Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн цахимжилтын бодлого, “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийн хүрээнд шүүхүүдээс санаачлан боловсруулсан инновацын шийдлүүдийн танилцуулгыг 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Үүнд:
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс “Гүйцэтгэх хуудасны хяналтын систем”-ийг,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс “Шүүх хуралдааны дотоод удирдлагын нэгдсэн систем”-ийг,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “JudAi” буюу шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад зориулсан ухаалаг туслах системийг тус тус танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гишүүн Г.Даваадорж, Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын ахлах референт Г.Мөнхбаяр, “Ай Си Ти групп” компанийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр нар оролцож, шүүхийн цахим шилжилтийн бодлого, хөгжүүлэлтийн чиглэлийн талаар санал солилцлоо.
Шүүхийн цахимжилтыг хөгжүүлэх хүрээнд өмнө нь шүүхийн тамгын газруудын дунд шилдэг инновацын санал, шийдлийн уралдаан зохион байгуулж байсан бөгөөд энэ нь тухайн үедээ олон шинэ санаа, идэвх санаачилгыг бий болгосон эерэг үр дүнтэй байв.

Гэвч шүүхийн цахим систем нь нэг сүлжээ, нэг нэвтрэлт, нэгдсэн аюулгүй байдлын бодлогын хүрээнд ажиллахын зэрэгцээ төсөв, хүний нөөц, техникийн шийдлийн нэгдмэл уялдааг хадгалсан байх шаардлагатай юм.
Иймээс Шүүхийн ерөнхий зөвлөл бодлогын түвшинд шүүхүүдээс гарсан бүх сайн санал, инновацын шийдлүүдийг нэгтгэн, нэгдсэн архитектурын хүрээнд “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлттэй уялдуулан хэрэгжүүлэх зарчим баримталж байна.

ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТЫН ТӨВ