнэснээр тогтоогдож буй дараахь байдлуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Хэргийн оролцогч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч буй үндэслэлээ дараахь байдлуудаар тодорхойлон маргаж байна.

4.1 Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо:

4.1.1 Улсын байцаагчийн зүгээс тус компанийг хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил гаргасан гэж үзсэнийг буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3-т зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, 5000000 /таван сая/ төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй,

4.1.2 Учир нь тухайн үед шийтгэлийн хуудсыг албан ёсоор гардуулан өгөөгүй бөгөөд шийтгэлийг зөвшөөрөхгүй бол хаана, хэнд, хэзээ гомдол гаргах эрхийг тайлбарлаж өгөөгүй, түүнчлэн улсын байцаагч нь зөрчлийг бүрэн нягталж тогтоогоогүй атлаа бараа, бүтээгдэхүүний хугацаа хэтэрснээс хойш тэдгээрийг худалдаалсан гэж үзсэнээр оногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинжийг харгалзан үзэж зохих шийтгэлийг оногдуулахаар хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн,

4.1.3 Мөн шүүхэд ирсэн баримттай танилцахдаа 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №11-03-010/43 дугаартай “Хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” улсын байцаагчийн акт гарсан болохыг мэдсэн бөгөөд үүнийг танилцуулаагүй тул тухайн үед тус актад гомдол гаргах эрхийг хязгаарласан,

4.1.4 Шалгалт хийсэн тухай тэмдэглэлд бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн гэдгийг хэрхэн тооцож тэмдэглэсэн нь ойлгомжгүй, тухайлбал хүнсний сода гэхэд хэрэглэх хугацаа 8 хоног, чихрийн цуглуулга /набор/ хэрэглэх хугацаа 3 сар гэсэн байх ба гэтэл энэ нь импортын бүтээгдэхүүн болохын хувьд тээвэрлэлтийн явцад хугацаа нь дуусахаар байгаа, зарим шоколад /cofler block/-ны хугацаа хэдийд дууссан болохыг тэмдэглээгүй зэрэг байдлаар бараа бүтээгдэхүүний хувьд хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, мөн тэдгээрийг худалдсан эсэхийг  нягтлан шалгаж тогтоож чадаагүй,

4.1.5 “...” ХХК-ийн захиралаас тухайн үед авсан мэдүүлэгт улсын байцаагчийн зүгээс хугацаа хэтэрсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн үзүүлж, танилцуулсан мэтээр тэмдэглэсэн байгаа боловч тэдгээрийг бүтээгдэхүүн  тус бүрээр хугацаа хэтэрсэн болохыг харуулж, танилцуулсан зүйл байхгүй, зөвхөн хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил гаргасан тул торгоно гэдгийг л хэлж байсан гэсэн агуулгаар,

4.2 Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг тодорхойлохдоо:

4.2.1 “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0035002 дугаартай шийтгэлийн хуудсыг  2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн холбогдогчийг байлцуулан бичиж, гардуулан өгсөн бөгөөд зөрчилд холбогдогчийн зүгээс тухайн үед “зөвшөөрөөгүй” гэснээр гарын үсэг зураагүй,

4.2.2 Тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “... хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... хүнсний бүтээгдэхүүн ... худалдсан,” гэж заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан бөгөөд “...” ХХК-ийн хүнсний дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтрээд 1 жил гаруй болсон бүтээгдэхүүнүүд лангуун дээр байсан тул түүнийг худалдсан гэж үзнэ.

4.2.3 Нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлагыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7-д “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн  хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

5. Нэхэмжлэгчийн маргаж буй 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0035002 дугаартай шийтгэлийн хуудас бүхий захиргааны актад холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:

5.1 Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч /.../-нь тус Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 11/01 тоот хяналт шалгалтын удирдамж, мөн тус аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сард баталсан “Архи, тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд болон нийтийн эзэмшлийн зам талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалт хийх ажлын удирдамж” зэрэг /хавтаст хэргийн 45-48 дахь тал/-ийг үндэслэн нэхэмжлэгч “...” ХХК-ийн хүнсний дэлгүүрт 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хяналт шалгалт хийж, тус дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 14 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байсан тухай “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ийг “...” ХХК-ийн талаас ...гэх хүнийг байлцуулан үйлдэж, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” 11-03-010/43 дугаартай Улсын байцаагчийн актыг гаргаж, тус 14 нэр төрлийн 167300 /нэг зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/-ээр хураан авсан бөгөөд, улсын байцаагчийн “Хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” тус актын дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын дэргэдэх “Орон тооны бус зөвлөл-ийн устгалын комисс нь хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэх тухайн 14 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр устгалд оруулж устгажээ /хавтаст хэргийн 25-32 дахь тал/.

5.2  Тухайн зөрчилд хариуцагч улсын байцаагч нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0035002 дугаартай шийтгэлийн хуудас/хавтаст хэргийн 19, 37 дахь тал/-аар нэхэмжлэгч “...” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх зүйлд заасныг зөрчсөн буюу “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр тус хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөг, 5000000 /таван сая/ төгрөгөөр торгож шийтгэсэн нь нэхэмжлэгчээс шүүхэд маргаан үүсгэх үндэслэл болжээ.

6. Хариуцагчаас шийтгэл оногдуулсан дээрх шийтгэлийн хуудас нь хууль бус эсэх болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх тухайд;

6.1 Хариуцагчаас нэхэмжлэгчид шийтгэл оногдуулсан шийдвэр болох 3005002 дугаар шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болж буй нэхэмжлэгчийг “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчлийг гаргасан гэж үзсэн гол нотлох баримт нь түүний зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагааны явцад үйлдэж гаргасан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” 11-03-010/43 дугаар Улсын байцаагчийн акт зэрэг баримтууд болж байх бөгөөд,

6.2 Хариуцагчаас шүүх хуралдаанд “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартад заасан “шалгалтын тэмдэглэл”-ийн дагуу гаргаж, түүнийг үндэслэж Улсын байцаагчийн актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7–д зааснаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж тус тус гаргасан хэмээн тайлбарлаж байна.

6.3 Хэрэгт авагдсан баримт /хавтаст хэргийн 26 дахь тал/-аас үзэхэд хариуцагч нь хяналт шалгалт явуулж, зөрчлийг илрүүлэх үедээ Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын зургаадугаар хавсралт болох “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-ийг үйлдсэн байх бөгөөд дээрх тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартын 15.3-т “Шалгалтын тэмдэглэл”- Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9-д заасан мэдээллийг агуулсан баримт бичиг” байхаар заасны дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “...шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:” гэж байгаагаар мөн зүйлийн 5.9.1-д “ ... шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал:” нь тэмдэглэлд тусгагдах үндсэн мэдээллийн нэг болохоор зохицуулагджээ.

6.4 Гэтэл хариуцагчийн тухайн үед үйлдсэн “Шалгалтын тухай тэмдэглэл” /хавтаст хэргийн 26 дахь тал/ дэх “Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал” гэсэн хэсэгт хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэх хүнсний бүтээгдэхүүнийг нэр, тоо ширхэг, үнийн дүнгээр жагсаан бичиж, тэдгээрийн харалдаа хэсэгт он, сар, өдөр бүхий тэмдэглэлийг бичсэн байх боловч тэдгээр он, сар, өдөр нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэдгийг хэрхэн зааж байгаа нь тодорхойгүй,  зарим бүтээгдэхүүний тоо ширхэг, үнийн дүн, он, сар, өдөр нь засвартай бичигдсэн /жагсаалтын 2, 5, 7, 8, 10, 11, 13 дугаарууд дахь бичиглэл/, мөн зарим бүтээгдэхүүн болох тус жагсаалтын 6 дугаарт бичигдсэн хүнсний сода-ны хугацаа “2021-05-22, 2021-06-01” гэж тэмдэглэгдсэнээр уг бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа 9 хоногийн хугацаатай байдаг эсэх, үүнийг шүүх хуралдааны явцад хариуцагчаас тодруулахад хүнсний сода-ны хэрэглэж дуусах хугацаа “1 жил” байдаг гэсэн тайлбар, мөн жагсаалтын 12 дугаарт бичигдсэн  “Cofler block” шоколадны харалдаа хэсэгт бичигдсэн “2022-06-13” гэсэн хугацаа нь тус бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн гэж байгаагийн аль нь болох нь тодорхойгүй байгаа зэрэг байдлуудаар дээрх мэдээлэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.9.1 дэх зүйлүүдэд заасан үндсэн мэдээллийн нэг болох “шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал”-ыг тогтоосон байх шаардлагад нийцэхгүй байна.

6.5  Улсын байцаагчийн тухайн акт /хавтаст хэргийн 27,28 дахь тал/-аас үзэхэд хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөвхөн нэр, тоо ширхэг, үнийн дүнгээр тус актад тоочиж бичсэн боловч тэдгээр бүтээгдэхүүний хугацаа хэдийнээс, хэрхэн хэтэрсэн болохыг тодорхойлж тусгасан зүйл байхгүй, түүнчлэн тус актыг үндэслэн тухайн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх “Орон тооны бус зөвлөл”-ийн устгалын комиссын тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дахь тал/-д “...” ХХК-ийн дэлгүүрээс хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг устгасан гэх боловч тэдгээрийн хугацаа хэтэрсэн талаарх байдал мөн тэмдэглэгдээгүй зэрэг байдлаар хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгчээс хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэх хүнсний бүтээгдэхүүн хураасан эсэх нь тогтоогдохгүй байна.

6.6 Мөн хариуцагч нь хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэх дээрх бүтээгдэхүүнийг устгуулах тухай шийдвэрийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэлийн хуудсаар гаргасан  байх боловч улсын байцаагчийн дээрх “Хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” 11-03-010/43 дугаар актын дагуу тэдгээр бүтээгдэхүүнийг устгалын комиссын зүгээс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр устгасан байх бөгөөд, гэтэл хариуцагч нь тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн байсан тул энэ тухайг улсын байцаагчийн актад тусгаж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах шийдвэр гаргахаас өмнө устгалд оруулсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч улсын байцаагчаас ямар эрх зүйн актыг үндэслэн тэдгээр хүнсний бүтээгдэхүүнийг түргэн муудах бүтээгдэхүүн гэж тодорхойлон зааж, шийдвэрлэсэн талаарх зохицуулалт тус актад байхгүй байна.

6.7 Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1-д “... эрх бүхий албан тушаалтан хураан авсан, ... эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.”, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, ... хүчин төгөлдөр болох хүртэл, ..., эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.” гэж заажээ.

7. Нөгөө талаар хэрэгт байгаа баримт болох зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад авагдаж, тус тэмдэглэлд хавсаргасан хүнсний бараа бүтээгдэхүүний зураг бүхий 1 хуудас, хуулбар хувь баримт /хавтаст хэргийн 25 дахь тал/-ыг  шүүх хуралдааны явцад хариуцагчаас тодруулахад уг зураг дээрх бараа, бүтээгдэхүүнийг дээрх “Шалгалтын тухай тэмдэглэл”-д тусгаж бичсэн, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнүүд болохыг тайлбарлаж байх боловч тухайн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаагаас гадна, хариуцагч нь уг хүнсний бүтээгдэхүүнүүдийн зургийг тухайн үед өнгөт гэрэл зургаар бүтээгдэхүүн тус бүрээр авч баримтжуулан тэмдэглэлээ үйлдсэн гэх тайлбарыг  мөн шүүх хуралдаанд гаргаж байх боловч түүнийгээ зөрчлийн хэргийг хянан шалгасан баримтууддаа хавсарган баримтжуулаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгөөгүй зэрэг байдлуудаар уг хуулбар хувь зураг дээрх хүнсний бараа, бүтээгдэхүүнүүд нь нэхэмжлэгчийнх мөн эсэх, улмаар тэдгээрийн хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн байсан эсэх нь нотлогдохгүй байна.

8. Түүнчлэн тухайн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч “...” ХХК-ийн захиралыг зөрчлийн холбогдогчоор асуухдаа хураан авсан, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн тус бүрээр хугацааг танилцуулж, мэдүүлэг авсныг тухайн үед бүгдийг хүлээн зөвшөөрсөн ч торгуулийн хэмжээ их байна гэсэн шалтгаанаар мэдүүлэгт гарын үсгээ зураагүй гэсэн тайлбарыг хариуцагчаас шүүх хуралдаанд гаргаж байх боловч, хавтаст хэрэгт авагдсан баримт болох 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл” дэх холбогдогчид хуульд заасан эрх, үүрэг тайлбарласан хэсэг болон мэдүүлгийг танилцуулсан хэсэгт мэдүүлэг өгсөн этгээдийн гарын үсэг зурагдаагүй, гарын үсгээ зураагүй шалтгааныг  мэдүүлэг авсан этгээдийн зүгээс тухайн үед тайлбарлаж, баримтжуулсан байдал тэмдэглэлд байхгүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “... Улсын байцаагч захирал ...ыг дуудсан, очиход танай компани хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил гаргасан, торгоно гэсэн гэдэг ба торгуулийн хэмжээ их байна, зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн байдаг. Түүнээс биш тэр тэмдэглэлд бичигдсэн шиг бүтээгдэхүүн нэг бүрчлэн хугацааг танилцуулж асуугаагүй ...” гэж тайлбарлаж байгаа зэрэг байдлуудаас үзэхэд дээрх мэдүүлгийг тухайн үед авсан эсэх нь мөн тогтоогдохгүй байна.

9. Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагчаас зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж гаргасан нотлох баримтуудаар нэхэмжлэгч “...” ХХК -нь  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д заасан “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байх ба улмаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн бүтээгдэхүүнүүдийг нэгэнт устгасан байгаагаар энэ нь тогтоогдох боломжгүй болсон тул хариуцагчийг тухайн үед зөрчлийн байдлыг бүрэн нягтлан шалтгаж тогтоож чадаагүй талаар гаргаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

10. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, ...д тохирсон байна.” гэж заасан зарчимд болон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “ ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ...”-ээр заасан шийтгэл оногдуулах үндэслэлд тус тус нийцэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

11. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх зүйлд заасныг үндэслэж гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0035002 дугаар шийтгэлийн хуудас нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байх тул Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар /хуучин нэрээр/-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч /.../-ийн нэхэмжлэгч “...” ХХК-д торгуулийн шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0035002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

12. Харин хариуцагчаас тухайн үед нэхэмжлэгчийг  Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д заасан “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” хүнсний бүтээгдэхүүн худалдсан гэх зөрчилд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 –д заасныг үндэслэн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага” стандартын 15.5-д заасан баримт бичиг болох “Хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” 11-03-010/43 дугаар Улсын байцаагчийн актыг үйлдсэн боловч уг захиргааны актыг тухайн үед зөрчлийн холбогдогчид танилцуулж, гардуулан өгсөн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн байдлаар тогтоогдохгүй байх бөгөөд үүнд хариуцагчийн зүгээс тухайн үед  Захиргааны ерөнхий хууль дахь “Захиргааны актыг мэдэгдэх” асуудлыг зохицуулсан 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”,  43.4-т “... Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.” гэж заасныг зөрчсөн болохыг, ийнхүү актыг танилцуулж, мэдэгдээгүйгээс нэхэмжлэгчийн хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тухайн захиргааны актад гомдол гаргах эрх зөрчигдсөн бөгөөд  энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан “Шүүхэд ирүүлсэн баримттай танилцахад 2022.08.23-ны №11-03-010/43 дугаартай “Хүнсний бүтээгдэхүүн хураан авч, шилжүүлэх тухай” гэсэн улсын байцаагчийн акт гарсан байх бөгөөд уг актыг ...болон эхнэр ... нар мэдээгүй, тэдэнд танилцуулаагүй байх ба уг актад гомдол гаргах тэдний эрхийг хязгаарласан байна ...” гэх тайлбар үндэслэлтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн  1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар /хуучин нэрээр/-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч /.../-ийн нэхэмжлэгч “...” ХХК-д торгуулийн шийтгэл оногдуулсан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0035002 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй ба гомдлыг мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ЦЭНД