Монгол Улсад хүүхэд, гэр бүлийн эрх зүйн маргааныг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх, хүний эрхийн мэдрэмжтэй хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Х.Эрдэм-Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа болон тус байгууллагын төлөөлөлтэй 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр албан ёсны уулзалт хийлээ.

 

 

Энэ удаагийн уулзалтаар “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн”-ийг бэлтгэх анхан болон дунд шатны цогц сургалтын хөтөлбөрийг боловсруулах, салбар дундын уялдааг хангахуйц сургагч багш нарыг бэлтгэхэд чиглэсэн хамтын ажиллагааны боломжуудын талаар талууд санал солилцлоо.

Гэр бүл, хүүхдийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтнийг бэлтгэснээр хүүхдийн дээд ашиг сонирхлыг бодитоор хамгаалах, гэр бүлийн маргаантай холбоотой шийдвэр гаргах үйл явцад хүүхдэд үзүүлэх сэтгэл зүй, нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн энэхүү санаачилга нь хүүхдийн болон хүний эрхийн үндсэн зарчмуудыг дээдлэх, жендерийн тэгш байдлыг хангасан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд эрх зүйн болон институцийн чухал суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

 

Өнөөдрийн уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Ажлын албаны хүний нөөцийн асуудал хариуцсан референт Э.Номин, судлаач-багш Б.Баатар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ыг төлөөлж хөтөлбөрийн зохицуулагч С.Агьзул, Б.Баясгалан, төслийн ажилтан Б.Бадамлянхуа нар оролцсон юм.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ