Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар өнөөдөр (2026.04.22) Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Уулзалтын эхэнд төслийн суурин зөвлөх Кристоф Копецки богино хугацааны зөвлөхүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бүсийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд Ерөнхий шүүгч, шүүгчээр ажилладаг бөгөөд Монгол Улсад ажиллаж буй тэдний зорилго, чиглэл, төслийн үйл ажиллагааны талаар шүүгчдэд мэдээлэл өглөө.

 

 

Тус танилцуулгын дараа шүүхийн Тамгын газрын дарга С.Нэргүй шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хэрэг маргаан шийдвэрлэлтийн статистик, шүүгчдийн ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлог байдлын талаар танилцуулга мэдээлэл хийв.

 

Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт 20 гаруй жил хамтарч, "Твиннинг" төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсын дагнасан шүүхийн тогтолцоо, шүүгч нарын мэргэшсэн байдал, ажлын туршлагын талаар мэдээлэл өглөө.

 

 

Шүүгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад шүүгч болох үе шат хэрхэн явагддаг, шүүгчийн ажлын ачааллыг тооцох арга зүй, өмчийн маргааны чиглэлээр дагнасан шүүх ажилладаг эсэх, хуульчдаас шүүгчийг сонгох болон Ерөнхий шүүгчийг томилох тогтолцоо, шүүгчийн шатлан дэвших процесс, төслийн хүрээнд шүүхтэй хамтарч ажиллах боломж нөхцөлийн талаар мэдээлэл тодруулав.

 

Зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хуульчийн мэргэжлээр 4-5 жил суралцаж, Улсын нэгдүгээр шалгалт өгч, 2 жилийн хугацаанд мэргэжлээрээ ажилласны дараа Улсын хоёрдугаар шалгалтыг өгч, шалгалтад өндөр оноо авсан тохиолдолд шүүхүүдээс ажлын урилга авч шүүгч болдог талаар мөн туршилтаар ажиллах хугацаанд мэргэжлийн үйл ажиллагааг нь Ерөнхий шүүгч үнэлж, тус үнэлгээнд үндэслэн бүх насаар нь томилох эсэхийг шийдвэрлэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, шүүгчдийн сонирхсон асуултуудад хариулж, харилцан туршлага солилцлоо.

 

 

Уулзалтын төгсгөлд шүүгчид шүүгчийн карьерын чиглэлээр боловсруулж гаргах зөвлөмжид олон жил ажилласан болон залуу шүүгч нарын карьерын систем, Ерөнхий шүүгчийн манлайллын стандарт, шүүгчийн шатлан дэвших, сонгон шалгаруулалтын тогтолцооны асуудлыг тусгаж өгөхийг төслийн зөвлөхүүдээс хүсэв.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ