Монгол Улс эрх зүйт төрийг бэхжүүлэх, шүүхийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр тууштай ажиллаж байгаа хэдий ч практик түвшинд зарим сорилтууд тулгарсаар байна. Нийгэм, эдийн засгийн харилцаа гүнзгийрч, иргэдийн эрх зүйн ухамсар нэмэгдэхийн хирээр шүүхийн ачаалал өсөж байгаа нь энэ салбарыг илүү чадварлаг, хүртээмжтэй ажиллахыг шаардах боллоо. Улмаар шүүх эрх мэдлийн байгууллага шударга ёсны баталгаа болж хараат бус ажиллахад төсөв санхүүгийн бодлогын дэмжлэг, төсвийн төлөвлөлтийн оновчтой байдал нэн чухал болж байна.

“Нээлттэй Нийгэм Форум” нь шүүхийн хараат бус байдал болон төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлдэг үйл ажиллагааныхаа хүрээнд шүүхийн захиргааны байгууллагууд болон санхүү төсвийн бодлого хэрэгжүүлэгч талуудын харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Шүүх эрх мэдлийн хөгжилд төсвийн бодлогын гүйцэтгэх үүрэг” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр (2026.04.22) зохион байгууллаа. 2025 оны 12 дугаар сард шинээр бүрэлдсэн Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллаж эхэлж байгаа энэ цаг үед энэхүү хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой юм.

Зөвлөлдөх уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, С.Энхбаатар нар оролцож, шүүхийн төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улсын хэмжээнд 2015 онд 514 шүүгч 50 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2025 онд 524 шүүгч 176 мянган хэрэг шийдвэрлэжээ. Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн тоо хоёроос гурав дахин өссөн ч шүүгчдийн тоо нэмэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх 10 жилийн өмнөхтэй ижил хүний нөөц, төсөвтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа нь шүүхийн ачааллыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа юм. Өнөөдөр зөвхөн шүүгчдээс гадна шүүхийн захиргааны ажилтны орон тоо дутуу байгаа нь хамгийн том бэрхшээл үүсгэж байна. Мөн 2024 оныг хүртэл шүүхийн төсөвт хөрөнгө оруулалтын зардал огт тусгагддаггүй байсан. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүх өөрийн байртай байна гэж заасан ч 88 шүүхийн 42 Тамгын газраас гурав нь өөрийн гэсэн байргүй байна. Мөн 4 шүүхийн Тамгын газар прокурорын байгууллагатай нэг байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол 36 шүүхийн Тамгын газар өөрийн гэсэн байртай ч стандартын шаардлага хангахгүй. 30-50 жилийн насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй байранд шүүхийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Иймд “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д туссан шүүхийн төсвийн хэмжээг Монгол Улсын төсвийн хоёр хувиас доошгүй байх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх заалтыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар анхаарал хандуулах шаардлага үүсээд байгаа юм.

Мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, судлаачид оролцож, үр дүнд суурилсан төлөвлөлт хийх, одоогийн төсөв батлагдах үйл явцыг эрх зүйн хувьд өөрчилж, бусад улс орнуудын жишигт нийцүүлэх зэрэг саналуудыг гаргаж, харилцан мэдээлэл солилцлоо.




Шүүхийн төсөв бол зардал биш шударга ёсны хөрөнгө оруулалт байх учиртайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар онцолж, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд төсвийн бодлого хэрэгжүүлэхдээ анхаарч ажиллахыг хүслээ. Энэхүү зөвлөлдөх уулзалтыг цаашид тогтмолжуулж, оролцогчдын хамрах хүрээг өргөжүүлэхээр тогтсон юм.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ