Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу нар АНУ-ын Техас мужийн шүүгч, “Спурлок сан”-гийн төлөөлөгчдийн тэргүүн Мэттью Г.Райт тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүхийн шинэчлэл, цахим шилжилттэй холбоотойгоор хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Шүүхийн ерөнхий зөвлөл болон “Спурлок сан” хоорондын хамтын ажиллагааг өнөөдрийн уулзалт нэг шат ахиулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчдыг менежментийн чиглэлээр мэргэшүүлэх шаардлага үүсээд байна. Мөн шүүхийн байгууллага 2014 оноос эхлэн дотоод үйл ажиллагаандаа цахим шилжилтийг шат дараатайгаар нэвтрүүлсэн бөгөөд энэ удаа шүүхийн цахим шилжилтийг гадагшаа буюу үйлчлүүлэгчдэд чиглэсэн шинэчлэлийг хийхээр зарим ажлыг туршилтаар эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, хандлагад чиглэсэн сайн туршлага судлах, шүүгч, албан хаагчдыг мэргэшүүлэх солилцооны хөтөлбөрийг хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх саналтай байна” гэсэн тодорхой саналуудыг тавилаа.
Уулзалтын үеэр АНУ-ын Техас мужийн шүүгч, “Спурлок сан”-гийн төлөөлөгчдийн тэргүүн Мэттью Г.Райт “Манай сангийн зүгээс Монгол Улсад шүүхийн тогтолцоо, шүүхийн хараат бус байдал, шүүгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжтой. Түүнчлэн АНУ-ын Техас мужийн дээд шүүхийн цахим шилжилтийг санаачилж, нэвтрүүлсэн удирдлагаас практик сургалтыг цахим уулзалтаар төлөвлөх боломжтой. Мужийн дээд шүүхийн Тамгын газартай хамтран захиргааны байгууллага буюу Тамгын газрын удирдлагуудад зориулсан менежментийн чиглэлийн цахим уулзалт, сургалтыг үе шаттай явуулах боломжтой” хэмээн онцоллоо.

Ковид цар тахлын дараа тухайн улсын шүүхийн үйл ажиллагаанд цахим шилжилт эрчимтэй хийгдэж шүүгч байршлаас үл хамааран цахимаар шүүх хуралдааныг явуулах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн өндөр настны тэтгэвэрт суусан ахмад шүүгчдийг богино цагаар ажиллуулж эхэлсэн нь шүүгчийн ачааллыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн зэрэг туршлагаасаа хуваалцлаа.
Улмаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх боломжтой чиглэлээр хөтөлбөр боловсруулж, талууд үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар тохиролцов.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Д.Мөнхзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга Д.Мөнхбат болон “ Спурлок сан”-гийн хуульч, төлөөлөгчдийн дэд тэргүүн Дэвид Моррисон, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан, Спурлокын шүүхийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганзориг нар оролцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ