Шүүхийн ерөнхий зөвлөл Шихихутуг их сургуультай 2025-2030 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд албан хаагчдыг магистр, докторын сургалтад хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, шүүх дэх сэтгэл зүйчдийг хуулийн сэтгэлзүйн чиглэлээр чадавхжуулах, Англи хэлний анхан болон ахисан түвшний мэргэжлийн сургалт зохион байгуулах, сургалт-эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн эрх зүйн чиглэлээр оюутан залуусыг шүүхэд дадлагажуулан мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Тус гэрээний хүрээнд Шихихутуг Их Сургууль болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Фулбрайтын “Англи хэлний туслах багшийн хөтөлбөр” (Fulbright English Teaching Assistant - ETA)-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн эхний ээлжийн сургалтыг 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулж, Американ их сургууль (American University, Washington DC), Олон улс судлалын багш Эмили Хуйзи Брайнанд (Emily Huizi Brianand) хичээлийг удирдан явуулсан бөгөөд, сургалтад шүүхийн захиргааны 50 албан хаагч хамрагдав.
Амжилттай төгссөн албан хаагчдад сертификат гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд төгсөгчид 2026-2027 оны хичээлийн жилд ахисан түвшний сургалтад үргэлжлэн суралцах боломжтой юм.


ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР