Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах хуульч Вероника Брадаутану, олон улсын зөвлөх Йос Уитдехааг нартай өнөөдөр (2026.06.12) уулзлаа.
Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад арилжааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчлэл болон байгууллагын зохион байгуулалт өөрчлөлтийн талаар санал солилцлоо.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах хуульч Вероника Брадаутану биднийг хүлээн авч уулзаж байгаад талархаж байна. Бид энэ долоо хоногийн лхагва гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслөө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Хуулийн төсөлд шүүхийн хяналтын үр нөлөөг сайжруулах асуудал, шийдвэр гүйцэтгэлийн шүүгчийн тогтолцоог нэвтрүүлэх, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хооронд цахим мэдээлэл солилцооны тогтолцооны уялдаа холбоог бэхжүүлэх шинэ зохицуулалтыг оруулсан тул бидний өнөөдрийн уулзалт чухал ач холбогдолтой байна гээд хуулийн төсөлд оруулсан шүүхтэй холбоотой өөрчлөлтүүдийг танилцуулав.
Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны олон улсын зөвлөх Йос Уитдехааг энэ хуулийн төслийн чухал заалтуудын нэг бол шийдвэр гүйцэтгэлийн шүүгчийн тогтолцоог нэвтрүүлэх заалт юм. Шийдвэр гүйцэтгэлийн дагнасан шүүгчтэй байх нь иргэдийн эсэргүүцлийг багасгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хурдан шуурхай болдог талаар олон улсын сайн туршлагыг хуваалцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа хуулийн төсөлтэй танилцахад шүүхийн шийдвэр хурдан биелэгдэх боломжтой, төлбөр төлөгч олдохгүй байх зэрэг зарим асуудлуудыг шийдвэрлэх мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид олгох урамшууллын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэлийн шүүгчийн тогтолцоог нэвтрүүлэх чухал заалтууд орсонд талархал илэрхийлэн, шинээр тусгагдаж буй заалтын ач холбогдол мөн нийгэмд үзүүлэх үр дагаварын талаар өөрийн байр сууриа илэрхийлэн саналаа эцэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн хүргүүлэхээ илэрхийллээ.
Уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дотоодын хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн, дотоодын мэдээлэл технологийн зөвлөх Э.Энх-Амгалан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Олон талт хамтын ажиллагаа, бодлого үйл ажиллагаа хариуцсан референт Б.Сугармаа нар оролцов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ